- Lemon Press
- Posts
- 💰 Хадгалахын тулд өлсөхгүй байж болно
💰 Хадгалахын тулд өлсөхгүй байж болно
Далайн гүний газрын ховор металл | ERDN-н тайлан | Стэйкинг үйлчилгээ
POWERED BY
Morning! Дарга нар маань төлбөртэй бүс тогтоож ₮27,500 авах тухай яриад байсан даа? Тэгвэл энэ яриа эцэслэгдэж, ямар нэгэн төлбөртэй бүс тогтоохгүйгээр болсон байна шүү. Сонгууль дөхөж байхад иргэдтэй дайсагнасан шийдвэр гаргахыг хүсээгүй бололтой. 🤷♀️


*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Ирэх улиралд арилжааны банкнууд ААН-ийн зээлийн нөхцөлийг бага зэрэг чангаруулах төлөвтэй байна.
MNG: Монгол Канадын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
COP: Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 2% өсөж тн нь $8,431-т хүрсэн нь 7-р сараас хойших хамгийн том өсөлт боллоо.

📈 Эрсдэл дүүрэн ч өндрөөр үнэлэгдсээр

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) ХК III улиралд цэвэр алдагдлаа жилийн өмнөхөөс 39.3% бууруулж CA$1.2 саяд хүргэв. Тэгвэл энэ жилийн тайланд өөр онцлог зүйл юу байв?
Хөрөнгө оруулалт
Компанийн эхний 9 сарын байдлаар нийт өр төлбөр 51.6 дахин нэмэгдэж CA$45.8 саяд хүрсэн нь стратегийн түншлэлтэй холбоотой байв.
Тодруулбал, тэд энэ оны 1-р сард Mongolian Mining Corporation (0975.HK)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээр CA$34 саяын хөрвөх нөхцөлтэй өрийн бичгийн гэрээ байгуулсан юм.
Урамшуулал ба зардал
Компани энэ оны 6-р сард хувьцаанд суурилсан урамшууллын багц хөтөлбөрийг баталсан. Ингэснээр энэ оны III улирлын байдлаар гэхэд CA$1.5 саяыг урамшууллаар олгосон нь өмнөх жилээс 63.3% өссөн үзүүлэлт байлаа. Компани энэхүү бодлогыг захирал, зөвлөх, ажилтнуудад урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Эрсдэл дагаж шагнал: Компанийн үйл ажиллагаа канад доллароор, охин компаниудынх төгрөгөөр явагддаг. Нэмэлтээр компани америк доллароор санхүүжилт татан буцаан төлж байгаа. Улмаар компанид америк долларын ханшийн 10%-ийн өөрчлөлт CA$2.1 сая, төгрөгийн 10%-ийн хэлбэлзэл CA$8,400-ын тус тус цэвэр алдагдал дагуулах эрсдэлтэй байгаа аж. Гэхдээ тэд тус улиралд CA$823.5 мянгын ашгийг охин компаниудын ханшийн хөрвүүлэлтээс олсон байна.
Үйл ажиллагааны стратегийн хувьд, компани Баянхөндий алтны ордыг олборлож эхлэх, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх ордуудыг тэлэх, хөгжүүлэхэд чиглэн ашиглалтын тусгай зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл зэргийг аваад байгаа аж.
Эцэст нь, энэ жил тэд их хэмжээний хөрөнгө оруулалт татаж компанийн бүтцээ ч өөрчлөөд авлаа. Нэмэлтээр тэдний хувьцааны үнэ МХБ (MSE) дээр он гарснаас хойш 17.2% өсөж ₮850 болж P/B харьцаа 2.4 болоод байна.

🏃 Өрсөлдөгч нар завгүй байхад
9888.HK: Baidu-н III улирлын орлого өмнөх жилийн мөн үеэс 6% өсөж ¥34.4 тэрбумд хүрлээ. Улмаар шинжээчдийн ашгийн таамгийг давуулан биелүүлж ¥6.7 тэрбумын ашигтай ажиллажээ. Сонирхуулахад, энэ жил компани ChatGPT-тэй өрсөлдөх өөрсдийн Ernie bot-оо танилцуулж 3 сарын дотор 70 сая хэрэглэгчидтэй болов. Тус тайлангийн араас хувьцааны үнэ 2.8% өсөж HK$107.4 болоод байна.

⛏️ Далайн гүнээс газрын ховор металл

Газрын ховор металлын эрэлт ихсэж байгаа энэ цаг үед улс орнууд тус түүхий эдийг далайн гүнээс олборлохыг эрэлхийлэх болов.
Нууцлаг ертөнц
Дэлхий дээр хүн төрөлхтний гар хүрээгүй үлдсэн цөөн тооны газар бол далайн гүн. Олон жилийн туршид далайн гүний судалгаа эрчимтэй хийгдэж бидний мэдэхгүй ертөнцөд юу байгаа бол, ямар баялаг байгаа бол гэх асуултууд олон ч хүнийг тус сэдэв рүү чангааж ирсэн. Түүнчлэн газрын гадарга дээрх ашигт малтмалын ордууд шавхагдаж байгаа нь улс орнуудыг далайн гүнээс шинэ эх үүсвэр хайхад хүргэж буй.
Яагаад далай гэж? Газрын гадаргаас доош 3,500 км-ээс 6,500 км-ын гүнд кобальтын нөөц гэхэд 50 сая тн, никелийнх 270 сая тн, зэсийн 230 сая тн-н нөөцтэй гэх судалгаа бий. Үүнийг гадаргатай харьцуулбал, далайн гүн дэх нөөц зэсийн хамгийн их нөөцтэй гэгддэг Чилиэс 40 сая тн-оор их байгаа юм.
Хамгийн сонирхолтой хэсэг нь далайн гүнээс олборлох гээд байгаа тус полиметаллийн 1 хүдэрт кобальт, никель, зэс, манган гэсэн 4 газрын ховор металл агуулдаг аж. 1 сумаар 4 туулай.
Ойртсоор
Өнгөрсөн оны 12-р сард Хятад 10,000 м-н гүнд олборлолт хийх чадалтай анхны далай судлалын өрөмдлөгийн хөлөг онгоцыг олон нийтэд танилцуулсан. Тус үйл явдлаар Хятад далайн гүнд олборлолт хийхэд бэлэн төдийгүй томоохон тоглогч болно гэдгийг дэлхийд батлан харуулсан юм. Тэднээс гадна Бельгийн Deme (DEME.BR) 2021 онд олборлолт хийх машинаа зохион бүтээж аль хэдийн туршаад эхэлсэн.
Түүнчлэн өдгөө ОУ-ын Далайн гүний зохицуулагч байгууллага (ISA)-аас нийт 30 лиценз олгосны 5 нь Хятадынх. Улмаар дэлхий даяар 2025 оноос эхлэн далайн гүний олборлолт эхлэх төлөвтэй байгаа төдийгүй Хятадын хувьд нийт зөвшөөрөгдсөн талбайн 17%-д нь олборлолт хийх эрхтэй байгаа аж.
Эцэст нь… Хятад газрын гадарга дээрх газрын ховор металлын өрсөлдөөнд ч тэргүүлдэг буюу тус түүхий эдийн томоохон боловсруулагч. Америк хүртэл Хятад руу газрын ховор элементээ боловсруулахаар явуулдаг гээд бод, бод, бод.

🎧 Мэдрэмжээр aялъя | Mbook

Ном унших дуртай, номын хорхойтон уншигчид анхаараарай! 📢
Монголын хамгийн том аудио номын сан Mplus шинэчлэгдэж, өнөөдрөөс Mbook нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тэднийг номоор зүйрлэвэл эхний бүлгээ өндөрлөж, шинэ бүлгээ эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд тэд мэдлэг, мэдээллийг түгээхэд чиглэж байсан бол энэ удаад хамгийн баялаг сан хөмрөг бүхий платформоор дамжуулан ном сонсох дадал болон мэдрэмжийг хүргэхээр зорьж буй.
Cонирхуулахад, шинэчлэгдсэн Mbook 8,000 гаруй аудио, цахим ном, подкастыг багтаасан ба үүнд 200 гаруй хувь хүний хөгжлийн товч ном, 100 гаруй түрээсийн ном бий.
Заа тэгээд Mbook-тэй хамт мэдрэмжээр аялцгаая. 📚


Nairametcirs
🔹Fitch Ratings-с ЗГ-ын доллароор гаргах бондыг "B/Тогтвортой" гэж үнэллээ. Түүнчлэн Fitch Ratings-н мэдээлснээр тус бондыг Засгийн газраас ирэх онд төлөх 8.75%-ийн купонтой “Хуралдай” бондыг хугацаанаас нь өмнө худалдаж авахын тулд гаргаж байгаа хэмээсэн юм.
🔹Омни ассет ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Тус ХБҮЦ нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй бөгөөд жилийн 19.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай байх юм. Ингэснээр тэд олон нийтээс ₮6 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй.
🔹Өмнөд Солонгос Монголоос газрын ховор металл олборлоход ₩9.7 тэрбумын санхүүжилт олгоно. Тус ажлын эхлэл болгож өнгөрсөн Даваа гарагт Монгол болон Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг хийж, ховор металлын судалгааны төв байгуулах хамтарсан хороог байгуулсан юм.
🔹Xanadu Mines (XAM.TO) нэмж хувьцаа гаргахаар боллоо. Ингэхдээ нэгж бүрийг $0.055-оор үнэлсэн нийт 78.1 гаруй сая ширхэг хувьцааг гаргах бөгөөд түүнийгээ 2 транчаар арилжих юм. Улмаар олон нийтээс A$4.3 саяыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

🤔 Стэйкинг үйлчилгээ

Та крипто ертөнц дэх хадгаламжийн үйлчилгээний талаар сонсож байсан уу? Хариулт тань үгүй бол стэйкинг гэх үйлчилгээ байна аа. Өнөөдөр энэ үйлчилгээтэй танилцах болно. Анхаарлаа нааш нь.
Хадгаламж өлсөхөөс эхлэхгүй ч байж болно
Энгийнээр тайлбарлавал стэйкинг нь койн эзэмшигчдийн хувьд нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломж юм. Товчоор бол таны эзэмшиж буй криптовалютыг түр түгжиж ашиг олгох үйл явц юм.
Яаж? Блокчэйн дээр хийгддэг хэдэн зуун мянган гүйлгээний баталгаажуулалтыг PoS (Proof of Stake)-д суурилсан блокчэйн дээр валидаторууд (validators) гүйцэтгэдэг. Харин хэрэглэгчид тухайн валидатор дээр койноо байршуулах буюу стэйк хийснээр өгөөж хүрдэг байна.
Ашиг нь хаана аа юм? PoS-д суурилсан блокчэйнд хамгийн их койн түгжиж, урт хугацаанд хадгалсан валидатор илүү найдвартайд тооцогддог аж.
Crypto-24
Сонирхуулахад, MongolNFT-с стэйкингтэй төстэй Crypto-24 идэш гэх шинэ хөтөлбөр зарлаад буй. Хугацааны хувьд өнгөрсөн 7 хоногоос эхлээд ирэх оны 11 сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд 1 жилийн хугацаанд 24 удаа зарлагдах аж. Идэш бүр ETH, MNFT, GALA, APE зэрэг криптовалютаар зарлагдаж өгөөжөө тухайн криптогоор авах гэнэ.

💭 Анхаарлаа шалгах цаг ирлээ. Дараах текстээс зөвийг олоорой.
A. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) ХК-ийн III улирлын цэвэр ашиг CA$1.2 саяд хүрэв.
B. Fitch Ratings-с ЗГ-ын доллароор гаргах бондыг "B/Тогтвортой" гэж үнэллээ.
C. ОУ-ын Далайн гүний зохицуулагч байгууллага (ISA)-аас нийт 30 лиценз олгосны 5 нь Хятадынх.

Мэд: Microsoft-н AI Copilot-г хэрхэн ашиглах вэ? (Tech.Co)
Танилц: Амьдрахад хамгийн тохиромжтой 20 орон. (Forbes)
Хар: Далайн гүнээс олборлох полиметаллын хүдрийн биет. (LockheedMartin)
Унш: Apple-н ээлжит iOS шинэчлэлийн эргэн тойронд. (PhoneArena)

Зөв хариулт C. ОУ-ын Далайн гүний зохицуулагч байгууллага (ISA)-аас нийт 30 лиценз олгосны 5 нь Хятадынх.


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply