- Lemon Press
- Posts
- 🌃 Шөнийн нэмэгдэл
🌃 Шөнийн нэмэгдэл
Аялал жуулчлалын үзүүлэлт | Оросын шатахууны экспорт | Шинэ Хархорум хотын эргэн тойронд
POWERED BY
Morning! Өнөөдөр Баасан гараг хэдий ч Даваа гараг шиг санагдахгүй байна уу? 😅 Өчигдөр амарчихсан хойно арга ч үгүй биз ээ? Одоо энэ онд олон нийтээр амрах 11 өдөр үлдлээ.
*Нэг өдрийн өөрчлөлт
POL: Аливаа банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалтад өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэж магадгүй байна.
MSE: “Эм Жи Эл Акуа” ХК-ийн IPO-н захиалгын дүн ₮15.3 тэрбумын хүрч 100.28%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа.
NSO: Улаанбаатарын гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.9% өссөн байна.
GOV: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэжээ.
🧳 Шинэ төрлийн аялал жуулчлал хэрэгтэй байна!
Монгол аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр дэлхийн 119 орноос 85-р байранд эрэмбэлэгджээ. Энэ нь 2019 оны үнэлгээнээс 6 байраар ухарсан үзүүлэлт аж.
Тайлан: Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллагаас “Travel & Tourism Development Index 2024” тайланг танилцуулсан юм. Уг тайланд улс бүрийн аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн 5 гол бүлэг үзүүлэлтийг 1-7 оноогоор дүгнэсэн байна.
Сайн ба муу
Монгол эрүүл ахуй, ариун цэврийн үзүүлэлтээр 5.70 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин “Non-Leisure Resource” буюу бизнес, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын үзүүлэлтээр 1.31 оноо буюу хамгийн бага үнэлгээг авсан байна даа. Бодох л асуудал…
13% өсөлт: Уг нь 2023 онд Монголд нийт 651 мянган жуулчид ирснээр хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил болсон. Үүнийг 2019 онтой харьцуулахад 13% өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яамны урилгаар гаднын орнын инфлүнсерүүд нэлээдгүй ирсэн нь тус өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж буй.
Бодлогоор хөгжүүлнэ
Нөгөөтээгүүр Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж 61 болгосон. Нэмээд агаарын тээврийг либералчлах ажлыг эрчимжүүлж буй. Харин 2024 онд жуулчдыг татах болон тус салбарыг хөгжүүлэхэд ₮13 тэрбумыг зарцуулна гэсэн тооцоо бий.
Цаашид
Тайлангийн үр дүнгээс эргэн харахад “Non-Leisure Resource” буюу амралт зугаалгын бус аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна. Тэгэхээр бусад салбартайгаа хамт хөгжих асуудал яригдах нь. Жишээлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирвал эрүүл мэндийн аялал жуулчлал дагаад хөгжих нь цаг хугацааны л асуудал болох биз.
Эцэст нь… Аялал жуулчлалын ид үе юу юугүй эхэлчихлээ. Тэгэхээр жуулчдад тулгардаг асуудлуудаа шийдвэрлэх, нэмээд шинэ төрлийн аялал жуулчлалыг бий болгох гээд $1 тэрбумын орлого давсан тус салбарт хийх ажил их байна даа.
🎯 Nomadic Masters Spring 2024
Mongolian Esport Association (MESA) болон AVE хамтран $100,000-ын шагналын сантай CS2-н “Nomadic Masters Spring 2024” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээнд Европ, Азийн шилдэг 8 багууд өрсөлдөх ба OG, The MongolZ болон Lynn Vision багууд урилгаар оролцож буй. Түүнчлэн үндсэн тоглолтууд 5 сарын 28-30-нд MESA LAN Studio-д болох бол финалын шатны тоглолтууд 6 сарын 1, 2-нд AIC Steppe Arena-д болох юм.
🌃 Шөнийн нэмэгдэл
CUMN: Хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК буюу одоогийн Премиум Нэксус ХК-ийн CU конвиниенс дэлгүүр 6 сарын 4-өөс эхлэн шөнийн 01:00-06:00 цагийн хооронд шөнийн цагаар үйлчилгээ үзүүлсний 5% нэмэгдэл тооцно. Уг нэмэгдэл нь үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, шөнийн цагийн нэмэгдэл цалингийн зардлуудад зарцуулагдах аж. Ингэснээр бизнес ашигтай хэвээр ажиллах, үйлчилгээний чанарт хохирол учруулахгүйгээр 24/7 үргэлжлэх боломж бүрдэх юм. Японы 7-Eleven, FamilyMart, Lawson, Өмнөд Солонгосын CU, GS25 дэлгүүрүүд, зарим хотын нийтийн тээврийн системүүд зэрэг 24/7 ажилладаг бизнесүүд шөнийн цагаар үйлчлэх өөр өөр тарифтай байдаг. Гэснээс өнгөрсөн 3-р сард Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Ганхуяг томилогдсон билээ.
🍺 Шар айргийн зах зээл
Энэ оны эхний 4 сард Монгол 5 сая литр буюу $4.9 саяын шар айргийн импортоор авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.8% өссөн үзүүлэлт юм.
Импорт vs Экспорт
2022 онд импортын шар айргийн оргил үе тохиож Монгол 26.8 сая литр шар айраг импортолсон бол нөгөө талд $231 мянгын үнийн дүн бүхий шар айргийг экспортолсон байдаг. Харин хэрэглээний хувьд 2021 оны байдлаар 1 хүнд ногдох жилийн шар айргийн хэмжээ нь 36.5 литрт хүрч, 161 орноос 66-д жагсаж байжээ.
Төлөв: Сонирхуулахад, дотоодын шар айргийн зах зээл сүүлийн 5 жилд 7.7% өсөж, ирэх 5 жилд жил бүр дунджаар 2.9% өсөх төлөвтэй байгаа гэнэ дээ. Тэгвэл шар айраг дундаа ямар шар айраг нь хамгийн сайн байдаг гэж бодож байна?
Хамгийн сайн нь?
Ямар ч бүтээгдэхүүн дээр нэн ялангуяа шингэн хүнсний бүтээгдэхүүнүүд дээр хадгалалтын хугацаа гээд айхтар юм байдаг даа. Шар айргийн тухайд хадгалах хугацаа нь дунджаар 6-12 сар байдаг бөгөөд зохих температурт, хадгалалтын горимыг нь сайтар анхаарахгүй л бол амт, чанарт нь нөлөөлөх эрсдэлтэй байдаг аж.
Always Fresh: Үндсэндээ шар айраг бол талх, хүнсний ногоо, сүүтэй нэгэн адил шинээр нь хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн бөгөөд гол нь тухайн шар айраг хэрэглэгчийн гарт хэдий чинээ бага зам туулж хүрнэ, төдий чинээ жинхэнэ амт, үнэр, чанарыг нь амтлах, мэдрэх боломжтой байдаг гэнэ. Өөрөөр бол шинэ байх тусмаа л хамгийн сайн.
Эцэст нь… Шар айргийн талаарх нэгэн сонирхолтой баримтыг дурдахад аливаа шар айраг савлагаандаа удах тусам амтанд нь өөрчлөлт орох химийн урвалууд явагдаж байдаг аж. Энэ нь юундаа байдаг юм бол гэсэн шар айргийн гашуун амтыг бий болгож байдаг зөрөг цэцэг нь удах тусмаа тухайн бүтээгдэхүүний амтыг гашууруулах, өнгийг бараан болгож байдаг гэнэ шүү.
Эможи тэгшитгэл бодож байсан уу? Доор нэгэн физикийн хуулийн томьёог оруулсан байгаа ямар хууль вэ? Таагаарай. 🕵🏻♂️
💥= ⚖️x🔥x(🌡️-🌡️)
Tenor
🍋 Шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдаанд 54 улсын 428 баг бүртгүүлжээ. Эдгээр баг 2024 оны 7 сарын 16-ны дотор төлөвлөлтийн үзэл баримтлалаа боловсруулж ирүүлэх аж. Сонирхуулахад, тус хотыг 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн бөгөөд хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д байгуулах юм.
🍋 Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр Агро-сити, Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсүүдийг тус тус байгуулах аж.
🍋 Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Төлөөлөгчийн газрыг байгуулсан байна. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдах аж. Мөн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчийг богино хугацаагаар ирүүлж ажиллуулах хүсэлтийг гишүүн орнууддаа явуулжээ.
🍋 Golomt Capital Championship-н 7 дахь 7 хоногт тэргүүн байрын оролцогчийн өгөөж 72.3%-тай байлаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногт тэргүүлж байсан оролцогчийнхоос 43 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харин ТОП-10 оролцогчийн өгөөж өмнөх 7 хоногоосоо 24.2 нэгж хувиар өсөж 48.8% болжээ.
Эргэн эрэлт: Гар утастай болохоос өмнө өглөөг хэрхэн эхлүүлдэг байснаа санаж байна уу? (ThePointMag)
Бодууштай! Уур амьсгалын өөрчлөлт тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ үү? (Medscape)
Хүлээлт: $100,000 шагналын сантай Nomadic Masters Spring тэмцээн зохион байгуулагдах гэж байна. (LemonPress)
Мэдүүштэй: NFT-н эрх зүйн асуудалтай холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)
Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй.
Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉 |
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writer: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply