• Lemon Press
  • Posts
  • 🚨 Боловсролын салбарын асуудал

🚨 Боловсролын салбарын асуудал

БШУ-ны сайд нарын ажилласан дундаж хугацаа болоод Монголын гадаад худалдааны талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Зун ч юу юугүй дууслаа даа. Дараагийн улирлын төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй яваа бол энэ оны шилдэг төлөвлөгч платформуудыг сонирхоод үзээрэй. Хэрэг болж юуны магад. 🙂

NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 38.2%-иар өсжээ.

STAT: Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 6 сарын эцэст өмнөх оноос 5.3%-иар өсөв.

MSE: ХасБанкны (ХАС) хувьцааны үнэ 3.18%-иар унаснаар үнэлгээгээ ₮21 тэрбумаар алдав.

👀БШУ-ны сайд нарын ажилласан дундаж хугацаа 1.8 жил

Өнгөрсөн 31 жилд боловсролын салбарт 17 сайд ажиллажээ. Гэвч 2016 оноос хойш бүтэн 4 жил боловсролын сайд хийсэн хүн байхгүй байна.

Халаа сэлгээ

2008 оноос хойш ердөө 2 боловсролын сайд л бүрэн эрхийн хугацаа болох 4 жилээ дүүргэн ажилласан аж. Тэдний араас тус яамыг тэргүүлж ажилласан сайдуудын халаа сэлгээ эрчимжиж ердөө 4 сар сайдаар ажилласан нь ч бий. Ерөнхийдөө сүүлийн 15 жилд улсын тэргүүлэх салбар болох боловсролын салбар 8 сайдын нүүрийг үзжээ. Тэгвэл сайд нар богино хугацаанд солигдсон шалтгаан юу байв?

  • Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж Ж.Батсуурь 9 сарын дараа огцорсон.

  • ЗГ-ыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гэх ижил шалтгаанаар Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нар сайдын суудлаас бууж байжээ.

  • ЗГ огцорсон: 2017 болон 2021 онд Засгийн газар танхимаараа огцорсны улмаас Г.Чулуунбаатар, Л.Цэдэвсүрэн нар үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө дуусгасан аж.

Бодлого

Сайд нар богино хугацаанд солигддог асуудлын хажуугаар тус яамны баримталж буй бодлого ч байн байн солигддог гэдгийг 2011 онд хэрэгжиж эхэлсэн Кембрижийн хөтөлбөрийг дараагийн сайд нь гарч ирээд л үндэсний онцлогтой Цөм хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлнэ гэснээс харж болохоор.

  • Сонирхуулахад, Боловсролын яам сүүлийн 20 жилд Боловсролын яам, Гэгээрлийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам гэх мэтээр 7 удаа нэр, бүтцээ өөрчилсөн байдаг. Энэ нь тус яам боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан гэх 4 том салбарыг хариуцдаг байсантай холбоотой.

За тэгээд, нэрээсээ авхуулаад өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэн байдаг тус яамны жишээ бол өнөөгийн Монголын улс төрийн засаглал, бодлогын тогтворгүй байдлыг илтгэх нэгээхэн л илрэл юм даа. Мартсанаас Ерөнхий сайд нарын ажилласан дундаж хугацааны талаар ЭНД дарж уншаарай.

💭 ₮183.4 тэрбумын 34%

KHAN: Хөрөнгийн зах зээлд IPO гарган ₮183.4 тэрбумыг босгосон Хаан Банк (KHAN) нь хөрөнгө оруулалтынхаа 34%-ийг зарцуулжээ. Задлаад харвал, банкны цахим шилжилтэд ₮5.1 тэрбум, орон сууц, хөрөнгө оруулалтад ₮56.9 тэрбумыг зарцуулсан аж.

 📈 Гадаад худалдааны баланс: Эерэг

2023 оны эхний 6 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт $11.8 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 27.9%-иар өслөө. Тэгвэл оны эхний хагасын гадаад худалдааны онцлох мэдээлэлтэй танилцацгаая.

Өсөлттэй: Энэ хугацаанд нийтдээ 143 улстай худалдаа хийж, үүнээс экспорт $7.6 тэрбум, импорт $4.3 тэрбум буюу нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс $2.6 тэрбум, экспорт $2.3 тэрбум, импорт $325.6 саяар тус тус өсөж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Тэнцэл: Тус хугацаанд гадаад худалдааны тэнцэл $3.3 тэрбумын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин их буюу $1.9 тэрбумаар өсжээ.

Экспорт

  • Голлох түнш+Бүтээгдэхүүн: Мөн хугацаанд экспортын гол түнш болох Хятад улстай $8.6 тэрбумын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73%-ийг эзэлж байна. Харин тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.4%-ийг чулуун нүүрс, 19.1%-ийг зэсийн баяжмал эзэлж байна.

  • Өсөлт: Экспортын орлого нэмэгдэхэд нүүрс, газрын тос, лаазалсан махан бүтээгдэхүүн, жоншны хүдэр, ба баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, адууны махны үнэ тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт

  • Импортлогчид + Бүтээгдэхүүн: Оны эхний хагас жилийн байдлаар импортын дүнд Хятад 39.2%, Орос 26.6%, Япон 8%, Өмнөд Солонгос 4.6%, Америк 3.6%, Герман 2.5%-ийг эзэлж, нийт импортын 84.4%-ийг бүрдүүлсэн байна. Оросоос импортолсон барааны 71.3%-ийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 72.7%-ийг суудлын автомашин, Хятадаас импортолсон барааны 10%-ийг ачааны автомашин эзэлж байна.

  • Өсөлт: Импорт өмнөх оны мөн үеэс өсөхөд дизелийн түлш, ачаа, суудлын автомашин, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор зэргийн дүн өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.

Эцэст нь… Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад мөн л уул уурхайн экспорт чухал нөлөө үзүүлжээ. Хэзээ бид бусад салбараа хөгжүүлж, газар доорх баялагтаа найдахаа болих юм бол доо.

Business Insider

🔹Хятадын эдийн засаг ойрын 10-20 жилдээ Америкийг гүйцэх магадлал бага. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг жил бүр 3-4%-иар урагшилж, эсвэл 1990-ээд оны үеийн Япон шиг хэдэн арван жил зогсонги байдалд орсон ч хөгжлийн зөрүүг Америкаас багасгахад хангалтгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

🔹 Эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.8%-иар өссөн дүн аж. Нийт тариалсан га талбайн 357.6 мянгад үр тариа, 18.1 мянгад нь төмс, хүнсний ногоо тариалжээ.

🔹 S&P 500 (^GSPC) индексийн эхний хагас жилийн өсөлтийн 73%-ийг "Гайхамшигт 7" мега хувьцаа эзэлжээ. Эл гайхамшигт 7 компани бол Nvidia (NVDA), Meta (META), Alphabet (GOOGL), Microsoft (MSFT), Tesla (TSLA), Amazon (AMZN), Apple (AAPL) нар бөгөөд зах зээлийн үнэлгээ нийлээд $11 их наяд хүрсэн.

🔹Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагаст ₮1.9 их наяд болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс ₮281.2 тэрбумаар өссөн дүн юм. Уг өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого ₮201.3 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Зөв хариуг олоорой. 

A. Оны эхний хагаст гадаад худалдааны баланс сөрөг гарлаа.

B. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд БШУ-ны сайдаар 17 хүн ажилласан.

C. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 38.2%-иар буурчээ.

  • AI: Цахиурын хөндий дэх хиймэл оюуныг эзэмших өрсөлдөөн. (Reuters)

  • Article: Ардчилал хэрхэн мөхдөг вэ? (baabar.mn)

  • Tips :Наадмын амралтын дараагаас ажилдаа эрчимтэй ороход тан тусална. (INC)

  • Podcast: Сонсоод үзээрэй. (timeout)

Зөв хариулт B. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд БШУ-ны сайдаар 17 хүн ажилласан.

Reply

or to participate.