- Lemon Press
- Posts
- 🍱 Түлэгдсэн холимог хуурга
🍱 Түлэгдсэн холимог хуурга
ЕС-уудын түүхийн товчоон | Монголчуудын амралт ихдэв үү? | “B” төлөвлөгөө
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ойрын үед live-action жинхэнэ трэнд болж байна. Lilo & Stitch дэлгэцээс буугаагүй байхад How to Train Your Dragon-н live-action нээлтээ хийхэд бэлэн болчихжээ. 🍿🎥


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк жижиг, дунд болон бичил уурхайчдын олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх зорилгоор Швейцарын Swiss Better Gold Association болон Argor Heraeus алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллана.
NSO: 2025 оны 5-р сард 5.1% байсан инфляц энэ оны мөн үед 8.3% болов.
JGH: Jade Gas Holding Монголд нүүрсний хэвтээ давхаргын хийн цооног ашиглалтад оруулсан анхны компани боллоо.
CHN: Америк болон Хятад худалдааны зөрчлөө намжааж, Хятадын ховор металл болон соронзын экспортод тогтоосон хязгаарлалтыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах үндсэн зарчмаа тохиролцов.

👔 Ерөнхий сайдуудын түүх

Шинэ Ерөнхий сайдын сураг дуулдаж, өнөөдөр сонгогдох талаар гол усаараа нэг шуугьж байна. Бид өнгөрсөн 15 жилд 6 ЕС-ын нүүр үзэж, тэд дунджаар 2.6 жил Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ.
🕰️ Өнгөрсөн 15 жилд
2010-2025 онд Монгол Улсын ДНБ 11.1 дахин нэмэгдсэн ч инфляцыг хасвал 3.1 дахин л өсжээ. 2009-2012 оны уул уурхайн супер циклийн үед С.Батболд болон Н.Алтанхуяг ЕС-аар ажиллаж байсан. Тухайн үед эдийн засагт дорвитой өсөлт гарсныг хэн хүнгүй мэднэ.
Тухайлбал, С.Батболдын үед улирлын дундаж ДНБ-ий өсөлт 13.5%, гадаадын хөрөнгө оруулалт (ГХО) $1.4 тэрбумд хүрсэн бол Н.Алтанхуягийн үед ДНБ 9.8% өсөж, ГХО хэмжээ $782 саяд тус тус хүрчээ.
Сүүлд Л.Оюун-Эрдэнийн үед цар тахал, геополитикийн сорилтуудтай он жилүүдэд ДНБ 5%, ГХО $854 саяд хүрсэн. Өсөлт үү, гэвэл өсөлт. Гэхдээ олон жил ЕС хийсэн гэхэд арай даруухан уу?
🥸 Хамгийн, хамгийн
Л.Оюун-Эрдэнэ 1990 оноос хойш хамгийн удаан буюу 4.4 жилийн турш ЕС-аар ажилласан нэгэн боллоо. Гэхдээ залуу ЕС дэмжинэ гэсэн уриа, лоозон нь түүнийг хамгийн залуу ЕС гэдгийг илэрхийлэхгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1995 онд 35 насандаа ЕС-аар сонгогдсон. Хамгийн богино настай ЗГ бол Ж.Эрдэнэбатын үе бөгөөд тэрээр 1.2 жил тус албыг хашжээ. Намаар нь харвал сүүлийн 16 ЕС-ын 9 нь МАН-аас, 7 нь АН-аас сонгогдсон аж.
⏭️ Дараагийн засаг
Өнөөдөр ЕС-д Г.Занданшатарыг томилох асуудал 12 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Нэр дэвшүүлэхийг нь эрх баригч МАН-ын бага хурлаар гишүүдийн 67% дэмжсэн бөгөөд хурлын үеэр тэрээр экс ЕС-ын бодлогыг үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтөд анхаарна гэсэн. Г.Занданшатар нь УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдож, УИХ-ын даргаар 5 жил ажиллаж байв.
Ажлын туршлагын хувьд банк санхүүгийн салбарт 8 орчим жил ажиллахдаа 2000-2003 онуудад ХААН Банк (KHAN)-ны дэд захирал байсан. Мөн ЗГ-ын газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцааны сайд, Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдын ажлыг хийж байв.
🤔 Сонирхолтой: Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар I тойрогт нэр дэвшсэн ч 2.2 мянган саналаар ялагджээ. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Эцэст нь… Нэг талдаа төгрөг, экспортын голлох түүхий эдийн ханш зэрэг унаж байгаа бол нөгөө талдаа инфляц, төсвийн зардал ярьсан юм шиг өссөөр байна. Эдийн засгийн ёстой л амаргүй нөхцөлд дараагийн ЕС ажлаа хүлээж авах нь дээ.

🇲🇳 Монгол Улсын ирээдүйн сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ? (UNDP)
💻 iPad-аа зөөврийн компьютерын зориулалтаар ашигладаг болох цаг айсуй. (TheVerge)
👥 Орон нутгийн нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөх нь. (СЕХ)
📣 "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал аваад эхэлж. (Ulaanbaatar)

💭 “B” төлөвлөгөө
TSLA: Tesla-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 5.6% өсөж $326-т хүрлээ. Учир нь компани Мягмар гарагт ирэх 6 сарын 22-ноос эхлэн робот таксинуудаа үйлчилгээндээ нэвтрүүлэхээ зарласан юм. Үүгээр тогтохгүй Илон Маск хэлэхдээ $TSLA цаашид хямд EV бүтээхэд чиглэх бус жолоодлогогүй такси үйлчилгээнд илүү төвлөрөх аж.

🧐 Монголчуудын амралт ихдэв үү?

Өчигдөр сайхан амрав уу? Одоо наадам хүртэл ажлаа хийх сар хүрэхгүй хугацаа үлдээ дээ. Бид жилд 16 өдөр бүх нийтээр амардаг. Заримдаа наадам, цагаан сарынхаа амралтыг татаж сунгаад бараг 20+ хоног амардаг заншилтай.
Харин одоо бүр амралтын өдөр нь баяраар давхцах тохиолдолд “нэмэлтээр шилжүүлэн амарна” гэсэн хуульчилсан өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
🧲 Сөрөг эергийн туйл
Уг нь бол Хятад, Тайланд, Итали зэрэг үйлчилгээ, аялал жуулчлал хөгжсөн орнуудад бүх нийтийн амралтын өдөр эергээр нөлөөлдөг. Жишээ нь, Хятад 1999 онд үндэсний баярын 7 хоногийг нэвтрүүлж дотоод аялал, хэрэглээг тэсрэлттэй өсгөж, хямралын үеэ давсан байдаг.
Харин нөгөө талд уурхай, үйлдвэрлэл, экспортод түшиглэсэн эдийн засагтай Австрали, Перу гэх мэт улсуудад бүх нийтийн амралт хохирол дагуулах нь элбэг. Австралийн Виктория мужид л гэхэд нэг амралтын өдөр нэмэхэд A$150 саяын алдагдал гарсан байна.
🍱 Түлэгдсэн холимог хуурга
Монголын хувьд олон нийтийн амралтын өдрийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь хосолмол хэлбэртэй ч сөрөг нь давамгай. Аялал жуулчлал, үйлчилгээгээ хөгжүүлчихвэл байдал өөр л дөө. Амарч уг нь болно л доо. Гэвч бидний бүтээмж харьцангуй доогуур. Ямар сайндаа 1 цагт бүтээдэг эдийн засгийн үнэ цэн нь ердөө $19.6 буюу 273 орноос 154-т эрэмбэлэгдэж байх вэ дээ.
Гэнэтийнхэн: Дээр нь нэмээд манайхан гэнэт баярын амралтыг уртасгаж сунгахаар шийддэг. Заримдаа бүр гуравхан хоногийн өмнө шүү. Гэнэтийн, үр ашиггүй амралт олон бол жижиг бизнес, үйлчилгээ, төрийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг боддоггүй. Одоо ядах нь ээ хуульчлах гэж байгаа ч угаас жилийн эхэнд бүх баярын өдрийг зарлах ёстой шүү дээ.
Эцэст нь… Амралт гэдэг бол зүгээр нэг "завсарлага" биш бодлогоор дэмжиж зарим салбарын орлогыг нэмдэг, идэвхжүүлдэг байх ёстой. Амарч байна уу, бүтээмжээ алдаж байна уу гэдгээ төр, бизнес, иргэн гурав нэгэн зэрэг тооцдог болох цаг иржээ.

