💭 ETF гэж юу вэ? 

Дээд хэмжээний айлчлалууд болон ETF-н талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Та CU болон Toki апп кредит карттай болсныг мэдсэн үү? Яаралтай хэрэг болбол ашиглаж болох нь байна шүү. 🏪

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Ерөнхий сайд Чайна энержи группийн ТУЗ-ийн даргатай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг 2024 онд ашиглалтад оруулахаар тохиролцлоо.

CHN: Он гарсаар юанийн доллартой харьцах ханш 4% унав. Улмаар Хятадын төрийн өмчит банкнууд юанийн уналтыг удаашруулахын тулд оффшор бүсэд доллар зарж байгаа аж.

BNK: Худалдаа, хөгжлийн банк (TDB) Bank of China-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

🤝 Айлчлалын цуваа үргэлжилсээр…

Ар араасаа үргэлжилж буй дээд хэмжээний айлчлалуудаас гадна ойрын өдрүүдэд манай ГХЯ гаднын төлөөлөгчдийн хөлд дарагдах шиг болж байна. Гадаад харилцаа эрчимжиж буй энэ мөчид хаана, юу болж өнгөрсөн болон болох гэж буйг багцлан хүргэе.

Болж өнгөрсөн

  • 6 сарын 15-16 Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ 8 дахь удаагаа болж НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирэв.

  • 6 сарын 18-22 УИХ-ын дарга Орост айлчлал хийж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулахаар болсон билээ.

  • 6 сарын 26 Монгол болон Өмнөд Солонгосын ЗГ хоорондын хамтарсан хуралдаан 8 дахь удаагаа болжээ. Үр дүнд нь газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг байгуулахаар тохиров.

  • 6 сарын 27 Америк, Монгол, Өмнөд Солонгосын 3 талт анхдугаар уулзалт Улаанбаатар хотноо болж чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон аж.

Болж байгаа

  • 6 сарын 25-29 НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Монголд айлчилж буй.

  • 6 сарын 25-29 Америкийн ТНБД-ын орлогч Монголд айлчилж байна.

  • 6 сарын 26-наас 7 сарын 1 Ерөнхий сайд Хятадын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов.

  • 6 сарын 26-29 ДЭДЧУ Улаанбаатар хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганд Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал, НҮБ-ийн орлогч ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон хүндэт зочид оролцож буй.

Удахгүй болох

  • 6 сарын 28-наас 7 сарын 1 Индонезийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна.

  • 6 сарын 29-30-нд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно. Тус арга хэмжээнд 19 улсын төлөөлөгч оролцох аж.

Эцэст нь… Түүнчлэн дээрх хугацаанд Нидерланд, Гүрж, Эстони, Катар зэрэг улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад буй. Энэ айлчлалууд 1 сарын дотор болсон гэхээр гадаад харилцаа ч буцалж байна даа.

💸 Санхүүжилт

XAC: ХасБанк ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас $105 саяын санхүүжилт татжээ. Тодруулбал, тэд өнгөрсөн онд байгуулсан гэрээний хүрээнд Олон Улсын Санхүүгийн Корпорацаас $80 сая, Нидерландын Хөгжлийн Агентлагаас $25 саяын эх үүсвэр татсан аж. Үүнийгээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

💭 ETF гэж юу вэ?

Монголын хамгийн анхны хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдлээ. Тэгвэл энэ удаад ETF-н талаар тоймлон хүргэе.

  • ETF: Энэ нь хувьцаатай адил хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл бөгөөд хөрөнгө оруулагчдад төрөлжсөн хөрөнгийн багцыг санал болгодог.

ETF моодонд оров

Дэлхий дахины ETF-д оруулсан хөрөнгийн хэмжээ $10.3 их наядад хүрч дээд амжилт тогтоосон аж. Түүнчлэн 2024 оны эцэст дэлхийн ETF-н хөрөнгө $14 их наяд болохоор байгаа юм. Учир нь бодлогын хүүгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь ETF-г илүү халуухан болгож буй. Яагаад гэвэл,

  • Яаж ажилладаг вэ? ETF-г компани эсвэл санхүүгийн байгууллага үүсгэж хувьцаа, бонд, түүхий эд гэх мэт янз бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулна. Харин хөрөнгө оруулагчид хөрөнгийн бирж дээрээс ETF-н хувьцааг брокероор дамжуулан худалдаж авах боломжтой. Ингэснээр худалдан авсан хувьцаа бүр нь ETF-н ХО-ын багахан хувийг эзлэх юм.

  • Бага зардал: ETF нь хөрөнгө оруулагчдад өргөн хүрээний хөрөнгө оруулалтын төрөлжилтийг санал болгохоос гадна бусад хөрөнгө оруулалтын сантай харьцуулахад бага зардалтай, татварын үр ашигтай бүтэцтэй тул хувь хөрөнгө оруулагчдад илүү их өгөөж хүртэх боломжийг олгоно.

  • Ил тод: Түүнчлэн ийм төрлийн сан нь өдөр бүр өөрийн эзэмшлийн мэдээллийг ил болгож, хөрөнгө оруулагчдад тус санд байгаа үнэт цаасыг харах боломжийг олгодог учир үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах юм.

Монголын хувьд

Хамгийн анхны ETF-н нэгж эрхийг Инвескор Ассет Менежмент ҮЦК гаргаж Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгүүлээд буй. Ингэснээр хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулан олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг хүртэх боломж бий болж байна. Юутай ч ХЗЗ-д шинэ боломжууд нэмэгдэж өнгө нэмсээр байна даа.

11.4%
Монголбанкнаас гаргасан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаар энэ оны II улиралд инфляц 0.1% өсөж 11.4%-д хүрэх аж.

16.5%
Түүнчлэн зээлийн хүү өнөөгийн түвшинд буюу 16.5%-д тогтвортой байх нь.

₮3,469.8
Харин төгрөгийн доллартой харьцах ханш бага зэрэг чангарч ₮3,469.8 болно гэж таамаглажээ. 

 😎 Учрал бүрт амт нэмнэ

Аялахаар төлөвлөж байгаа ч аяллын хүнсээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? 🧐

Тэгвэл Хүнс комплекс шууд болон шарж хэрэглэхэд хялбар, авч явахад тохиромжтой бүтээгдэхүүнүүдийг санал болгож буй.

Тэдний бүтээгдэхүүнүүд,

  • 1-р зэргийн махаар хийгддэг,

  • Цардуул, нитрит агуулаагүй учир кето дэглэмтэй хүмүүс болон бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой гэнэ.

Сонирхуулахад, тус компани нь ОУ-ын ISO 9001:2015, ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлсэн төдийгүй Орос, Герман улсын технологийн горимоор үйлдвэрлэлээ явуулдаг аж.

За тэгээд, энэ зун аяллын хүнсээ эднийхээс сонгоод яваад байж дээ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Golomt Capital Championship-н 15 дахь 7 хоногт ТОП-10-ын эгнээнд 3 оролцогч шинээр нэмэгдэв. Улмаар энэ 7 хоногт ТОП-10 оролцогч 54%, ТОП-20 42%-ийн өгөөжтэй оролцов. Тэдний дийлэнх буюу 24% нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүнд хөрөнгө оруулжээ.

🔹Databricks OpenAI-н өрсөлдөгч MosaicML-г $1.3 тэрбумаар худалдаж авлаа. Ингэснээр MosaicML нь Databricks Lakehouse платформын нэг хэсэг болж, тэдний одоо байгаа AI-г дэмжиж ажиллах гэнэ. Сонирхуулахад, Databricks тус AI хөгжүүлэгчдийг зах зээлийн үнэлгээнээс нь 6 дахин өндөр үнээр аваад буй.

🔹Баянмөнх техник дэвшил ХХК Чингис Хаан банкны НДС-ийн ₮95.2 тэрбумын өрийг төлөх хүсэлт гаргав. Тодруулбал, тэд тус банкны хувьцааг өнгөрсөн 4-р сард худалдан авсан бөгөөд үндсэн өр болох ₮64.3 тэрбумыг 2025 оны 6-р сар хүртэл, үлдсэнийг нь 2027 онд төлж дуусгах санал гаргажээ.

🔹Нийслэл үнэт цаас гаргах ажилд ₮11.4 тэрбумыг зарцуулна. Задлан харвал, НИХТ андеррайтерын үйлчилгээнд ₮10 тэрбумыг бусад бэлтгэл ажилд ₮1.4 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Нийслэлийн төсвийн орлогыг ₮11.5 тэрбумаар нэмэхээр танилцуулаад буй.

🔹TikTok хангалттай хэрэглэгч татаж чадаагүй TikTok Now-д баяртай гэж хэлэв. TikTok Now нь өнгөрсөн хавар эрчийг авч байсан BeReal-н хуулбар бөгөөд энэ нь хэрэглэгч санамсаргүй байдлаар юу хийж байгаагаа бусадтай хуваалцах боломжтой апп аж.

  • Мэдсэн үү? Америкийн виз мэдүүлэх хураамж нэмэгдэв. (usembassy)

  • Унш: Ээлжийн амралтын цалинг хэрхэн тооцдог вэ? (Worki)

  • Сонирх: Дэлхийн хамгийн баян хүн Хятадад. (CNN)

  • Яагаад? Залуус мэдээ унших дүргүй болсон уу? (TheFix)

Reply

or to participate.