- Lemon Press
- Posts
- 🤓 Франчайз бизнесийн боломж
🤓 Франчайз бизнесийн боломж
Gen Z-н ажлын байрны үнэт зүйлс болон Франчайз бизнесийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнөөдөр хаврын тэргүүн сарын гурван хөх хөхөгчин үхэр өдөр тул үс засаалбал өвчин ирнэ гэнэ шүү. Харин хумсаа авахаа мартав аа. 🤪
*Нэг өдрийн өөрчлөлт
USA: Америкийн голлох 3 индекс өчигдөр 1.3%-1.7% буюу дунджаар 1.5% унав.
CHN: Хятадын худалдааны тэнцэл эхний 2 сарын байдлаар $117 тэрбумын ашигтай гарчээ.
JPN: Японы урсгал дансны тэнцэл $14.4 тэрбумын алдагдалтай гарсан түүхэн хэмжээнд хүрсэн аж.
Фрайнчайз бизнесийн боломж
Franchise Times дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн 500 франчайзыг жил бүр тодруулдаг. Өнгөрсөн онд McDonald’s (MCD) дэлхий даяар $112.5 тэрбумын борлуулалт хийж тэргүүлсэн байна. Ер франчайз бизнесийн талаар товчхон судалцгаая.
Франчайз бизнес гэж юу вэ?
Франчайз бизнес эрхлэх хүсэлтэй этгээд тодорхой хэмжээний төлбөр төлсний үндсэн дээр тухайн франчайзын бизнес нөү-хау, барааны тэмдгийг өөрийн мэт ашиглан бизнес эрхлэхийг хэлнэ. Энгийнээр тухайн улс орон эсвэл дэлхий дахинд брэнд болсон бизнесийн нэрийг барин ижил бизнес эрхэлнэ гэсэн үг. Хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал,
Эхлэлтийн эрсдэл бага: Тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул бизнес эхлэх үеийн эрсдэл нь спартаптай харьцуулахад харьцангуй бага. Түүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэнэ.
Бэлэн хэрэглэгч: 2013 онд KFC Монголд анхны салбараа нээх үед үүссэн дарааллыг санаж байвал ийм бизнесийн хэрэглэгчид нь хэр бэлэн байдгийг харж болох юм.
Ямар боломж олгодог вэ?
Дэлхийн ТОП-10 франчайз бизнесүүд өнгөрсөн онд 249 мянган салбараараа нийт $368.5 тэрбумын борлуулалт хийжээ. Тэдний франчайзын эрхийг дунджаар $10,000-$540,000 хооронд худалдан аваад цаашид бизнесээ босгох хүртэл дунджаар $0.7-$2.1 саяын хөрөнгө оруулалт хийдэг байна. Цаашлаад,
Асуудлаа шийдэх боломж: Талууд харилцан ашигтай байхаар ашгаа хувааж авах гэрээ хийдэг. Ингэснээр шинэхэн франчэйз эзэмшигч нийлүүлэлтээс эхлээд маркетинг, сурталчилгаа хүртэлх бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар шийдүүлэх боломжтой болдог байна.
Жишээ нь, 7-Eleven л гэхэд франчайз эзэмшигч нийт борлуулалтын 48%-ийг өөрт авдаг аж.Улмаар: Шинээр бизнес бага дарамтад орохоос гадна франчайз олгогч шинэхэн бизнесүүддээ хангалттай нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд дэмтэй байдаг аж.
🔊 Hiring!
TSMC34.SA: Чипийн акул TSMC энэ жил 6,000 ажилтан авахаар төлөвлөж байна. Тэд Тайван дахь Хсинчу, Тайчунг, Тайнань, Каошюн хотуудад шинэ инженерүүд болон үйлдвэрлэлийн шугамын операторуудыг ажилд авах аж. Сонирхуулахад, Тайванд магистрын зэрэг хамгаалсан шинэ инженерийн дундаж цалин ойролцоогоор $65,400 байх гэнэ.
Woman In Tech Mongolia 2023
Woman in Tech Mongolia 2023 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өөрчлөх цаг” уриа дор 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Woman in Tech олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Монгол дахь салбар албан ёсоор нээж байгаа талаар мэдээлэв. Эвентийн эхний хэсэгт 5 улсын элчин сайд + НҮБХХ-ийн суурин төлөөлөгч оролцож “Жендерийн тэгш бус байдал болон эмэгтэйчүүдийн оролцоог технологийн салбарт хэрхэн бэхжүүлэх” талаар өөрийн улсын туршлага болон Монгол Улс дахь боломжийн талаар хэлэлцүүлэг болж өнгөрсөн юм.
Цаашлаад технологийн салбарыг өнгөлж буй Emphasofy, CallPro, Nito, Erxes болон +15 илтгэгчид өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцсан билээ.
Дэлхийг өөрчлөх Gen Z
The Hustle-н судалгаанаас харахад 2025 он гэхэд Gen Z нийт ажиллах хүчний 27%-ийг бүрдүүлэх нь ээ. Тэгвэл тэд ажлын байрнаасаа юу хүсдэг бол?
Gen Z & Ажлын байр
Судалгаанд оролцогчдын 30%-д нь өндөр цалин хамгийн чухал, 29%-д нь ажил амьдралын тэнцвэр нэн тэргүүний асуудал аж. Тэдний эрхэмлэдэг дараагийн хүчин зүйл бол компанийн үнэт зүйл, ёс зүй юм. Тэгвэл Gen Z-н ажил мэргэжлийн эцсийн зорилго нь, :
Баялаг: Судалгаанд хамрагдагсдын 37% нь хувийн баялгийг бий болгохын тулд ажиллаж байгаа бол
Дэлхий: 21% нь дэлхийг өөрчлөх, өөрчлөлт хийхийг зорьж байгаа аж.
Үеийн ялгаа
Мянганыхан Gen Z-тэй ижил үнэт зүйлстэй бол Gen X болон Baby Boomers зэрэг ахмад үеийнхэн ажил мэргэжлээр ахих боломж багатай үед өссөн учир дэвшлийг эрэлхийлж одоогийн ажлын байраа орхих магадлал бага байдаг гэнэ. Тиймдээ ч сүүлийн үеийн хүүхдүүд ажил голдог, нэг газраа 10, 20 жил ажиллах чадваргүй гэж ярьдаг биз ээ.
Gen Z-н удирдагч байх нь
Тэдний ур чадварыг хадгалж үлдэхийн тулд ажил амьдралын тэнцвэртэй байдлыг нь ямагт хангах хэрэгтэй бололтой. Учир нь судалгаанд оролцогчдын 54%-д тэнцвэрт байдал туйлын чухал. Түүнчлэн Gen Z менежерүүддээ өндөр хүлээлт тавьдаг тул тэдэнд зөвхөн ажил даалгахаас илүүтэй карьераа хөгжүүлэхэд нь туслахыг хүсдэг гэнэ. Тиймдээ ч тэдний 43% нь менежерийн хамгийн чухал чанар бол зөвлөх чадвар гэж үзжээ. Тэгэхээр Gen Z-г удирдахын тулд сайн ментор байх хэрэгтэй болох нь.
Монголд…
Манайд ч ялгаагүй ажиллах хүчний 19.6%-ийг Gen Z эзэлж байна. Ирэх 4 жилд Gen Z-н ажиллах хүчин 252.5 мянгаар нэмэгдэж нийт Gen Z-н ажиллах хүчний тоо 759.6 мянга болно. Тэгэхээр одоо байгаа нийт ажиллах хүчний 62.1%-тай тэнцэх нь ээ. Тиймээс үе хоорондоо илүү ойлголцож ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна даа.
50.7%
Монголын хүн амын 50.7% нь эмэгтэйчүүд.
76
Тэдний дундаж наслалт 76 буюу эрчүүдийнхээс 9.5 жилээр урт насалж буй.
26.7
Түүнчлэн эмэгтэйчүүдийн гэрлэлтийн голч нас 26.7 байна.
CNN
🔹Slack-н толгой компани Salesforce (CRM) OpenAI-тай гэрээ байгуулав. Улмаар Slack бот AI-р дамжуулан харилцан яриаг дүгнэж, хэрэглэгчдийн судалгаанд туслах боломжтой болж буй. Түүнчлэн Salesforce хиймэл оюун ухааны бизнест хөрөнгө оруулах $250 саяын сан байгуулж байгаа аж.