1998 он
Монгол Улс хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталж байжээ.
8 удаа
Тэр цагаас хойш тус хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
6,733 стандарт
Тус хуулийн хүрээнд хэрэгжиж буй 6,733 стандартын 2,000 гаруй стандартад дүн шинжилгээ хийснээс 80%-ийг нь шинэчлэх шаардлагатай байгаа аж.

✈️🧳 Санхүүгийн асуудлаа шийдээд аял
Хоцров оо! Юунаас вэ гэж үү? Өмнөд Солонгос дахь Монголчуудад зээлийн үйлчилгээ үзүүлэгч GME Finance 6 жилийнхээ ойн баярыг угтан ланзгар урамшуулал зарлажээ. 📢
🏖️ Аял, зугаал: Тэд хугацаа хэтрэлтийн түүхгүй, цор ганц үнэнч харилцагчдаа Япон, Филиппин, Тайланд, Вьетнамаас дурын орноо сонгоод аялах эрхийн бичгийг өгөх нь.
💌 Бэлгээ аваарай: Мөн энэ сард зээл авсан шинэ хэрэглэгчдээс 3 азтаныг тодруулж iPad Air, iPhone16 Plus, зөөврийн компьютер бэлэглэх нь ээ.
Гэснээс GME Finance-н зээлийн дээд лимит ₩25 сая болсны сацуу оюутны зээлд иммигрейшний зөвшөөрлөө авч амжаагүй ч, гэрээ байгуулаад цагийн ажил хийдэг оюутнууд хамрагдах боломжтой болсон гэнэ шүү.
📞 Холбогдох: 010-3384-6864; 1555-6171

AND Global
🍋 AND Global компанийн Mindox платформ нь Microsoft Azure Marketplace-д байршиж Монголын анхны Microsoft AI Partner-н нэг боллоо. Хиймэл оюун ухаанд суурилсан Mindox нь бичиг баримтыг хурдан, нарийн боловсруулдаг бөгөөд уг платформыг байгууллагууд API болон dashboard‑р дамжуулан шууд ашиглаж, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргах боломжтой аж.
🍋 Өнгөрсөн онд Хуримтлалын санд төвлөрсөн ₮480.2 тэрбумыг ипотекийн зээлийн санхүүжилтэд хуваарилжээ. Эргэн санавал, өнгөрсөн оны 5-р сард ипотекийн зээлийн эх үүсвэр дээр Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгийг нэмбэл 10 мянга гаруй айл ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно гэж байсан ч үүний тал хүрэхгүй хувь буюу 4,158 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.
🍋 Blackstone (BX) ирэх 10 жилд Европт $500 тэрбумыг цутгана. Тэднийг гол татаж буй зүйл нь, сүүлийн үед Европын орнууд батлан хамгаалахын төсвөө зангаргатай тэлснээр тус салбарын технологи, дэд бүтэц, дата төв, кибер аюулгүй байдал, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулах том орон зай үүсжээ. Мартсанаас Blackstone хэдийнээ Их Британийн ҮХХ-ийн төслүүдэд $100 тэрбумыг цутгаад байгаа.
🍋 Дэлхийн банк 2020-иод оны дэлхийн ЭЗ-ийг 1960 оноос хойших 10 жилүүдээс хамгийн удаан өсөхийг таамаглав. Хамгийн эхний цохилт Ковид-19 байсан бол өдгөө Америкийн шинээр тогтоосон худалдааны тариф гол хэргийн эзэн болж буй. Бөмбөрцгийн ЭЗ-ийн урсгалыг баздаг орнууд маань түргэхэн тохиролцоонд хүрэхгүй бол жижиг хэд нь орших уу, эс орших уу болох гээд буйг Дэлхийн банкнаас гадна OECD ч үе үе сануулсаар байна.
🍋 Монгол Улс стандартын цанын баазтай болж чадах уу? Үүнийг Олон улсын цанын холбооны Зүүн өмнөд Азийг хариуцсан техникийн шинжээч Тацүяа Ватанабэ шинжилж ямартай ч нааштай хариу өгч. Ийнхүү МҮОХ Монгол Улсад олон улсын шаардлага хангасан өвлийн спортын дэд бүтэц байгуулахад тус шинжээчтэй хамтран ажиллах юм гэнэ дээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply