- Lemon Press
- Posts
- 🚀 Даатгалын салбарын хөгжил
🚀 Даатгалын салбарын хөгжил
First Republic Bank-г JPMorgan авахаар болсон тухай болон даатгалын салбарын талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Жил бүрийн 5-р сарын эхний Лхагва гаргийг түгшүүрийн эмгэгийг илрүүлэх өдөр болгон тэмдэглэдэг аж. Хэрвээ та сэтгэл түгших эмгэгтэй үгүйгээ мэдэхийг хүсвэл ЭНЭ тестийг бөглөөрэй. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг дээ, сэтгэцийн эрүүл мэнддээ ч гэсэн анхаараарай. 🤗
*Нэг өдрийн өөрчлөлт
MFA: Оросоос Монголд суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
BOM: Өнгөрсөн 4-р сард гадаад валютын улсын нөөц оны эхнээс 8.8% өсөж $3.7 тэрбум болсон нь сүүлийн 1.2 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн юм.
MNG: Замын-Үүд-Эрээний хилээр 1 хоногт 15 галт тэрэг солилцож дээд амжилт тогтоосноор энэ жил өмнөх жилүүдээс 1.2 сая тн нүүрс илүү экспортлох боломж бүрдэв.
🚀 Даатгалын салбарын хөгжил
Даатгалын салбар өссөөр оройг нь харах гэж малгай унахаар болжээ. Тэгвэл яг юу нь өөрчлөгдөөд, яаж хөгжөөд байгаа юм бол?
Хурдтай өсөлт
Тус салбарын 2022 оны байдлаарх нийт хөрөнгийн хэмжээ 2010 оноос даруй 8.4 дахин өсөж ₮474.9 тэрбумд хүрээд байна. Цаашлаад, нийт хураамжийн орлогын хэмжээ сүүлийн 12 жилд 9.6 дахин нэмэгдэж өнгөрсөн оны байдлаар ₮304.8 тэрбумд хүрсэн. Тэгвэл энэ өсөлтөд юу нөлөөлөв?
Давхар даатгагчгүйгээр: Цэвэр хураамжийн хэмжээ тогтвортой өсөх нь нэр хүнд, үйлчилгээ, итгэл сайтай байгааг илтгэдэг. Харин даатгалын салбарт уг хэмжээ сүүлийн 12 жилд 8 дахин өсөж ₮188.7 тэрбумд хүрэв.
Гэсэн ч дэлхийгээс хэдэн хуруу дутуу
Харин Монголын даатгалын салбарыг дэлхийтэй харьцуулбал,
Гүнзгийрэлт: ДНБ-д эзлэх даатгалын хураамжийн орлогын харьцаа Дэлхийн дунджаар 7.16% байгаа бол Монголд ердөө 0.63% байна.
Нягтаршил: Цаашлаад, 2022 онд Монголын хүн амын тоо 3.4 сая, $1=₮3,444.6 байсан гэвэл 1 хүнд ногдох даатгалын хураамжийн орлогын хэмжээ $25.5 болж байгаа юм. Гэтэл дэлхийн дундаж $927 байв. Тэгэхээр манай 1 хүнд ногдох даатгалын хураамжийн орлого дэлхийн дунджаас 36.4 дахин бага гэсэн үг.
Эцэст нь… Дэлхий дээрх хамгийн анхны даатгалын компани 1676 онд байгуулагдсан бол Монголд 321 жилийн дараа буюу 1997 онд анх удаа “Даатгалын тухай хууль” батлагдаж байжээ. Хэдийгээр Монголын даатгалын салбар сүүлд үүсгэн байгуулагдаж, үсрэнгүй хөгжиж байгаа ч дэлхийн дундаж түвшинтэй зэрэгцэж очих болоогүй л байна даа…
💥 Honda тэлнэ
7267.T: Honda дотоодын болон гадаад чип үйлдвэрлэгчидтэй хамтарна. Тодруулбал, тэд Японы EV батарей үйлдвэрлэгч GS Yuasa (6674.T)-д ¥434 тэрбумын ХО хийхээ мэдэгдсэн. Уг ХО-тай холбоотойгоор Японы ЭЗ, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас Honda-д ¥158.7 тэрбумын татаас олгохоор болоод буй. Үргэлжлүүлэн, тус компани TSMC (TSMC34.SA)-тэй урт хугацаанд хамтран ажиллахаа зарлаад буй.
🦹 Авралын элч JPMorgan
First Republic Bank (FRC) уналтад орсноор Америкийн түүхэн дэх хамгийн том 5 банкны дампуурлын 3 нь энэ жил тохиов. Өөрөөр бол сүүлийн 2 сард Монголын ДНБ-ээс 32.6 дахин их хөрөнгөтэй 3 том банк дампуурлаа.
Дампуурал халдварлав
Банкны салбарын акул Silicon Valley Bank болон Signature Bank (SBNY) дампуурснаар тус салбар донсолж, Америкийн 14 дэх том арилжааны банк First Republic хүнд цохилтод орсон билээ. Тодруулбал,
Хэцүүдэл: ХНС хүүгээ өсгөснөөр тэдний ХО-ын багц үнэ цэнээ алдаж, ХО-ын алдагдал нь $9.4-$13.5 тэрбум болсон аж. Мэдээж уг алдагдал болон бусад банкнуудын дампуурлаас үүдэн харилцагчид хадгаламжаа татаж гал дээр тос асгасан хэрэг.
Газраар нэг хувьцаа: Асуудлыг намжаахаар JPMorgan (JPM) тэргүүтэй 11 банк First Republic-д $30 тэрбумын хадгаламж байршуулсан ч тусыг эс олж First Republic-н хувьцааны үнэ оны эхнээс 97% унасан юм.
Аврах ажиллагаа: JPMorgan
Харин уналтад орсон First Republic-г JPMorgan ЗГ-ын зуучлалаар худалдан авахаар болоод буй. JPMorgan уг хэлэлцээрийг дуусгахын тулд Америкийн Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац (FDIC)-с $50 тэрбумын санхүүжилт авах аж.
Хохирол & Хожоо: Хэлэлцээрийн хүрээнд JPMorgan FDIC-д $10.6 тэрбумыг төлөх ч FDIC ирэх 5-7 жилд First Republic-н ипотек болон арилжааны зээлийн алдагдлын 80%-ийг нөхнө. Тиймээс энэ удаагийн дампуурал FDIC-д ойролцоогоор $13 тэрбумын хохирол учруулах нь. Эсрэгээрээ JPMorgan энэ гэрээнээс $2.6 тэрбумын ашиг олох юм.
Superman = JPMorgan
JPMorgan анх удаа аврах ажиллагаа явуулсан юм биш. Тэд 2008 оны санхүүгийн хямрлаар тухайн үеийн хамгийн том банк байсан Washington Mutual-г, дараа нь ч хэд хэдэн банкийг худалдан авч байж. Тэгэхээр JPMorgan энэ замаар санхүүгийн хямралыг туулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хэрэг.
Эцэст нь… Цаашид юу болох нь сонирхолтой байна даа. Дахиад банкны салбарыг донсолгосон мэдээ гарахыг ч үгүйсгэхгүй. 🤔
Онлайн борлуулалтын албаны дарга / Нэкст Групп: Тэдэнд онлайн борлуулалтыг нь хариуцан гадаад түншүүдтэй нь харилцаа тогтоох чадвартай нэгэн хэрэгтэй байгаа шүү. 👉 (Link)
Нягтлан бодогч / Тэсо Групп: Үндэсний ууган үйлдвэрлэгч компанид ажиллах сонирхолтой, ирээдүйд өөрийгөө бэлтгэх хүн байвал ийшээ. 👉 (Link)
Маркетингийн мэргэжилтэн / U-Point: Тэдний дижитал маркетингийн сувгуудыг хөгжүүлж ажиллах, маркетингийн чиглэлээр төгссөн хүн байна уу? 👉 (Link)
Logistics Forum 2023
Монложистикс Групп болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран 2 дах жилдээ “Logistics Forum"-г зохион байгуулах гэж байна. 🌎
Уг форумаар:
Дэд бүтэц, терминал, төмөр замын нөхцөл байдал;
Импортын тээвэр болон хөрш орнуудын тээврийн нөхцөл байдлыг хэлэлцэх аж.
Түүнчлэн тээвэр логистикийн салбарт тулгарч буй асуудалд хамтын шийдэл эрэлхийлж, ирээдүйн чиг хандлага, боломжийг тодорхойлох гэнэ.
📅 Хэзээ: 5 сарын 4-ний 14 цагт
📍 Хаана: Шангри-Ла Ballroom
📞 Холбоо барих: 7701-5454
Улаанбаатар Хот
🔹Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16,671 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн Чингэлтэй, Налайх, Сүхбаатар дүүрэгт төвлөрсөн инженерийн шугамгүй дундын бүсийн гэр хороололд инженерийн хангамжийг хэсэгчлэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
🔹 Силк Нэт ХК цаашид И Эс Жи Файнанс (GFG) нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өнгөрсөн оны 4-р сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн нэрийг солих шийдвэр гаргасан аж. Улмаар өчигдрөөс эхлэн компанийн үнэт цаасны арилжаа шинэ нэрээр арилжаалагдаж эхлэв.
🔹Хятад 300 мянган ажилгүй залуусыг 2-3 жилээр хөдөө ажиллуулж магадгүй. Тодруулбал, Хятадад 16-24 насны 11 сая ажилгүй залуус байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын үйлдвэрлэлийн төв болсон Гуандун мужид ажилгүй болон шинэ төгсөгчдийг илгээхээр төлөвлөж буй.
🔹Ирэх 5 жилд 14 сая ажлын байр устана. Дэлхийн ЭЗ-ийн форумын 800 гаруй компанийг хамруулсан тайлангаар 2027 он гэхэд 67 сая ажлын байр шинээр бий болох ч 83 сая ажлын байр устах төлөвтэй байна. Түүнчлэн одоогоор бизнестэй холбоотой ажлын байрны 34% нь автоматажжээ.
Зах зээлийн үнэлгээ ₮9 их наяд давчихлаа 🏦
— Altai Khangai (@AltaiKh)
5:04 AM • May 2, 2023
Товхимлоо хэр сайн уншиж байна даа? Шалгаад нэг үзэх үү? Доорх мэдээнүүдээс бурууг нь олоорой. 😉
A. Honda GS Yuasa-д хөрөнгө оруулна.
B. Хятад 300 мянган ажилгүй залуусаа гадаадад сургахаар болжээ.
C. JPMorgan First Republic Bank-г худалдан авахаар болов.
Sport: Ш.Энхийн-Од NBA-н Draft-д нэрээ өглөө. (mongolianmike)
Tech: Хятад саран дээр 3D хэвлэгчээр бааз барина. (Singularityhub)
Science: Эрдэмтэд гарагийн судалгаанд AI ашиглана. (Phys.ORG)
Event: Met Gala-н эргэн тойронд. (Vogue)
Зөв хариулт B. Хятад 300 мянган ажилгүй залуусаа гадаадад сургах биш орон нутагт ажиллуулахаар болсон шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Б.Золбоо
Graphics by: О.Баасандорж
Reply