• Lemon Press
  • Posts
  • 💰 Зээл ав, бонд гарга

💰 Зээл ав, бонд гарга

Хэн ногдол ашиг зарлав? | Америкийн ногдол ашиг төлөлт | Тансаг бугуйн цаг

POWERED BY

Morning! Бид “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!” уриалгыг гаргаад байгаа билээ. Тэгвэл ЛэндMн ББСБ ХК (LEND) ногдол ашгаа яг тодорхой өдөрт олгох буюу энэ оны 4 сарын 5-нд тараана гэдгээ зарлалаа. Уриалгын үр дүн гарч эхэлж байгаад баяртай байна. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 2 компани буюу ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн хувьцааны үнэ 15%, Газар шим үйлдвэр ХК (GAZR)-ийнх 9.1% тус тус өслөө

АUS: Австралийн төв банк бодлогын хүүгээ 4.35%-д хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

ECON: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 3.1% байсан бол 2024 онд 2.9% болж удааширч, 2025 онд эргэн 3% болж өсөх төлөвтэй байна.

🤖 Гуравдагч хөрштэйгөө технологийн салбарт…

Өнгөрсөн сарын сүүлээр ЦХХХЯ болон технологийн салбарын төлөөллүүд Америкт айлчилсан билээ. Цахим ЭЗ, сансар судлал, AI гэсэн 3 чиглэлээр 8 хоногийн хугацаанд 34 уулзалт хийгдэж, зэрэг² олон үйл явдал өрнөснөөс хамгийн чухлыг нь тоймлон хүргэж байна. 

  • Онцлоход, айлчлалаар ХурДан цэгийн нээлт, Цахиурын хөндий дэх Монголчуудын уулзалт, Торгоны зам инновацын төвийн нээлт зэрэг 3 том арга хэмжээ болсон шүү.

Цахим ЭЗ

Өдгөө Цахиурын хөндийд 350 орчим Монголчууд ажиллаж байгаа бөгөөд айлчлалын үеэр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй Монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн технологийн зөвлөл байгуулагдсан. Энэ нь цахим ЭЗ-ийн эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол стартапуудыг олон улсад гаргах ажлын эхлэх болж буй.

Үргэлжлүүлээд, талууд Монголд Apple Pay, Paypal, Stripe зэрэг ОУ-ын төлбөр тооцооны шийдлийг төрөлжүүлэх, нэвтрүүлэх талаар хэлэлцэж, эхнээсээ Visa-тай хосолсон Apple Pay-н үйлчилгээг ирэх 6-р сард нэвтрэхээр болов. 

  • Монгол компаниуд Цахиурын хөндийд: Мөн Америкийн Төв Азийн орнуудтай хамтран хэрэгжүүлж буй Торгоны зам инновацын төвд Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 8 компани албан ёсоор нэгдээд буй. Ингэснээр тус компаниудыг Цахиурын хөндийн экосистемд бойжуулах боломжтой болох аж. Яг энэ сэдвээр бид сонирхолтой нийтлэл бэлдэж байгаа тул товхимлоо эргэж тойрч байгаарай. 😉 

To the infinity and beyond 🚀 

Санаж байгаа бол өнгөрсөн 8-р сард Ерөнхий сайд Америкт айлчлахдаа сансар судлалын чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж байсан. Тус айлчлалын үргэлжлэл болгож Монгол NASA-н сансрын их өгөгдөл буюу Big Data ашиглах, Ангараг гаргийн судалгаанд Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулах талаар ч хэлэлцсэн байна.  

Түүнчлэн айлчлалаас гарсан өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол 2 сарын 26-нд Испанийн Барселона хотод Starlink Монголд нэвтэрч байгааг зарлах талаар байлаа. Яагаад хаа байсан Испанид гэж, гээд гайхаж байгаа бол…

Хэн, хэн ногдол ашиг тараахаар болов? 

Одоогийн байдлаар МХБ-д бүртгэлтэй 4 компани ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байна. Харин Говь ХК (GOV) болон Увс хүнс ХК (HUN) ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргав. Ногдол ашиг тараагсад, 

  • Тахь-ко ХК (TAH): Компани нийт ₮128.3 саяын ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан өдрөөр өгөөжийг нь тооцвол 1%. 

  • Бодь Даатгал ХК (BODI): Тэд нэгж хувьцаанд ₮2.69 буюу нийт ₮615 саяыг тараана. Ногдол ашгийн өгөөж нь 3.8%. 

  • Газар шим үйлдвэр ХК (GAZR): Харин тус компанийн хувьд нийт цэвэр ашгийн 80% буюу ₮5.6 тэрбумыг тараана. Өгөөж нь 9.5% байна. 

  • ЛэндМН ББСБ ХК (LEND): Түүнчлэн ЛэндМН ₮5.9 тэрбумын ногдол ашиг тараахаар болсон. Тэдний ногдол ашгийн өгөөж дээрх компаниуд дундаа хамгийн өндөр буюу 14.1%. 

Эдгээр компаниудын 3 нь ногдол ашгийн өдрөө тодорхой заагаагүй буюу жишээ нь 5 сарын 1-ний дотор гэх мэтээр тогтоосон. Хэрэв ХК-иуд ОУ-ын жишгийг дагаад ногдол ашгийн өдрөө тодорхой зарладаг болчихвол хөрөнгө оруулагчдад хэрэгтэй дээ.

⌚ LVMH ба тансаг бугуйн цаг

MC.PA: Louis Vuitton, Bulgari, Dior зэрэг акул брэндүүдийн толгой компани LVMH тансаг зэрэглэлийн бугуйн цагны бизнесээ өргөжүүлнэ. Тэдний үнэт эдлэл, цагны салбарын борлуулалт 2023 онд 7% өсөж $11.8 тэрбумд хүрчээ. Z үе болон мянганыхан дээд зэрэглэлийн механик бугуйн цагийг илүү сонирхож байгаа тул 2032 он гэхэд энэ зах зээл $30 тэрбумаас $37 тэрбум болтлоо өсөх төлөвтэй буй. Тиймээс л LVMH энэ зах зээлд шунаж байгаа хэрэг.

💰 Зээл ав, бонд гарга

Америкийн хувийн хөрөнгө оруулалтын фирмүүд хөрөнгө оруулсан компаниудыгаа илүү их бонд гаргаж, зээл ав гэж хэлж байна. Юу гэсэн үг вэ?

Тодруулбал, Blackstone (BX) тэргүүтэй хувийн хөрөнгө оруулалтын фирмүүдийн удирдаж буй компаниуд энэ оны 1-р сард $8.1 тэрбумын өр тавьж, ногдол ашиг олгосон аж. Энэ нь сүүлийн 2 жилд байгаагүй их дүн юм. Яагаад өр тавьж ногдол ашиг олгоно гэж?

  • Ногдол ашгаар хөрөнгөжүүлэх стратеги гэдэг нь бонд эсвэл зээлээс олсон мөнгөө ногдол ашиг болгон тараахыг хэлдэг. Нэг ёсондоо фирмүүд удирдаж буй компаниудынхаа зээлсэн мөнгийг ногдол ашиг болгох замаар өөрсдийн хувьцаа эзэмшигчдээ тогтоон барихад ашиглан эрсдэлээ бууруулах бодлого юм.

Яагаад ингэж их өсөв?

Тус стратеги зээл авч буй компанийн хувьд эрсдэл өндөртэй тул түлхүү зээлийн хүү маш бага үед хувийн хөрөнгө оруулалтын фирмүүдийн удирдлагад буй компаниуд ашигладаг. Харин энэ удаад ийнхүү өсөхөд,

  • Дахиж өсөхгүй нь: Холбооны Нөөцийн Сан (ХНС) 9 удаа дараалж нэмсэн бодлогын хүүгээ өнгөрсөн 12-р сард нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Ийм учраас компаниудын энэ оны 1-р сард ногдол ашигт зарцуулсан өрийн хэмжээ өмнөх сараасаа 6 дахин өссөн байгаа юм.

  • Эрсдэлтэй алхам хийхгүй ээ: Өөр нэг арга нь хөрөнгө оруулалтын томоохон фирмүүд нь удирдаж буй компаниудын хувьцааг олон нийтэд зарах (IPO) явдал. Гэвч өнгөрсөн онд IPO хийсэн Arm (ARM), Birkenstock (BIRK), Instacart (CART) зэрэг компаниудын хувьцааны үнэ тус ондоо нэг их сайн байсангүй. Ийм ч болохоор олон компани IPO хийхээ азнаад л байгаа.

  • Ирээдүйд яах вэ?: ХНС-гаас энэ онд бодлогын хүүг 3 удаа бууруулах магадлалтай гэснээр хувийн хөрөнгө оруулалтын фирмүүд илүү ихээр компаниудыг зээл ав, бонд гарга гэх боломжтой байна.

Эцэст нь, мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулалтын фирм, сангууд өөрсдийн хөрөнгөө өсгөх, ашигтай ажиллахын тулд төрөл бүрийн арга ашиглаж байна. Уг нь Монголд стратегийн хөрөнгө оруулагчид орж ирэн энэ мэтээр мэргэжлийн түвшинд ажиллавал Энэтхэг шиг л хөгжих боломжтой доо…

😇 Албан байгууллагад зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ

Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндээс дутуугүй чухалд тооцогдох болсон энэ үед компаниуд ч ажилтнуудынхаа сэтгэл зүйд анхаарал хандуулах болжээ. Учир нь ажил олгогчид ажилтнуудынхаа сэтгэл зүйд анхаарснаар бүтээмжийг нэмэгдүүлэхийн сацуу хамт олны ойлголцол нэмэгдэх, цаашлаад урт хугацаанд ажилдаа сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлдэг аж. 

Уг хэрэгцээг хангах зорилгоор blindcare апп танхимын сэтгэл зүйн сургалт, апп-д суурилсан багцын үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Түүнчлэн нэмэлтээр компаниудад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оролцох шийдлүүдийг ч багтаагаад буй.

😇 Гэснээс ЭНД дарж тус үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой шүү. 

Pilerats

🔹McDonald (MCD)-н 2023 оны борлуулалт жилийн өмнөхөөсөө 8% өсөж $6.4 тэрбумд хүрлээ. Улмаар тэдний ашгийн хэмжээ 7.1% нэмэгдэж $2 тэрбум болсон байна. Харин компани энэ онд $2.5-$2.7 тэрбумыг шинэ ресторан нээхэд зарцуулахаар төлөвлөжээ.

🔹Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн сард 3.5 сая тн хүдэр олборлов. Тэгэхээр тэд төлөвлөгөөний биелэлтээ 101.3%-д хүргэсэн байна. Түүнчлэн хуурай жингээр зэсийн баяжмал 47.8 мянган тн, молибдены баяжмал 559 тн-г тус тус гаргасан аж.

🔹ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн цэвэр ашиг 2023 онд 3.6 дахин өсөж ₮19.8 тэрбумд хүрчээ. Тэдний зээлийн багц 76.4% өсөж ₮125.4 тэрбум, нийт хөрөнгө 73.5% өсөж ₮133.4 тэрбумд тус тус хүрсэн байна. Улмаар тэдний эздийн өмчийн өгөөж 59.1%, P/B харьцаа 1, P/E харьцаа 2.2 болов.

🔹Монгол шуудан ХК (MNP) Чингис хаан ОУ-ын нисэх буудалд шуудан ялган боловсруулах төвийг ашиглалтад оруулав. Тус төв нь жилд 3 сая орчим шуудан, илгээмжийг ялган гаалийн хяналтаар оруулах хүчин чадалтайгаар ажиллах аж.

Шалгалтдаа! Өнөөдөр буруу хариултыг сонгоно шүү.

A. Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 8 компанийг Цахиурын хөндийн экосистемд бойжуулахаар болов.
B. ЛэндMн ББСБ ХК (LEND) ногдол ашгаа 4 сарын 5-нд олгоно.
C. Америкийн компаниуд $8.1 тэрбумын өрөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлжээ.

  • Labour: Германы ажиллах хүч буурсан тул ажлын 4 өдөртэй болох шинэчлэлийн үр дүнд найдаж байна. (EuroNews)

  • Nature: Хятадын шороон шуурганд Монгол буруугүй гэнэ үү? (SCMP)

  • Dividend: Ногдол ашгийг хэрхэн төлдөг вэ? (LemonPress)

  • Bond: Хонконг дижитал ногоон бондыг санал болгож эхэллээ. (Yahoo!Finance)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь С буюу Америкийн компаниуд $8.1 тэрбумын өрөөр ногдол ашиг тараасан шүү.

Reply

or to participate.