- Lemon Press
- Posts
- 👑 Шинэ тэргүүлэгч
👑 Шинэ тэргүүлэгч
БРИКС-н тэлэлт | Тээврийн салбар: Акулын өсөлт | Банкны салбарынхны арга хэмжээ
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хаа сайгүй зам хаагаад л шинэчлээд л байсан сан. Одоо хаа сайгүй давлагаатай замтай болжээ. Давлагаалаад л, гулгаад л байж дээ. 🛣️
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) IPO хийж хувьчлагдах төрийн өмчит компаниудыг дэмжиж, хамтарч ажиллана.
CHN: “China Energy” групптэй тохиролцоо хийсний дүнд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэх боломжтой боллоо.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮144.8 тэрбумын болон $2.2 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮37.8 тэрбумын арилжаа хийгджээ.
IMF: Хятад, Америкийн нөлөөгөөр дэлхийн даяарх нийт өрийн хэмжээ энэ онд $100 их наядад хүрэх төлөвтэй байна.
🚚 Тээврийн салбар: Акулын өсөлт
Энэ оны III улирлын байдлаар тээврийн салбарын орлого 24.7% нэмэгдсэн бол тус салбарын акул Монложистикс групп (MLG)-ийн борлуулалтын орлого 50.3% өсжээ. Юу болоод байна вэ?
💥 5 жилийн тэсрэлт
Монложистикс групп сүүлийн 5 жилийн хугацаанд маш хурдацтай тэлж буй. 2020 онд толгой компани болох Монложистикс Холдинг ХХК байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа 3 охин компаниар цар хүрээгээ тэлж байв. Улмаар 2023 онд IPO хийхдээ 9 охин компанитай болоод байсан Монложистикс групп энэ онд Төв азийн зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн билээ. Ингэснээр,
📈 Бодит үр дүн: Компанийн энэ оны III улирлын байдлаар тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ жилийн өмнөхөөсөө 78 мянган тн-оор буюу 10% нэмэгдэж 864 мянган тн-д хүрсэн байна. Үүний дийлэнх буюу 72.6%-ийг транзит ачаа бүрдүүлжээ. Ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэний улмаас л борлуулалтын орлого нь 50.3% өссөн хэрэг.
✨ Онцлог: Цаашлаад, компани тус хугацаанд байгууллагынхаа үндсэн болон дэмжих үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор Монголд анх удаа “Odoo ERP V.17” хувилбарыг ахиулан гар утасны апп-тай болгон нэвтрүүлсэн аж. Мөн хувьцаа эзэмшигчид болон хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчдод зориулсан вэбсайтаа ашиглалтад оруулаад амжжээ.
💪 Давуулах нь ээ
Түүнчлэн Монложистикс групп өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоож байсан. Тэгэхээр компани эхний III улиралд 864 мянган тн ачаа тээвэрлэсэн эрчээрээ IV улирлыг үдвэл оны сүүлээр дээд амжилтаа шинэчлэх боломжтой байна.
Төлөвлөгөө 💯+: Нэмээд компани IPO хийх үедээ борлуулалтын орлогоо жилд дунджаар 18% өсгөж 2027 онд ₮430 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Харин тэдний борлуулалтын орлогын өсөлт III улиралд 18%-иас 32.3 нэгж хувиар давсан тул оны эцэст ₮273.5 тэрбумд хүрнэ гэсэн төлөвлөгөөгөө нэлээд давуулах хүлээлттэй байна даа.
Эцэст нь… Хурдацтай тэлж, цар хүрээгээ томсгоод IPO хийж олон нийтэд өгөөж хүртэх боломж олгохоос гадна зорилго, зорилтдоо хүрч байгаа цөөхөн хэдэн компанийнхаа тайланг ухахаар ч сэтгэл сэргэдэг шүү. Бүгд ийм байгаасай…
👑 Шинэ тэргүүлэгч
ETR: Өнгөрсөн 7 хоногт хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаагаар Э-Транс ложистикс XК-ийн хувьцаа тодорлоо. Компанийн толгой компани 2007 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд компанийнхаа 16.7%-ийг олон нийтэд санал болгон IPO хийснээр ₮924 саяыг босгожээ. Харин арилжааны хувьд он гарсаар $ETR-н хувьцааны 42 удаагийн арилжаа явагдаж үнэ нь оргил үедээ ₮137 хүрсэн ч өчигдрийн байдлаар ₮117 рүү унасан байна.
⭕ БРИКС-н тэлэлт үргэлжлэх үү?
БРИКС бүл нэмснээс хойш анх удаа өргөтгөсөн байдлаар Оросын Казан хотод өнөөдрөөс эхлэн 2 хоног дээд хэмжээний уулзалтаа хийж эхэллээ.
Тус уулзалтад 38 орон уригдсанаас 24 нь оролцохоо мэдэгдсэн бол Казакстан, Аргентин, Индонез оролцохгүй хэмээн Оросын улс төрийн зэвсэг болохоос татгалзав. Үүний хариуд Орос Казакстанаас авах ногоо, жимснийхээ импортыг түр хориглосон юм. Харин Бразилын Ерөнхийлөгч эрүүл мэндийн асуудлаар энэ удаагийн уулзалтыг алгасах гэнэ. Бөөн драма.
📍 Дэлхийн эдийн засгийн тулгуур болно
Орос тус дээд хэмжээний уулзалтыг барууны орнуудын Оросын ганцаардуулах оролдлого бүтэлгүйтсэнийг харуулах нотолгоо болно хэмээж байгаа. Үүгээр ч тогтохгүй улс орнуудыг БРИКСТ нэгдэж долларын хаанчлалыг дуусгахыг уриалан Владимир Путин “Манай холбооны улсууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болж, ойрын ирээдүйд дэлхийн ДНБ-ий гол өсөлтийг БРИКС бий болгоно” ч ам гарлаа. Энэ нь ч хоосон үг биш буюу Украйны хямралын жилүүдэд БРИКС хэрхэн өргөжсөнөөс харж болох л өнцөг.
👑 Гол тоглогчид + нэгдсэн зорилго: Орос болон Хятад БРИКС-г Их 7-гийн бүлгийн эсрэг сөрөн зогсох бүлгэм болгохоор зүтгүүлж байгаа. Харин Энэтхэг, Бразил энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг бол Өмнөд Африк БРИКС-г эдийн засгаа өргөжүүлэх боломж гэж харж буй.
👐 Хаалга нээлттэй!
Өнгөрсөн жил БРИКС 13 жилийн дараа анх удаа Саудын Араб, Египет, Иран тэргүүтэй газрын тосны орнуудыг бүлэгтээ нэгтгэсэн. Харин энэ удаад тус бүлэгт нэгдэх хүсэлтээ илгээсэн 30 гаруй орны хүсэлтийг хэлэлцэх гэнэ. Орос, Хятад БРИКС-г өргөжүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзвэл энэ удаад шинээр гишүүн орон элсүүлэх өндөр магадлалтай. Мөн гишүүн орон хооронд ашиглах SWIFT шиг төлбөр тооцооны хэрэгслийг ч хэлэлцэх төлөвтэй дэг ээ.
🕴️ Хэн, хэн БРИКС-т элсэхээр байна? Энэ удаад Венэсуэлийг гишүүнээр элсүүлэх өндөр магадлалтай байгаа бол НАТО-н гишүүн болох Турк БРИКС-т нэгдэх эсэх нь ч олны анхаарлын төвд байна.
Дотоод хагарлаа яах вэ? БРИКС-н гадаад тэлэлтээс илүүтэй Хятад, Энэтхэгийн жаран дамжсан хилийн маргаан болон дэлхийн өмнөд хэсэг дэх нөлөөллийн төлөөх өрсөлдөөн дотор хагарал нь асуудал болж буй. Хэдий Орос, Хятад шинэ гишүүн элсүүлэхийг эрчимтэй дэмжиж байгаа ч Бразил болон Энэтхэг нөлөөллөө алдахаас эмээж тус асуудалд хойш суух хандлагатай байдаг.
Эцэст нь… Хэрэв БРИКС хүч зузаатгаж, энэ эрчээрээ тэлсээр байвал тэдний доллароос ангижрах төлөвлөгөө тийм ч тэнгэрийн биш байж болох л юм.
Excel-н тооцооллоо хурдан хийх арга зааж өгье. 👀
Яаж вэ гэвэл, Excel-н LET функцийг ашиглан томьёонд нэг л удаа тооцоолол бичиж, үүнийгээ хэд хэдэн удаа дахин ашиглах боломжтой аж.
Жишээ нь: SUM(A1:A1000) + AVERAGE(A1:A1000) + MAX(A1:A1000) тооцоолол хийх үед A1:A1000 утгыг 3 удаа бичиж байна. Энэ томьёог LET функц ашиглан илүү цэвэрхэн болгоё гэвэл =LET(data, A1:A1000, SUM(data) + AVERAGE(data) + MAX(data)) утгыг авахад болох юм.
Илүү дэлгэрэнгүйг ЭНД дараад сурч аваарай. 😉
🏰 Загвар, дизайн, урлагийн цогц ертөнц
Дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр худалдаалдаг Âme Concept Store болон Quinto Concept Store 50%-70%-ийн хямдрал зарлажээ. 📢
💎 Шинэ загвар: Тэд улирал бүр тансаг зэрэглэлийн брэндийн шинэ цуглуулгаас шилдэг загваруудыг шилэн авчирдаг ба Европын үнээр үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй.
🕶️ Мэргэжлийн зөвлөгөө: Худалдан авалт хийхээс гадна cтилист, дизайнеруудаас мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирсон загварыг сонгох боломжтой.
Заа тэгээд, уг хямдрал Minister Tower-ийн 9 давхарт 3 долоо хоногийн турш үргэлжлэх тул улирал солигдож буй энэ үед хувцасны шүүгээгээ шинэчлэх гэж буй хэн бүхэн заавал зорино биз ээ!
📆 Хямдралын хугацаа: 11 сарын 10 дуустал
📍 Хаана: Minister Tower, 9 давхар, 906 тоот
TDB
🍋 Дэлхийд тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудыг нэгтгэсэн “Sibos-2024” арга хэмжээнд Монголбанк болон ТОП-3 банк хамтран оролцож байна. Тус арга хэмжээ өчигдрөөс эхлэн Бээжинд 24-нийг хүртэл зохиогдох бөгөөд Монголбанк, ХААН Банк (KHAN), ХХБ (TDB) болон Голомт банк (GLMT) “Mongolian Banks” нэрийн дор оролцон туршлага солилцож буй.
🍋 МҮХАҮТ ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчөө нөхөн сонгоно. Хурлыг 11-р сарын 4 дэх долоо хоногт хийх бөгөөд танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн их хурлын товлосон өдрөөс 2 хоногийн өмнө нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх аж.
🍋 Perplexity AI $500 саяын санхүүжилт босгож $8 тэрбумын үнэлгээтэй болохыг зорьж байна. Компанийн үнэлгээ 1-р сард $520 сая байсан бол өдгөө $3 тэрбумаар үнэлэгдэх болов. Тэдний Amazon (AMZN), SoftBank (SFTBY), болон Nvidia (NVDA)-тай хийх хэлэлцээр амжилттай болбол компани жилийн дотор 4 дэх санхүүжилтээ авах нь.
🍋 Энэ онд Harvard-н Их сургуульд өгсөн төгсөгчдийн хандив сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээгээр буурлаа. Тодруулбал, энэ оны хандив өмнөх оныхоос 14% буюу $151 саяар буурсан байна. Энэ нь тус сургууль Израйль, Хамасын дайнаас үүдэлтэй кампуст гарсан еврей хүмүүсийн ялгаварлан гадуурхах асуудлыг дорвитой шийдээгүйтэй холбоотой юм.
📗 $SBM-н тогтвортой хөгжлийн зорилт
Тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлж буй компаниудыг хийж бүтээсэн ажилтай танилцах зорилготой буландаа эргэн тавтай морил. Энэ удаад Төрийн банк ХК (SBM)-ийн өнгөрсөн оны тогтвортой хөгжлийн тайлантай танилцъя.
🪴 Ногоон ирээдүй
Төрийн банк ХК 2014 оноос эхлэн Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-нд нэгдэж өдгөө тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор ТоС-ны 8 зорилтыг хангах чиглэлээр ажиллаж буй.
🆕 Шинэ алба & хороо: Улмаар Төрийн банк тогтвортой хөгжлийн журмаа баталж, Тогтвортой хөгжлийн алба болон хороог тус тус байгуулжээ. Ингэснээр тогтвортой хөгжлийн стратегиа боловсронгуй болгож нэг шат ахисан үйл явдал болсон юм.
🌲 Тэрбум мод: Харин “Тэрбум мод” санаачилгын хүрээнд тэд тухайн жилд шимтгэлийн орлогоосоо ₮1.2 тэрбумыг хуримтлуулж 21 ажлын байр, 6,075 м.кв ногоон байгууламжийг бий болгоод зогсохгүй, ойн салбарт 1 шинэ технологийг туршиж байгаа гэнэ.
💛 Анхдагч жил
Үргэлжлүүлэн тайлангийн онцлоход, банк Observe Consulting-с зөвлөх үйлчилгээ авч, анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын хамрах хүрээ 1 болон 2-ыг тооцоолсон явдал байв. Энэ нь банк тогтвортой хөгжлийн урт хугацааны стратегиа боловсруулах зорилтдоо нэг алхам ойртож буй хэрэг.
📲 $SBM-н цахимжилт: Монгол даяар хамгийн олон буюу 500 салбартай банк бөгөөд цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Гялсбанк 3.0 хувилбарыг гаргаснаар 2023 онд цаасан маягтын зардлыг 12%, принтер болон хувилагчийн хорны зардлыг 10% тус тус бууруулсан байна.
Дараагийн дугаараар тус банкны бүтээгдэхүүн тогтвортой хөгжлийн зорилттой нь уялдан хэрхэн хөгжиж байгааг тоймлох болно. Санаа авах шийдлүүд овоо их харагдсан шүү. Хүлээж байгаарай. 🧏
Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)
Нягтлан бодогч / SCC: Мэргэжилдээ хайртай, өдөр тутмын банкны болон бэлэн мөнгөний гүйлгээг бэлтгэх, бүртгэл, тайлагналын ажлаа гаргууд эзэмшсэн нябо бол ийшээ. 👉 (Link)
Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)
🎶 Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой TikTok-н бүтээгдэхүүнүүд. (HuffPost)
🧭 Карьераа зөв чиглэлд явж буй эсэхийг мэдэх нь. (HBR)
🔝 Kamala Harris ерөнхийлөгч болбол нэгж үнэ нь өсөх 3 хувьцаа. (Yahoo!Finance)
📢 Монголын Мянганы сорилтын сан ажлын байр зарлажээ. (MCA)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply