- Lemon Press
- Posts
- ⚖️ Татварын маргаан
⚖️ Татварын маргаан
Хэвлэл мэдээллийн салбар | Epic Games-н ялалт | Оюу толгой ба ЗГ
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Шатахуун тасалдаад байхаар нь Tesla авсан чинь цахилгаан хязгаарлах нь гээд нулимстай инээдэм болоод байсан. Тэгвэл Оросоос нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй л гэнэ. Бензин бас асуудалгүй л гээд байсан. Юу болох юм бол доо? 🤷♀️
*Нэг өдрийн өөрчлөлт
POL: Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
MNG: Гол нэрийн 19 бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг ирэх 2-3 жилд жил бүр 5%-иар үе шаттайгаар нэмж 20%-д хүргэнэ.
US: Америкийн инфляц 11-р сард бага зэрэг буурч 3.1% боллоо.
⚖️ Татварын маргаан
Оюу толгой төслийн татварын маргааны түдгэлзүүлсэн хугацаа энэ сарын 31-нд дуусна. Тэгвэл Татварын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-д дахин татварын акт тавихаар болов. Яг ямар маргаан үүсээд ингэж сунжраад байна?
Асуудлын цөм
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгойн татварын орчныг тогтворжуулсан байдаг. Үүнд ААНОАТ, АМНАТ, НӨАТ, Гааль, Үл хөдлөх хөрөнгө гэх мэт татваруудын хувь хэмжээг тухайн үеийн хуульд заасан хэмжээнд тогтворжуулсан ч татварын орчныг бүхлээр нь тогтворжуулаагүй аж.
Өөрөөр хэлбэл: Rio Tinto (RIO) 2009 оны хууль тогтоомж тэр чигээрээ өөрчлөгдөхгүйгээр Оюу толгой төсөлд мөрдөгдөнө гэж үзэж байхад ЗГ татварын хувь хэмжээнээс бусдыг тогтворжсон гэж үзэхгүй гээд байгаа болохоор байр суурь нь зөрчилдөөд байгаа юм.
2015: Тус онд Оюу толгойн татварын тогтворжуулалтын асуудлаарх ойлголтыг ЗГ хүлээн зөвшөөрч маргааныг шийдвэрлэсэн гэсэн байр суурьтай байсан. Гэвч 2018 онд Монголын татварын албанаас Оюу толгойн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж $155 саяын татварын акт тавьсан. Компани үүний $4.8 саяыг төлсөн ч үлдсэн дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
2020: Оюу толгой болон ЗГ 2013-2015 оныг хамрах татварын маргааныг 2018 оноос хойш 2 жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүй тул 2020 оны 2-р сард “Оюу толгой” ХХК ЗГ-ыг арбитрын шүүхэд өгсөн юм.
Оюу толгой байр суурь
Оюу толгой болон Rio Tinto Зэсийн групп татварын маргааныг арбитрын журмаар биш яриа хэлэлцээрээр шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингэснээр ЗГ-тай тогтоосон харилцаагаа шинэ шатанд гаргана гэж үзэж байгаа аж.
ЗГ байр суурь: Харин ЗГ татварын маргааны хүрээнд тавьсан акт үндэслэлтэй үзэж байгаа. Иймдээ ч тэд 2020 оны 12-р сард нийт ₮649.4 тэрбумын татварын акт үйлдэж, Оюу Толгой арбитрын шүүхэд хандахад сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо ч мөн дахин $70-$80 саяын акт тавих нь.
Цаашид яах вэ?
Хэрэв арбитрын шүх Оюу толгойн талд шийдвэр гаргавал татварын акт хүчингүй болно. Дээрээс нь тэдний дундын дансанд байршуулж байсан ₮1 их наядыг ЗГ Ковид-19-ийн үед 1 иргэнд ₮300 мянгаар тараасан гэх асуудал ч байгаа. Нэмээд ирэх жил сонгуультай. Юу болох юм бол доо.
🥊 Бадрангуй ялалт
GOOG: Epic Games Google-г ялав. Тодруулбал, тэд Google-н Play Store-г төлбөр тооцооны үйлчилгээний зах зээлд монопол байж өрсөлдөөнд харш зүйл хийсэн гэж үзээд Холбооны тангарагтны шүүхээр нэхэмжлэлээ шийдвэрлүүлээд байгаа нь энэ. Epic Games Apple (AAPL)-тай ч мөн ижил төрлийн маргаан үүсгэсэн ч ялагдал хүлээгээд байна.
📰 2023: Хэвлэл мэдээллийн цензуртэй жил
2023 он дуусахад ердөө 17 хоног үлдсэн байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт юу болов, хараат бус байдал хаана явж байна? Үдэж буй оноо дүгнээд нэг харах уу?
Редакцын хараат бус байдал ба цензур
Өнгөрсөн жил ЗГ-уудаас төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх сөрөг нөлөө хумсын толион чинээ буурсан ч яг үнэндээ алга дарам хэвээр байна. Тухайлбал, дэлхийн 157 орны төрийн мэдлийн 592 хэвлэл, мэдээллийн байгууллагын 83% нь буюу дийлэнхийнх нь редакц хараат бус байж чадсангүй.
Эрүүл сэтгүүлзүйд ээлгүй байна!
Түүнчлэн 10 улсын 7-д нь сэтгүүлчээр ажиллахад хэцүү байдаг гэнэ. Ингэхдээ УТ, ЭЗ, хууль эрх зүй гэсэн 5 шалгуураар тухайн улсын сэтгүүлзүйд хэр ээлтэй байгааг харахад Дани, Финланд тэргүүтэй Скандинавийн орнуудад хэвлэн нийтлэх эрх чөлөө хамгийн сайн хангагджээ. Харин Хятад, Орос, Энэтхэгт нөхцөл байдал хэцүүхэн л харагдаж байв. Үүнээс гадна…
Эрсдэл: Энэ онд нас барсан сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн салбарын ажилчдын тоо өнгөрсөн жилээс 67% өсөж 94-д хүрсэн байна. Үүнд Газын зурваст өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн ихээхэн нөлөөлсөн юм.
Хорив: Түүнчлэн 393 сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн салбарын ажилчид хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Хятад болон Хонкогт 80, Орост 40 сэтгүүлчид хорих ял оноогдуулсан аж.
Монгол
Монголын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексэд энэ онд 2 байр урагшилж 59 оноотойгоор 88-р байранд жагсаж байна. Тус 5 шалгуур үзүүлэлтээс ЭЗ-ийн шалгуур нь хамгийн бага буюу 38.9 оноог аваад буй.
Мэдээллийн эх сурвалж +500: Монгол 3.5 сая хүн амтай гэхэд 500 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байдаг. Үүнээс редакц нь хараат бус ажилладаг нь хэд вэ, гээд хайвал бас л цөөхөн дөө.
Эцэст нь… Ирэх онд Орос, Америк, Монгол гээд 40 гаруй оронд сонгууль болно. Гэтэл эдгээр улс орнуудын хэвлэл мэдээллийн ¼ хүрэхгүй нь л хараат бус ажилладаг байгаа гэх юм. 😥
+1.4%
Энэ оны эхний 11 сард 3,966 аюулт үзэгдэл, ослын тохиолдол гарч өнгөрсөн оноос 1.4% өсжээ.
Түймэр 2,718
Тус хугацаанд 2,718 объектын түймэр бүртгэгдсэн байна.
2.2 дахин их
Түүнчлэн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 2.2 дахин нэмэгдэж 185 болоод буй.
AFR
🔹Ихэнх яамдуудад жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа 50%-иас доош байна. Жендерийн үндэсний хорооны үнэлгээгээр ГХЯ, ХЗДХЯ, БХБЯ, ХНХЯ гэсэн ердөө 4 яамдуудын жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа 50%-иас дээш хэрэгжилттэй гэж үнэлэгджээ.
🔹Golomt Capital Championship–н 39 дэх 7 хоногт тэргүүн байрны оролцогч Goldie-н өгөөж 150%-тай байлаа. Үргэлжлүүлээд ТОП-10 оролцогчийн өгөөж 66.8%, ТОП-100-гийнх 23%-тай байжээ. Түүнчлэн ТОП-100 оролцогчийн ихэнх буюу 34% нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүнд ХО оруулсан аж.
🔹Банкнуудын ногоон зээлийн багц нийт зээлийн 5%-ийг эзлэх болжээ. Энэ нь Монголбанкны 2030 он гэхэд банкнуудын ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10%-д хүргэх зорилтын нэг хэсэг юм. Сонирхуулахад ирэх оны мөнгөний бодлогод ногоон зээлийн үр дүнг хэмжих систем хөгжүүлэхээр тусгажээ.
🔹МҮХАҮТ-ын Дэд захирал Хятадын Ляонин мужийн Худалдааны Танхимын орлогчтой хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар ярилцлаа. Тэд ирэх онд 2 орны бизнес эрхлэгчдийг холбох B2B уулзалт, харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр экспо зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхэд санал нийлэв.
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга / Монложистикс Холдинг: Хүний нөөц, захиргаа чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)
Санхүү хариуцсан дэд захирал / Монголиан Стар Дистрибюшин: Санхүү стратеги, төлөвлөлтийн чиглэлээр 3+ жил удирдах албан тушаалд ажиллаж байсан бол сонирхоорой. 👉 (Link)
Санхүүгийн шинжээч / Мандала лэженд: Санхүүгийн шинжээчийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэргэжилдээ хайртай хүнийг хайж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Унш: Их Британийн шинэ Элчин сайд Монголд юу хийнэ гэнэ? (TheDiplomat)
Сонирх: Gemini vs ChatGPT. Аль нь дээр юм бэ? (BusinessInsider)
Дүгнэхэд: 2023 оныг график үзүүлэлтээр. (MCKinsey)
Сонс: Дулаахан мэдрэмж илүүдэхгүй биз дээ? (WarmJazzMusic)
🤗 Sharing is caring
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply