• Lemon Press
  • Posts
  • 🆕 Танилц: Оюу толгойн шинэ стратеги

🆕 Танилц: Оюу толгойн шинэ стратеги

Duty-Free & Бизнес | Түүхэн нэгдэл | Оюу толгойн 4 стратеги

POWERED BY

Өглөөний мэнд ээ. “Mining Week 2023” уул уурхайн чуулганд оролцож амжаагүй ч “Юу болж байгаа бол?” гэж сонирхож байгаа хүмүүс бидний оруулж буй богино бичлэгүүдийг ЭНД дарж үзээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар Худалдаа Хөгжлийн банк (TDB)-ны хувьцааны үнэ 7.4% өссөн бол Бодь Даатгал ХК (BODI)-ийнх 7.8% буурлаа.

NSO: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 1.2% өсөв.

MNG: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Монголын бизнес форумын үеэр хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.

🆕 Оюу толгойн шинэ стратеги

Оюу толгой дэлхийн зэсийн хамгийн том 4 уурхайн нэг болох томоохон зорилготойгоор стратегиа илүү өргөн хүрээтэй болгон шинэчиллээ.

  • Боломжтой гэж үү? Өнгөрсөн 3-р сард Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон. Улмаар үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл 2028-2036 онд жилд дунджаар 500,000 тн зэс олборлох төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр дэлхийн 4 дэх томоохон зэсийн орд болно гэж үзжээ.

Стратегийн тэргүүлэх 4 чиглэл

За тэгвэл олон юм нуршилгүй Оюу толгойн шинэ стратегитай танилцацгаая.

Хамт олон ➡️ Шилдэг ажил олгогч байна

Компанийн үйл ажиллагаа ажилтан төвтэй байхын сацуу илүү өрсөлдөх чадвартай ажлын байрыг бий болгоход чиглэх нь. Үүнд ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг 80%-100%-д хүргэх, урт хугацаандаа эрчүүдийн гэгдэх уул уурхайн салбарт илүү олон эмэгтэйчүүдийг ажлын байртай болгохоор ажилтнуудынхаа 50%-ийг эмэгтэйчүүд болгохоор зорьж байна.

Хамтын ажиллагаа ➡️ Хөгжил дэвшлийн түнш байх

Амжилттай бизнесийг итгэлт түншгүйгээр төсөөлөх боломжгүй. Үүний дагуу тэд ч ханган нийлүүлэгчийн сүлжээгээ бэхжүүлж, дотоодын ААН-ийг дэмжих бодлого баримтлах аж. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жил Ханбогд сумыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг баталж, 2027 он гэхэд $50 саяын хөрөнгө оруулалт хийх аж.

Хөрст дэлхий ➡️ Эх дэлхийг хамгаална

Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингэлтийн зөрүүг 0 болгох томоохон зорилттой. Түүнчлэн саяхан Сэлэнгэ аймгийн Ялбаг дахь 398 га газрыг нөхөн сэргээж хариуцлагатай уул уурхайн бодит жишээг үлгэрлэн харуулж буй.

Хүртэх өгөөж ➡️ Тогтвортой үнэ цэнийг бүтээнэ

Оюу толгойн бүлэг орд нь Хюго Даммет, Оюут, Херуга гэсэн ордуудаас бүрддэг бөгөөд 2030 он гэхэд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 5% хүртэлхийг шинэ зах зээлд борлуулах гэнэ.

Энэ хүрээд, Оюу толгойн шинэ стратегийн талаарх тоймоо дуусгая. Гэснээс бид өнгөрсөн 20 жилд Оюу толгойн нөхөн сэргээлт хэрхэн явагдаж ирсэн талаарх сонирхолтой нийтлэл бэлтгэж байгаа шүү. Ойр байгаарай. 🔥

🛢️ Түүхэн нэгдэл

XOM: ExxonMobil $60 тэрбумаар Pioneer Natural Resources (PXD)-г худалдаж авахаар тохиролцов. Ийнхүү газрын тос, хийн салбарын сүүлийн 20 жил дэх хамгийн том нэгдэх хэлэлцээр хийгдлээ. ExxonMobil Pioneer-н нэгж хувьцаа бүрийг $253-оор худалдаж авах мэдээний араас ExxonMobil-н хувьцаа 0.4% унаж, Pioneer-нх 3% өссөн байна.

🆓 Duty-Free & Бизнес

Өнөөдөр онгоцны буудлууд дээр түгээмэл харагддаг Duty-Free-н талаар тоймлоно. Ер нь Duty-Free-с худалдан авалт хийх нь хэмнэлт болж чаддаг уу?

💭 Яагаад алдартай вэ?

Duty Free гэдэг нь гаалийн татваргүй буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг импорт, борлуулалт, нэмэгдсэн өртгийн болон бусад татвар төлөхгүйгээр худалдан авах боломжтой байхыг хэлнэ. Тэгэхээр манайхаар бол тухайн бүтээгдэхүүний үнэд гаалийн болон НӨАТ шингэхгүй байна л гэсэн үг. Тиймээс татваргүй дэлгүүрүүд нь жуулчдын соронз болдог.

  • Юу худалдан авч болох вэ? Дэлхий даяарх Duty-Free-н борлуулалтын 31% нь үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, 17% нь дарс, спирт, дараа нь тамхины бүтээгдэхүүн бүрдүүлж буй. Мөн ямар бүтээгдэхүүнийг татваргүй зарж болох вэ гэдэг нь харьяалал, татварыг тооцох эсвэл татварын бүрэлдэхүүн хэсгийг буцаан олгох үйл явцаас хамаарч өөр өөр байж болох юм.

Зах зээлийг базагчид

Татваргүй жижиглэн худалдааны зах зээл 2021 онд $35.8 тэрбумаар үнэлэгдэж байсан бол 2022 онд энэ тоо 9.2% өсжээ. Харин ирэх жилүүдэд уг зах зээл жилд дунджаар 9.1% өсөж 2029 он гэхэд 72.3 тэрбумд хүрэх төлөвтэй буй.

  • Томчуул: Татваргүй жижиглэн худалдааны акул нь Францын Лагардер групп аж. Үүний араас DFS Group орж байна. Гэхдээ Ази номхон далайн бүс нь уг зах зээлийн дэлхийн өсөлтийг тэргүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2022-2026 онуудад зах зээлийн өсөлтийн 44%-ийг бүрдүүлэхээр байгаа юм.

  • Сонирхуулахад: DFS-н үүсгэн байгуулагч, тэрбумтан Чарльз Фини энэ долоо хоногийн эхээр 92 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр $8 тэрбумыг Корнеллийн их сургууль, Вьетнам дахь эмнэлэг зэрэг янз бүрийн газарт хандивлаж, тэтгэвэрт гарахдаа ердөө $2 саяын хөрөнгөтэй үлдсэн аж.

Эцэст нь… Татваргүй жижиглэн худалдааны зах зээл тэлэх нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нисэх онгоцны буудал, боомтын орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Энэ мэтээр эдийн засгаа солонгоруулах олон л боломж байна даа.

Halloween ч удахгүй боллоо доо. Дараах киног таагаарай. Киноны хорхойтон найзыгаа ч мөн нэг сорихоо мартав.

📺 Luxe TV Mongolia

Соёл, урлагт чиглэсэн дэлхийн томоохон мэдээллийн суваг болох Luxe TV Ази номхон далайн бүсийн анхны салбараа Монголд албан ёсоор өнөөдөр нээх гэж буй. 🌍

  • Luxe TV нь 90 гаруй оронд соёл урлаг, энтертайнмент, спортын шинэлэг мэдээ мэдээллийг хүргэж буй мэдээллийн агентлаг ба Opuntia S.A группийн нэг хэсэг юм.

Харин Монголд Крейтив Форсес маркетингийн агентлаг Luxe TV Mongolia-г нэвтрүүлж буй.

Тэдний дэлхий даяарх 100 гаруй операторуудаасаа бэлтгэн хүргэдэг соёл, урлаг, загвар дизайн, архитектур, технологи зэрэг олон талын мэдээ, мэдээллийг Luxe TV Mongolia телевизийн сувгаар дамжуулан хүлээн авч үзээрэй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятадын зээлээр барина. Тодруулбал, Хятадаас авч буй $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлээс $266 саяын өртөгтэй усан цахилгаан станцын 95%-ийг санхүүжүүлэх юм. Зээлийн хугацаа 20 жил, жилийн хүү 2% ба эргэн төлөлт нь 7 жилийн дараагаас эхлэх аж.

🔹J.P. Morgan (JPM) анхны блокчэйнд суурилсан шилжүүлгээ хийв. Тодруулбал, компани Tokenized Collateral Network (TCN) буюу барьцаа хөрөнгийг токеноор шилжүүлдэг үйлчилгээгээ санхүүгийн салбарт ашиглажээ. Тус арилжаагаар BlackRock (BLK), Barclays (BARC.L) руу хөрөнгө шилжүүлсэн байна.

🔹Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1 сарын дундаж борлуулалт 3.8 дахин нэмэгджээ. Борлуулалтын өсөлтийн дүнд улсын төсөвт энэ оны 8 сарын 31-ны байдлаар ₮1.8 их наядын татвар төлсөн юм. Сонирхуулахад, өнгөрсөн онд компани улсын төсөвт ₮1 их наядыг төвлөрүүлсэн байна.

🔹TMK Energy (TMK.AX) Гурвантэс XXXV төслийг 100% эзэмшихээр боллоо. Компани Talon Energy (TPD.AX)-тэй нүүрсний давхаргын метан хийн төслөө хамтран эзэмшдэг. Харин 10 сарын 11-нд TMK Energy, Talon Energy-н 33%-ийг өөрсдийн 1.1 тэрбум ширхэг энгийн хувьцаагаар солилцох гэрээ хийжээ.

  • Tech: Чимэгэ системийн өрсөлдөгч Narakeet-тай танилц. (Narakeet)

  • Monopoly: Хятад чипийн материалын нийлүүлэлтээ зогсоовол юу болох вэ? (CNN)

  • Franchise: Burger King-н шинэ ресторанууд. (FranchiseWire)

  • Psychology: Винни Пухын сэтгэлзүй. (PositiveDadal)

Reply

or to participate.