- Lemon Press
- Posts
- 🎭 Даргын драма
🎭 Даргын драма
Хөрөнгө оруулалтын орчин | Alibaba-н төгс сар | $GOV-н шинэ ТУЗ-ийн дарга
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ойрын өдрүүдэд Монголын хөрөнгийн зах зээл маань нам гүмхэн, чимээ аниргүй байх чинь ээ. 9-р сар дуусахаар намайг сэрээгээрэй гээд “September Effect” дуусахыг хүлээж байна уу гэлтэй. Ирэх сард арай хөдөлгөөнтэй байна гэж найдъя. 🥱


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOLD: Өчигдөр алтны үнэ 2.3% өсөж нэг унц нь $3,862.2-т хүрснээр түүхэн дээд амжилтаа дахин эвджээ.
GOV: Говь ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Баатарсайхан томилогдлоо.
UB: Ирэх жилийн хотын цэвэрлэгээ, үйлчилгээний төсвийг 2023 оныхоос 7.2 дахин нэмж, ₮360 гаруй тэрбум байхаар тусгажээ.

🎭 Даргын драма

Энэ намрын хамгийн халуухан сэдэв яах аргагүй намын даргын сонгууль болоод байна. Тухайлбал, өнгөрсөн зун хамтарсан ЗГ огцорсонтой холбоотой улс төрийн ууган хүчнүүд болох АН болон МАН шинэ даргаа тодруулсан юм.
🤝🏻 Эвтэй АН
АН-ын сонгууль эв найрамдалтай өрнөж, сонгуулийн өмнө 4 нэр дэвшигч телевизээр шууд мэтгэлцсэн нь улс төрд шинэ жишиг тогтоосон үйл явдал байв. Шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдсон ба түүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 62% буюу 196 гишүүн дэмжээ.
🪓 Гашуун түүх: С.Эрдэнэ АН-ын даргаар 2017 оноос хойш 6 жил ажиллах хугацаанд тус намын хагарал дээд цэгтээ хүрч байв. 2021 онд бүр 2 хуваагдаж, нэгэн зэрэг 2 даргатай болсон гашуун түүх ч бий.
🥊 Маргаантай МАН
МАН-ын даргын сонгуулийн эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 58%, Ерөнхий сайд Г.Занданшатар 14.3%-ийн санал авчээ. Намын дүрмээр нэр дэвшигч 66%-иас дээш санал авбал даргаар сонгогдох ёстой. Гэвч хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Д.Амарбаясгалан дээр дахин санал хурааж, 85.7%-ийн саналаар түүнийг шинэ даргаар сонгосон аж.
🙅🏻♂️ Бойкот: Удаах санал хураалтыг ЕС бойкот хийж, өөрийг нь дэмжиж байсан гишүүдийг тус санал хураалтад оролцуулаагүй гэнэ.
🗣️ Асуудал: Намын дүрмийн дагуу даргын сонгууль 442 гишүүнтэйгээр эхэлсэн ч хурлыг дахин эхлүүлж, 321 гишүүний ирцээр шинэ даргаа сонгосон нь дүрмийн бус гэж тус намын зарим гишүүд үзэж буй.
🫵🏻 Мэдэгдэл: Харин сонгуулийг зохион байгуулсан гишүүдийн мэдээллээр тус санал хураалт намын дүрмийн дагуу явсан тул шинэ даргатай холбоотой Дээд шүүхэд маргаан гарахгүй хэмээн тайлбарлаж байна.
Эцэст нь… Энэ сарын 18-нд Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрлийг бүртгэж, албан ёсны даргаар хүлээн зөвшөөрсөн. Харин МАН-ын шинэ даргаар Д.Амарбаясгаланг бүртгэх эсэхээ 90 хоногт багтаан зарлах аж. Хэрэв бүртгэсэн тохиолдолд ЗГ-ын ирээдүй яах бол гэдэг тун сонирхолтой. 👁️

🔥 Alibaba-н төгс сар
9988.HK: Өчигдрийн Хонгконгийн хөрөнгийн биржийн арилжаагаар Хятадын технологийн аваргуудын нэг Alibaba-н нэгж хувьцааны үнэ 4% өсөж HK$173.3-т хүрсэн бөгөөд энэ сард компанийн нэгж хувьцааны үнэ даруй 49.8% өсөөд байна. Шинжээчид үүнийг хөрөнгө оруулагчид компанийн үүлэн технологи болон AI-н хөгжүүлэлтэд итгэснээс үүдэлтэй хэмээн тайлбарлажээ. Сонирхуулахад, энэ 9-р сар нь 2019 оноос хойших $9988.HK-н хамгийн сайн гүйцэтгэлтэй сар болсон аж.

🕵️ $2,000-ын шагналын сантай мэдээлэл нягтлах олон улсын уралдаан зарлагдаж. (MFCC)
⚙️ Баянхөндий алтны үйлдвэрийн технологийн шийдэл. (ErdeneMongol)
🎓 Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад марш! (UBLife)
🤔 Монголчуудын стресст нойрны чанар нөлөөтэй гэнэ. (Ikon)

🤔 Монголын хөрөнгө оруулалтын орчин хэр вэ?

Америкийн Төрийн департментаас гаргадаг улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ шинэчлэгдэн гарлаа.
🗞️ Тойм
Монголын хөрөнгө оруулалтын орчныг 1 өгүүлбэрээр тодорхойл гэвэл “Сонирхлын татаад байгаа хэр нь хөрөнгө татах дээрээ таг”. Сонирхол татаж буй эерэг тал нь гаднын хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэхэд амар, хөрөнгө оруулалтын хязгаарлалт багатай, харин сул тал нь бүх шатанд эрх баригчид нь чихгүй мэт ажилладаг гэнэ ээ.
🙈 Тодруулбал, ямарваа маргааныг шийдвэрлэх, мухарлах үйл явц, хугацаа нь асар удаан төдийгүй хууль тогтоомж боловсруулахдаа оролцогч талуудын саналыг сонсдоггүй гэдгээрээ маш сул талтай. Монголд гаднын хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэхэд хамгийн ихдээ 16.2 жил, дунджаар 6 жилийг зарцуулдаг гэхээр асуудал болохоос яах вэ.
📆 Энэ жилд гэхэд “Оюу толгой” ХХК, Kincora Copper, SouthGobi гэхчлэн татварын маргааны асуудлууд нэлээдгүй дуулдсан даа.
🔔 Том айдас: Ачна! Хураана! Хаана!
Дээрх үгс бол дотоод, гадаадгүй л Монголд бизнес эрхэлж буй хүмүүсийн сүнсийг дуудаж байна. Тайланд хөрөнгө оруулагчдын өмчлөх эрхэд халдах, өмчлөх эрхийн эсрэг үйл ажиллагаа нэмэгдэж буйг өнгөрсөн жил батлагдсан Үндэсний баялгийн сангийн хууль, тэр дотроо 16 ордыг стратегийн орд гэж үзээд 34%-ийг нь авахаар зүтгэж буйтай холбосон харагдав.
Гэтэл нөгөө талд, сүүлийн үед бидний хөгжлөө харьцуулан харах дуртай болсон Казакстан 2021 онд төрийн оролцоог 2025 он гэхэд 14% бууруулах зорилт тавьж байсан. Магад сүүлийн 2 жилд эрчимтэй гаднаас хөрөнгө татаж, энэ оны эхэнд гэхэд Монголоос 9 дахин буюу $166 тэрбумын хөрөнгийн урсгал татсан нь тус бодлогын үр шим байж болох юм.
➕ Дээрээс нь тэдний Council for Attracting Investments болон Kazakh Invest агентлагууд нь хөрөнгө оруулагчдад виз, бүртгэл, маргаан шийдвэрлэлтэд тусалж, хөрөнгө оруулагчдын асуудлыг мэдэгдэхүйц хөнгөвчилж байна. Манайд Эдийн засаг хөгжлийн яамны харьяа ийм төв байдаг гэх ч яаж ажилладаг нь тодорхойгүй.
Эцэст нь… Улс төрчдийн попрол, эрх ашиг хэзээнээс л хөрөнгө оруулагчдыг хохироож ирсэн. Цаашид, хөрөнгө оруулагчидтай харьцах тоглоомын дүрмээ тодорхой болгож, асуудлаа шийдэхгүй бол буйран дээрээ 3 эргэдэг төр засагтай гэдгээрээ алдаршиж дуусах нь.

Ямар AI чатбот ашиглаж байна даа? Бүх хэрэгцээндээ ChatGPT-г ашиглаад байгаа юм биш биз? Салбар, салбартаа гаргууд нь эд гэнэ шүү:
ChatGPT: Санаа гаргах, тайлбарлах, ноорог бичүүлэх гэхчлэн ерөнхий хэрэглээнд,
Gemini: Шуурхай мэдээ, бодит цагийн мэдээлэл авахад,
Claude: Урт бичвэр, уран зохиолын найруулгад,
Perplexity: Судалгаа хийх, баримт шалгахад,
DeepSeek: Шинэлэг санаа гаргах, бүтээлч ажилд,
Grok: Хошигнол, хөгжилтэй агуулгад тохиромжтой гэнэ дээ.

🛡️ Mobilife: Гэр бүлээ хамгаал

Мобиком Корпораци болон “Коннект Лайф” хамтран нэвтрүүлсэн “Mobilife” 100% дижитал амьдралын даатгалын үйлчилгээ илүү олон сонголт, өргөн хүрээний боломжтойгоор шинэчлэгджээ. 📢
Танилцъя:
🩺 Хорт хавдраар анх удаа оношлогдох, өвчний улмаас орлого тасалдах, химийн эмчилгээ хийлгэх зэрэг тохиолдол тус бүрд сонгосон багцаас хамааран тодорхой нөхцөлтэйгөөр ₮10-₮30 саяын тэтгэмж олгох нь. Харин Мобикомын Дараа болон Хосолсон төлбөрт хэрэглэгчид ₮1-₮4 саяын хорт хавдрын даатгалд үнэ төлбөргүй хамрагдаж буй.
❤️🩹 Амь насны: Орлогын гол эх үүсвэр болсон гэр бүлийн гишүүн гэнэтийн осол, өвчнөөр нас барсан тохиолдолд 24-36 сарын хугацаанд ₮1-₮3 саяын тэтгэмж олгох аж. Эсвэл ₮5 эсвэл ₮10 саяын нэг удаагийн дэмжлэгийг олгох юм.
Гэснээс дээрх 2 даатгалд нас, хүйс, сонгосон багцаас хамаарч суурь хураамжаа автоматаар тооцуулан хамрагдах боломжтой гэсэн шүү.


Remote Lands
🍋 Казакстаны ТОП-5 байгалийн үзэсгэлэнт газруудаар энэ оны эхний 7 сард 2 сая жуулчин зочилжээ. Эдгээр байгалийн үзэсгэлэнт газрууд Казахстаны Акмол, Алматай, Павлодар аймагт байрладаг бөгөөд хамгийн алдартай нь “Казахстаны Швейцар” гэгддэг Акмолын “Бурабай” нуур аж. Тэнд нийт жуулчдын 30% нь зочилсон бол, Иле-Алатау үндэсний паркт 25%, Көлсай нуурт 17.5% нь зочилсон байна.
🍋 10 мянга гаруй өрх оршин суух Сэлбэ хот Сэлбэ дэд станц болон Дамбадаржаа ДЦС-аас дулаан хангамжаа авна. Эдгээр станцуудын нийт хүчин чадал 89.68 МВт байх бөгөөд одоогоор 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц ашиглалтад ороод байгаа. Тэгвэл Дамбадаржаа ДЦС-ын барилгын ажлыг ирэх оны 8-р сард дуусгаж, 9-р сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм гэнэ.
🍋 Жүр Үр ХХК 10 мянган мкв талбайд шинэ үйлдвэр байгуулжээ. Үйлдвэр нь энгийн орон сууцны хэмжээсээр бол 12 давхар барилгатай дүйх өндөртэй бөгөөд ОУ-ын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн аж. Тэгвэл барилгын 4,575 мкв нь үйлдвэрлэлийн талбай байх бол 915 мкв нь бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал хадгалах хөлдөөх агуулахууд, 270 мкв нь хөргөх агуулахууд байрших аж.
🍋 Монгол гэрт амьдардаг 500 хүртэлх айл өрхийн халаалтыг нарны эрчим хүчээр шийдэх төсөл хэрэгжиж эхлэв. Төслийг Чингэлтэй дүүргийн 15-р хорооноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хятадын ОУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлаг санхүүжүүлж байгаа бол НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран ажиллаж буй. Энэ төсөл өнгөрсөн онд 69 гэр хорооллын айл өрхийг хамран хэрэгжиж байв.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply