• Lemon Press
  • Posts
  • 🌾 Наадам дууслаа, намартаа бэлдье

🌾 Наадам дууслаа, намартаа бэлдье

Үр тарианы экспорт болоод МЭЗЧ-ы онцлох хэсгүүдээс тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Нар, хуртай сайхан наадсан уу? Биднийг наадаж байх хооронд манай сурагчид Японд зохион байгуулагдсан ОУМО-аас 1 алт, 4 хүрэл медаль хүртэж нийт дүнгээрээ 112 улсаас 30-рт жагсжээ. Тэдэнд баяр хүргэе. 👏

NSO: Орон сууцны үнийн индекс 6 сард өмнөх оны мөн үеэс 8.6%-иар өсжээ.

POL: Оросын армид Вагнерыг нэгтгэх саналыг Пригожин хүлээж аваагүй.

OIL: Энэ оны сүүлээр газрын тос 1 баррель нь $100 хүрэх төлөвтэй байна.

🤝 МЭЗЧ 2023-ын гол сэдвүүдээс онцлох нь

Төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт болсон МЭЗЧ-ы үеэр юу юу болсныг тоймлон хүргэе.

МЭЗЧ 2023-ын үеэр юу юу болов

  • Оролцогчид: Чуулганд нийт 2,453 оролцогч оролцсон бөгөөд үүнд гадаадын 10+ хэвлэлийн төлөөлөл, олон улсын 800+ зочид багтсан юм.

  • Онцлоход: Энэ жилийн МЭЗЧ-нд Рио Тинто компанийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн тэдний урилгаар дэлхийн тэргүүлэгч 45 санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон нь уг чуулганы цар хүрээг улам тэлэв.

Онцлох үйл явдал

  • Чуулганы үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулахаа мэдэгдэв. Тодруулбал, TNC байгууллага нь Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын хүрээнд $71 саяыг тус санд бүрдүүлэх аж.

Юу юу яригдав?

Чуулганаар Монголын тогтвортой хөгжлийн бодлого, эдийн засгийн тогтвортой байдал, шинэ ирээдүй ба боломж, хот байгуулалтын талаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн,

  • Нийтлэг яриа: Гаднын зочид, хөрөнгө оруулагчид Монголын тогтвортой хөгжлийн талаар хамгийн их дурдаж байв. Түүнчлэн тэд Монгол ЭЗ-аа олон тулгуураар хөгжүүлснээр тогтворжино гэдэгтэй санал нэгдэж байлаа. Тэдний үзэж байгаагаар бидэнд нар болон салхины эрчим хүчний нөөц хангалттай байгаа бөгөөд бид үүнийг Хятад руу нийлүүлж ЭЗ-аа төрөлжүүлж болох аж.

  • Хүний нөөц: Цаашлаад бид энэ өдрүүдэд гаднын нэлээд олон төлөөлөгчтэй ярилцсан билээ. Тэр дундаас Рио Тинто группийн ТУЗ-ийн гишүүн, Оксфордын их сургуулийн Глобал эдийн засгийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч Нгайре Вудс Монголчууд хамгийн ухаалаг, чадварлаг хүмүүсээ төрийн албанд татан оруулж, технологийн шийдлийг ашиглаж чадвал үр дүнд хүрч чадна гэсэн юм.

Эцэст нь… Урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй болж өндөрлөсөн МЭЗЧ гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын нийгэм, ЭЗ, хөрөнгийн ЗЗ-ийн орчин, нөхцөл, боломжийг таниулж, мэдээлж чадлаа. Энд бид ЭЗ-аа солонгоруулж, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нь хамтран үр дүнтэй ажиллах хэрэгтэйг сайтар ойлгох шиг боллоо. Гэснээс уг чуулгантай холбоотой дэлгэрэнгүй видеог манай сошиал сувгуудаас үзэх боломжтой шүү.

🪙 ₮3.8 ТЭРБУМЫН НОГДОЛ АШИГ

MFC: Богд Банк (BOGD) ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг ₮15.1 тэрбумд хүрчээ. Иймд дээрх цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮3.03 буюу нийт ₮3.8 тэрбумын ногдол ашгийг хуваарилахаар тогтов.

🌾 Наадмын дараа намар

НҮБ-аас Хар тэнгисээр Украины үр тариаг экспортлоход чиглэсэн хэлцлийг сунгах тухай Оросын хариуг хүлээж байгаагаа мэдэгдлээ.

  • Үр тарианы хэлцэл гэдэг нь: Дэлхийн хамгийн том үр тариа экспортлогч бол Украин улс. Тэгвэл дэлхийн үр тариа, хүнсний үнийг тогтвортой байлгах зорилгоор НҮБ-ын зуучлалаар Орос Украины үр тарианы экспортыг чөлөөтэй явуулах хэлцэл хийсэн.

Нөхцөл байдал

Энэ хэлцлийн хугацааг өмнө нь 3 ч удаа сунгаад буй. Одоогийнх нь энэ сарын 17-оор дуусгавар болно. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгчид захидал илгээж, Оросын “Россельхоз” банкийг олон улсын төлбөр тооцооны СВИФТ системд эргэн нэгтгэхийн хариуд хэлцлийг сунгах санал тавьсан аж.

Гэсэн ч… Владимир Путин Антонио Гутеррешийн захидалд одоогоор ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Украинтай байгуулсан энэ хэлцлээс гарч магадгүй гэдгээ 3 хоногийн өмнө анхааруулсан.

Нөлөө

Орос, Украин нь улаан буудай, арвай, ургамлын тос болон бусад хүнсний бүтээгдэхүүний гол нийлүүлэгч болдог бөгөөд Африк, Ойрхи Дорнод, Азийн зарим орон энэ 2 зах зээлээс шууд хамааралтай. Украин нь 36.2 сая тонн үр тариаг тээвэрлэх зөвшөөрөлтэй бөгөөд талаас илүү хувийг хөгжиж буй орнуудад тээвэрлэдэг.

Эрсдэл

  • Зүүн Африкийн үр тарианы 80 орчим хувийг Орос, Украин улсаас экспортолж байгаа тул Зүүн Африк даяар 50 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, энэ жил л гэхэд хүнсний үнэ 40% орчмоор өссөн.

  • Үр тарианы тээвэрлэлт дайны өмнөх үеийн дунджаас 40% гаруйгаар буурч, ирэх онд 10.5 сая тн улаан буудай авна гэж таамаглаж байгаа нь хөдөө аж ахуйн салбараас хамааралтай эдийн засагт нь том цохилт болж байна.

Эцэст нь… Монгол жилд 250 орчим мянган тн гурил хэрэглэдэг. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянга гаруй тн улаанбуудай шаардлагатай гэх тооцоо бий. Үүнийхээ 30% орчмыг Оросоос импортолдог. 2 улсын мөргөлдөөнөөс үүдэлтэй үнийн өсөлт нь манай улсад нөлөөлөх нь тодорхой энэ үед наадмын дараах намрын ажлынхаа бэлтгэлийг базаахгүй бол ч хэцүүдэх нь дээ.

Гурилын үнийн орцын 50% гаруйг бүрдүүлдэг улаан буудайн үнэ өнгөрсөн оноос 30% орчмоор өссөн нь гурилын үнийг мөн хувиар өсөхөд нөлөөлөөд буй. Тэгвэл сүүлийн 10 жилийн 7 саруудад Барс захад Алтан тариа 1-р гурилын үнэ хэд байсныг харцгаая.

  • 2014: ₮850

  • 2015: ₮950

  • 2016: ₮1,000

  • 2017: ₮1,000

  • 2018: ₮1,000

  • 2019: ₮1,000

  • 2020: ₮1,100

  • 2021: ₮1,300

  • 2022: ₮1,400

  • 2023: ₮2,300

🔹 Ripple Labs Inc нь криптовалютын салбарынхны хувьд анхны хууль ёсны ялалтыг байгууллаа. Тодруулбал тэд өөрийн XRP токеноо олон нийтийн бирж дээр зарснаар Холбооны үнэт цаасны тухай хуулийг зөрчөөгүй гэж Америкийн шүүх Пүрэв гарагт шийдвэрлэв. Үүний дараа Coinbase-н хувьцаа 24%-иар өсөж, Баасан гарагт нэгж хувьцаа нь $107 болж хаагдсан байна. 

🔹Өнгөрсөн 7 хоногт ердөө 5 хоногийн дотор 100 сая хэрэглэгч бүртгүүлэн дээд амжилт тогтоогоод байсан Threads-н хандалт буурав. Тодруулбал, сүүлийн 2 өдөр платформын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх 7 хоногоос 20% орчмоор, хэрэглэгчдийн зарцуулсан хугацаа 50% орчмоор буураад байна.

🔹Монгол ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангалаа. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 7 сарын 13-ны өдөр ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллага, “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монголын Явцын тайланг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна.

🔹Binance 1,000 гаруй ажилтнаа халлаа. Тэд сүүлийн 6 жилийн хугацаанд 8,000 хүний ​​бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлсэн дэлхийн хамгийн том крипто бирж болсон. Тэгвэл тэд энэхүү цомхотголоо өсөлтийнхөө дараагийн томоохон мөчлөгт бэлдэж, байгууллагын хэмжээнд авьяас чадварын нягтралд анхаарлаа хандуулж буйтайгаа холбон тайлбарлаж байна.

  • Мэд: ChatGPT хэрэглэгчдийнхээ ажлын чанарыг 18%-иар өсгөдөг.

  • Унш: Монголын хамгийн том түнш Рио Тинто группийг та хэр сайн мэдэх вэ?

  • Сонирх: Тесла 2 жил саатсаны эцэст анхны Cybertruck-ыг бүтээв.

  • Анхаар: Италид хэт халснаас жуулчид Ром дахь Колизейн ойролцоо нарны шүхэртэй хоргодож байна.

Reply

or to participate.