• Lemon Press
  • Posts
  • ⚒️ Том төсөл, том зэс 

⚒️ Том төсөл, том зэс 

Америкчууд оффист ажиллах нь буурсаар байгаа болон Хүүхдийн хөрөнгө оруулалтын талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Монголчууд хэзээ стрессгүй амьдрах вэ? Хариулт нь, Хаан банкны интернэт банк, Khan Bank апп-д гэмтэл гарахаа больсон үед. 💭

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ₮100,000-ийн нэрлэсэн үнэ бүхий “Лэнд бонд” өрийн хэрэгсэл МХБ-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдлээ.

MFG: Өчигдрийн арилжаагаар Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС (MFG)-гийн нэгж эрхийн үнэ 11.4% өсөж ₮821.7-т хүрэв.

JPN: Иений худалдан авах чадвар сүүлийн 53 жилийн доод түвшинд очлоо. Доллартой харьцах иений ханш л гэхэд сүүлийн 9 сарын доод хэмжээнд хүрээд буй.

👶 Хүүхэд ба хөрөнгө оруулалт

Та энэ хичээлийн жилд хүүхдэдээ яаж анхаарал халамж тавих гэж байна? Ер нь хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулна гэхээр юунаас эхлэх вэ?

🍀 4 бүхэл

Хүүхдийнхээ ирээдүйд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь боловсрол, санхүүгийн төлөвлөлт, сэтгэл санааны дэмжлэг, хувь хүний хөгжил гэсэн 4 том бүрдлийг хослуулахаас эхлэлтэй.

1. Боловсрол: Хүн бүр хүүхдийн боловсрол чухал гэж итгэдэг ч ЕБС-д найдаад орхих нь элбэг. Гэтэл мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх ном, онлайн сургалт зэрэг нэмэлт нөөцөөр хангах нь чухал. 1 Америк сурагчийн 1 хичээлийн жилийн сургуулийн дараах хөтөлбөр л гэхэд ойролцоогоор $10,000-ын зардалтай ч $89,000-$129,000-ын үр өгөөжтэй аж. Гэхдээ заавал төлбөртэй сургалт байх шаардлагагүй. Өөрөө багшилсан ч болно шүү дээ.

2, 3. Хувь хүний хөгжил & Сэтгэл санааны дэмжлэг: Google Scholar, JSTOR эсвэл PsycINFO зэрэг мэдээллийн санг ашиглан хүүхдийн хөгжлийн талаарх мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна хүүхдээ мэдрэмж, бодлоо илэрхийлэхэд нь урамшуулах замаар илүү нээлттэй байж сэтгэл зүйг нь ойлгож, дэмжих нь чухал.

4. Санхүү: Харин одоо санхүүгийн төлөвлөлтийн талаар ярихад хамгийн чухал дүрэм бол эрт эхлэх. Бонд, хувьцаа зэрэг олон юм бодохоосоо илүү хүүхдээ төрөнгүүт нь сар бүрийн хүүхдийн мөнгийг нь жилийн 11.5%-ийн хүүтэй хадгаламжид хийхэд л 18 жилийн дараа ₮71.5 саяын хуримтлалтай болно. Үүний 70% нь хадгаламжийн хүү гээд л бод.

  • Бонус: Аа харин хуримтлуулж эхэлснийхээ дараа хөрөнгө оруулалтын стратегиа үе үе хянаж, зах зээлийн нөхцөл байдал, хүүхдийнхээ наснаас хамааруулан тохируулж болох юм. Мөн хүүхдэдээ санхүү, хөрөнгө оруулалтын талаар мэдлэг олгохоо мартав.

Эцэст нь… Заа тэгээд хүүхдэдээ ажлын өглөө бүрийн 7 цагт Lemon Press-н товхимол уншдаг зуршил суулгачихад л ухаалаг шийдвэрт хөтлөгдөнө дөө. 😜

⚒️ Том төсөл, том зэс 

RIO: Rio Tinto Перугийн хойд хэсэгт орших “La Granja” зэсийн төслийнхөө 55%-ийг Канадын First Quantum компанид $105 саяар зарлаа. La Granja орд нь ойролцоогоор 4.32 тэрбум тн нөөцтэй бөгөөд First Quantum үүнийг ашиглахын тулд нэмэлтээр $546 саяын хөрөнгө оруулалт хийх аж. Сонирхуулахад, Rio Tinto-н Зэсийн группийн захирал Б.Болд “La Granja-г хөгжүүлснээр зэсийн томоохон нийлүүлэлт бий болно” хэмээжээ.

Зайнаас ажиллах хугацаа дууслаа, оффис руу марш!!!

Хотын төвийн өндөр шилэн гоё оффисуудаас эхлээд ер нь оффист ажиллах хүн олдохоо больсон гэнэ үү? Юу болоод байна?

Сүнстэй оффисууд олширно

Цар тахлын үеэр хаа сайгүй л зайнаас ажиллаж газар уснаа явагч гэдэг шиг оффис, гэр хоёрыг хослуулан ажиллах арга барил нь зарим компанид хэдийнээ нутагшаад буй. Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs (GS)-н тооцоолсноор энэ онд зайнаас ажиллаж буй Америкчуудын хөдөлмөрийн ЗЗ-д эзлэх хувь 20%-25% байгаа аж.

  • Оргил: Харин цар тахлын үеэр зайнаас ажиллаж буй Америкчуудын хөдөлмөрийн ЗЗ-д эзлэх хувь 47% болж оргил үедээ хүрч байв. 3 жилийн хугацаанд зайнаас ажиллагсдын тоо нэлээн буурсан л байна гэж бодож байвал том эндүүрч байна шүү.

  • Учир нь,  цар тахлын өмнөх үед зайнаас ажиллагсад ЗЗ-д дунджаар 2.6%-ийг л эзэлдэг байсан юм.

Үүнээс гадна ирэх жилүүдэд түрээсийн гэрээний хугацаа нь дуусах оффисын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд ойрын 10 жилд сул оффисын талбайн хэмжээ 267 сая м.кв-аар нэмэгдэх гэнэ. Эзгүй оффисын тоо ихсэх нь шинэ оффис барих ХО-ыг бууруулах эрсдэлийг чирээстэй. Тодруулбал, оффисын барилгад оруулах ХО 2024 онд $6.4 тэрбум, 2025 онд $6 тэрбумаар тус тус буурах нь. ЗЗ-д оффисын талбай чихрийн цаас шиг олшроод эхэлбэл шинэ оффис барихтай манатай л болох нь аргагүй л юм.

Яагаад оффисууд эзгүйрч байна?

  • 1-т: Хаанаас ч ажиллах боломжтой ажлын байр нэмэгдэх болов. Тухайлбал, олон компаниуд ажилчдаа гэрээсээ ажиллахын сацуу хүссэн цагаараа ажиллахыг зөвшөөрөх болсон. Ийм байхад оффисын хэрэг байдаг ч юм уу?

  • 2-т: Эдийн засгийн хүндрэлтэй үед жижиг дунд бизнес эрхлэгчид оффисын талбай түрээслэх чадамж, боломж бололцоо хомс байна.

Оффист ир!

Жижиг дунд гэтгүй META (META), Goldman Sachs, Zoom (ZM) тэргүүтэй томоохон компаниуд ч 7 хоногийн тодорхой хугацаанд оффисоос ажиллахыг тулгах болсон. Үүгээр ч зогсохгүй эсэргүүцсэн ажилчдадаа баяртай гэж хэлэхэд ч бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

За тэгээд, зайнаас ажилладаг уншигчид минь нэг л өдөр ажлаас чинь залгаад оффисоос ажилла гэвэл гайхалтгүй шүү.

30 асуудал
ЗГ-ийн өчигдрийн хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж сайжруулсан шахмал түлшийг үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлэхээр болов.
₮32 тэрбум
Хан-Уул, Налайх, Дархан-Уул гэх 3 байршлыг шахмал түлшээр хангахад асаагчийн зардалд л гэхэд ₮32 тэрбумын санхүүжилт шаардагдах гэнэ.
45.5%
Хагас коксжсон түлш ашигласнаар тоосонцор 45.5% буурна.

MMC

🔹Mongolian Mining Corporation (976)-н 12.5%-ийн хүүтэй шинэ бонд гаргана. Компани 2024 онд дуусах байсан 9.25%-ийн хүүтэй $440 саяын бондоо дахин санхүүжүүлэх зорилго өвөртөлж буй нь энэ. Компани уг бондоо Сингапурын хөрөнгийн биржээр арилжих төлөвлөгөөтэй байгаа юм.

🔹Мобиком Корпорац ХХК Инвескор Ассет Менежмент ХХК-тай хамтран ажилчдадаа зориулсан хуримтлалын ХО-ын санг байгууллаа. Энэ нь компанийн ажилчдын хуримтлалыг урт хугацаатай, өндөр өгөөжтэй ХО-ын хэрэгсэлд байршуулж урт хугацаанд, тогтвортой өсөх ХО болох аж.

🔹Мах импэкс ХК (MMX)-н борлуулалтын орлого II улиралд өмнөх оны мөн үеэс 71% өсөж ₮29 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 194% өсөж ₮771 сая болсон байна. Үүнд борлуулсан бараа, үйлчилгээ үзүүлсний орлого нь 54% өссөн нь голлон нөлөөлсөн байна.

🔹УИХ-ын дарга Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Сангийн сайдад хүлээлгэн өгөв. Төсвийн тухай хуулийн шинэчлэл нь 8 сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэнэ.

🥛 Сүүний хэрэглээ бага байхын учир

Зээ, ээлжит шинэхэн буланд тавтай морил! Бидний өдөр тутмын сүүний хэрэглээ НҮБ-ын өгсөн зөвлөмжөөс харьцангуй бага гэдгийг мэдэх үү?

Айн? 😲
71.1 сая малтай ч яагаад сүүний хэрэглээ бага байдаг билээ гэж бодож байвал анхаарлаа нааш нь.

  • Учир зангилаа: Бидэнд хүн амын хэрэгцээг бүрэн хангах сүүний нөөц байгаа ч түүнийгээ бэлтгэж цуглуулах, үйлдвэрийн аргаар боловсруулж чадахгүй байгаад гол асуудал буй. Өөрөөр хэлбэл 1 хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1 хүнд ногдох сүү үйлдвэрлэлтэй шууд хамааралтай. Гэтэл бид улсын хэмжээнд дөнгөж 1 сая тн сүү үйлдвэрлэжээ.

  • Дутуу, дутуу бас дахин дутуу: Тиймээс бидний 1 жилийн дундаж сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ НҮБ-ын зөвлөсөн хэмжээ болох 180 л-ээс 3.4 дахин бага буюу 52 л байна. Сүүний хэрэглээ дутуу байгаа нь кальци, витамин D, витамин В12, иод, уургийн дутагдалд оруулна л гэсэн үг.

Гаргалгаа

Уг асуудлыг шийдэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын оролцоо чухал. Тухайлбал Сүү ХК (SUU) л гэхэд хүүхэд, залуус руу чиглэсэн витаминаар баялаг SUUPER, Hi High хэмээх шинэ брэндийг нээгээд байгаа. Хялбар савлагаа, шинэлэг амт нь залуусын сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд туслах юм. Хэрэв та өнөөдөр ямар нэгэн сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй бол өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүр лүү алхаад марш.

  • Тогло: Уран бүтээлч талаа ашиглах цаг. (Vole)

  • Танилц: Snapchat-н шинэ AI Dreams. (TheVerge) 

  • Мэд: Burger King бургерын хэмжээнээсээ болж шүүхэд дуудагдав. (Axios)

  • Унш: CEO нар зайнаас ажиллахыг хүссэн хэнийг ч хална гэв. (Insider)

Reply

or to participate.