• Lemon Press
  • Posts
  • 🔻 Шалаар нэг бүтээмж

🔻 Шалаар нэг бүтээмж

Мартагдсан бүтээмжийн асуудал | Ford-н өсөлт | ТӨХХК тэнгэр дээгүүр

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Цаана чинь Монголыг гадаадад таниулах ажлын хүрээнд энэ сарын 8-10-ны өдрүүдэд Пусан хотод “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг зохион байгуулахаар болжээ. Уг нь аялал жуулчлалыг хөгжүүлчих гээд хэрдээ л үзээд байх шиг. Үр дүн гараасай даа. ✈️

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: ГВАН өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөс 46.4%, сарын өмнөхөөс 2.5% тус тус өсөж $4.97 тэрбумд хүрлээ

MSE: Техник Импорт ХК (TEX) 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮1,000-ийн ногдол ашиг тараана

CHN: Хятад 2024 онд ДНБ-ий өсөлтийг 5%-д хүргэх зорилт тавилаа.

🤔 Бид бүтээмжтэй ажилладаг уу?

Энэ 7 хоног боловсролын салбарын үндэсний чуулган болж байгаа. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас бид юугаараа илүүрхэж, юугаараа дутагдалтай байгаа талаар танилцуулжээ. Эндээс хэдүүлээ өөрсдийн бүтээмжийн асуудал дээр дүгнэлт гаргах гээд үзэх үү? 

Мартагдсан бүтээмжийн асуудал

Дэлхий даяар л ажил амьдралын тэнцвэр ярьж ажлын 7 хоногийг 4 болгох талаар сөхөж байгаа. Бид ч үүнээс дуталгүй ажил амьдралын тэнцвэр ярьсан хүмүүс нэлээд олширч. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын бүтээмж 181 орноос 105-т явж байна. Энэ бол бидний буруутгах дуртай төр засгаас төдийлөн хамааралгүй буюу монголчуудын 1 цагт хэр бүтээмжтэй ажиллаж буйг харуулсан үзүүлэлт юм. Илүү гүнзгийрүүлэн шинжих аваас, 

  • Бодъё: Өнгөрсөн жил 1 ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 оноос 8.7% өсөж ₮24.8 сая болжээ. Гэхдээ энэ өсөлт сайндаа ч биш Монголын ЭЗ-ийг нуруун дээрээ үүрч явдаг өнөө л уул уурхайн салбарынхны бүтээмж өссөнтэй холбоотой. 

  • Ялгаа: Тухайлбал, тус салбарын 1 ажилтны бүтээмж 16% өсөж жилийн нийлбэр дүнгээр ₮60 саяд хүрээд буй. Энэ нь улсын дунджаас 2.4 дахин их үзүүлэлт. Салбарын цалин ч улсын дунджаас 2.4 дахин их байгаа

Өнгөрсөн жил уул уурхайн салбар ДНБ-ий 28.2%, экспортын 91.2%-ийг бүрдүүлсэн. Энэ бол тус салбарт ажиллаж буй 70 мянган хүний бүтээмжээр бий болж буй дүн. Гэтэл бусад салбарт,

  • Үйлчилгээний салбарынх ₮21 сая буюу уул уурхайн салбараас 2.9 дахин бага, 

  • Аж үйлдвэр, барилгын салбарынх ₮19.9 сая буюу 3 дахин бага,

  • ХАА-нх ₮13.5 сая буюу 4.4 дахин бага байна. Тэгэхээр уул уурхайн салбар эдийн засгийг чирдгээс гадна бүтээмжийг ч давхар чирдэг байх нь. 

Эцэст нь… Удахгүй 3 сарын 8-нд бүх нийтээр амрах гэж байна. Баярлах, амрах хэрэгтэй байлгүй яах вэ, гэхдээ түүнээс өмнө бид яг ажиллах цагтаа бүтээмжтэй ажилладаг билүү, гээд бодох хэрэгтэй мэт. Бүтээмж гэж буй нь өдөр шөнөгүй ажлын мал болтлоо ажиллахыг хэлээгүй шүү. Бүтээмжтэй ажиллахын тулд бид богино хугацаанд ажлаа нугалдаг чадвартай болох, ажлаа гартаа оруулах нь наад захын зүйл. Тэгэхээр аль аль салбарт бүтээмжтэй ажиллахыг зорих хэрэгтэй байна даа.

🚗 Ford-н тоо нэмэгдэв

F: Ford-н борлуулалт өнгөрсөн 2-р сард жилийн өмнөхөөсөө 10.5% өсөж 174,192 автомашин борлуулжээ. Энэ дотроо EV-н борлуулалт 81% өссөн байна. Улмаар компанийн хувьцааны үнэ 4% өсөөд амжив. Харин эсрэг талд Tesla (TSLA)-н Хятад дахь нийлүүлэлт буурсантай холбоотойгоор хувьцааны үнэ нь 7% унажээ. 121 жилийн түүхт Ford илүү хүчирхэгжих нь үү дээ?

🆙 ТӨХХК тэнгэр дээгүүр

Дубайн эрх баригчид авто зогсоолын үйлчилгээ үзүүлдэг Parkin Company ТӨХХК-иа олон нийтэд нээлттэй болгон $429 саяыг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тус улс хувьчлал гэдгийг утгаар нь харуулж байна. Харин бид тэднээс юу сурч болох билээ?

Бүх зүйл эхэлсэн цэг

2017-2021 онд Дубайн 2 хөрөнгийн биржийн нэг болох The Dubai Financial Market (DFM.AE)-н арилжааны үнийн дүн тасралтгүй буурсан. Улмаар Дубайн эрх баригчид хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхийн тулд 2021 онд төрийн өмчит 10 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжихаар болсон билээ.

  • Сонирхуулахад, Арабын Нэгдсэн Эмират нь 2 хөрөнгийн биржтэй бөгөөд 2023 онд хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийн үнэлгээ ойролцоогоор $1 их наядад хүрчээ. Үүний 81.2%-ийг Abu Dhabi Securities Exchange, 18.8%-ийг The Dubai Financial Market бүрдүүлдэг гэнэ.

Үүргээ гүйцэтгэсэн

Тус мэдэгдлээс хойш буюу 3 жилийн дотор Дубайн 5 төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК) IPO хийж $8.6 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Зөвхөн татан төвлөрүүлээд зогсохгүй,

  • Бүгд амжилттай: Дээрх 5 ТӨХК-ийн хувьцааны үнэ өдгөө бүгд IPO-н үнээсээ дээгүүр үнэлэгдэж буй. Жишээ нь, 2022 онд IPO хийсэн хурдны замын зохицуулалтын Salik (Salik.AE)-н хувьцааны үнэ 76.5% өсөж 3.5 дирхамд хүрчээ.

  • Томоохон тоглогчид идэвхэжлээ: Үүнээс гадна өнгөрсөн онд гадаад, дотоодын стратегийн хөрөнгө оруулагчид Дубайн ХЗЗ-д $1.9 тэрбумыг цутгасан билээ. Тус улсын ХЗЗ-ийн нийт арилжааны 78%-ийг стратегийн хөрөнгө оруулагчид бүрдүүлснээс харахад томоохон хөрөнгө оруулагчид Арабын Нэгдсэн Эмиратын ЭЗ-т итгэлтэй байдаг бололтой.

Харин Монголд

2022-2023 онд 25 ТӨХХК-ийн нийт хувьцааны 34% хүртэлхийг олон нийтэд нээлттэй болгоно гэсэн боловч дөнгөж 2-ийнх нь бараа харагдаад буй. Тодруулбал, МХБ (MSE), Монголын Цахилгаан Холбоо (MCH) л нийт хувьцааныхаа 34%-ийг олон нийтэд нээлттэй болгосон. Бусад 23 ТӨХХК-ийн сүнс сүүдэр нь ч алга.

Дүгнэхэд, Арабын Нэгдсэн Эмират ТӨХК-ийн хувьчлалыг маш сайн хэрэгжүүлж байна. Уг нь Монголд хувьчлалыг илүү хурдасгавал Дубай шиг стратегийн хөрөнгө оруулагчдыг татаад, ХЗЗ-ээ дэмждэггүй юм аа гэхэд ТӨХХК-дад иргэдийн хараа хяналт нэмэгдэж, улсын төсвөөс татаас авах нь багасах эерэг нөлөөтэй. Даанч ярьсаар л, ярьсаар л…

Pinterest

🔹Өнгөрсөн 7 хоногт ХААБ-ээр нийт ₮287 саяын үнийн дүн бүхий мал, махны арилжаа явагджээ. Тодруулбал нийт 30.6 тн мах, 1,108 ширхэг амьд хонь арилжигдсан байна. Нийт арилжааны үнийн дүнгийн 46.3%-ийг үхрийн махны арилжаа бүрдүүлсэн аж.

🔹Канадын геологийн алба, Монголын Үндэсний геологийн албатай санамж бичиг байгуулна. Энэхүү тохироо нь “PDAC 2024”-ын үеэр яригдсан юм. Улмаар дэлхийн стандартыг Монголд нутагшуулах, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах ажилд Канадын туршлагаас суралцах боломжтой болно.

🔹Xanadu Mines (XAM.TO) Монгол дахь Хармагтай төслийн хөрвүүлэн баяжуулах туршилтын үр дүнд зэсийн баяжмалын металл авалт 98%, алтных 95%-тай гарчээ. Энэ нь Оюу толгойн металл авалтаас 15.2 нэгж хувиар өндөр гэсэн үг. Түүнчлэн Xanadu Mines Хармагтай дахь хайгуулын ажилд $35 саяын хөрөнгө оруулалт хийснээр 3.4 сая тн зэс, 8.5 сая унц алтны нөөцтэй гэж тогтоогдоод буй.

🔹Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн будааг 100% импортоор авч байна. Түүнчлэн гурилыг 100% дотооддоо боловсруулдаг ч гурилан бүтээгдэхүүний 31%-ийг импортолдог аж. Мөн элсэн чихэр, ургамлын тос, жимс жимсгэнэ, шувууны махны 96%-100%-ийг импортоор авдаг буюу импортын барааны хамаарал хэт өндөр байна.

За өнөөдрийн мэдлэг шалгах асуулт ирлээ. Зөв хариултыг сонгоорой.

A. 1 ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж ₮22.8 сая.
B. Арабын Нэгдсэн Эмиратын 5 ТӨХК $8.3 тэрбумыг татан төвлөрүүлсэн.
C. Хармагтайн зэсийн нөөц 3.4 сая тн, алтны нөөц 8.5 сая унц.

  • Унш: Мэргэжлийн хэлэлцээр хийгч болохын тулд… (HBR)

  • Сонс: CFA шалгалтын талаарх бүгдийг. (LemonPress)

  • Мэд: Anthropic OpenAI-н GPT-4-г ардаа орхих шинэ чатботоо танилцууллаа. (TechCrunch)

  • Сонирх: Apple-н Macbook Air M3 чипийн загвар юугаараа онцлог вэ? (TheVerge)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Хармагтайн зэсийн нөөц 3.4 сая тн, алтны нөөц 8.5 сая унц билээ. Хэрэв алдсан бол дахин 1 удаа товхимлоо уншаарай.