- Lemon Press
- Posts
- 🆕 ШХАБ-ын шинэ гишүүн
🆕 ШХАБ-ын шинэ гишүүн
Fitch Ratings мэдээлж байна! | MEF эхэллээ | Бутаны хаан Монголд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг өнөөдөр шинэчилж дуусна гэнэ ээ. Жилд 365 хоног байдаг хэр нь ямар нэг үйл явдлыг тулгаж хийхгүй л бол болдогүй нь хачирхалтай шүү. 🤷♀️
*Нэг өдрийн өөрчлөлт
BT: Өнөөдрөөс Бутаны хаан Жигме Кхесар Намгэл Ванчукийн Монгол дахь айлчлал эхэлж байна.
BTC: Баасан гарагт Биткойны үнэ 2-р сараас хойших доод үнэ буюу $54,400-т хүрлээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮38 тэрбумын арилжаа хийгдсэний ₮14 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагджээ.
🤔 Монголын зээлжих зэрэглэлд юу нөлөөлөх вэ?
Fitch Ratings-с сонгуулийн дараах Монголын зээлжих зэрэглэлд голлон нөлөөлөх хүчин зүйлсийг танилцууллаа. Тэд юу хэлэв?
🏦 Урт хугацааны бодлого
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Ардын Нам дахин олонх болсон нь эдийн засгийн бодлого өргөн хүрээгээрээ үргэлжлэх боломжийг нээж өгч байна гэдгийг тус агентлаг онцлов. Монголын уул уурхайн салбарын бүтээмж өндөр байгаа нь зээлжих зэрэглэлд таатай нөлөө үзүүлж буй хэдий ч шинэ Засгийн газрын төсвийн урт хугацааны бодлого зээлжих зэрэглэлд нэн чухал аж. Цаашилбал,
⬆️ Макро эдийн засгийн төлөв ойрын хугацаанд таатай байгаа нь шинэ Засгийн газарт өгөөжөө өгөх нь. Тухайлбал, энэ оны эхний 5 сарын байдлаар сард дунджаар 6.5 сая тн нүүрс экспортолж байгаа нь сард 5-6 сая тн-ыг экспортолно гэж төсөөлсөн өнгөрсөн оны төсвийн төсөөлөлтэй харьцуулахад давсан үзүүлэлт болж буй.
🟰 Тогтвортой: Fitch Ratings өнгөрсөн 2-р сард Монголын зээлжих зэрэглэлийг "B" түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “Тогтвортой” гэж мэдэгдсэн. Гэвч санхүүгийн тэлэх бодлого болон дотоодын эрэлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж энэ онд төсөв болон урсгал данс эргэн алдагдалд орно гэж таамаглажээ.
4% ➡️ 7%
Мөн өнгөрсөн 2-р сард Fitch Ratings 2024 онд Монголын эдийн засаг 4% өснө гэсэн төсөөлөл гаргаснаа ахиулж 7% болгосон юм. Түүнчлэн урсгал дансны алдагдал энэ онд Монгол Улсын ДНБ-ий 4%-тай тэнцэхээр байгаа нь Fitch Ratings-н өмнөх төсөөллөөс сайжирсан үзүүлэлт болжээ. Нэмээд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2%-тай тэнцэнэ гэсэн төсөөллөө 1% болгон бууруулсан аж.
⚠️ Оновчтой удирдах л чухал
Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа нь зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвт эергээр нөлөөлж байгааг тус агентлаг тодотгосон. Гэхдээ уул уурхай, түүхий эдийн өсөлтийн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эрсдэлээ оновчтой удирдах нь зээлжих зэрэглэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Эцэст нь… Ямартай ч эдийн засгийн үзүүлэлтүүд маань бага багаар сайжирч буй нь сайшаалтай. Гэвч шинэхэн парламент, Засгийн газар ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхээс л өсөх эсэх нь хамаарах нь дээ. Одоохондоо тэд эрх мэдлээ хуваарилаад эдийн засаг манатай л байх шиг…
🆙 Эрэлт нэмэгдэж, борлуулалт өсөв
005930.KS: Samsung-н үйл ажиллагааны ашиг II улиралд урьдчилсан байдлаар 15 нугарч $7.5 тэрбумд хүрчээ. Улмаар хувьцааны үнэ нь 3 жилийн дээд түвшин болох ₩87,100-д хүрэв. Тэдний борлуулалтын орлого 23% өссөн нь Ковид-19-ийн дараагаас компанийн борлуулалт эргэн нэмэгдэж буйг харуулж буй. Тухайлбал, санах ойн чипийн эрэлт нэмэгдсэнээр чипийн дундаж үнэ 15% өссөн байна.
🆕 ШХАБ-ын шинэ гишүүн
Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн ШХАБ-ын 24 дэх дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа бататгасан, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Эхнээс нь танилцаад явъя.
Олон талт харилцаа: 24 дэх удаагийн уулзалт “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх - Тогтвортой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаад буй.
🤝 Шанхайн үзэл санааг бэхжүүлнэ
Энэ жилийн дээд хэмжээний уулзалт Казакстаны Астана хотод болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайдаас бусад бүхий л төрийн тэргүүн нар оролцов. Тухайлбал, дэлхийн дэгийн зүүн блокийн удирдагчид болох Ши Жиньпин, Владимир Путин, Александр Лукашенко, Режеп Тайип Эрдоган нар тус тус хүрэлцэн ирсэн юм.
Шинэ гишүүн: Өнгөрөгч өдрүүдэд Беларусь ШХАБ дахь ажиглагчийн статусаа ахиулж 10 дахь гишүүн нь болон элссэн. Улмаар ШХАБ-д Монгол, Афганистан ажиглагчаар үлдээд буй.
🙅♂️ Ажиглагчийн байр сууриа бататгав
Харин Монголын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид ч Монгол ШХАБ-д ажиглагчийн байр суурьтай байх бөгөөд гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Ингэснээр Орос, Хятадаас жил бүр шахуу “ШХАБ дахь байр сууриа ахиулаа” гэх уриалга гэх үү, шахалт гэх үү санааг няцааж өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн хэрэг болсон юм.
Хамтын ажиллагааны тухайд ШХАБ-ын бусад гишүүн улсаас илүүтэйгээр Орос Монголын стратегийн харилцааг гүнзгийрүүлэх стратегийн томоохон төслүүдийн явцын талаар 2 орны Ерөнхийлөгч нар хэлэлцсэн юм.
Цаашлаад, талууд Монгол болон Оросын стратегийн харилцааг гүнзгийрүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж УБТЗ ХНН-ийн төв шугам, Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих, Оросын дэмжлэгтэйгээр АЦС барих зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын асуудал хөндөгдөөд буй.
Эцэст нь… Юутай ч ШХАБ-д Монгол байр сууриа ахиулах уу, гэдэг асуултад Ерөнхийлөгч тодорхой хариулалт өгч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой хэдий ч ажиглагчаас хэтрэхгүй хэмээн олон хүний санааг амраав. Харин нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол Монгол болон Евроазийн эдийн засгийн холбооны хооронд энэ ондоо багтаад чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах ажил. За тэгээд ЧХХ-ээ хийчихвэл дараагаар нь ЧХХ-ээ утгаар нь ашиглаж чадах уу, үгүй юу, гэх асуудал гарч ирэх байх даа.
Энэ онд манай улс 120.5 сая тн ачаа тээвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 62 сая тн ачааг тээвэрлэжээ.
2.2 сая: Энэ онд агаарын тээврээр тээвэрлэхээр төлөвлөсөн зорчигчдын тоо
930,000: Эхний хагас жилд агаараар тээвэрлэсэн зорчигчдын тоо
₮8.3 их наяд: Энэ ондбүх төрлийн тээвэрлэлтээс олохоор төлөвлөсөн орлогын хэмжээ
Freedom House
🍋 Монголын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улиран сонгогдлоо. Цаашлаад, өнгөрсөн Баасан гаргийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг, АН-ын бүлгээс Б.Пүрэвдоржийг сонгож, МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл нар тус тус сонгогдсон юм.
🍋 BYD (1211.HK) цахилгаан автомашин (EV)-н зах зээлд тэргүүлэгч Тайландын дилер Rever Automotive-н 20%-ийг худалдаж авна. Rever Automotive 2022 оноос BYD-н EV-г борлуулж эхэлсэн бөгөөд BYD өдгөө Тайландын хамгийн өндөр борлуулалттай EV болоод буй. Түүнчлэн тэд $490 саяар Зүүн өмнөд Ази дахь анхны үйлдвэрээ Тайландад нээсэн бөгөөд тус үйлдвэр нь жилд 150 мянган EV үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
🍋 Орон нутгийн төсөв өнгөрсөн сард ₮1 их наядын ашигтай гарав. Тодруулбал, орон нутгийн төсвийн орлого тус сард өмнөх оны мөн үеэс 82% өсөж ₮2.7 их наяд, зарлага нь 74.6% өсөж ₮1.6 их наядад тус тус хүрсэн байна.
🍋 Математикийн хичээлээр 23,002 шалгуулагч ЭЕШ өгснөөс 23 шалгуулагч 90-ээс дээш оноо буюу “A” үнэлгээ авчээ. Энэ нь нийт шалгуулагчдын 0.1% бөгөөд 11 нь Улаанбаатар хотын шалгуулагчид байсан юм. Цаашлаад, 602 шалгуулагч 60-аас дээш оноо авсны 291 нь Улаанбаатар хотын, 46 нь Хөвсгөл аймгийн, 36 нь Орхон аймгийн шалгуулагчид байв.
Анхаар: Өөр нэгэн худалдааны дайн? (TheDiplomat)
Чшш! Чимээгүй амрах трэнд залуусын дунд дэлгэрэх болов. (Forbes)
Сонго: Сэлэх үү, гүйх үү? (HealthLine)
Амралт: Хамгийн олон бүх нийтийн амралтын өдөртэй 15 улс. (BestDiplomats)
Даваа: Монголын эдийн засгийн чуулган 2024 эхэлнэ.
Мягмар: ҮСХ-ноос өнгөрсөн сарын гадаад худалдааны нөхцөлийн индекс болон хэрэглээний үнийн индексийг тус тус танилцуулна.
Лхагва: Домгийн шувуу үргээж Монгол наадам эхлэх тул биржүүд амарна.
Пүрэв: Харин биднийг амарч байх зуур PepsiCo–н II улирлын санхүүгийн тайлан гарах юм байна даа.
Баасан: Үргэлжлүүлээд JPMorgan, Citigroup, Bank of NY Mellon тус тус ээлжит улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах нь ээ.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply