• Lemon Press
  • Posts
  • 🤔 Facebook: Z үеийнхнийг татна

🤔 Facebook: Z үеийнхнийг татна

Эрчим хүчний салбарын асуудал | Rio Tinto-н хөрөнгө оруулалт | Бетоныг арчлах стандарт

POWERED BY

Morning! Энэ сарын 6-9-ний өдрүүдэд "Ulaanbaatar Urban Festival - 2024" Монголд анх удаа спортын 11 төрлөөр зохиогдоно гэнэ ээ. Байршил нь Сүхбаатарын талбай. Өнөө зах шиг бужигнасан замбараагүй байдал нь яадаг бол оо? 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Өчигдөр УИХ-ын ээлжит хаврын чуулганы сүүлийн хуралдаан болж түр завсарлалаа. 

MCE: Японы “Озава тент” ХХК Монголын нөхцөлд ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг хадгалах агуулахыг туршиж нэвтрүүлнэ

POL: УИХ-ын ээлжит сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна.

Өчигдөр СЗХ-ны ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • УИХ-аас 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журмыг танилцуулав. 

  • Үнэт цаасны бүртгэлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. 

  • Түүнчлэн нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй болон өөр нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй бондыг тус тус бүртгэжээ. 

  • Нэмээд 2 компанид ХБҮЦ гаргах зөвшөөрөл олгосон байна. 

Жич: СЗХ зарим компанийн нэрийг дурдаагүй байсан болно.

Эрчим хүчний салбарын асуудал

Эрчим хүч, дулаан хангамж, холбогдох нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт ₮110.7 их наяд шаардлагатай гэх урьдчилсан тооцоолол гарсан байна

Юунд зарцуулагдах билээ? 

Нийслэлийн хэмжээнд нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход эрчим хүч ₮6.6 их наяд, сэргээгдэх эрчим хүч ₮720 тэрбум, дулаан хангамж ₮1.4 их наяд зэргээр нийт ₮110.7 их наяд шаардлагатай аж. Харж байгаачлан тус дүн нь жил жилээр л өсөн нэмэгддэг улсын төсвөөс даруй 4 дахин их мөнгө. Тэгэхээр эдгээр бүтээн байгуулалтыг төр дангаараа хариуцаж хийнэ гэдэг угаас үлгэрийн далай. 

  • Тиймээс ч эдгээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай болж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

  • Хэрэв тус хуулийн төсөл батлагдвал аймаг, нийслэл өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бүс нутгийн хөгжлийг дэмжих мега төслүүдээ тодорхойлж, бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Гэхдээ!

Эрчим хүчний салбарын өвчлөл

Ямар ч л байсан 2040 он гэхэд энэ салбарт ₮110.7 их наядын санхүүжилт хэрэгтэй юм байна. Гол нь энэ салбарын асуудлыг шинээр хийгдэх бүтээн байгуулалтууд цэгцлээд, нөхөөд явах боломж бий билүү? Тус салбарын өр 2022 онд түүхэн дээд түвшин болох ₮2.1 их наядыг давсан төдийгүй ₮187 тэрбумын алдагдалтай ажилласан. Энэ нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ зах зээлийн үнээр нь бус 10% хямд борлуулсантай холбоотой. 

  • Өрөндөө баригдаж… Тэгэхээр эрчим хүчний үнийг чөлөөлж зах зээлийнх нь урсгалд тавихгүй л бол уг салбар цаашид ч алдагдалтай ажиллаж, хэдэн станцдаа шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй хэвээрээ л байна. 

Эцэст нь… Эрчим хүчний салбар улс орны хөгжлийн тулгуур төдийгүй ард түмний ая тухтай амьдрах, хөгжих, бизнесээ эрхлэх боломжийг бий болгоход чухал үүрэгтэй буюу түрүүлж хөгжих шаардлагатай суурь салбар. Гэтэл манай эрчим хүчний салбар түрүүлж хөгжих нь битгий хэл хаа хойно үлдчихсэн байдаг…

💵 Уул уурхайн аваргын хөрөнгө оруулалт

RIO: Rio Tinto Баруун Австралид утаа бага ялгаруулдаг ган үйлдвэрлэх чиглэлээр судалгаа, хөгжлийн шинэ байгууламж байгуулахад зориулж $143 саяын хөрөнгө оруулалт хийжээ. Тус байгууламж нь нүүрсний оронд биомасс ашигладаг төмөр үйлдвэрлэх шинэлэг технологийг хөгжүүлэхэд чиглэх аж. Угаас гангийн үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаралд томоохон хувь нэмэр оруулдаг буюу нийт үйлдвэрлэлийн 8%-ийг эзэлдэг. Тэгэхээр уг хөрөнгө оруулалтын нөлөөгөөр энэ тоо буурах нь ээ.

🤔 Facebook: Z үеийнхнийг татна

Meta (META) Facebook дээр Z үеийнхнийг татах шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Учир юу гэвэл Z үеийнхэн хөгшчүүд л Facebook хэрэглэдэг гэж боддог аж. Тэгэхээр энэ нөхдүүдийг яаж татах юм бол доо? 

Just facts 

Pew Research Center-н 2023 онд хийсэн судалгаагаар Америкийн 13-17 настнууд буюу өсвөр насныхны 1/3 нь л Facebook хэрэглэдэг гэжээ. Харин 2014 онд өсвөр настнуудын 71% нь Facebook хэрэглэдэг гэж хариулсан байдаг. 

  • Харин Монголд: Иргэдийн 78.1% нь Facebook ашиглахын тулд интернэт ордог ажээ. Манайд ч 45-аас дээш насныхан Facebook-г идэвхтэй ашигладаг бол залуус трэндээ дагаад Instagram-г илүү ашиглах хандлагатай байна. 

Ямар аргаар татна гэнэ? 

Тэгвэл Meta дараах 2 чиглэлээр залуу үеийнхний сонирхлыг татахаар төлөвлөсөн гэнэ. 

  • Feed-г илүү сонирхолтой болгоно: Тодруулбал, гэр бүл, найзуудынх нь постыг харуулахаас илүүтэй дуртай зүйлсийг нь голлон харуулах аж. Яг л Instagram-н горим шиг нэгнийгээ дагадаггүй, танихгүй хүмүүс, хэвлэн нийтлэгчдийн постуудыг илүү санал болгоно гэсэн үг. Анзаарвал таны Facebook-т танилуудын чинь постоос илүү шинэ хуудас, групп, хүмүүсийн мэдээлэл их харагдаж байгаа биз? 

  • Олон сонголтоор бөмбөгдөнө: Facebook-р худалдан авалт хийх, болзоот хүнээ олох, төрөл бүрийн эвентийн мэдээллийг авах зэрэг сонголтуудыг илүү олгох гэнэ. Facebook-н Marketplace буюу онлайн худалдаанаас боломжийн үнэтэй буйдан сонгож, эвентүүдэд очин хөгжилдөж, сонирхол нэгт хүмүүсийн группт нэгдэж бас тэгээд Facebook-н болзооны апп-г ашиглаж болзоонд явсан шигээ бүрэн утгаар нь ашиглана гээд төсөөл дөө. 

Анхаарууштай  

Meta тус төлөвлөгөөгөө өсвөр үеийнхнээс илүү залууст чиглүүлж шууд бус замаар хэрэгжүүлэх аж. Учир нь Meta-н платформууд дээрх контентууд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд удаж буй. Мэдээж 3 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй Facebook төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэхээ мэдэлгүй л яахав. 

Эцэст нь… Instagram, YouTube, TikTok-т илүү татагддаг залуу үеийнхнийг онилсон тус төлөвлөгөө нь амжилт олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Хэрэгцээнд нь тулгуурлан боловсруулсан төлөвлөгөө тул амжилт олохыг үгүйсгэхгүй л юм.

35,939
2024 оны элсэлтийн шалгалтад хамрагдахаар нийт 35,939 хүн бүртгүүлжээ
25,720
Нийт шалгуулагчдын шалгалт өгөх хичээл сонголтыг харвал хамгийн их буюу 25,720 хүн математикийн шалгалт өгөх аж. 
692 
Харин хамгийн цөөн буюу 692 хүн орос хэлний шалгалтыг өгөхөөр сонгосон байна.

Reuters

🍋 Энэтхэгийн парламентын сонгуулийн үр дүн гарч Нарендра Моди 3 дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогджээ. Гэхдээ түүний нам сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа олонх болж чадаагүй аж. Сонирхуулахад, Энэтхэгийн 18-аас дээш насны 969 сая орчим хүн сонгуульд саналаа өгсөн гэнэ.

🍋 Өмнөд Солонгосын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах Монгол жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмын хугацааг сунгасан байна. Тодруулбал, Өмнөд Солонгос дахь ЭСЯ-наас тус хугацааг 2024 оны 6 сарын 1-нээс 2025 оны 5 сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан аж. 

🍋 Хотын оршин суугчид амьдарч буй газраасаа 20 минутын зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй байх эрх зүйн орчин бүрдэв. Тодруулбал, өчигдөр УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталсан бөгөөд улмаар 20 минутын хот төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломжтой болсон гэнэ.

🍋 Оросын цахилгаан эрчим хүчний экспорт I улиралд 20.2% буурчээ. Энэ нь Хятад руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг хязгаарласантай холбоотой байсан аж. Харин Казахстан, Киргизстан, Монгол болон бусад чиглэл дэх нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдсэн байна.

Бетоныг арчлах стандарт гэж юу вэ? 

Өмнөх нийтлэлээрээ бид бетон хүргэлтийн онцлогийн талаар тайлбарлаж өгсөн дөө. Тэгвэл энэ удаад дулааны улиралд бетоныг хэрхэн арчлах талаар мэдэж авцгаая. 

Бетоныг яагаад арчлах хэрэгтэй гэж?

Бетоны бат бэхийн өсөлтөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол арчилгаа юм. Тиймээс бетоныг хэвд цутгаж дуусмагц арчилгааг эхлүүлж бат бэхийн 70%-ийг авах хүртэл хийдэг байна. 

  • Ан цаваас сэргийлэх: Хуурай халуун орчинд бетон цутгахад гадаргуу дээр ашиглалтын ан цав гардаг тул заавал арчлах шаардлагатай. 

  • 1.5 цаг: Бетоны хамгийн эхний арчилгааг огцом усгүйжихээс хамгаалж хийдэг. Иймд бетон зуурмаг цутгасны дараах арчилгааг 1.5 цагийн дараагаас тогтмол хийх ёстой. 

Хэрхэн арчлах вэ? 

Бетон 0.5 МПа бат бэхээ авсны дараа ил гадаргыг ус шингээх материалаар хучиж түүнийг байнга норгох, чийг үл гадагшлуулах материалаар битүү бүрхэх буюу нар, салхины үйлчлэлээс болж бетон хагарахаас сэргийлэх шаардлагатай. 

  • Зуны халуун нөхцөлд бетоныг арчлахдаа бетоноо услаад зулхайгаар хучиж дээгүүр нь гялгар уутаар давхарлан хучих нь чийгээ алдахаас сэргийлнэ гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. 

  • Харин хэт их бороо орж буй нөхцөлд бетон авахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь бетоны бат бэхийг авхуулж буй гол элемент болох цемент нь усанд угаагдаж бетоны чанар муудах эрсдэл үүсдэг байна. 

Сануулахад

Бетон нь багадаа 24-48 цагийн дараа дээгүүр нь алхах, гишгэх гэх мэт хөдөлгөөнийг даах хэмжээний бат бэх болдог. Тиймээс дор хаяж 75%-ийн бат бэх болсон тохиолдолд доргиох, хэв хашмалыг хуулах, тулаасыг авах гэх зэрэг үйл ажиллагаа явагдах боломжтой болдог байна шүү. 

  • Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: Оросууд барууны орнуудын хориг арга хэмжээг тойрч гарахдаа Монголыг ашиглаж байгаа тухай мэдээлжээ. (TheMoscowTimes)

  • Анхаар: Mongolia Winter 2024 “FI Core” Program-н элсэлтийн эхний бүртгэл Ням гарагт дуусна. (TheFounderInstitute)

  • Давгүй: Хятадын Нигерт барьж өгсөн төмөр зам. (Xinhua

  • Үз: Рейтингтэй бонд гэж юу вэ? (LemonPress)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.