🔹Төрийн өмчит уул уурхайн компаниуд он гарсаар $443.1 саяын орлого төвлөрүүллээ. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иуд тус орлогыг бүрдүүлэв.
🔹Герман Хятадын Huawei, ZTE компаниудын зарим эд ангиудыг 5G сүлжээнд ашиглахыг хориглоно. Энэ нь Германы аюулгүй байдлаа хангах болон Хятадаас хамаарах хамаарлаа бууруулах гэсэн оролдлого аж. Түүнчлэн Их Британи, Швед ч мөн Huawei, ZTE-д хориг тавиад буй.
🔹Өмнөд Солонгосын Какао (035720.KS) K-pop агентлаг SM Entertainment (041510.KQ)-н 35%-ийг эзэмшихээр ₩1.3 их наядыг санал болгов. Кakao SM-н нэгж хувьцааны үнэд ЗЗ-с ₩20,000-оор илүү буюу ₩150,000-н санал тавьсан ч уг саналтай холбоотойгоор SM-н хувьцааны үнэ 17.9% өсөж ₩154,600-д хүрээд байна.
Жилээс жилд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр нийгэмд өрнөх диалоги нь косметик шинж чанараасаа бага багаар салж, арай илүү саабстанстай хэлэлцүүлэг өрнөдөг болох болтугай. Тэгш эрхийн талаарх өөрийн итгэл үнэмшилдээ эргэлзэж шалгаж үзэх чинь ч ахилт, амжилт.
— Khulan Bat-Erdene, CFA (@BatKhulan)
6:00 AM • Mar 8, 2023
Blockchain or no blockchain?
Өнөөдрөөс 7 хоногт 1 удаа блокчэйн технологийн талаар тайлбарлаж эхлэхээр боллоо. 🤩 Энэ удаад блокчэйн технологийн ид шидийг зах зухаас нь харцгаая.
Блокчэйнгүй vs. блокчэйнтэй дэлхий
Блокчэйн технологи бий болсноор хэн нэгэн таны мэдээллийг өөрчлөх, устгах аль эсвэл мэдээллийн эх үүсвэр үнэн эсэх нь эргэлзээтэй гэх мэт асуудал үгүй болж, худал мэдээлэл байхгүй болохын зэрэгцээ гуравдагч этгээдээр батлуулах нэмэлт хэрэгцээ ч үгүй болно. Үүнийг амьдралд бодитоор хэрэгжээд эхэлсэн зарим жишээгээр баталгаажуулбал,
Дижитал сонгууль (АНЭУ): Дубай хот блокчэйн технологийг ашиглан, сонгуулийг автоматжуулах зорилтыг тавьжээ. Сонгуулийн ирц, сонголтыг блокчэйн дээр бүртгээд явбал хүний өмнөөс сонгууль өгөх, сонгуулийн хуудсыг солих эсвэл устгах гээд олон асуудлууд нэг дор шийдэгдэх нь гарцаагүй.
Их сургуулийн диплом (Монгол): Боловсролын ерөнхий газар TEO блокчэйнтэй хамтарч, дипломыг блокчэйн дээр баталгаажуулаад эхэлснийг сонссон байлгүй. Өндөр албан тушаалтны “хөрөнгө орлогын мэдүүлэг” гэдэг шиг “боловсролын мэдүүлэг” байдлаар ашиглаад эхэлбэл ч хуурамч дипломын асуудлыг шийдээд өгөх нь.
Хүнс бүртгэлийн систем (Франц): Манайд саяхан орж ирсэн Carrefour сүлжээ дэлгүүр тахианы гарал үүслийг блокчэйн дээр бүртгэдэг гэдгийг мэдэх үү? Гарал үүсэл нь тодорхой тахиа иднэ гэхээр хэчнээн сэтгэлд амар байх бол.
За тэгэхээр блокчэйн бол зөвхөн койн эсвэл токеноор хязгаарлагдах технологи бус байна шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, А.Баттүвшин
Graphics by: О.Баасандорж
Reply