- Lemon Press
- Posts
- 🤯 Хэн дампуурав?
🤯 Хэн дампуурав?
Мандал Ирээдүйн Өсөлт ХОС болон Evergrande-н талаар тоймлолоо.
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд. Хөрөнгийн зах зээлд "Dead cat bounce" гэх ойлголт байдгийг мэдэх үү? 😆 Энэ нь хувьцааны үнэ огцом унасны дараа богино хугацаанд сэргэж байгааг илэрхийлдэг аж. Монголд ийм тохиолдол болсон билүү? 💀🐈 💀
*Нэг өдрийн өөрчлөлт
CHN: Юанийн ханш энэ жил долларын эсрэг 5.5% суларч $1=¥7.3 болоод байна.
BTC: Биткойны үнэ өнгөрсөн Баасан гарагт $26,049.6 болж сүүлийн 2 сарын хамгийн доод түвшинд хүрэв.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮7.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.
🏦 Байр авах уу? Банк авах уу?
Хоёр жилийн тэртээ “Банкны эзэд болцгооё” уриатай Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС (MFG) ₮50 тэрбумыг зах зээлээс босгож түүх бүтээж байлаа. Гэхдээ тэдний замнал дардан байсангүй…
Салаа замаар сажлав
Хаалттай хамтын ХОС-гийн нэгж эрх бирж дээр арилжаалагдахаас гадна өнөөгийн цэвэр хөрөнгө (NAV) нь давхар тооцогддог. Угтаа энэ 2 үзүүлэлт зуузай холбоод явж байх учиртай ч тэгсэнгүй. Өөрөөр хэлбэл, ₮1,118-ийн үнэтэй зүйлийг зах дээр хүмүүс ₮770-р буюу 31% хямдхан хоорондоо арилжаалж буй юм.
Яагаад? Хөрөнгө оруулагчид уг сангийн ирээдүйд итгэлгүй болсон эсхүл бусад хөрөнгө оруулалтын боломжуудыг илүүд үзсэн гэх хоёр шалтгаан байж болох юм. Аль ч тохиолдолд, MFG-ийн хувьд ЗЗ-д сангаа илүү ойлгуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах хүнд даалгавар байна.
Байргүй, банкгүй
Байр авах уу, Банк авах уу? гэж байсан цаг саяхан. Тэгвэл, УБ-д байрны үнэ сүүлийн 1 жилд гэхэд 18.4% өссөн. Тэгвэл MFG сангийн хөрөнгө хоёр жилийн хугацаанд 11.8% өссөн бол нэгж эрхийн ханш нь 23% унаад буй юм.
Гэхдээ зул бөхөөгүй
Саяхныг хүртэл банкны эзэн болъё гээд ч банкнуудад хамаагүй хөрөнгө оруулах боломжгүй байв. Учир нь, СЗХ-ны журмаар хамтын ХОС нь нэг салбарт дээд тал нь сангийн хөрөнгийн 25%, нэг ХК-д дээд тал нь сангийн хөрөнгийн 10%-г оруулах боломжтой байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн журмаар зөвхөн нэг салбарт хөрөнгө оруулах боломж үүссэн бөгөөд системийн нөлөө бүхий банкны хувьцаанд сангийн 20% хүртэлхийг оруулж болохоор болжээ.
Тэгэхээр MFG цаашид банкнуудад оруулсан хөрөнгөө нэмэгдүүлж жинхэнэ утгаараа банкны эзэд болох үүд нээгджээ. Харин тэд тэгэх болов уу?
Эцэст нь, сүүлийн 2 жилд хамтын хаалтай ХОС нэг ч үүссэнгүй. Зах зээлийн уналттай үе таарсан, банкнуудын IPO хойшилсон, зах зээл шинэ гэх мэт үгүйсгэх аргагүй шалтгууд бий. Гэхдээ 2 жил хангалттай хугацаа ба одоо бараг бүх боломж бүрдсэн энэ үед Монголд хөрөнгө оруулалтын сан хөгжих эсэх тэдний гарт байна.
⚠ Сонирхол бас дахиад сонирхол
ERS: Монгол алт ХК өөрийн эзэмшлийн ₮7.5 тэрбумын үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөө барьцаална. Тодруулбал, тэд Дархан-Уул аймаг дахь газар болон барилгаа зээл, өрийн хэрэгслийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулах аж.
❌ Хятадын үл хөдлөх хөрөнгийн гигантын уналт
Хятадын үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн томоохон групп Evergrande $340 тэрбумын өрөө төлж чадахгүйн улмаас дампуурлаа зарлалаа. ҮХХ-ийн зах зээлийн хямрал гүнзгийрч байгаа нь дефляцид орсон Хятадын эдийн засгийг улам хямраах нь дээ.
Evergrande хэр том бэ?
Evergrande нь Хятадад гэлтгүй дэлхийд ч тэргүүлэх өртэй компаниудын нэг. Тухайлбал, тэдний өр Шинэ Зеланд, Финланд зэрэг улсын 2022 оны ДНБ-ээс их төдийгүй Монголын ДНБ-ээс 20 дахин их аж. Компанийн өрийн асуудал 2 жилийн өмнөөс л яригдаж дампуурлаа зарлахын ирмэг дээр ирж байсан ч Хятадын ЗГ дампуурлыг нь торгоосоор өдийг хүрсэн. Яагаад?
Нөлөө: Evergrande-н өр Хятадын ДНБ-ий 2%-тай тэнцэхээс гадна Evergrande дампуурвал Хятадын 3.8 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй.
Том тоотой алдагдал: Компани 2021-2022 онд $81 тэрбумын алдагдалтай ажилласан аж. Үүнд Хятадын эдийн засаг цар тахлаас болж огцом удааширч иргэд ҮХХ худалдан авах боломжгүй болсон мөн компани гаднаас хөрөнгө оруулалт, зээл татах боломжгүй болсон нь голлон нөлөөлсөн юм. Улмаар өнгөрсөн 3-р сард компанийн хувьцааны арилжааг зогсоосон билээ.
ЭЗ хямарч эхлэх үү? 2018 онд Хятадын төв банкнаас тус компанийг эдийн засагт эрсдэл учруулах боломжит компанийн нэгээр нэрлэж байсан нь энэ удаад Хятадын эдийн засаг хэсэгтээ хэцүүдэхийг илтгэх мэт.
Evergrande-н нөлөө зах зээлд
Харж байгаачлан тус компанийн дампуурал хөрөнгө оруулагчдын дунд Хятадаар тогтохгүй дэлхийн ЭЗ-д хүндхэн нөхцөлийг авчрах бий гэх болгоомжлолыг үүсгэж эхлэв. Улмаар гаднын хөрөнгө оруулагчид 9 дэх өдрөө дараалан Шанхай болон Шэньжэнийн хөрөнгийн биржид бүртгэлтэй $6.2 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаагаа зараад буй.
Эцэст нь… Хятадын Ковид-19 дараах ЭЗ-ийн сэргэлт үүлэн чөлөөний нар шиг л хэсэгхэн цэлмээд эргээд хэцүүдэж эхэллээ дээ.
Төгрөгийн бусад валюттай харьцах ханш ямар байгаа вэ? Жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдөв?
$1=₮3,472.7 (+8.8%)
€1=₮3,775.9 (+17.3%)
¥1=₮23.9 (+2.4%)
₩1=₮2.6 (+8.3%)
₽1=₮37.4 (-43.5%)
Reuters
🔹SoftBank (9984.T) чип үйлдвэрлэгч Arm-г бүрэн хяналтдаа авлаа. Тодруулбал, компани Vision Fund-с Arm-н 25%-ийн эзэмшлийг $64 тэрбумаар худалдаж аваад буй. Тэгэхээр ирэх сард Arm нэлээд өндөр үнэлгээтэйгээр IPO хийх нь дээ.
🔹Walmart (WMT)-н II улирлын орлого жилийн өмнөхөөс 5.7% нэмэгдэж $161.6 тэрбумд хүрэв. Учир нь тэдний онлайн борлуулалт л гэхэд 24% өссөн аж. Улмаар компанийн хувьцааны үнэ 2% өссөн юм. Харин Walmart-н өрсөлдөгч компаниудын хувьд өнгөрсөн улирал тийм ч таатай байсангүй.
🔹SpaceX-н алдагдалтай он жилүүд ард хоцорлоо. Компани энэ оны эхний улиралд $1.5 тэрбумын орлого олж, $55 саяын ашигтай ажилласнаар урт хугацааны алдагдалдаа цэг тавиад буй нь энэ. Цаашид SpaceX-н пуужин ч орлого, ашиг нь ч пуужиндах нь дээ.
🔹Инвескор бонд 2.0-н анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Тухайлбал, нийт ₮10 тэрбумын үнийн дүн бүхий жилийн 18%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус өрийн хэрэгслийн 5-р транчийн анхдагч зах зээлийн захиалга 8 сарын 21-25-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.
Бид монгол хэлийг үгийн сан “ихтэй” гэж ташаа ойлгодог. Үнэндээ “ойролцоо утгатай үг” л ихтэй болохоос тодорхойлсон нэгдмэл ойлголт, түүний арын гаргалгаа буюу онол бага. Үүнээс үүдэж нэр үг цөөтэй. Салбарууд бие даан хөгжилгүй зөв бичгийн дүрэм мэтэд баригддаг хэвшмэл ойлголт их
— Iderbold Batbayar (@Iderbold)
3:38 AM • Aug 20, 2023
Tech: Хиймэл оюун ухаан ба санхүүгийн салбарын ирээдүй. (McKensey)
Article: Бизнес эрхлэгчид хэр шаргуу ажилладаг вэ? (WSJ)
Trending: 2023 оны хамгийн эрэлттэй мэргэжил. (SearchEngineJournal)
Gaming: SEGA (SGMY) Angry Birds хөгжүүлэгчийг $1 тэрбумаар худалдаж авлаа. (PhoneArena)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply