- Lemon Press
- Posts
- 🙊 Төсөв байхгүй
🙊 Төсөв байхгүй
Нийгмийн даатгалын эргэн тойронд | $MFC-н ээлтэй төсөл | ЗГ-ын үнэт цаасны арилжаа
POWERED BY
Hey! Орос Монголын харилцаа агаарын салбарт зузрах нь дээ. Юутай ч онгоцны түлш нийлүүлэх гэрээ хийхээр болоодохжээ. Нэмээд Чингис хаан олон улсын нисэх буудлыг Оросын мэдэлд шилжүүлнэ гэдэг шуум тарлаа. Юу л болоод байна даа, Путин гэж. ✈️


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийн IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт 84.4%-д, Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийнх 100%-д тус тус хүрчээ.
AIC: Ард Даатгал ХК (AIC)-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Эрдэнэтулга томилогдов.
GOV: Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт ₮43.7 тэрбумын захиалга иржээ.
POL: Хангайн бүсийн аймаг тус бүрд 10 МВт-н нар, 20 МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

🇲🇳 Нийгмийн даатгалын эргэн тойронд

Та бидний тогтмол төлдөг татваруудын хувь хэмжээг багасгах, үгүй талаар ид хэлэлцэж байна. Нам, хувиараа эвсээд эхнээсээ хуулийн төслөө танилцуулаад эхэллээ. Энэ дунд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор хэний ам яаж хөдлөв?
🔻 Нөхцөл байдал: Урд хормой = Хойд хормой
Нийгмийн даатгалын сан (НДС) олон жилийн турш алдагдалтай ажиллаж түүнийг нь төсвөөс санхүүжүүлж байгаа. Уг сан өнгөрсөн сарын байдлаар ч дадсан сурснаараа ₮297 тэрбумын алдагдал хүлээжээ.
🧐 Хэн юу боловсруулав?
Оны эхэнд УИХ-ын гишүүн Б.Түвшиний “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулийн төсөл нээлттэй байршсан. Үүнд гэрээгээр ажил гүйцэтгэгч, нэг удаагийн ажлын хөлс, хөнгөлөлт урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл авахыг болиулахаар тусгасан. Мөн НДШ төлөх цалин, орлогын дээд хэмжээг хязгаарласан буюу ажил олгогч талаас төлөх НДШ-ийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэхүйц байна гэжээ.
❌ Эсрэг байр суурь: Харин Монголын үйлдвэрчний эвлэлээс энэхүү хуулийн төсөл хэрэгжсэн тохиолдолд 2025 оны төсөвт ₮725 тэрбумын алдагдал үүснэ гэж үзэж буй. Тэгэхээр татварын ачааллыг бууруулах нь хэрэгцээтэй байгаа нь үнэн ч энэ орон зайг үүсгэхийн тулд төсөв сахилга баттай, зөв зарцуулалттай байх нь зүй.
🛀 Ажил олгогчийн нурууг амраана: Харин ГБХНХЯ-нд боловсруулж байгаа төсөл дээр ажил олгогч талаас төлж байгаа НДШ-ийг 3 нэгж хувиар багасгах асуудал яригдаж байгаа. Энэ тохиолдолд ажил олгогч 1 ажилтныг дундаж цалингаар цалинжуулдаг гэж үзвэл түүнд төлөх НДШ нь ₮80 мянгаар багасна.
📌 Яах хэрэгтэй вэ?
НДШ-ийн 2%-ийг хуримтлуулж байгаа нь урагш алхсан ганц алхам болсон. Нэмээд шимтгэл, татварын хувь хэмжээг бууруулахаас гадна НДС-г уг сууриар нь зөв голдирол руу оруулах урт хугацааны шинэчлэл хэрэгтэй байна. Бид энэ талбарт бүрэн шинэчлэл хийхдээ хүн амын ачааллыг тооцож урт хугацаанд үр ашигтай ажиллах системийг бүтээх хэрэгтэй байна даа.

💎 Жэйми Даймоны хувьцаа эзэмшигчдэдээ хаягласан захидал. (JPMorganChase)
🧵 Америк энд тэндээс газрын ховор элементийн нийлүүлэлт сураглаад байсны шалтгаан. (CNN)
🔮 Энэ худалдааны дайн дэлхийн ЭЗ-ийг орвонгоор нь өөрчлөх айхтар хавцалд унагаах уу? (Forbes)
🏋🏻♀️ OpenAI ашгийн төлөө ажиллана чиг, ард олноо бодно чиг. (TheVerge)

🌳 $MFC-н ээлтэй төсөл
MFC: Монос Хүнс ХК-ийн 2024 оны ТУЗ-ийн хурлаас онцолбол, MFC 2.0 төслийг хэрэгжүүлэхдээ Экос брэндийг савлагааг шинэчилж хуванцрын хэмжээгээ 30% бууруулснаар 3 сарын хугацаанд 43 тн хуванцрын хэрэглээг хэмнэжээ. Түүнчлэн Киргизийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн аж. Мөн тэд хурлаараа 2025 оны ТУЗ-ийн төсвөө ₮322.7 саяар батлав. Сонирхуулахад, $MFC-н үнэ он гарснаас хойш 4.4% унаад байна.

✨ Google-н албан ёсны арга хэмжээ Монголд
Жил бүр дэлхийн 70 гаруй улсад Google (GOOG)-н дэмжлэгээр зохион байгуулагддаг “Redefine Possible x Build with AI” арга хэмжээг тун удахгүй GDG Ulaanbaatar болон WTM Mongolia-с хамтран зохион байгуулах гэж байна. 📢
Энэ удаагийн арга хэмжээ нь “Redefine Possible” уриатай бөгөөд салбартаа тэргүүлэгч гаднын болон дотоодын чадварлаг инженер, илтгэгчдийн сонирхолтой илтгэлүүдээс гадна "Build with AI workshop", ОУ-ын эмэгтэйчүүдийн өдрийг (IWD) хамтатган зохион байгуулж буйгаараа онцлог аж.
📍 Хаана: ШУТИС-ийн I байрны хурлын танхим
🗓️ Хэзээ: 4 сарын 19

🫡 🇺🇸 250 жилийн түүх vs масс таналт

Ирэх жил Америкийн тусгаар тогтнолын түүхт 250 жилийн ой тохионо. Америкчууд ирэх зун тусгаар тогтнолын түүхт ойгоо дэнж хотойтол нүсэр тэмдэглэх хүлээлттэй байсан. Гэхдээ DOGE-г гарч ирэх хүртэл…
🙊 Төсөв байхгүй
DOGE-н үр ашиггүй хэмээн танасан төсвийн байгууллагуудын санхүүжилт дунд Үндэсний Хүмүүнлэгийн Сангийн (NEH) багтаж, бусад сангийн нэгэн адил төсвөөс ирэх санхүүжилтгүй болсноор төлөвлөсөн төслүүддээ өөрчлөлт оруулж буй. Энэ дунд тусгаар тогтнолын баярыг голлон зохион байгуулах “America250” санаачилга багтсанаар бөөн хэрүүл тарьсан юм.
🙊 Жишээ нь Жоржиа мужийн Хүмүүнлэгийн зөвлөл $740,000-ын санхүүжилтээ алдсанаар баярын үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй болж байгаагаа зарласан.
🔕 Ажиллах хүн ч алга: Мөн NEH-н ажилтнуудын 80%-ийг түр чөлөөлсөн учраас зохион байгуулалтад оролцох хүн ч олдохгүй дээрээ тулаад байна. Хэзээний л үндэсний шинж чанартай баярууд ард иргэдийн сэтгэл зүрхтэй гүн холбоотой байдаг учраас ийн эмзэглэх нь аргагүй ч юм шиг.
🎁 Трампын бэлэг
Уг нь Трамп DOGE-н үүрэг ирэх жилийн тусгаар тогтнолын баяраас өмнө дуусаж, Америкчуудад өндөр бүтээмжтэй, сул ашиггүй ЗГ-ыг бэлэглэнэ хэмээсэн. Гэтэл жилдээ $15.5 тэрбумын орлогыг эдийн засагтаа өлхөн оруулдаг тусгаар тогтнолын баярын төсвийг танах нь баярын эдийн засгийг хумих эрсдэлтэй.
🌚 DOGE-н сонин сайхан: Нөгөө талд Илон Маск ирэх 9-р сар гэхэд төсвөөс $1 их наядын танах зорилгоо 2 ч удаа өөрчилж $155 тэрбум болгосон. Одоогоор $318 саяын таналт хийсэн гэхээр ийм хурдаар явбал 9-р сар гэхэд $155 тэрбумыг танах боломжгүй. 5 сарын дотор сар болгон $28 тэрбумыг танадаггүй л юм бол...
Эцэст нь… DOGE-н сүүлийн үеийн ажлууд боловсрол, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн тусламжтай огтлолцох болсноор ихээхэн шүүмжлэлд өртөх болов. Нэмээд энэ удаад Илон Маск өөрийгөө арай л өндөр үнэлснээс болж “Энэ хүнээ аваач ээ” дээрээ тулж байна даа. Гэхдээ Монголд бол Илон шиг таналт хийх хүн хэрэгтэй л байна.
Харин та Илон Маск болон DOGE-н хийж буй ажлуудыг юу гэж дүгнэж байна? |

ТОП-100
СЗХ-ноос ТОП-100 ААН үнэт цаас гаргахад тавигдах шалгуурыг багасгаж, хялбар шуурхай бүртгэдэг болоод буй.
10 өдөр
Ингэхдээ нийтэд санал болгон гаргаж буй хувьцаа, бондыг бүртгэх эсэх шийдвэрийг ажлын 10 өдөрт гаргах нь.
₮5 тэрбум
Түүнчлэн нээлттэй болон хаалттай хүрээнд 1 жил хүртэлх хугацаатай ₮5 тэрбум хүртэлх үнийн дүнтэй бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаарддаггүй болжээ.


Giphy
🍋 Nvidia (NVDA) I улиралд $5.5 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байна. Гол шалтгаан нь тэд Америкийн 2022 онд тогтоосон өндөр хүчин чадалтай чипийн экспортын хоригт өртөхгүй гэж Хятадын зах зээлд зориулан даруухан хүчин чадалтай H-20 чипийг бүтээсэн ч 2023 оноос боомилуулсан байдаг. Улмаар Хятадаас орж ирэх орлого нь экспортын хязгаарлалтаас өмнөх үеийн хагас болтлоо буурчээ.
🍋 Туулын хурдны замын төсөвт өртгийг ₮300 тэрбумаар өсгөх шаардлага гарав. Төслийн өртгийг 2 жилийн дотор 2 удаа өсгөж, сүүлд ₮1.9 их наяд болгосон. Гэтэл I тойрог замтай холбох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэх, ТЭЗҮ болон зураг төслийг ахин шинэчлэх шаардлагаар ахиад нэмэх аж. Бүтэхгүй ээ…
🍋 Энэ оны I улиралд Монголд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.8% өсөж 109 мянга болжээ. Эсрэгээрээ үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо мөн хугацаанд 12.4% өсөж 156 мянга болсон бөгөөд нийт бүртгэлтэй хуулийн этгээдийн 58.8%-ийг эзэлж байна. Эндээс 57.1% буюу 89.2 мянга нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байх нь.
🍋 Монголоос хөдөлмөрийн гэрээгээр гадаад руу зуучлуулсан иргэдийн 83.6% нь Өмнөд Солонгосыг зорьжээ. Харин үлдсэн 16.4% буюу 35 иргэн Япон руу зуучлуулсан байна. Эсрэгээрээ Монголд гэрээгээр ажиллаж байгаа гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны байдлаар жилийн өмнөхөөсөө 22% өсөж 9.9 мянгад хүрсний дийлэнх нь Хятад Улсын иргэн ажээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply