🔥 Оны онцлох IPO 

ҮХХ зуучлагчдын хагас жил | Instacart-н IPO | Дижитал хувцас

POWERED BY

Өглөөний мэнд ээ. "Бид өөрсдийгөө үргэлж өөрчилж, шинэчилж, залуужуулж, тэвчээр хатуужилтай болгох хэрэгтэй".

~Жоан Вольфганг Вон Гёте

*Нэг өдрийн өөрчлөлт

EX: Энэ оны эхний хагаст экспортлогдсон 1 тн зэсийн баяжмалын дундаж үнэ жилийн өмнөхөөс 47.5% буурч $152.8 болжээ.

CHN: Хятад нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэхээр энэ оны эхний хагаст нүүрсэн цахилгаан станцын хүчин чадлыг 52 ГВт-аар нэмэгдүүлэх зөвшөөрөл олгов.

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сарын өмнөхөөс 5.2% буурч ₮10.3 их наяд боллоо.

 🏡 ҮХХ зуучлагчдын ашиг х3.2

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага (ҮХХЗБ)-уудын ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөс 3.2 дахин өсөж ₮2.8 тэрбумд хүрчээ. Тэдний ашиг яаж 3 дахин үржигдэв? 🤔

⚽ ҮХХ зуучлагчдын зуучлал = 176 хөлбөмбөгийн талбай

Монголд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 311 ҮХХ зуучлагч байдаг ч тайлант хугацаанд 127 нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна. ҮХХ зуучлагч гэхээр нэг л хол сонсогдоод байна уу? RE/MAX шиг үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэж бодоход л болно доо. Цахим хуудастаа сүртэй зураг тавиад л байнга ҮХХ-ийн зар оруулдаг хүмүүсийн цаана хэр их борлуулалт, хэр их ашиг яригддаг нь сонин л биз?

  • Хэд дахин: ҮХХ зуучлагчдын эхний хагаст хийсэн хэлцлийн тоо 1.3 дахин өсөж давхардсан тоогоор 4,728-д хүрснээр борлуулалтын үнийн дүн нь ч мөн 1.6 дахин нэмэгдэж ₮992 тэрбум болсон хэрэг. Тодруулбал тэдний худалдсан болон түрээслүүлсэн талбайн хэмжээ 939.7 мянган м.кв буюу ойролцоогоор 176 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхээр аж.

  • Өсөөд л, нугараад л: Зуучлалын ажлаа сайн хийсэн хойно ашиг, орлого нь мэдээж нэмэгдэнэ. ҮХХЗБ-уудын борлуулалтын орлого 2.8 дахин өсөж ₮49.9 тэрбумд хүрч ашиг нь 3.2 дахин нугарчээ.

Хөрөнгө +14.6%

Тайлангийн гүнээс дахин чухал нэг хэсгийг ухахад, 311 ҮХХ зуучлагч нь энэ оны эхний хагаст 469 хувьцаа эзэмшигчийн ₮6.7 тэрбумын хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн байна. Өөрөөр бол тэдний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.6% өссөн гэсэн үг.

  • Дотоод VS Гадаад: Хувь нийлүүлсэн хөрөнгийн 80.6%-ийг дотоодын ХО, үлдсэн хэсгийг гадаадын буюу 10.8%-ийг нь Өмнөд Солонгосын, 8.6%-ийг нь Японы ХО бүрдүүлжээ.

Эцэст нь… ҮХХ зуучлагчдын тоо болон салбарын үйл ажиллагаа жилээс жилд тэлж байна даа. Гэхдээ ҮХХ зуучлалын салбарыг нэгдсэн байдлаар харахад өнгөлөг ч алдагдалтай ажиллаж байгаа ҮХХ зуучлагчид ч бий. Тэгэхээр зуучлалын байгууллагаа сонгохдоо сайтар судлахад буруудахгүй биз ээ.

 🔊 Тендер

HVL: Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) нь Хөвсгөл ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал заргалаа. Тэдний санал болгож буй нэгж хувьцааны үнэ нь өчигдрийн хаалтын үнээс ₮0.4-өөр өндөр буюу ₮84 байна. Уг хувьцааг худалдан авах саналын хугацаа ирэх сарын 29-ний өдөр дуусах аж.

 🔥 Оны онцлох IPO

Хүргэлтийн үйлчилгээний анхдагчдын нэг Instacart Америкийн үнэт цаас биржийн хороонд IPO хийх өргөдлөө өглөө.

Instacart гэж хэн бэ?

Тэд Америкийн хүнс хүргэлтийн зах зээлийн 29%-ийг эзэлдэг төдийгүй сарын 7.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй 11 жилийн түүхт компани юм. Сонирхолтой нь хэрэглэгчид тус платформд сард дунджаар $317 зарцуулдаг гэнэ.

Бизнесийн чиг хандлага

Instacart-н орлого II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 31% өсөж $1.5 тэрбумд хүрээд буй. Улмаар 2022 онд $74 саяын алдагдалтай ажиллаж байсан компани 2023 оны хагас жилд $242 саяын ашигтай ажилласнаа тайлагнав. Цаашлаад Instacart-н орлогын сагс,

  • Үндсэн орлого буюу хүргэлтийн үйлчилгээний орлого 4% өсөж $14.9 тэрбумд хүрсэн байна. Компанийн энгийн хүргэлтийн хураамж $3.99-$9.99 хооронд байгаа бол Instacart Express-н жилийн хураамж $99 байдаг аж. Үүнийхээ 5%-10%-ийг хүргэлтийн хураамж болгон авдаг байна.

  • Хажуугаар нь: Insatcart бусдын адил орлогын урсгалаа өргөжүүлж зар сурталчилгаа, технологийн үйлчилгээ зэргээс давхар орлого олдог. Энэ оны хагас жилд л гэхэд тус ангиллын орлого 24% өсөж $406 саяд хүрчээ. Түүнчлэн CEO нь зар сурталчилгааны орлогоо нэмэгдүүлэх чиглэлд төвлөрөх болсноо цухуйлгаад амжив.

  • Хөрөнгө оруулалт: Instacart өнгөрсөн хугацаанд $2 тэрбумыг вэнчур хөрөнгө оруулалтаас татаж чадсан. Энэ ч утгаараа IPO нь хөөрхөн хүлээлт үүсгээд буй.

Instacart ба бусад

Тэдний өрсөлдөгчдийг нь харвал хамгийн том нь Walmart (WMT) бөгөөд тус компани нийт зах зээлийн 38%, Amazon (AMZN) 20%, Uber Eats 5%-ийг тус тус эзэлж байгаа юм.

Эцэст нь… Instacart-н хамт Arm, Mobileye, Reddit-н IPO энэ оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа IPO-р нэрлэгдээд буй. Үүнийг батлах мэт PepsiCo (PEP) Instacart-н $175 саяын үнэ бүхий хувьцааг худалдан авахаар болсон гээд IPO-г нь тойрсон сонин сайхан ихтэй л байна.

TMK Energy

🔹TMK Energy (TMK) болон Terra Energy хамтран хайгуул хийнэ. Талууд 2 жилийн хугацаатай хамтран хайгуул хийх гэрээ байгуулж Гурвантэс XXXV төслийн ажлыг хурдасгахын сацуу хайгуулын зардлаа 50/50 зарчмаар хуваах аж. Сонирхуулахад, Terra Energy нь Баруун Ноён уул нүүрсний уурхайг эзэмшдэг.

🔹Дотоодын виртуал хөрөнгийн ЗЗ-ийн үнэлгээ ₮263.9 тэрбум болж, өдрийн дундаж арилжаа нь ₮128 сая хүрчээ. Эхний хагас жилийн байдлаар тус салбарт 12 ВХҮҮ-ээр дамжуулан 211 нэр төрлийн виртуал хөрөнгө арилжаалагдсанаас 81% буюу 170 нь гадаадын виртуал хөрөнгө байжээ.

🔹Америк Монголын хоорондын худалдаа, ХО-ын 7 дахь хамтарсан хуралдаан боллоо. Хоёр орны худалдаа, ХО-ын хамтарсан хороо 2005 оноос эхлэн хуралдаж эхэлсэн байдаг. Хуралдаанаар хоёр орны худалдаа, ХО-ын ил тод байдлыг хангах, Монголын ЭЗ-ийн төрөлжилт, ХО-ын орчны талаар хэлэлцсэн юм.

🔹Барилга хот байгуулалтын яам Kolon Global (003075.KS)-тай орлогод нийцсэн Солонго-1 орон сууцны хороолол барих төслийн гэрээг үзэглэв. Тус хорооллыг Өмнөд Солонгосын Эксим банкны 40 жилийн хугацаатай $266.9 саяын хөнгөлөлттэй зээлээр 3.4 жилийн хугацаатай барих бөгөөд 5,002 айлын орон сууц байх гэнэ.

😎 Шинэ үеийн загварын чиг хандлага

Өмнөх дугааруудад NFT-н дуу хөгжим урлагийн салбар дахь хэрэглээг танилцуулсан бол энэ удаад салбараа сольж загварын ертөнц рүү гулсан орцгооё.

Илүү загварлаг

Сонин содон зарим талаараа гаж санаагаар дүүрэн байдаг загварын салбарынхан дижитал хувцас, гоё чимэглэл бүтээхдээ NFT-г ашиглах болсон. Олны жишгээр гэдэг шиг Louis Vuitton, Burberry, Levi's, Dolce & Gabbana, Adidas зэрэг олон брэнд NFT төслөө хэрэглэгчдэд танилцуулсаар байгаа бөгөөд тансаг зэрэглэлийн гэгдэх Balmain хүртэл 4 NFT төсөл хэрэгжүүлж байгаа. Тэд хэрэглэгчид юуг амлаж байгаа вэ гэвэл,

  • Цор ганц: Мэдээж тансаг зэрэглэлийн брэнд сонирхогчдын хүсэл болох цорын ганц загварыг эзэмших боломж.

  • Хэрэглэгчийн түүх: Нэмээд өмнө нь ямар хүн эдэлж байсан зэрэг гарал үүслийг нь мэдэх боломжтой гэхээр сонирхолтой байгаа биз.

  • 1 загварыг 2 төрлөөр: Олон брэндүүд NFT-г хэрэглэгчдийн өмсөж болох биет бараатай хослуулах болсон. Tiffany & Co гэхэд Cryptopunk нэртэй зүүлт гаргаж, Nike (NKE) Cryptokicks нэртэй пүүз гаргасан билээ.

Сонирхуулахад, MongolNFT Stardust-тай хамтран The Wolves NFT эзэмшигчдэдээ зориулан The Wolves нэртэйгээр малгайтай цамц гаргаж байсан юм.

Доор бэлтгэсэн мэдээллээс зөвийг нь олоорой.

A. Энэ оны эхний хагаст экспортлогдсон 1 тн зэсийн баяжмалын дундаж үнэ жилийн өмнөхөөс 47.5% өсөж $152.8 болжээ.
B. Америкийн хүнс хүргэлтийн 58%-ийг Walmart эзэлдэг.
C. Өмнөд Солонгосын Эксим банкны 40 жилийн хугацаатай $266.9 саяын хөнгөлөлттэй зээлээр Солонго-1 орон сууцны хорооллыг барина.

  • Сонго: ChatGPT vs Wikipedia. (SLATE)

  • Мэд: 2023 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй IPO-нууд. (Kiplinger)

  • Танилц: Аль улсын нисэх буудал хамгийн их ачаа тээвэрлэгдэг вэ? (VisualCapitalist)

  • Хөөх: Илон Маск болон Х-ийн эсрэг гаргасан шүүхийн нэхэмжлэл 2,200-г давжээ. (Axios)

Зөв хариулт C. Өмнөд Солонгосын Эксим банкны 40 жилийн хугацаатай $266.9 саяын хөнгөлөлттэй зээлээр Солонго-1 орон сууцны хорооллыг барина.

Reply

or to participate.