- Lemon Press
- Posts
- Сонгууль ⚒ Шинэ станц
Сонгууль ⚒ Шинэ станц
Mongolia DealBook 2025 | $MNDL ногдол ашиг тараана | OUT: Golomt Capital CEO, IN: Invescore NBFI
POWERED BY
Өглөөний мэнд! Энэ сарын 15-наас эхлэн ДЦС V-н газар шорооны ажлыг эхлүүлэхээр болжээ. Нийт $658.5 саяын өртөгтэй, 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-V нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу ТЭЦ-2 станцын үнсэн сангийн талбайд баригдах аж. Бүх ажил ногоон гэрлээр явбал 2028 оны хавар гэхэд бид бүгд шинэ станцаа өлгийдөн авах нь байна шүү. Гол нь сонгуультай жил таарч байна даа. 😬🏭


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOND: Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэгч Цэцэнс Майнинг & Энержи ХХК олон улсын бондын зах зээлээс 5 жилийн хугацаатай, $300 саяын санхүүжилтийг татан төвлөрүүллээ.
IPOM: 2025 онд Оюуны Өмчийн Газраас 72 шинэ бүтээл, 239 бүтээгдэхүүний загварт патент олгов.
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-ийн цэвэр ашиг 2025 онд жилийн өмнөхөөсөө 6.9% буурч ₮31.8 тэрбум болжээ.

👋 OUT: Golomt Capital CEO, IN: Invescore NBFI

📸 Голомт Капитал ҮЦК ХХК, Инвескор ББСБ ХК
OUT: Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгснөө мэдэгдлээ. Тэрбээр 2021 оны 8-р сард тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш биржийн бус зах зээлд идэвхтэй ажилласан юм. Энэ хугацаанд Голомт Капитал ҮЦК нь ББЗЗ-ийн анхны бондын андеррайтераар ажиллаж, “Бөөрөлжүүт” бонд зэрэг нийт 44 компанийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд оролцон нийт ₮1.5 их наядын санхүүжилт босгожээ.
IN: Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн ээлжит хурал болж ТУЗ-ийн дарга Б.Анхболдыг албан тушаалаас чөлөөлж, Гүйцэтгэх захирал Д.Баясгаланг ТУЗ-ийн даргаар томилов. Улмаар Инвескор ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Оролмааг томиллоо. Д.Оролмаа нь 2019 онд Инвескор ББСБ ХК-ийн охин компани болох Покет ББСБ ХХК-ийг байгуулагдсанаас хойш Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, цахим зээл, цахим төлбөр тооцооны үйлчилгээг Покет апп-аар дамжуулан зах зээлд нэвтрүүлжээ.

💰 Уул уурхайгаас орж ирсэн мөнгөний зарцуулалт яав?

Өнгөрсөн оны статистик үзүүлэлт гарч, компаниудын тайлангийн цуваа үргэлжилсээр. Уул уурхайн томоохон компаниуд 1 өдөрт л гэхэд хэдэн тэрбум ₮-ийн татвар төлж буй. Тэгвэл тэдний үр нөлөөг шинжье.
📈 Жилд дунджаар ₮1.7 их наяд
Уул уурхайн компаниуд Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр (АТЗТ) болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг төлж байгаа. Үүнээс гадна ААН-ийн орлогын албан татвар ч төлж буй. СЭЗИС-ийн 2024 оны судалгааг харвал уул уурхайн салбарын төсөвт оруулсан хувь нэмэр сүүлийн 10 жилд 7.4 дахин өссөн байдаг.
📃 АТЗТ+АМНАТ: Тэгвэл ҮСХ-ны статистикаас уул уурхайн салбарын төсөв төвлөрүүлсэн АТЗТ болон АМНАТ-ийн нийлбэр дүнг харвал 2025 онд 8 жилийн өмнөхөөсөө 6.7 дахин нэмэгдэж ₮2.4 их наяд болжээ. Нийт төсвийн орлогын 7.4%, дан татварын орлогын 9%-ийг бүрдүүлсэн хэрэг.
💵 ₮3.4 их наяд: Цаашлаад, ТЕГ-ын даргын мэдээлснээр уул уурхайн салбарын ААН-үүд өнгөрсөн оны 12-р сарын байдлаар нийт ₮3.4 их наядын орлогын албан татвар төвлөрүүлсэн аж. Улмаар төсвийн нийт татварын орлогын 22%-ийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.
🔱 Тэргүүлэгчид нь хэн бэ?
МҮХАҮТ-аас жил бүр төлсөн татвараараа тэргүүлсэн компаниудыг зарладаг. 2024 онд татвар төлөлтөөр цойлсон ТОП-10 ААН-ийн 6 нь уул уурхайн компаниуд. Тэр дундаас Энержи Ресурс ХХК-ийн тухайн онд төлсөн татвар л гэхэд ₮769 тэрбум буюу өдөрт ₮2.1 тэрбумын татвар төлсөн байгаа юм. Нөгөөтээгүүр тэдний төлсөн татвар тухайн жилийн нийт АМНАТ-ийн 21.7%-тай дүйж байжээ.
📌 Ямар нөлөө үзүүлж байна вэ? Уул уурхайн салбар төсвийн орлогыг бүрдүүлэхээс гадна хөдөлмөрийн зах зээл, орон нутгийн хөгжил, бизнесүүдийн тэлэлтэд ч нөлөөтэй. Уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40%-50% илүү байх, орон нутгийн төсөв 5-10 дахин илүү хуваарилагдах жишээний.
⁇ Зарцуулалтын асуудал: Нэг талаас улсын төсөвт уул уурхайгаас орж ирж байгаа орлого нэмэгдэж байгаа ч нөгөө талаас оновчтой зарцуулалт асуудал болсоор. Хэдэн тэрбумаар хэмжигдэх зөрчил илрэхээс гадна, хэнд хэрэгтэй нь үл мэдэгдэх төслүүдийг санхүүжүүлдэг.
Эцэст нь… Энэ оны төсөвт ч уул уурхайн салбараас ₮9.3 их наяд төвлөрөхөөр байгаа. Төсвийн ₮10 тутмын ₮3 нь энэ салбараас хамаарна гэсэн үг. Уг салбарыг зөвхөн түүхий эд олборлолтоор хязгаарлах бус, боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү ахиулж “илүү баяжуулах” тусмаа л үр өгөөж нь нэмэгдэхээр байна даа.

🤔 Хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдэл мөн үү? (MongolTV)
🚗 Цахилгаан автомашинуудыг үл үзэгдэх бариултай байхыг хоригложээ. (BBC)
🆕 Шинээр зарлагдсан ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүд. (Scholarship)
🤖 Hyundai AI робот үйлдвэрлэж эхэлнэ. (NikkeiAsia)

✅ $MNDL ногдол ашиг тараана
MNDL: Мандал Даатгал ХК 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮14 буюу нийт ₮8.7 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотой $MNDL-н ногдол ашгийн өгөөжийг өчигдрийн хаалтын үнээр тооцоход 19%-д хүрээд байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр таслах аж. Ингэснээр компанийн нэгж хувьцааны үнэ 5.3% өсөж ₮73.7-т хүрчээ.

💰 Компаниудын санхүүжилт 2025 онд

Саяхан CMM - Capital Markets Mongolia олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндсэн хувийн хэвшлүүдийн олон улсаас татсан санхүүжилтийг харуулсан Mongolia DealBook 2025 тайланг танилцууллаа. Товчхондоо 2025 онд Монголын хувийн хэвшлүүд олон улсын зах зээлээс нийт $2.6 тэрбумыг татсан гэнэ шүү.
🤝🏻 19 компанийн 40 хэлцэл
Өнгөрсөн онд дотоодын 19 компани 40 хэлцэл хийсэн бөгөөд үүний дийлэнх болох 32 хэлцлийг $1.8 тэрбумын дүнтэй ЖДҮ-г хамарсан, тогтвортой санхүүжилтийн төслүүд эзэлжээ. Түүнчлэн нийт санхүүжилтийн $1.4 тэрбумыг зээлийн хэлцлүүд, $1.1 тэрбумыг бондын хэлцлүүд тус тус бүрдүүлсэн аж. Харин үлдсэн $21 сая буюу 1%-ийг өмчийн санхүүжилт бүрдүүлсэн байна.
🤔 Том санхүүжүүлэгч: Нийт санхүүжилтийн 34.6%-ийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO) нар бүрдүүлжээ. ЕСБХБ-ны хувьд нийт 7 хэлцэлд $346 саяын санхүүжилт олгосон бол FMO-н тухайд 5 хэлцэлд $537 саяын хөрөнгө оруулалт хийсэн аж.
🏔️ Банкны давамгайлал
Монголын системийн нөлөө бүхий 5 банкнаас гадна М Банк болон Богд Банкийг оролцуулаад нийт 7 банк 2025 онд нийт $2 тэрбумыг олон улсаас босгожээ. Эдгээр банкнуудыг санхүүжилтийн дүнгээр давуу эрхт болон хамтын санхүүжилтийн зээлээр $515 саяыг татсан ХААН Банк (KHAN) тэргүүлсэн бол удаах байранд $460 саяыг босгосон Худалдаа Хөгжлийн Банк (TDB) ороод байна.
Эцэст нь… 2025 онд Монголын зээлжих зэрэглэл ахиж BB- (S&P) болон B1 (Moody’s) түвшинд хүрсэн нь гаднын хөрөнгө оруулагчдыг татахад томоохон нөлөө үзүүлжээ. За тэгээд тун удахгүй дотоодын компаниуд олон улсад IPO хийж олон хөрөнгө оруулагчдын магнайг тэнийлгэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. 🚀

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Богд уулын аманд байрлах хашаа, хайснуудын уршгаар зэрлэг амьтад гэмтэж бэртэх нь их болж, Нийслэлийн зүгээс газар олголтын зөвшөөрлийн эрхийг бидэнд өгчих өө, бид энэ асуудлыг цэгцлээд өгье хэмээн хүсжээ. Энэ тал дээр таны байр суурь? |

🌟📱 Huawei Mate X7 Монголд

Хүлээж байсан уу? Technozone компани өнгөрсөн 12-р сард танилцуулагдсан Huawei Mate X7 нугалардаг ухаалаг утсыг албан ёсоор Монголд нэвтрүүлж, худалдаалж эхэлжээ. 📢
Huawei Mate X7 нь зах зээлд нэвтэрсэн цагаасаа технологи шүүмжлэгч, хэрэглэгчдэд гайхан шагшигдсаар өмнөх үеийн Huawei Mate X6 загвараас 120% их борлуулагдаад буй. Технологийн гайхамшгаас нь цухас дурдвал,
📸 Бодит мэт: Huawei Mate X7 нь True-to-Colour Camera-тай тул орчны гэрэл, өнгөний температурыг нарийвчлан таньж, арьсны өнгө, байгалийн өнгийг хэт тодруулахгүйгээр бодит, тэнцвэртэй байдлаар буулгадаг.
🪨 3310 л гэсэн үг: Мөн дэлгэцийн хувьд 3 давхаргат нийлмэл, бат бөх хамгаалалттай тул санамсаргүй унагах тохиолдолд амархан зураас гарах, доргилт үүсэх асуудалгүй юм.
Гэснээс нээлтийн урамшуулал болгож Huawei Mate X7 худалдан авалт бүрд Huawei Watch GT 6 цаг бэлгэнд өгч байгаа гэсэн шүү. Үүнээс гадна Technozone бүх ухаалаг гар утасныхаа дэлгэцэнд 80%-ийн даатгал өгч буй.


📷 Discovery Alert
🍋 Америк стратегийн ач холбогдолтой ашигт малтмалуудыг урт хугацаанд нөөцлөх $12 тэрбумын сан байгуулна. Сангийн 83% буюу $10 тэрбумыг Америкийн Экспорт, импортын банк (EXIM)-наас 15 жилийн хугацаатай зээл авч бүрдүүлэх бол үлдсэн дүнг хувийн хөрөнгө оруулагчид бүрдүүлэх аж. Нөөцөд ГХЭ, чухал ашигт малтмалуудыг багтаах бөгөөд автомашин үйлдвэрлэгчид, технологийн компаниуд болон бусад үйлдвэрлэгчдэд зориулан нөөцлөх юм.
🍋 Мобиком Корпораци ХХК болон Улаанбаатар төмөр зам ХНН хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх, харилцаа холбоо, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах нь.
🍋 Америк, Энэтхэгийн худалдааны хэлцлийн дараа Энэтхэгийн луугар компаниудын хувьцааны үнэ өсөв. Тодруулбал, Энэтхэг Оросын нефтийг худалдан авахаа зогсоох болсноор Америк Энэтхэгт ногдуулах 50%-ийн татвараа 18% болгож бууруулсан. Улмаар тарифын халуун цэгт буй Reliance Industries (RELIANCE.NS)-н хувьцааны үнэ 7.1% өссөн бол Adani Enterprises (ADANIENT.NS)-нх 11.9% өсөөд байна.
🍋 Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК Чингис хаан баялгийн санд 2025 онд ₮36 тэрбумын ногдол ашиг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус санд төвлөрүүлсэн дүнгийнх нь 90%-тай дүйх бөгөөд 2025 онд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтээрээ 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрсэн аж. Мөн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 168.3% давуулан биелүүлж ₮72.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply