- Lemon Press
- Posts
- ☠️ Ташраараа "F"
☠️ Ташраараа "F"
Шатахууны үнэ өсөх үү? | Comcast-н бүтцийн өөрчлөлт | Lakers ба Леброн Жэймс
POWERED BY
Өглөөний мэнд! NBA-н бүх цаг үеийн шилдэг оноо түүгч Леброн Жэймс Lakers дахь 8 жилийн карьертаа цэг тавьж, өөр баг руу шилжихээр шийдвэрлэжээ. Одоогоор ямар багт орох нь тодорхойгүй байгаа ч Golden State Warriors баг түүнийг элсүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна. 🏀🤫


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: ЗГ болон Rio Tinto-н хэлэлцээрийн үр дүнд төслийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын зээлийн хүү 10.5% байсныг 7.9% болгон бууруулж, энэ онд ногдол ашиг авахаа зарлав.
MSE: Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан Евразиа Капитал Холдинг ҮЦК (SUN)-ийн харилцагчдын дансыг Голомт Капитал ҮЦТХТ-тэй хамтран шилжүүлж байна.
JPN: Японы мөнгөн тэмдэгт $-ын эсрэг 1986 оноос хойших хамгийн доод түвшиндээ суларчээ. $1=¥162 болжээ.
TDB: Moody’s агентлаг Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиуллаа.

☠️ Ташраараа "F"

Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын 2026 оны үр дүн албан ёсоор гарч дууслаа. Юу болов?
🫵 Улсын дундаж 6 жил "F" түвшинд
ЭЕШ-ын дүн зөвхөн сурагчдын мэдлэгийг шалгах сорил биш, Монгол Улсын ерөнхий боловсролын систем, цаашлаад улс орны оюуны чадавх ямар түвшинд хүрснийг илтгэх бодит толь юм. Харамсалтай нь, 2020 онд гол 10 хичээлийн анхдагч онооны дундаж 44.2 байсан бол 2026 онд 38.0 болж, даруй 6.2 оноогоор буурсан байна. Ялангуяа Биологийн хичээлийнх 21 оноо, Нийгэм судлалынх 16 оноо, Монгол хэлнийх 11 оноогоор тус тус урууджээ.
😪🔻 Математикийн боловсролын дампуурал
Хамгийн түгшүүртэй үзүүлэлт нь Математикийн үнэлгээ. Улсын хэмжээнд нийт 33,114 сурагч Математикаар шалгалт өгснөөс ердөө 2.64% нь 60-аас дээш оноо авсан аж. Бүр нарийвчилбал, элсэлтийн дээд шалгуурт тооцогдох 80-100 онооны хооронд улсын хэмжээнд ердөө 209 сурагч байна. Энэ нь нийт шалгуулагчдын 97% гаруй нь математикийн суурь мэдлэггүйгээр сургуулиа төгсөж буйн илрэл юм.
🗺️ Бүс нутгийн ялгаа
2026 оны анхны онооны дунджаар Өвөрхангай, Увс, Говьсүмбэр аймгууд тус бүр 2 хичээлээр улсад эхний байранд оржээ. Нийслэл хот зөвхөн Англи хэлний хичээлээр тэргүүлсэн бөгөөд байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээр орон нутгаас хоцорч байгаа нь нийслэлийн сургуулиудын хэт ачаалал, анги дүүргэлт чанарт сөргөөр нөлөөлж буйг харууллаа.
📌 Шалтгаан нь юу вэ?
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсын төсвийг спорт заал, соёлын төв гэх мэт бетон барилгад олноор нь үр ашиггүй зарцуулж ирсэн атлаа шинжлэх ухааны боловсрол, лаборатори, багш нарын чадавхыг зөвхөн сургууль, багш нарын хувийн идэвх зүтгэл дээр даатгаж хаясан. Одоо харин үүнийхээ горыг амсан байна даа.

🔫 Senzu буюу М.Азбаяр The MongolZ-г албан ёсоор орхиж, BC.Game-тэй гэрээллээ. (HLTV)
😐 Улс төрчид хүүхдүүдээ бод гэх логикийн алдаагаар түрий барих болов. (Baabar.mn)
⚽️ ДАШТ-д цахиур хагалж буй жижиг улсуудын эдийн засгийн түүх. (MondayEconomist)
🏋🏻♂️ Урт наслахын тулд 7 хоногт хэдэн удаа хүчний дасгал хийх хэрэгтэй вэ? (GQ)

🎭 Comcast-н бүтцийн өөрчлөлт
CMCSA: Энтертайнмент салбарын томчуудын нэг Comcast өөрийн эзэмшдэг NBCUniversal-н бүтцийг өөрчлөхөө мэдэгдлээ. Ингэхдээ NBCUniversal болон Европын медиа акул Sky-г салгаж, нээлттэй шинэ компани байгуулах бөгөөд тус өөрчлөлтийн хүрээнд Comcast үндсэн дэд бүтэц, интернэтийн бизнесээ дагнан авч үлдэж, медиа салбараа бүрэн тусгаарлаж байна. Уг мэдээний дараа $CMCSA нэгж хувьцааны үнэ 4.5% өсөж $24.2-т хүрчээ. Сонирхуулахад, NBCUniversal нь Монголд хэдийнээ үзэгчдийн сонорт хүрсэн The Tonight Show, The Profit, That’s My Jam зэрэг нэвтрүүлгийн эрхийг эзэмшдэг аж.

⛽️ Шатахууны үнэ өсөх үү?

Наадмын урт амралт эхлэхтэй зэрэгцээд шатахууны үнийн өсөлттэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад амжлаа. Тэгвэл шатахууны үнэ өсөхөд хэдэн хуруу дутуу байгааг хамтдаа тоолъё.
🇷🇺 Хөршийн байдал
Олон жилийн турш үргэлжилж буй Орос-Украины дайн сүүлийн саруудад улам л хурцадмал нөхцөл байдал руу шилжлээ. Үүний нэгэн жишээ бол Украины тал Оросын газрын тос үйлдвэрүүд рүү нисгэгчгүй дроноор удаа дараа довтлоод буй явдал юм. Үр дүнд нь Оросын улсын түлш шатахууны хангамжид тодорхой хэмжээний хомсдолд ороод байна.
🌲 Тувагийн өсөлт: Оросын бүрэлдэхүүн улсуудаас шатахууны үнэ хамгийн ихээр өссөн нь Тува болжээ. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт Тувад шатахууны үнэ 9.2% өсөж, нэг литр нь дунджаар ₽90.63 буюу ₮4,147.2-т хүрсэн гэнэ.
🚗 Эрхүүгийн оочир: Шатахууны хомсдол Эрхүүг ч дайраад өнгөрсөн бөгөөд мужийн захиргаанаас шатахууны нийлүүлэлт хангалтгүй байгаа тул Роснефт компанийн бүх шатахуун түгээх станцуудад нэг автомашинд 50 литрээс илүү бензин өгөхгүй байхаар тогтоожээ.
🗣️ Сайдын амлалт
Өчигдөр хойд хөршид үүсээд буй асуудлын улмаас Монголд шатахууны үнэ огцом биш ч аажмаар өсөж магадгүй байна. Учир нь Орос Монголд шатахууныг дотоодын үнээсээ хямд нийлүүлж байгаа тул цаашид дизель түлшний адил биржийн үнээр нийлүүлэх асуудал яригдаж эхэлжээ. Гэхдээ наадмын үеэр шатахуунтай холбоотой ямар нэг асуудал үүсэхгүйг салбарын сайд амласан байна шүү.
🔢 Дотоодын тоо: Энэ оны эхний 6 сарын байдлаар нийт шатахууны үлдэгдэл 201.5 мянган тн байгаа бөгөөд үүний 46.7%-ийг дизель түлш, 32.4%-ийг АИ-92 бензин бүрдүүлжээ. Түүнчлэн улсад дунджаар энгийн АИ-92 бензин нэг литр нь ₮2,768-өөр, дизель түлш ₮4,578-өөр борлуулагдаж байна.
Эцэст нь… Наадмын дараа намар болж, шатахууны үнэ өсөх бололтой. Үнэ хөдөлбөл тээвэр, барилга, өргөн хэрэглээний барааны үнэд ч дарамт үзүүлэх нь тодорхой биз ээ. 🤔

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэЭрчим хүчний салбарынхан өчигдрөөс эхлэн ажил хаях байсан ч ЭХЯ болон ажил олгогч талын төлөөллөөс тэдний цалинг үе шаттайгаар 30% өсгөх санал ирүүлсэн тул ажилт хаялтаа 48 цагаар хойшлуулжээ. Та энэ салбарын цалинг нэмэх дээр ямар бодолтой байна? |


🍋 “Гайхамшигт 7” технологийн компаниудын үнэлгээ өнгөрсөн сард $2.3 их наядаар буурчээ. Энэ нь тэдний AI дэд бүтцэд зарцуулсан асар их хөрөнгө оруулалтаас болсон аж. Тухайлбал Microsoft (MSFT)-н хувьцааны үнэ 20%, Nvidia (NVDA) 13%-нх тус тус унасан байна. Харин тэдний энэхүү их зарцуулалтын ачаар хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөж, чипийн нийлүүлэлтийн хомсдол үүсэв.
🍋 Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулна. Ингэхдээ бөхийн барилдааны 1 болон 2-ын давааг 7-р сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа ба наадмын 11,12-ны тасалбар ₮150 мянга, 7-р сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар ₮50-₮80 мянгаар худалдаалагдах аж.
🍋 Монгол Улс үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн флотыг шинэчлэх зорилгоор Францын Airbus (AIR.PA) компаниас 10 агаарын хөлөг худалдан авахаар төлөвлөж байна. Энэхүү шийдвэр нь түрээсийн онгоцны санхүүгийн дарамтыг бууруулж, нислэгийн чиглэл, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Томоохон худалдан авалтын санхүүгийн баталгааг дотоодын Худалдаа Хөгжлийн Банк (TDB) гаргахаар дэмжин ажиллаж буй.
🍋 Nike (NKE) компанийн хувьцаа сүүлийн 11 жилийн хамгийн доод цэгтээ хүрч, энэ онд 36% унав. Үүнд захирал Эллиотт Хиллийн бүтцийн өөрчлөлт, Adidas (ADS.DE) тэргүүтэй брэндүүдийн өрсөлдөөн болон Хятад дахь борлуулалт 10% буурсан нь нөлөөлжээ. Компанийн удирдлагууд борлуулалт дараагийн улиралд ч дахин 2%-4% буурна гэж таамаглаж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply