• Lemon Press
  • Posts
  • 📈 Эдийн засгийн хагас жилийн өнгө 

📈 Эдийн засгийн хагас жилийн өнгө 

Бөмбөрцгийн аялал жуулчлал | Хятад болон Америкийн EV-н маргаан | GS-н ашиг $3 тэрбум

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Улаанбаатар хотод санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөө сүндэрлэлээ. Бага тойруугийн уулзварт байрлаж байгаа шүү. Үзэж сонирхоорой. 🐂

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар МХБ (MSE)-ийн хувьцааны үнэ хамгийн их буюу 14.37% өссөн бол Улсын Их Дэлгүүр (UID)-ийнх 4.81% буурлаа

NSO: Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11% өсөж шинэ орон сууцны м.кв-н үнэ ₮4 сая боллоо

TUR: Туркийн ЗГ компаниудын орлогын албан татварын доод хэмжээг татвараас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран 10% болгох татварын шинэ хуулийг өргөн барих гэж байна

^DJI: Dow Jones 0.5% өсөж түүхэн дээд түвшин буюу 40,211 нэгжид хүрэв.

📈 Эдийн засгийн хагас жилийн өнгө 

Энэ оны эхний хагас жилд эдийн засаг маань юу болов оо? Дараагийн хагаст юу болох вэ? 

1️⃣ Нэг оронтой тоо

Өнгөрсөн оны эхний хагас жилийн эцсээр улсын инфляц 10.6%-д хүрсэн бол энэ оны эхний хагаст 5.1%-д буюу Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдаад байна. Өөрөөр бол инфляцын өсөлтийн хурд жилийн өмнөхөөс 5.5 нэгж хувиар буурсан гэсэн үг. 

  • Хүнс ➡️ Үйлчилгээ: 2023 оны эхний хагаст хүнсний бүлгийн үнэ хамгийн их буюу 17.8% өсөж инфляцад жин дарж байсан бол энэ жилийн хувьд хүнсний бүлгийн үнэ хамгийн бага өсөлттэй байна. Харин үйлчилгээний бүлгийн үнэ хамгийн их өсжээ

  • Баруун 🆚 Зүүн: Түүнчлэн инфляцыг бүсээр нь харвал хангайн бүсийнх хамгийн өндөр байгаа бол зүүн бүс болон Улаанбаатар хотын инфляц харьцангуй бага байгаа юм. 

🔽 Тэнцэл буурав

Цаашлаад, гадаад худалдааг харвал, гадаад худалдааны тэнцэл $2.5 тэрбум болж жилийн өмнөхөөсөө 23.6% буурсан байна. Учир нь экспортын үнийн дүнгийн өсөлт импортынхыг даваагүй аж. Энэ ч утгаараа өнгөрсөн 3-р сард түүхэн дээд хэмжээ буюу $5.2 тэрбумд хүрээд байсан гадаад валютын улсын нөөц (ГВУН) хагас жилийн эцсээр $4.8 тэрбум болоод байна. ГВУН нэмэгдэх нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тэгэхээр ГВУН буурах тусам төгрөгийн ханш суларна л гэсэн үг. 

  • 💲 Ханш яав? Энэ оны эхний хагаст доллартой харьцах төгрөгийн ханш бага зэрэг буюу 0.9% чангарч $1=₮3,381 болсон. Ер нь бол 5-р сар гарснаас хойш энэ ханш хадгалагдаж байгаа. Харин цаашид ГВУН буурч, импортын барааны үнийн дүн нэмэгдэх тохиолдолд энэ тогтвортой байдал алдагдах магадлалтай. 

🗺️ Том зургаар

Ер нь бол Монголбанк 2022 оны 12-р сараас хойш 13%-д тогтвортой барьсан бодлогын хүүгээ 2 удаа дараалан бууруулж 11%-д хүргэсэн. Бодлогын хүүгийн бууралттай холбоотойгоор эдийн засаг тэлэх учиртай. Гэхдээ ОУ-ын байгууллагуудын Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл болон бидний өөрсдийн төсөөлөл зөрүүтэй байгаа. Дэлхийн банк л гэхэд энэ оны Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж 4.8% болгоод байгаа

  • Харин УИХ-д суудалтай болсон намууд эдийн засгийн өсөлтийг 7%-8%-д хадгална, 6%-иас бууруулахгүй гэж амласан. Юу болсныг оны эцсийн эдийн засгийн тоймоороо хүргэе дээ. 

 🆙 Хүлээлтийг давав! 

GS: Goldman Sachs-н энэ оны II улирлын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 150% өсөж $3 тэрбумд хүрснээр нэгж хувьцааны ногдол ашиг нь $8.62 болжээ. Учир нь тус компанийн арилжаа, зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх болон хөрөнгийн менежмент зэрэг бүх үйл ажиллагааны орлого нь 17% нэмэгдэж $12.7 тэрбумд хүрсэн аж. Цаашлаад он гарснаас хойш компанийн хувьцааны үнэ 23% өсөж $479-т хүрээд байна.

🌏 Бөмбөрцгийн аялал жуулчлалын сонин хачин

Өнгөрсөн Даваа гарагт Японы Universal Studios-д Harry Potter-н шидтэний ертөнц нээлтээ хийсний 10 жилийн ой тохиосон билээ. Энэ удаад жуулчдын дунд алдартай байгаа сэдэвчилсэн паркуудын талаар тоймлох тул аялахаар төлөвлөж байгаа бол анхаараад аваарай. 

🪄 Аялал жуулчлал ба ид шидийн ертөнц

2014 онд Японы Universal Studios-д Harry Potter-н хэсэг нэмэгдсэний дараах эхний улиралд 12.7 сая жуулчдыг татаж үйл ажиллагааны ашиг нь 61% өсөн ¥39 тэрбумд хүрч байсан. Энэ нь нээгдсэнээсээ хойш явцгүй байсан паркийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц авчирсан тул тус хэсгийн 10 жилийн ойг онцгойлон тэмдэглэхээс аргагүй юм. 

  • 📈 Алдаршив: Цаашлаад, Японы Universal Studios өдгөө дэлхийд Флорида дахь Disney-н “Ид шидийн хаант улс”, Калифорниа дахь Disneyland-н араас 3-рт эрэмбэлэгдэх алдартай парк болоод буй.  

  • 📉 Алдвар: Харин нөгөө талд сэдэвчилсэн паркууд дундаа хамгийн олон хүний хүслийн жагсаалтад байдаг Disney (DIS)-н паркуудыг компанийн дотоод бүтцийн өөрчлөлт, шинэлэг зүйлгүй тэргүүтэй олон шалтгаанаар зорих аялагчдын тоо цөөрөх болсон. Гэсэн ч хамгийн алдартай ТОП-10 сэдэвчилсэн паркуудын 7 нь Disney-нх хэвээр байгаа гэхээр дотоод асуудал нь цэгцэрчихвэл учиртай болох мэт. 

😵‍💫 Юугаараа татах вэ? 

Харин бидний тухайд онгон дагшин байгаль, Чингис хаанаараа л жуулчдыг татаж байгаа. Гэтэл эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт жил бүр 2 сая жуулчин хүлээн авна гэж тусгагдсан. Яаж юм бол доо? Ядаж Японд $285 саяар Universal Studios-г барьсан шиг хөрөнгө оруулалт Монголд хийхгүй юм аа гэхэд урдаа байгаа паркаа тордож янзлаад олон янзын тоглоомтой болгочихвол дэмтэй сэн. 

  • 💭 Тооцоололтой юу? Өнгөрсөн жил Монгол хамгийн олон буюу 640 мянган жуулчин хүлээн авсан. “Welcome to Mongolia”, “Go Mongolia” гээд л олон улсын түвшинд Монголыг сайн сурталчилж байгаа ч саяын наадмаар жуулчид хүлээн авах бэлтгэлгүй байгаа нь харагдана лээ. Тэгэхээр сурталчилгаагаа ч хийгээд, бэлтгэлээ ч базаамаар байна даа.

Ер нь тэгээд гадаадын жуулчид аливаа улсын үүх түүх, соёл, байгалийг сонирхохын сацуу үзэж харах энтертайнмент зүйлсэд татагдаж аялах улсаа сонгох нь олонтоо. Харин манайд бол цэлмэг тэнгэр, цэлийсэн тал дээрх 40 м өндөр Чингис хааны хөшөөнөөс өөр жуулчдыг татах зүйлс алга даа. Ямар сайндаа дотоодынхон маань ч ойрхон Бээжинд Universal Park нээгдлээ гээд баярлаж байх вэ дээ.

EMIR Research

🍋 Хятад Дэлхийн худалдааны байгууллагад Америкаас цахилгаан автомашинд ногдуулсан импортын татварын асуудлыг шийдвэрлэхэд туслах хүсэлт гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн 5-р сард Ерөнхийлөгч Жо Байден Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд 100% татвар ногдуулах болсны эсрэг Хятадын ЗГ эрчимтэй хөдөлж эхлээд буй.

🍋 TikTok Shop-н Зүүн Өмнөд Ази дахь нийт борлуулалтын орлого өнгөрсөн жил 4 дахин нэмэгдэж $16.3 тэрбумд хүрчээ. Tokopedia, Lazada-г өөртөө нэгтгэсэн тус платформ нь өнгөрсөн оны байдлаар Зүүн Өмнөд Азийн зах зээлийн 28.4%-ийг эзэлж буй. Уг бүсийн цахим худалдааны нийт орлого 2023 онд $114.6 тэрбумд хүрч өмнөх оноосоо 15% өссөн аж.

🍋 Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан ₮3.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлэв. Тодруулбал, ЗГ-ын тусгай сангуудаас олгосон ₮907 сая, татвар, НДШ-ийн өр төлбөртэй холбоотой ₮227 сая, ЭМДС-д учирсан ₮261.1 саяын хохирол зэргийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр болжээ. 

🍋 Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 6-р сард 173.8 болж өмнөх оны мөн үеэс 12.1% өслөө. Уг өсөлтөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.3% өссөн нь голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд 12.5%, аймагт 10.2% өсжээ. 

🍋 Jade Gas (JGH.AX) нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төсөл дээр DWK-тэй хамтран ажиллана. DWK нь Хятадын өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд Jade Gas Өмнөговь аймаг дахь олборлолтын ажлаа ахиулахын тулд тэдэнтэй заавал биелүүлэх үүрэггүй гэрээг байгуулаад буй.


Зөвийг олоорой! 🔎

A. Goldman Sachs-н II улирлын орлого 17% нэмэгдэж $12.4 тэрбумд хүрэв. 
B. Япон дахь Universal Studios-г $285 саяар барьжээ.
C. Энэ оны эхний хагаст инфляц 10.6%-тай гарч зорилтот түвшинд хадгалагдав.

  • Туршилт: Xамгийн лаг Kindle. (BusinessInsider)

  • Таналт: Өнгөрсөн улиралд Америк хэрэглэгчдийн 1/3 нь зарлагаа бууруулсан гэнэ. (RetailDive)

  • Бууралт: Илон Маскийн хөрөнгө $11 тэрбумаар буурахад юу нөлөөлөв? (Forbes)

  • Нээлт: Сарны гадаргуй дээрх агуй. (Independent)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь B буюу Япон дахь Universal Studios-г $285 саяар барьсан нь шүү.

Reply

or to participate.