• Lemon Press
  • Posts
  • 😞 Урд, ард хормой = Зээл

😞 Урд, ард хормой = Зээл

Дайны дараах бизнес | Арилжааны сонин хачин | Шороон овоолго

POWERED BY

Өглөөний мэнд ээ! ЗГ-ын шийдвэрийн дагуу нэлээд хэд хоног амрах нь дээ. Амарч байх хугацаандаа, золголтоор очоод бэлгээ цочиж авах мөчөө хүлээх зуураа ЭНД байгаа нийтлэлүүдийг уншиж, ЭНЭ контентыг үзээрэй. 🍋   

MSE: Гранд Системс ХК (LOT) болон Хүннү менежмент ХК (HBZ) 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргаснаар одоогоор нийт 58 ХК уг шийдвэрийг гаргаад байна. 

FRC: Нийт 42 ХК ₮1 их наядын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд нийт үнийн дүнгийн 48%-ийг сүүлийн 3 жилд IPO хийсэн ХК-иуд бүрдүүлэв

GOV: Гадаад харилцааны сайд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь сайдын түвшинд тус улсад 2012 оноос хойш буюу 13 жилийн дараа хийх айлчлал аж. 

 😞 Урд, ард хормой = Зээл 

Цагаан сарын баярт хэр их зардал гаргав аа? Ер нь бидний санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа билээ? 

Орлогоосоо давсан зардал

Нэг өрхийн дундаж сарын зардал ₮2.7 сая, орлого нь ₮2.6 сая. Өөрөөр хэлбэл өрхийн хувьд олж байгаагаасаа илүүг зардаг. Юун хадгаламж. Гэхдээ дундаж үзүүлэлтээр харж байгааг анхаараарай, дундаж шүү. 

  • 🔺 Аргацаалт: 2019 оноос хойш харахад Ковид-19-ийн үе буюу 2021 оны II улирлаас 2022 оны I улирал хүртэл ердөө 4 улирлын туршид л дундаж өрхөд зардлаа дараад цаана нь мөнгө үлдэж байж. Бусад бүх үед зардал нь илүү байсан хэрэг. Үүнийгээ юугаар зохицуулж байгаа нь ойлгомжтой. Мэдээж зээл.

  • 😓 Ай даа: Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл ₮37 их наяд байна. Үүний 60% нь иргэдийн зээл. Иргэдийн зээлийн талаас илүү буюу 52% нь тэтгэвэр, цалин, карт, малчны, автомашины зээлүүд. Тэгэхээр өрх орлогоосоо илүү зардал гаргаж байгаагаа энэ төрлийн зээлээр нөхөж байгаа гэж хэлж болно. Эргээд зээлээ төлөөд дахиад л орлого нь хүрэхгүй чөтгөрийн тойрог. 

🧐 Баярын нөлөө

Цаашлаад, иргэдийн зээл ямар үед өсөөд байгааг харъя. Цагаан сарыг ахмадууд харьцангуй өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл шинээр олгож байгаа тэтгэврийн зээлийн хэмжээ дандаа цагаан сарын үеэр хамгийн өндөр байна. Тодруулбал, 2023 оны 1-р сараас 2025 оны 1-р сар хүртэл тэтгэврийн зээл олголтын датаг харахад хамгийн өндөр олголттой нь тус жилүүдийн 1-2-р сарууд. Малчдын шинээр авсан зээл ч 2023 оны 1-р сар, 2024 оны 1-р сард өндөр байж. 

Эцэст нь… Цагаан сар шиг томоохон баярууд өрхийн санхүүд нэмэлт дарамт болж, зээлийн эрэлт улам өсөх хандлагатай байна. Нэмээд цагийн цагт бидний орлого зардлаа даахгүй байх нь жам юм шиг зээлээр асуудлаа нөхөж ирсэн нь тогтолцооны асуудал болж хувирлаа. Бид энэ тойргоос хэрхэн гарах вэ?

📈 Арилжааны сонин хачин

MSE: Өчигдөр МХБ-ийн I ангиллын 25 хувьцаа нийт ₮511 саяар арилжаалагдлаа. Энэ дундаас АПУ ХК (APU)-ийн хувьцааны үнэ ₮6.27-өөр унаж ₮987-т хүрэв. Харин Мик Холдинг ХК (MIK)-ийн хувьцааны үнэ ₮980-өөр өсжээ. Тус өдрийн II ангиллын 21 хувьцааны арилжааны үнийн дүн I ангиллынхаас 18 дахин бага байв. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар дахин 1.5% унаснаар түүхэн дээд үнээсээ 37% унаад байна.

👨🏻‍💼 Дайны дараах бизнес

В.Путин дайны улмаас Оросоос дүрвэсэн бизнесүүдийг дотоодын зах зээлд эргэн оруулахдаа зохицуулах механизмтайгаар угтан авахаа мэдэгдэв.

😏 Өө, чи чинь нээрээ

Дайн гарснаас хойш 1,500 гаруй том, жижиг компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь бүр мөсөн гарсан. Гэсэн ч Трамп Украины хямралыг аль болох хурдан зогсоохын тулд Оросыг хэлэлцээрийн ширээнд идэвхтэй урьж байгаа нь дайны дараах бизнесийн асуудлыг хөндөх болж. Өнгөрсөн 7 хоногт Трампын тусгай элч Стив Виткофф Америкийн компаниуд Орост эргэн бизнес эрхлэх боломжтой гэснээс харахад толгойдоо бол дайны асуудлыг нэг тийш нь шийдчихсэн мэт.

😤 Дураа хүрэхээр ирээд суудаг мод уу, би?

Гэхдээ Оросын талаас зах зээлийг нь хөсөр хаяснаас үүдэн $300 тэрбумын алдагдлыг үүсгэсэн компаниудыг тийм ч амар оруулахгүй бололтой. Үүний цаана хямралын эхэн үеэр Оросын компаниуд барууныхны бизнесийг асар хямдаар худалдан авч, зах зээл дэх байр сууриа ахиулсныг ч тооцоолж байгаа. Өөрөөр бол засаг төр нь барууныхныг оруулж ирэхдээ дотоодын компаниудтай тэнцүү, зарим талаараа илүүрхэх өрсөлдөөнийг хүсэхгүй байна. 

  • 💸 Францын автомашин үйлдвэрлэгч Renault (RNO.PA)-н жишээг татахад, компани Орос дахь бизнесээ эргүүлэн авъя гэвэл $1.3 тэрбумыг төлөх магадлалтай болсон л гэнэ. 

  • 🙄 Компани 2022 онд Оросоос гарахдаа Avtovaz дахь өөрийн 68%-ийн эзэмшлийг ердөө ₽1-ээр зараад гарч байсан. Угтаа компани 6 жилийн дотор хувьцаагаа буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан ч Renault-н бизнесийг амьтай голтой байлгах гэж төр болон компаниудын өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх нь зүйн хэрэг гэж үзжээ.

Тэгэхээр Орос руу буцах тасалбартай бусад компаниудад ч Renault-н асуудал тулгарна. Тэдэн дундаа тус улс руу хамгийн түрүүнд газрын тосны луугарууд буцаад гүйх магадлал өндөр. Тухайлбал, Exxon Mobil (XOM.BA) Оросын Алс Дорнод дахь Сахалин арал дээр 20 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулсан үнэ цэнтэй төслөөсөө холдчихсон. Улс төрийн орчин нь зөөлөрвөл компани төслөө буцаан авахаар зүтгэх нь лавтай. 

Том зургаараа, Орос, Америкийн аль аль нь тохиролцоонд хүрэх амаргүй ч тохирох гэж хичээж байгаа учраас Украины нөхцөл байдал хүндэрсээр. Хэлэлцээрийг тас эсэргүүцье гэхээр дэмжлэг чухал. Гэтэл Америкийн оронд Европ Украиныг дэмжиж туслаад явах уу, чадах уу гэдэг нь бас л асуудалтай. Уг асуудлыг анхнаасаа адуу дагаж илжиг пажигналаа гээд л дэлхий даяар ярьж байна. Харамсалтай юм даа, их гүрнүүдийн найрын ууц болох л гэж 3 жил тэмцсэн гэхээр… 

50 сая тн
ЗТЯ энэ онд төмөр замаар 50 сая тн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.
3,125
Ингэхдээ өнгөрсөн оноос 1.19 дахин олон буюу 3,125 зорчигчийн галт тэрэг аялуулах аж.
17.3% 
Улмаар өмнөх онтой харьцуулахад ачааны тоо 8.4%, зорчигчийн тоо 17.3% өсөх нь.

🙂‍↔️💞 Царайлаг ихрүүд 

Дууслаа шүү! Юу вэ гэж үү? Цагаан сарын ширээний гол чимэг Тэрэлж, Сэлэнгэ брэндийн 100% ургамлын хандмал ундаа хаа сайгүй багц багцаараа зарагдаж буй сурагтай. 😎

Хөөрхөн төрхтэй атлаа гоё амттай, сэргээх үйлчилгээтэй эмийн ургамлын ундаа амсаж байв уу?

  • 🧑‍⚕️ Эмчилнэ: Сэлэнгэ нь чихэр өвс, ганга өвс, нохойн хошуу, шилмүүс зэрэг эмийн ургамлуудыг цогцлоожээ. Тэд дархлаа болон цусны эргэлтийг сайжруулах, ядаргаа тайлах, хордлого тайлах гэхчлэн 9 зүйлийн ид шидтэй. 

  • Анагаана: Харин Тэрэлжийн гол орц нь 400 жилийн түүхтэй алтангагнуур, ганга өвс болон цээний үндэс юм. Эдгээр нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж мэдрэлийн системийг тайвшруулах, биеийг тамиржуулах гэхчлэн мөн л аливаа өвчнийг хамж шимээд эдгээдгээрээ онцлог. 

За тэгээд цагаан сараар эдгээр хөөрхөн төрсөн үндэсний ундаагаар ширээгээ өнгөлөөрэй. 🫶

KnowInsiders

🍋 Америк “EB-5” визийн хөтөлбөрийг орлох “Алтан карт” хөтөлбөр зарлав. Уг картыг $5 саяын хураамж төлөөд хүссэн нь авах боломжтой бөгөөд энэ утгаараа сугалаагаар олгодог байсан ногоон картын бодлогыг халж буй. Цаашлаад тус хөтөлбөрөөс төвлөрсөн хөрөнгийг улсын өр төлбөрт нэмэрлэх аж. Гэснээс 2023 онд л гэхэд 1.1 сая хүн Америкийн ногоон карт авсан байна. 

🍋 “АТАР-4” аяныг арилжааны банкнууд ₮800 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Хөнгөлөлттэй зээлийн ₮350 тэрбум нь эргэлтийн хөрөнгө, ₮450 тэрбум нь хөрөнгө оруулалтын зориулалтаар олгогдох аж. Харин энэ онд зээлийн хүүгийн дэмжлэг ₮52.8 тэрбумыг улсын төсвөөс, эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн 10%-ийг ЗГ-аас тус тус санхүүжүүлэх нь.

🍋 Украин Америктай ашигт малтмалын хэлэлцээрт хүрлээ. Энэ хүрээнд Украины ашигт малтмалын ордын орлогоос 50%-ийг тусгай санд төвлөрүүлэх бөгөөд Америк зөвхөн тус ордыг хамтран хөгжүүлэх, эсвэл хөрөнгө оруулах байдлаар оролцох боломжтой. Үүгээр Украины ашигт малтмалын ордын $500 тэрбум хүртэлх орлогоос хувь авах Америкийн шаардлагаас татгалзав. 

🍋 Хойд Солонгосын хакерын бүлэглэлүүд Bybit-с $1.5 тэрбумын криптовалют хулгайлжээ. Үүнийг тэндхийн Пёньян хотын агентууд Bybit криптовалютын биржийн дотоод системд нэвтэрч “cold wallet"-с нэг удаагийн халдлагаар үйлдсэн аж. Энэ нь өнгөрсөн онд тэдний дэлхий даяарх хулгайн дүнгээс нь 13%, хамгийн том банкны хулгай гэгддэг Саддам Хусейн 2003 онд Иракийн төв банкнаас хулгайлсан дүнгээс 33% их юм.

Уурхайн хаягдал 🆚 Зохицуулалт

Уул уурхайн олборлолт явагдаж байх үед шороон овоолго, хаягдал чулуулгийн талбай, баяжуулалтын хаягдлын сан, хаягдал ус зэрэг олон төрлийн хаягдал үүсдэг. Үүнийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр удирдаж, зохистой менежмент хийх нь чухал. Гол нь яаж?

💪 Мега компанийн жишээ

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч Rio Tinto (RIO)-н хувьд уурхайн хаягдал, боловсруулалтын үлдэгдлийг багасгах, дахин ашиглахын тулд шинэлэг технологиудыг ашиглаж буй. Тэд дэлхий даяар 100 гаруй хаягдлын байгууламжийг хянаж, олон улсын стандартад нийцсэн 3 үе шаттай хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг. $RIO-н уурхай дундаас Оюу толгойн туршлага зүй ёсоор хамгийн шилдэгт орно.

  • 👏 Дахин ашиглалт = 70%: Тодруулбал, Оюу толгой хог хаягдал дахин боловсруулах үндэсний 18 компанитай хамтран ажиллаж, уурхайн хог хаягдлынхаа 70%-ийг дахин ашиглаж байгаа аж. Нэмээд уурхай ашигласан усныхаа дунджаар 85%-ийг дахин ашиглаж байгаагаас гадна 1 тн хүдэр боловсруулахад зарцуулж байгаа ус нь салбарын дунджаас даруй 2 дахин бага. 

Ингээд харахаар, уул уурхай л гэхээр хаягдал ихтэй, хэт их ус ашигладаг гэдэг ойлголт ард үлдэж ээ. Уурхайн хаягдлыг хуурай хаягдлын боловсруулалтын систем ашиглан усаа хэмнэж, ашиглагдахгүй чулуулгийг боловсруулан барилгын материал болгож, хаягдлыг хянах блокчейн системийг ч хөгжүүлж байна. Гэснээс мега компаниуд уурхайн хаягдлаа шийдээд зогсохгүй бидний хог хаягдал, дахин боловсруулалтад анхаарч нөлөөллийн сан байгуулаад амжсан шүү.

  • 📥 Татварын багц хуулийн шинэчлэлтэд ААН-үүд санаалаа ирүүлжээ. (MongolChamber)

  • ✊ Гомдсон Канадууд Илон Маскийн иргэншлийг цуцална. (BusinessStandard)

  • 🪹 Энэтхэгийн хүн амын 71% нь амь зуулгаа л дөнгөн данган амьдардаг гэнэ. (BBC)

  • ⛓️ Дональд Трамп цагаачдын эсрэг авах арга хэмжээгээ эцэст нь тулгав. (WSJ)

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.