- Lemon Press
- Posts
- ⚽ Eвро 2024
⚽ Eвро 2024
УИХ-ын гишүүдийн ирц: 70% | Титмийн дайн | Сонгуулийн луужин
POWERED BY
Баасан гаргийн мэнд! Маргааш амарна гэхээр гэгэлзэж байна уу? Амралтын өдрүүдээр нэлээд халуун байх нь ээ. Ням гарагт Улаанбаатарт 27°C хүрэх нь. Юу хийхээ төлөвлөсөн үү? 😜
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3-р сарынхаас 6.6% буурч ₮10.99 их наяд болов.
FED: Холбооны Нөөцийн Сан энэ онд бодлогын хүүгээ 1 удаа л бууруулах төлөвтэй байна.
УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ЭНД дарж танилцана уу.
СЕХ-ноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.
СЕХ-ноос гаргасан “Сонгогч танаа” гарын авлагатай ЭНД дарж танилцаарай.
ТэнГэр телевизийн “Мэтгэлцээн 2024”-н эрчим хүчний салбарын бодлоготой холбоотой дугаарыг ЭНД дарж үзнэ үү.
🗒️ УИХ-ын гишүүдийн ирц: 70%
Өнгөрсөн 6 сарын 5-нд УИХ-аас 113 хууль баталснаар 8 дахь удаагийн УИХ-ын сүүлийн хуралдаан өндөрлөөд буй. Энэ удаагийн парламент хамгийн сүүлийн 76 гишүүнтэй парламент болж түүхэд бичигдэх юм. Тэгвэл сүүлийн гэх тодотголтой парламентын гишүүд хуралдаа хэр идэвхтэй оролцов?
Тодруулга: 8 дахь удаагийн парламент 72 гишүүний бүрэлдэхүүнтэй өндөрлөсөн бөгөөд Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлсэн билээ.
Намраас хавар
2023-2024 оны намрын болон хаврын чуулганаар УИХ нийт 58 удаа хуралдсан. 58 удаа хуралдахад 72 гишүүнээс ердөө 2 гишүүн 100%-ийн ирцтэй оролцжээ. Араас нь 90%-иас дээш ирцтэй 5 гишүүн байгаа бөгөөд дийлэнхийнх нь ирц 70%-79%-д хэлбэлзсэн харагдав. Харин жагсаалтын сүүлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15.5% буюу 58 хуралдаанаас 9 хуралдаанд оролцсоноороо мушгиад буй.
Одоо хэн, хэн дэвшээд байгаа билээ? Хамгийн өндөр ирцтэй 10 гишүүнээс Х.Баделхан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихгүй бөгөөд үлдсэн 7 нь сонгуульд ахин хүч үзнэ. Харин хамгийн бага ирцтэй байсан 10 гишүүнээс С.Ганбаатар, Ц.Туваан, Б.Жавхлан, Д.Батлут, Л.Оюун-Эрдэнэ нэр ахин нэр дэвшиж үлдсэн 5 нь энэ удаад өнжиж байгаа бололтой.
Ирц=O: Гэснээс Ё.Баатарбилэг гишүүн 58 хуралдааны турш чөлөөтэй гэсэн ирцтэй явсаар хаврын чуулганыг үдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөгжлийн банктай холбогдох хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонсон давж заалдаж буй. Гэсэн хэдий ч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй билээ.
Тасралтгүй уруудсан ирц
Намрын чуулган нээлтээ хийсэн 10-р сард л нийт гишүүдийн ирц хамгийн өндөр буюу 76%-д хүрсэн байдаг. Түүнээс хойш гишүүдийн ирц тасралтгүй буурсаар өнгөрсөн 5-р сард л чүү ай өмнөх сараасаа 4 нэгж хувь өсөж 68.3%-д хүрэв.
Эцэст нь… Ард түмний засаглах эрхийг хангахын тулд оршиж буй УИХ-ын гишүүдийн хийх ажлын эн тэргүүнд хуралдаан нь байдаг байлтай. Гэтэл ихэнх гишүүдийн хурлын ирц тас, чөлөөтэй, өвчтэй гээд л өнгөөр будаж байгаад харвал нүд эрээлжлээд харваж унахаар харагдах юм. Мэдэх юм алга.
👑 Титмийн дайн
AAPL: Лхагва гарагт Apple-н зах зээлийн үнэлгээ $3.3 их наядад хүрч Microsoft (MSFT)-н үнэлгээг давснаар дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болоод амжлаа. Харин өчигдрийн хувьд Microsoft-н зах зээлийн үнэлгээ Apple-нхаас илүүрхэж титмээ эргүүлэн авав. Уг нь бол 7 хоногийн өмнө Nvidia (NVDA)-н зах зээлийн үнэлгээ Apple-г давж 2-т эрэмбэлэгдэж байсан бол одоо буцаад 3-р байр руу шилжээд байна. Ай томчуудын тулаан юм даа.
⚽ Eвро 2024
Хөлбөмбөгийн фанатуудын тэсэн ядан хүлээдэг “Евро 2024” ЕАШТ өнөө шөнө Герман-Шотландын багийн тоглолтоор эхэлж байна. 4 жилд 1 удаа зохиогддог энэхүү тэмцээн нь үзэгчдийн тоогоороо ДАШТ-ий дараа ордог гэж байгаа. Гэснээс Central TV тус тэмцээнийг Монголын үзэгчдэдээ шууд дамжуулна гэсэн шүү.
Сонин хачин
“Eвро 2024” тэмцээнд чансаа багатай багууд оролцох боломж нээгдсэнээр Гүржийн шигшээ баг анх удаа оролцох болзлоо хангасан юм. Түүнчлэн багууд чансаагаараа 6 хэсэгт хуваагдсан байна.
Хүлээлт: Франц, Англи, Герман, Испани, Португалийн шигшээ багууд хагас шигшээд үлдэх магадлалтай гэж нэрлэгдэж буй. Гэхдээ тоглолтын салхи хаашаа эргэхийг хэн ч таашгүй.
€1.6 тэрбум: “Евро 2024”-д шалгарсан 24 багаас тоглогчдын солилцоо наймаанд хамгийн их буюу €1.6 тэрбумыг зарцуулснаараа Английн баг тэргүүлж байгаа бол Румыны баг €91 саяыг зарцуулсан нь хамгийн багад тооцогдож байна.
Онцлох тоглогч: Алдарт хөлбөмбөгч Кристиано Роналдо ЕАШТ-д 6 дахь удаагаа оролцох аж. Тэрээр ЕАШТ-д хамгийн олон удаа оролцож буй цор ганц тоглогч төдийгүй оруулсан гоолын тоо зэргээрээ Еврогийн бүх цаг үеийн ихэнх рекордыг эзэмшдэг.
Сүүлчийн тоглолт: Роналдогоос гадна онцолж буй өөр нэг тоглогч бол Хорватын хөлбөмбөгч Лука Модрич юм. Сонирхуулахад, Лука Модричийн хувьд “Евро 2024” сүүлийн тэмцээн нь болох магадлалтай гэсэн сургаар Хорватын фанатууд тасалбар худалдаж авах хүсэлтийг хамгийн их ирүүлжээ. Нэмээд Германы тоглогч Тони Кроос ч мөн өөрийнх нь сүүлийн тоглолт гэдгээ зарласан байна. Нэр хүндтэй, чансаатай тоглогчид тэмцээний ашиг орлогод нөлөөлдөг нь жам юм даа.
€331 сая
Ашиг орлого гэснээс тус тэмцээнийг €32 саяын хөрөнгө оруулалтаар зохион байгуулж буй бөгөөд нийт шагналын сан нь €331 сая байна гэнэ. Сонирхуулахад, Европын хөлбөмбөгийн зах зээлийн орлого 2021-2022 оны улиралд 7% өсөж €29.5 тэрбумд хүрчээ.
Эцэст нь… Бөмбөрцгийн үзэгчдийн анхаарлыг Европ тив рүү чиглүүлэх өдрүүд ийн эхэллээ. Хөлбөмбөгийн шилдгүүд маань гал гарсан тоглолт үзүүлэх нь гарцаагүй тул дэмжиж буй багийнхаа захыг мушгиад л суух нь дээ.
🎯 Сонгуулийн луужин хөтөлбөр
“Лийд төгсөгчдийн холбоо” ТББ залуу сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, 2024 оны сонгуульд баталгаатай, бодит мэдээлэлтэй оролцоход дэмжлэг болох зорилготой “Сонгуулийн луужин” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Энэ төслийг Америкийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.
Тус холбоо орон нутгийн иргэдэд сонгуулийн боловсрол олгох санаачилга гарган, төслөө бичиж, дээр дурдсан байгууллагаас дэмжлэг авсан бөгөөд төслийн үр дүнгээ өнгөрсөн Бямба гарагт хэлэлцлээ.
Эвлүүлдэг тоглоом тоглох дуртай юу? ЭНД дарж лимоны дүрсийг хэр хурдан эвлүүлж чадахаа сориод үзээрэй. 🍋
Giphy
🍋 Тавантолгой төмөр зам ХХК он гарсаар өссөн дүнгээр 1.5 сая тн ачаа тээвэрлэжээ. Тээвэрлэсэн ачааны төрлийн хувьд, 1.1 сая тн нь экспортын нүүрс, 317.8 мянган тн нь сайжруулсан түлшний түүхий эд, үлдсэн хэсэг нь нефтийн бүтээгдэхүүн, аммоний нитрат болон бусад төрлийн ачаа аж.
🍋 OpenAI энэ жил $3.4 тэрбумын орлого олох төлөвтэй байна. Тэгэхээр тэдний орлого 2023 оны орлогоос 2 дахин өсөх нь. Компанийн орлогын 94%-ийг бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого бүрдүүлэх аж. AI-н шуурга ч OpenAI-н орлогыг өрдөж байна даа.
🍋 Говь ХК (GOV)-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таванбогд Холдингс ХХК 96 хувьцаа эзэмшигчийн хувьцааг эргүүлэн худалдаж авлаа. Тодруулбал, Таванбогд Холдингс ХХК уг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг ₮268.26-өөр худалдан авч, нийт ₮919 саяыг хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулжээ.
🍋 Нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлэг болов. Уг тодотгол нь нийслэл дотоодын зах зээлд ₮500 тэрбумын бонд арилжаалах болсонтой холбоотой бөгөөд хэлэлцүүлэг 2 үе шаттай үргэлжилнэ. Тодотголд нийслэлийн төсвийн нийт орлогыг ₮3.2 их наяд байхаар тооцож тусгасан байна.
Сонирх: Америкийн CEO нар хаана амьдарч байна? (BusinessInsider)
Танилц: Хятадын армийн байлдааны шинэ онгоцууд (TheDiplomat)
Мэд: Европын газрын ховор элементийн хамгийн том уурхайг Норвегт нээж гэнэ. (CNBC)
Үз: NFT-н эрх зүйн асуудалтай холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writer: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply