• Lemon Press
  • Posts
  • 🎆 Крипто ертөнцийн түүхэн өдөр

🎆 Крипто ертөнцийн түүхэн өдөр

Ирэх онд Монголд тулгарч болох эрсдэлүүд | Биткойны ETF | Зочлох салбарын CEO болон удирдлагуудад зориулсан хөтөлбөр

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монголын гадаад паспорт чансаагаараа дэлхийн 199 орноос 79-рт эрэмбэлэгдэж байна. Хойгуур жагссан мэт харагдах ч ядаж л Монголын гадаад паспортоор 63 улсад визгүй зорчих боломжтой юм даа. 🙂

*Нэг өдрийн өөрчлөлт

MGL: 2023 оны 12-р сард улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 5.3 нэгж хувиар буурч 7.9%-тай гарлаа.

GOV: Засгийн газрын үнэт цаасыг дотоодод зохистой хэмжээгээр нээлттэй арилжаалахаар төлөвлөжээ.

ETF: Инвескор Глобал Кью (INQ) ETF өчигдөр 1,048 ширхэг арилжаалагдаж нэгж эрхийн үнэ ₮520 дээр хаагдав.

⚠️ Эдийн засагтаа анхаараарай

Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF)-аас энэ онд үүсэж болох эрсдэлийн тайланг гаргажээ. Монголд ямар эрсдэлийн тохиолдол өндөр байна вэ?

  • Танилцуулга: WEF жил бүр тухайн онд тохиолдох боломжтой эрсдэлүүдийг зарладаг. Ирэх 2 жилд дэлхийн 60 гаруй улсад болох сонгуулиас хуурамч, худал мэдээлэл тархах болон байгаль орчинд гарах эрсдэлүүд хамгийн өндөр байх нь.

Монголд

Тэгвэл Монголд тохиолдох магадлалтай хамгийн өндөр 5 эрсдэлийн 4 нь ЭЗ-тай холбоотой аж. Харин өнгөрсөн онд ЭЗ, хүрээлэн буй орчин, геополитик, нийгэм гээд олон чиглэлийн эрсдэл тохиолдохоор байжээ. Гэвч энэ жил яагаад ЭЗ-т эрсдэл илүү тохиолдох гээд байна вэ? 

  • Тогтворгүй байдал: ЭЗ-ийн тогтворгүй байдлаас үүдэн энэ онд ОУ-ын байгууллагууд Монголын ЭЗ-ийн төсөөллөө бууруулсаар байв. Тодруулбал, АХБ өмнөх оны 4-р сард 2024 онд ЭЗ 6.1% өснө гэдгээ 9-р сард 5.9% болгон 0.2 нэгж хувиар бууруулсан юм. Мөн Монголбанк ирэх онд эрэлтийн шалтгаантай инфляц өсөх эрсдэлтэй гэж үзээд буй.

  • Хөдөлгөх хүч буурах: 2023 онд ₮17.6 саяар эрчим хүч импортолсон нь нийт импортын 2.1%-ийг эзлэв. Гэвч өртгөөсөө хямдаар цахилгаанаа борлуулсаар тус салбарын алдагдал улам бүр өсөх эрсдэлтэй байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд Монгол ажилгүйдлийн эрсдэлээр эхний 20-т, ажиллах хүчний хомсдолоор эхний 5-т жагсажээ. Уг нь энэ бүгд ЭЗ-ийг хөдөлгөх хүч юм сан.

Тэгвэл агаар, ус, хөрсний бохирдлын асуудлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанаас жишээ авбал,

  • 42.4%: Улаанбаатарт эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 42.4% нь хатгалгаанаас үүджээ.

  • 39%: Хүн амын ердөө 39% нь аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээнд хамрагдсан байна.

Эцэст нь… Гадаад, дотоодгүй энэ онд Монголын ЭЗ-т хамгийн их эрсдэл учрахыг сануулаад л байна даа. Гэхдээ ЭЗ-аас гадна агаар, ус, хөрсний бохирдлын эрсдэлийн хэмжээ жилийн дотор өсчхөв. Хэн хүнгүй одоо эдгээр асуудлуудыг анхаарч энэ оныг үдэх ёстой болжээ.

🏦 50% өссөн банк

BOGD: Богд Банк ХК-ийн цэвэр ашиг 2023 онд 53.3% өсөж ₮29.2 тэрбумд хүрлээ. Тус банкны олгосон цэвэр зээлийн хэмжээ 50.4% өсөж ₮313.8 тэрбум, чанаргүй зээлийн харьцаа 1 нэгж хувиар бууран 3.4%-д хүрсэн байна. Мөн тэдний нийт хөрөнгө 49.2% өсөж ₮713.6 тэрбумд хүрчээ. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮23.4 болов.

🤵 Зочлох үйлчилгээний CEO, удирдлага нар анхаар!

HoReCa Institute-с зочлох үйлчилгээний салбарын CEO болон удирдах ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөрийг зарлалаа. Тус сургалтын хөтөлбөрт зочлох үйлчилгээний бизнесийг тогтвортой удирдах, ажлын байран дээр сэтгэл хөдлөлөө удирдах, зочид буудлын зоогийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг олон сонирхолтой сэдвүүд багтсан аж. 

  • Гэснээс сургалтыг зочлох үйлчилгээний салбарт нэр хүнд бүхий мэргэшсэн багш нар удирдан явуулах гэнэ шүү. 

⏲️ Хэзээ: 1 сарын 23-25-нд
📍 Хаана: Ramada зочид буудлын 4 давхарт "Даймонд" хурлын танхимд

🎆 Крипто ертөнцийн түүхэн өдөр 

Өчигдөр крипто ертөнцөд шинэ түүх бичигдэж SEC Биткойны ETF-д эцэст нь нэг юм толгой дохилоо.

Үйл явдлын хураангуй

Өнгөрсөн хугацаанд Америкт Биткойны ETF нэвтрүүлэх гэж 20 гаруй компани SEC-д хүсэлтээ өгч байсан ч тэд зохицуулагч байгууллагын шийрийг зааж 10 жил гяндайсаар 2024 онтой золгов. Энэ удаад SEC-г ийн сэтгэл шулуудахад дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани болох BlackRock (BLK) ихээхэн нөлөөлсөн юм. Улмаар тэдэнтэй хамт 10 компани Биткойны ETF-н ногоон карттай болоод буй

  • 2 дахин: Өнгөрсөн 6-р сард Blackrock SEC-д Биткойны ETF-н хүсэлтээ хүргүүлснээс хойш Биткойн (BTC)-ы ханш 178% өсөж $46,258-д хүрээд байна. 

Визтэй 11

Зөвшөөрөлтэй болсон 11 Биткойны ETF-н 3 нь NYSE Arca, 2 нь Nasdaq, үлдсэн 6 нь Cboe BZX дээр тус тус бүртгэгдэж Америкийн цагаар Пүрэв гаргаас эхлэн Биткойны ETF-н арилжаа эхлэсэн юм. Цаашлаад Fidelity, Hashdex, VanExk нараас бусад буюу 8 ETF-д Coinbase (COIN) кастодианы үйлчилгээ үзүүлэх гэнэ. 

Биткойны ETF-н нөлөө

Юутай ч Биткойны ETF албан ёсоор зөвшөөрөгдсөнөөр хөрөнгийн бирж дээр криптовалют хувьцаа шиг арилжаалагдахаар боллоо. Тус зөвшөөрлийн ачаар уламжлалт санхүүгийн салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагчид крипто ертөнцөд хөл тавих боломж бүрдэж байна. Тэд крипто зах зээлийн нэг хэсэг болсноор тус зах зээлд эргэлдэх хөрөнгө нэмэгдэж үүнийг дагаад Биткойны зах зээлийн үнэлгээ ч нэмэгдэнэ. Ганц Биткойн гэлтгүй бусад криптовалютын ханшид ч ихээхэн нөлөөлөх төлөвтэй байгаа юм. Аан бас,

  • Нөгөө талд: Биткойны ETF нь хөрөнгө оруулагчдад Биткойн эзэмшихээс гадна хувьцаа, бондоор ХО-ын багцаа төрөлжүүлэх нэмээд эрсдэл бага гээд жижиг хөрөнгө оруулагчдад ч бас хөөрхөн давуу талуудтай. 

За тэгээд, крипто салбар ч 2024 оныг томоохон амжилттай эхлүүлж байна даа. Ер нь л Биткойны ETF, Halving болох сургаар зах зээлд нэлээдгүй хүлээлт үүсэж Биткойны ханш ч пуужиндлаа. Харин цаашид тус криптовалютын ханш энэ эрчээрээ өссөөр байх уу, үгүй юу гэдэг нь эдгээр Биткойны ETF-үүд хэр амжилттай явахаас л шалтгаалах байх даа. 

Англи хэлний үгийн сангаа шалгая. 🤓

Forbes

🔹OpenAI өөрсдийн GPT Store-г олон нийтэд танилцууллаа. Тус дэлгүүр хэрэглэгчдэд өөрсдийн бүтээсэн чатботоор орлого олох боломжийг олгох юм. Тодруулбал, хэрэглэгчид тэдний GPT Builder-р өөрсдийн ботуудыг бүтээж, энэ оны I улиралд багтан тус ботуудаа арилжиж эхлэх нь.

🔹Засгийн газар Францаас Онцгой байдлын ерөнхий газарт зориулж €38 саяын хөнгөлөлттэй зээл авна. Тус зээлийг 0.282% хүүтэй, 20 жилийн хугацаатайгаар €13.3 саяыг гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэхэд, €24.7 саяыг агаараас аврах ангид сургалт явуулахад тус тус зарцуулах аж.

🔹Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс IV улиралд өнгөрсөн оны мөн үеэс 1.1% өсөж 118.5 болжээ. Үүнд өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлдвэрлэгчдийн үнэ 17.5%, мэдээллээр үйлчлэгчдийнх 9%, кино, видео, ТВ хөтөлбөр, хөгжим үйлдвэрлэгчдийнх 4.1% тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

🔹Канадын ЗГ-аас ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд $200 хүртэлх санхүүжилт олгох боломжтой. Тодруулбал, Канадын ЗГ-аас ЕБС-ийн багш нарыг Канадад богино болон дунд хугацаанд сургах, сургагч багш, экспертүүдийг урих зэрэг ажлуудад хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. 

  • ШУ: Microsoft хиймэл оюун ухаанаар батарейнд ашиглах шинэ материал олжээ. (Microsoft)

  • Байгаль: Монголчууд зэрлэг адууг устахаас аварсан бол одоо хамгаалж чадах уу? (TheGuardian)

  • Санхүү: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк өнгөрсөн онд дэлхий даяар хэр их санхүүжилт олгов? (EBRD)

  • Урлаг: 2023 оны хамгийн муу кинонууд. (Variety)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.