• Lemon Press
  • Posts
  • 🎮 eSport-н хөгжил Монголд

🎮 eSport-н хөгжил Монголд

Google Cloud Next-р юу болов? | Голомт банкны тайлан | Microsoft-н хөрөнгө оруулалт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Уншигчид маань манай Lemon #101 контентыг үзэж байгаа юу? 😜 ЭНД дарж долларын шилжүүлэг яагаад уддаг талаар ярьсан сонирхолтой дугаарыг үзээрэй. Мэдлэгт дусал нэмэр гэдэг дээ. 

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

MSE: МХБ ХК (MSE) Монгол нүүрс ассоциацитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

FRC: Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын оролцогчдыг бодлогоор дэмжих зорилготой “Mongolian jewellery & metall forum, expo-2024” эхэллээ.

🎮 eSport-н хөгжил Монголд

Зээ, eSports-н зах зээлийн хэмжээ 2022 онд $1.5 тэрбум байсан бол 2030 он гэхэд 4.7 дахин нэмэгдэж $6.8 тэрбумд хүрэхээр байна. Энэ төрлийн спорт Монголд ч нэлээд хурдацтай хөгжиж буй. 

Шинэ түүх 

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө PC тоглоом тоглодог хэнбугайг ч сайнаар хардаггүй байлаа. Харин өдгөө монгол залуус олон улсын чанартай eSports-н тэмцээнүүдэд амжилттай оролцож буй. 

  • Тод илрэл: Нийт $3 саяын шагналтын сантай PUBG Mobile Global Championship 2023-н шилдэг 4 байрын 3-т Монгол баг шалгарсан билээ. IHC Esports баг дэлхийн аварга болсон бол Stalwart Esports баг дэд аварга болж, 4Merical Vibes 4-р байранд тунасан юм. 

  • Өндөр орлого: eSports-н тэмцээнүүд өндөр шагналтай байдаг тул шилдэг тамирчдын орлого ч өндөр байдаг. Бид Lemonade цувралынхаа эхний улиралд мэргэжлийн CS:GO тамирчин Kabal буюу Б.Бат-Энхийг оролцуулж байв. Түүний тухайн үеийн жилийн орлого ₮100 сая байсан гэхээр лут байгаа биз? 

532 сая үзэгч 

Нийт eSports үзэгчдийн тоо 532 саяас даваад буй. Тэд ихэвчлэн Twitch болон YouTube Gaming зэрэг томоохон стриминг платформоор eSports-н контентыг үздэг аж. Twitch дээр л гэхэд 5.8 тэрбум цагийг live stream үзэхэд зарцуулсан байна. Тус спорт нь олон үзэгчтэй болохоос гадна маш олон арга хэмжээ, тэмцээнүүд зохиогддог болсон. 

  • ESN: Монголд ч гэсэн ESN буюу eSports Network гэх дотоодын болон гадаадын албан ёсны эрхтэй eSports тэмцээн зохион байгуулагч бий. Тэд өнгөрсөн онд Mobile legends bang bang, CS:GO, DOTA2, Valorant гэх мэт тоглоомын төрлүүдээр ESN NATIONAL CHAMPIONSHIP тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. 

  • Энэ жил юу хийх вэ? Харин 2024 онд нийт ₮120 саяын шагналын сантай PUBG MOBILE, CS2, MLBB, DOTA2 гэсэн тоглоомын төрлүүдийн олон улсын эрхтэй шууд дамжуулалт, тэмцээн уралдаан зохион байгуулахаар ажиллаж буй. 

Эцэст нь, танд дуулгахад ESN дэлхийн шилдэг eSport-н тэмцээн зохион байгуулагч BLAST-тай хамтран CS2 төрлөөр Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол багаа тодруулах гэж байгаа. Заа тэгээд сонирхогчид маань очно л биз дээ? 😄

💵 $2.9 тэрбумын хөрөнгө оруулалт

MSFT: Microsoft Японд $2.9 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Уг хөрөнгө оруулалт нь AI, үүлэн сүлжээг өргөжүүлэхэд зарцуулагдах юм. Энэ хүрээнд 3 сая ажилтныг AI-н чиглэлээр бэлтгэн чадавхжуулах төдийгүй Токио хотод Microsoft Research Asia лабораторийг байгуулах аж. ChatGPT-г танилцуулснаас хойш технологийн томоохон компаниуд дата төвүүд, үүлэн тооцоололд оруулах хөрөнгө оруулалтаа нэмсээр байна даа.

⚙️ Google Cloud Next-р юу болов?

Оффисын ажлын алтан түнш Google Docs, Sheets, Slides гээд Google Workspace шинэ AI гишүүнээр бүл нэмлээ. Тус бүтээгдэхүүнээ Google Cloud Next 2024 арга хэмжээний үеэр танилцуулсан бөгөөд арга хэмжээ эхэлсэн өдөр Google (GOOG)-н хувьцааны үнэ түүхэн дээд түвшин болох $159-т хүрэв.

  • Google Cloud Next: Энэ жилийн Google Cloud Next 2024 эвэнт 4 сарын 9-11-нд зохион байгуулагдаад буй.

Google Vids

Google Workspace Lab-д нэмэгдсэн олон шинэчлэл дундаас Google Vids буюу хиймэл оюун ухаант бичлэг бүтээгч онцгойров. Учир нь тус апп-ийн тусламжтайгаар хэрэглэгчид Docs, Sheets, Slides гэх мэт Workspace-н апп-ууд дээрх мэдээллийг видео болгох түүнийгээ засварлах боломж нээгдэх юм. Нэмээд бичлэг дээрээ хоолой унших гээд PPT-гээ бичлэг болгохын тулд өөр апп ашиглах шаардлагагүй болох нь.

  • Хэзээ? Одоогийн байдлаар тус апп-ийг дотооддоо туршиж байгаа бөгөөд ирэх 6-р сард хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байна.

Бичихэд минь туслаач!

Цаашлаад Gmail дээр ноороглоод орхисон имэйлээ “Help me write” функцийн тусламжтайгаар сайжруулах боломжтой. Хамгийн галзуу нь зүгээр л хэлэхэд л болно. Нэг ёсондоо “Siri, YouTube дээр тийм дууг тоглуул” гэдэг шиг “Help me write”-р имэйл бичүүлэх, засуулах боломжтой.

  • Сонирхолтой баримт: Өдгөө дэлхий даяар Google Workspace-г 3 тэрбум гаруй хүн ашигладаг бол 10 сая хүн төлбөр төлж ашигладаг аж

Илүү том түншлэл

Хэрвээ та Google Cloud Next болохыг анаж байсан бол тус эвэнт дээр Google болон Nvidia (NVDA)-н хамтран гаргах бүтээгдэхүүн хүн болгоны анхаарлын төвд байсан гэдгийг мэдэх байх. Төлөвлөгөө ёсоор Цахиурын хөндийн хамгийн амбицтай төсөл гэгдэх болсон Nvidia-н Blackwell платформ нь ирэх жилээс Google Cloud-д нэгдэхээр болсныг мэдэгдэхийн сацуу хамтран бүтээсэн A3 супер компьютероо ч танилцуулав.  

  • Шинэ чип: Түүнчлэн Google дата төвүүдэд зориулагдсан Arm (ARM)-н чипээр тоноглогдсон Google Axion процессор (CPU)-г ч алгассангүй. Компани тус CPU-гээ өндөр гүйцэтгэлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хэмээн сурталчилж байгаа бөгөөд энэ нь тэдний хамгийн анхны ARM-н чипийг ашигласан тохиолдол болж байна. 

  • Гэснээс эдгээр шинэ AI функцүүдийг Google Workspace-н захиалгатай хэрэглэгчид сард $10 төлөөд ашиглах боломжтой гэнэ.

Нэмээд Gemini 1.5 Pro, Google Meeting AI хэлмэрчтэй болсон, Vertix AI дүр бүтээгч гээд маш олон сонирхолтой бүтээгдэхүүнд олны нүдийг хужирлалаа. Google-н экосистем AI-р өнгө нэмж улам л царайлаг болоод байна уу даа?

Энэ 7 хоногт Lemon Press-д нэгэн сонирхолтой үйл явдал тохиосныг анзаарсан уу? Товхимлоо тогтмол уншдаг бол дон гээд л толгойд тань буух ёстой доо. 

Таасан бол бидэнд хариугаа явуулахаа мартав аа. 🍋

🍋 Хүсэн хүлээсэн Lemonade S4

Зиак, өнгөрсөн удаад онцлон бичиж, догдлон хүлээж байсан Lemonade цувралын маань шинэ улирал 4 сарын 9-нд цацагдлаа. Үзэж амжаагүй бол Lemon Press-н Youtube сувгаар зочлоорой. 😎

Хамгийн эхний дугаарт реппер, продюсер, "Big Gee's Foods"-ийн үүсгэн байгуулагч Т.Мөнх-Эрдэнэ буюу бидний мэддэгээр Big Gee оролцож, Гадаадын болон Монголын хөгжмийн зах зээлийн ялгаа, түүний орлогын эх үүсвэр болон амьдралын үнэ цэнийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Сонирхуулахад, тэрээр хөгжмийн салбар, хувийн бизнес болон байгууллагын брэндийн нүүр царайгаар ажиллах гээд орлогын 3 эх үүсвэртэй гэнэ шүү.

За тэгээд, Big Gee болон АК-69 хамтран бүтээсэн Ride Wit Us дууг лимонууддаа зориулж байна.

🔹Голомт банк (GLMT)-ны I улирлын цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 2.6 дахин өсөж ₮86.2 тэрбумд хүрчээ. Учир тэдний цэвэр зээлийн хэмжээ 40.8% өссөнөөр хүүгийн орлого нь 30.5% нэмэгдэж ₮214.4 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн тус банкны өөрийн хөрөнгө 16.5% өсөж ₮1 их наядад хүрсэн аж. 

🔹Ирэх 5 сарын 1-нээс Америкийн виз мэдүүлэхийн тулд заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай боллоо. Тодруулбал, бүх виз мэдүүлэгчид, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатай болсон аж. ЭСЯ ярилцлагын цаг товлоогүй 14-өөс доош насны хүүхдийн визний мэдүүлгийг авахгүй гэнэ. 

🔹Дэлхийн компьютерын нийлүүлэлт сэргэж цар тахлын өмнөх түвшинд хүрлээ. Ковид-19-ийн дараагаас уналтад ороод байсан компьютерын нийлүүлэлт энэ оны I улиралд өмнөх оноосоо 1.5% өсөж 59 сая ширхэгт хүрсэн аж. Сонирхуулахад, Lenovo зах зээлийн хамгийн том нийлүүлэгч байгаа бөгөөд тус хугацаанд 13 сая ширхэг компьютер нийлүүлжээ.

🔹Энэ оны I улиралд Сонгинохайрхан дүүрэг дэх цахилгаан хуримтлуулах батарейн станцаас төвийн системд 17.7 сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ. Тус станц бүрэн хүчин чадлаар ажиллавал жилд 58 сая кВт цахилгаан нийлүүлэх боломжтой аж. Тус станцын тохируулгын үе жигдэрсэн бөгөөд өнгөрсөн 2-3-р сард бүрэн хүчин чадлаар ажиллажээ.

  • Тоо: Хятад дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч гол хүч байсаар байна. (CNBC)

  • Анхаар: Оффис дээрх улс төр, сонгуулийн мэтгэлцээн айсуй. (INC)

  • Айн? Одоогийн крипто мөчлөгийг ашиглаж чадвал хөрөнгөө 10 дахин өсгөх боломжтой гэнэ үү? (MilkRoad)

  • Тогло: Хаяадаа толгойгоо сэргээнгээ тоглоод үзээрэй. (CombatSiege)

Бидэнд санал хүсэлтээ хэлэх боломж.

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.