• Lemon Press
  • Posts
  • 🇰🇿 Инвескор ББСБ Казакстанд

🇰🇿 Инвескор ББСБ Казакстанд

GLMT-н хамтрал | Тэмээний экспорт | Хадгаламжийн хэмжээ

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Нэг л мэдэхэд 9-р сар талаасаа хэлбийжээ. Хичээл сургууль ч жигдэрч байх шиг байна. Одоо хэдүүлээ өглөө бүр товхимлоо уншаад, он дуусахаас өмнө амжуулах ажлууд руугаа ханцуй шамлан орж дээ. 💪 

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Баасан гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10%-д хүргэлээ

MFA: Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сард Монголд айлчилна

NSO: Гадаад өр оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 5.4% өсөж $35 тэрбумд хүрэв. Түүнчлэн энэ оны эхний 8 сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 30.4% өсөж ₮19.9 их наяд болжээ

BTC: Биткойны (BTC) үнэ Баасан гарагт 8 сарын 27-ноос хойш анх удаа $60,000-ыг давж өчигдрийн байдлаар $60,034-т хүрээд байна.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮48.2 тэрбумын болон $14,335-ын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮20.2 тэрбумын арилжаа хийгдсэн байна.

 🇰🇿 Инвескор ББСБ Казакстанд

Инвескор ББСБ (INV)-ын хувьцаа эзэмшигчдэд дуулгах сайхан мэдээтэй. Тэд Казакстанд салбараа нээж үйл ажиллагаагаа тэлжээ. 🎉

💪 INV-н тэлэлт

Компани өнгөрсөн 4-р сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Казакстанд үйл ажиллагаа явуулахаар ажиллаж, Төв банкны зөвшөөрлийг нь хүлээж байгаагаа дурдаж байв. Тэгвэл тэдний зорилт ийнхүү биеллээ. 

  • 🗺️ Төв Азид: Тодруулбал компани Казакстанд Инвескор Финанс охин компаниа байгуулж үйл ажиллагаа нь 9 сарын 14-нөөс эхэлсэн юм. Улмаар Инвескор ББСБ Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болж Төв Ази дахь үйл ажиллагаагаа нь тэлсээр байна. 

  • 🗾 Орон нутагт ч: Түүнчлэн Инвескор ББСБ энэ оны эхний хагаст Дархан болон Сонсголонд шинэ салбараа нээснээр Улаанбаатар хотын захын дүүрэг, Дархан Эрдэнэтэд тэлж ажиллаж буй. 

  • Ямар үр дүн гарах вэ? Ер нь бол Инвескорын энэ бүх тэлэлт тэдний үйл ажиллагаа, орлого, ашгийн цар хүрээг тэлнэ. Энэ оны эхний хагаст л гэхэд компанийн цэвэр зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 67% нэмэгдэж ₮590 тэрбумд хүрсэн. Үүнд Киргиз рүү тэлсэн нь ч нөлөөлж буй. Тэгэхээр цаашид Төв Азид олгож байгаа зээлийн хэмжээ улам нэмэгдэх нь. 

🤔 Яагаад Казакстан гэж? 

Казакстаны хүн ам Монголынхоос 5.9 дахин их буюу 20.6 сая хүн амтай. Нэмээд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 49-т, Төв Азид 1-т эрэмбэлэгддэг. Тэгэхээр Инвескор ББСБ нэлээд том зах зээл рүү тэлж байгаа байх нь. Түүнчлэн Казахстан 2026 онд гадаадын хөрөнгө оруулалтыг $25.5 тэрбумд хүргэх зорилт тавьсан тул зарим чөлөөт бүс дэх гадаадын компаниудад дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхээс гадна татварын онцгой нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ нь Инвескор ББСБ шиг тус улсын зах зээл рүү гарч байгаа компаниудад ашигтай гэсэн үг. 

  • 📈 Яаж ажиллах вэ? Одоогоор тус улсад 221 ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Инвескор Финанс охин компани тэдэнтэй өрсөлдөхийн тулд дэвшилтэт технологи, шуурхай үйлчилгээгээ нэвтрүүлэн ажиллах юм. 

Эцэст нь… IPO хийснээсээ хойш амжилттай явж байгаа цөөхөн хэдэн компанийн маань 1 нь ингээд улам тэлэх нь ээ. Монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллах нь. Үүнийг дагаад Инвескор ББСБ-ын ашиг, орлого нэмэгдэх үед жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг ч мөн өсөх болов уу.

🤝 GLMT-н хамтрал

GLMT: Голомт банк бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээгээ сайжруулахаар Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, тэд ОУСК-тай жижиг дунд бизнесийн үнэлгээг хийлгэх гэрээг байгуулсан байна. Улмаар тус банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжрахаас гадна supply chain бүтээгдэхүүн болон факторинг үйлчилгээг хөгжүүлэх боломжтой болох аж. Сонирхуулахад, Голомт банкны хувьцааны үнэ он гарсаар 22.9% нэмэгдэж ₮1,118-т хүрээд байна.

🧠 Smart Marketing Conference 2024

Монголын Маркетингийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SMART Marketing Conference 2024 бүтээлч салбарын хамгийн том чуулган тун удахгүй болох гэж байна!

Чуулганаар, дэлхийн тэргүүлэх бүтээлч салбарын мэргэжилтнүүд хуран цугларч Контентийн маркетингийн стратеги болон B2B/B2C маркетингийн шилдэг арга барилууд тэргүүтэй салбарын шилдэг илтгэлүүдийн талаар  хэлэлцэх аж

Заа тэгээд салбарын шилдгүүдийн туршлагыг сонсож, маркетингийн мэдлэгээ зузаатгаарай! 

Гэснээс багш, оюутнууд үнэмлэхээ авч ирэхээ мартуузай. 😉

📍 Хаана: AIC Steppe Arena

📅 Хэзээ: 9 сарын 24 

🐫 Экспортоо өсгөе!

Олон тулгуурт, уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай орон болно гэх биелдэггүй зорилтууд уг нь бидэнд бий. Угаас Монголын экспортын төрөлжилт маш сул гэдэг нь энэ үзүүлэлтээр сүүлийн 15 жилийн хугацаанд 17 байр ухарч 117-рт эрэмбэлэгдсэнээс хангалттай харагдана

😞 Баян гэхдээ ядуу улс

Тэмээний ноос болон ноолууран бүтээгдэхүүний экспорт нийт экспортын маш бага хувийг эзэлдэг хэдий ч уул уурхайн бус экспортын сагсыг өргөжүүлэх маш том боломжит бүтээгдэхүүн юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тэмээний ноос Хятадын эрэг орчмын хувцас үйлдвэрлэгчдийн түгээмэл түүхий эд болоод буй

  • 🥶 Одоогийн нөхцөл байдал: Монгол жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй төдийгүй үүгээрээ дэлхийд 2-рт бичигддэг. Үүний хамгийн их буюу 37 мянган тн-ыг хонины ноос, 10 мянгыг нь ямааны ноолуур, 2,000 тн-ыг тэмээний ноос бүрдүүлж буй

  • 🤏 Үр шим бага: Цаашлаад Монгол тэмээний гэлтгүй самнасан ноосныхоо 70%-ийг угаагаад л шууд экспортолж байгаа. Улмаар угаасан ноосоо бараг бүхэлд нь Хятад руу гаргаж байгаа бол самнасан ноосыг Хятад дотооддоо боловсруулж бусад зах зээл рүү гаргаж байна.

⚠️ Анхаарна байгаа!

1990-ээд онд Монголын тэмээн сүргийн тоо толгой хамгийн өндөр буюу 537 мянга байсан хэдий ч ардчилалд шилжсэн он жилүүдэд бараг 2 дахин буурсан байдаг. Азаар сүүлийн 10 жилд тэмээний тоо толгой 47% өсөж өнгөрсөн оны байдлаар 473.8 мянгад хүрээд буй. ЗГ уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай болно гээд зорилт тавьсан хэр нь мал сүргийнхээ тоог өсгөх тал дээр ер нь анхаарч байгаа болов уу?

  • 💡 Тэмээний ашиг тус: Бусад 5 хошуу малтай харьцуулахад тэмээ бут сөөг зэрэг говийн хатуу ургамлаар хооллодог бол ямаа өвсний шимтэйг нь сорчилж идэх, цаашлаад бэлчээрийн талхлал, цөлжилтийг эрчимжүүлэх хооллолтын хэв маягтай. Иймээс ч тансаг зэрэглэлийн брэндүүд тэмээний ноосны зөөлөн болон бат бөх чанараас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгийг бодолцон бүтээгдэхүүндээ ашиглах болжээ.

Эцэст нь… Тэртээ 2011 онд Монголын ЗГ Японд тулгарсан байгалийн гамшигт дэмжлэг үзүүлэхээр ₮2 саяын үнэ бүхий тэмээний ноосон хөнжлийг хандивлаж байжээ. Гадна дотнын хүмүүс Монголд ирэхэд монголчуудын нүүрийг тахалдаг цөөн хэдэн бэлгийн нэг бол өнөө л ноос, ноолууран бүтээгдэхүүн байдаг. Одоо харин тэдгээр бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн стандарттайгаар үйлдвэрлэн бэлэг, хандивт явуулдаг шигээ экспортлох хэрэгтэй байна. 

Малын зах зээлийн дундаж үнийн энэ оны 8-р сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан мэдээллийг хүргэе.

  • Атны үнэ: ₮62.1 мянгаар буурч ₮1.4 сая, 

  • Соёолон үрээний үнэ: ₮6.6 мянгаар буурч ₮1.2 сая болсон бол,

  • Хязаалан  гунан  үхрийн  үнэ: ₮33.6 мянгаар нэмэгдэж ₮1.5 сая, 

  • Эр ямааны үнэ: ₮9.6 мянгаар нэмэгдэж ₮159.1 мянга,

  • Эр хонины үнэ: ₮25.5 мянгаар нэмэгдэж ₮248.9 мянга болжээ. Сонирхуулахад, эр хонины үнэ Орхон, Төв аймагт хамгийн өндөр буюу ₮280 мянга байгаа аж. 

💰 Хадгаламжийн урамшуулалт аян

ХААН Банк шинээр хадгаламж нээлгэсэн харилцагчдадаа зориулан урамшуулалт аянаа зарлажээ. 📢 

Яаж оролцох вэ? ХААН Банкны апп-аар дамжуулан төгрөгийн хадгаламжийн дансаа 6 сар болон түүнээс дээш хугацаатай нээгээд тохирлын эрх цуглуулах юм. Тодруулбал,

  • 🎁 Хадгаламжийн орлого бүрийн ₮100,000 тутамд нэг тохирлын эрхтэй болох бөгөөд эхний тохирлоор 5  азтан NURA төвийн багц шинжилгээний эрхтэй болох боломжтой.

Заа тэгээд, ирээдүйдээ хөрөнгө оруулж тууштай хуримтлуулаад байж дээ. 😎

Үргэлжлэх хугацаа: 8 сарын 12-оос 12 сарын 31-нийг дуустал

Pinterest

🍋 Төгрөгийн хадгаламж 8-р сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 39.8% нэмэгдэж ₮20.2 их наядад хүрсэн байна. Харин валютын хадгаламж 12.7% буурч ₮4.5 их наяд болоод буй. Төгрөгийн хадгаламж нэмэгдэж байгаа нь төгрөгийн ханш тогтвортой, өсөх хандлагатай байгааг илтгэдэг. Угаас он гарсаар төгрөгийн ханш долларын эсрэг 0.9% чангараад байна.

🍋 Дональд Трамптай хийсэн мэтгэлцээний дараа Камала Харрист 24 цагийн хугацаанд $47 саяын хандив цугларчээ. Тус дүн нь нийт 600 мянган хувь хүнээс цугларсан хандивын хэмжээ аж. Түүний сонгуулийн сурталчилгааны багийн хэлж буйгаар 8-р сарын байдлаар сонгуулийн хандивт $361 сая цугларсан нь Трампын багийн 9 сард цуглуулсан дүнгээс 2 дахин их байсан гэнэ. 

🍋 Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сарын $3.1 тэрбумын ашигтай гарлаа. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23% буурсан дүн юм. Учир нь тус хугацаанд экспортын үнийн дүн 6.2% нэмэгдэн $10.6 тэрбум болсон бол импортынх илүү өндөр хувиар буюу 26.2% өсжээ. Мэдээж нийт экспортын өсөлтөд түүхий эдийн экспортын өсөлт голлон нөлөөлөв.

🍋 2006-2023 онуудад Улаанбаатарт 165 авто зам, 10 гүүр, 2 зогсоол, 7 ус зайлуулах байгууламж, 8 уулзвар шинэчилжээ. Энэ хугацаанд 2011 онд хамгийн олон буюу 41.7км-ийн урттай 23 замыг зассан байна. Харин энэ онд 162.3 км авто замын шинэчлэлийн 87 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 27 нь дууссан байгаа аж.

🏗️ Өрхийн цементийн хэрэглээ

Та өөрийн хэрэглээнд тохирсон цемент хэрэглэж чадаж байна уу? Айл өрхүүд хэдийнээ өрхийн цемент CPC 32.5 хэрэглээд эхэлжээ

💫 CPC 32.5 цемент

Монцемент компани айл өрхийн хэрэглээнд нэн тохиромжтой шинэ бүтээгдэхүүн гаргасан нь CPC 32.5 цемент аж. 

  • Өрхийн гэдэг утгаараа: Энэ төрлийн цемент нь барилгын салбарт өргөн хэрэглэгддэг бөгөөд гэрийн нөхцөлд  технологийн дагуу зуурч, байшин болон, гэрийн суурь, явган хүний зам, сагсан бөмбөгийн талбай, бага маркийн (M200 хүртэлх) бетон цутгалт, зуурмаг, бетон хийц гээд 2 давхар хаус барихад хүртэл ашигладаг бат бэхийн үзүүлэлт өндөртэй цемент юм. Гол онцлог нь насжилт удаан, бат бэх чанараа удах тусам авсаар байдаг давуу талтай аж. 

🤔 Ер нь дотоодын цемент ямар давуу талтай вэ?

Манай дотоодын цемент үйлдвэрлэгчид орчин үеийн техник технологийг ашиглаж, олон улсын стандартыг хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Монцемент л гэхэд бүтээгдэхүүний чанарыг байнга хянах үүднээс дотоод лабораториудад олон улсын стандартын дагуу туршилт хийж, үйлдвэрлэл бүрийн үе шатад чанарын хяналт тавих замаар шинэ төрлүүдийг хөгжүүлж, чанар, бат бөхийг сайжруулж буй. 

  • Харин эсрэг талд, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа хэтэрсэн, импортын цементүүд зах зээлд ихээр орж ирэх нь барилгын насжилт, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулсаар байна.

Заа тэгээд, чанартай, баталгаатай дотоодын бүтээгдэхүүнээ дэмжих нь гадагш урсах валютыг багасгаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна  барилгын аюулгүй байдал, бат бэх байдалд чухал үүрэгтэй гэдгийг санаарай. Чанаргүй цементээс эхтэй чанаргүй барилга дараа нь хэн хариуцах вэ гэдгийг бодох л хэрэгтэй дээ.

  • 📜 Үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах журмын төсөлд саналаа өгөөрэй. (MSE)

  • 📚 Шилдэг цахилгаан ном уншигч төхөөрөмжүүдийг харьцуулжээ. (TheVerge)

  • 🛑 Бизнесээ өөрчлөх цаг болсныг илтгэх 3 шинж. (HBR)

  • 🧑‍💻 Хамгийн олон хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байр зарласан компаниуд. (Entrepreneur)

  • 🍿 Netflix-г хуучин iPhone, iPad дээр үзэж болох ч шинэ хувилбарыг нь ашиглаж чадахгүй нь. (TechRadar)

  • Даваа: “Made in Russia” Орос болон Монголын ажил хэрэгч уулзалт эхэллээ

  • Мягмар: СЗХ-ноос Монгол Улсын эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна.

  • Лхагва: Улаанбаатар хотноо “Ногоон технологи-2024" өдөрлөг зохион байгуулагдана.  

  • Пүрэв: Банкнуудын харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл зарлагдана

  • Баасан: 8-р сарын гадаад худалдааны тойм гарах нь ээ.

Reply

or to participate.