- Lemon Press
- Posts
- 🏪 CUMN-н тэлэлт, өсөлт, ашиг
🏪 CUMN-н тэлэлт, өсөлт, ашиг
Криптогийн сонин сайхан | 700 мянган даатгуулагч | Америкийн ТНБД Монголд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Та сард хэр их дата зарцуулдаг вэ? Монголд 1 хэрэглэгчийн сарын дундаж хэрэглээ 2018 онд 2GB байсан бол одоо 14.8GB-д хүрээд байгаа гэнэ. ЭНД дарж үзээрэй. 🤳
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: ЗГ-ын хуралдаанаар зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа.
MN: Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно.
GLMT: Голомт банкны Гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар томилогдлоо.
🏪 CUMN-н тэлэлт, өсөлт, ашиг
Энэ оны хагас жилийн байдлаар Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Яаж ашигтай ажиллав?
📶 Өсөлт
Энэ оны I улиралд CU-н алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурснаар II улиралд улирлаас алдагдлаас ашиг руу орох нь тодорхой болоод байсан. Тэгвэл тэдний борлуулалтын орлого энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 57.7%, 2021 оны мөн үеэс 711.1% өссөнөөр анх удаа ашигтай ажиллалаа. Ийнхүү Монголд хамгийн анх конвиниенс сүлжээ дэлгүүрийг нэвтрүүлсэн тэд 6 жилийн нөр их хөдөлмөрийн дараа ашигт ажиллагаанд хүрч байна.
🌟 Илүү их: Тэд оны эхний хагаст Улаанбаатарт 23, орон нутагт 5 салбар шинээр нээснээр нийт дэлгүүрийн тоо нь жилийн өмнөхөөсөө 21% өсөж 393-т хүрээд буй. Мөн CU-н нийт дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт жилийн өмнөхөөсөө 25%, үйлчлүүлэгчдийн тоо нь 8% өссөн нь нийт борлуулалтыг нэмэгдүүлсэн хэрэг.
💪 Илүү том: Компани өнгөрсөн онд Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%, Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% тус тус эзэмшдэг болсон билээ.
🧐 Илүү нарийн: Цаашилбал, өмнө нь алдагдалтай ажилладаг байсан тул эздийн өмчийн өгөөж (ROE)-ийг ярих хэцүү байлаа. Харин одоо ашигтай ажилласнаар ROE нь 17.4% болжээ. ROE өсөх тусам хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байгааг илэрхийлнэ.
🌌 Цаашид юу болох вэ?
CU анх IPO хийхдээ 360 дэлгүүртэй байхаар төлөвлөж байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд стратегиа ахиулж үндэсний компани болохоор зорьж орон нутагт ч тэлж байгаа. Энэ ч утгаараа тэдний дэлгүүрийн тооны өсөлт II хагаст ч үргэлжилж Сэлэнгэ аймагт 400 дахь салбараа нээх гэж буй. Одоогоор тэдний орон нутгийн тэлэлт, тэдгээрт хүргэх дэд бүтцийн хөгжүүлэлт, хэрэглэгчдийн сонголтод нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөгжлийн анхан шатандаа явж буй.
Нэмээд, компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашгийн хувь эхний хагаст хурдацтай буюу жилийн өмнөхөөсөө 9.5 нэгж хувиар нэмэгдэж 14%, цэвэр ашгийн хувь 4%-д хүрснээс харахад цаашид ашиг нь нэлээд өсөх нь. Тэгэхээр тэдэнд хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаандаа тогтвортой өгөөж хүртэх нь дээ.
📈 Өсөлттэй тайлан
INV: Энэ оны II улиралд Инвескор ББСБ ХК-ийн цэвэр зээл өнгөрсөн оны мөн үеэс 67% өсөж ₮590 тэрбумд хүрчээ. Улмаар хүү шимтгэлийн орлого 98% өсөж ₮115 тэрбумд, цэвэр ашиг нь 136% өсөж ₮41.6 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн компанийн нийт хөрөнгө ₮780 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87% өссөн үзүүлэлт аж. Харин зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь нь 2023 оны эцсээс 1.3 нэгж хувиар өсөж 4.6% болжээ. Сонирхуулахад, компанийн энэ онд тараасан ногдол ашгийн хэмжээ 40% нэмэгдэж ₮4 тэрбум болоод байна.
📰 Криптогийн сонин сайхан
Энэ оны эхний хагас жилд хамгийн их сонин хачинтай салбарын нэг бол ялтчгүй крипто салбар байлаа. Тухайлбал, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн, Биткойны halving болсон гээд л эхнээс нь танилцаад явъя.
👏 Биткойны ETF-н амжилтууд
Өнгөрсөн 1-р сараас Биткойныг хамтын биржээр арилжих сан (ETF)-н арилжаа эхэлсэн эхний өдрөө л $4.6 тэрбумын арилжаа хийгдэж түүнээс хойш өдийг хүртэлх нийт арилжааны дүн $336 тэрбумд хүрээд байна. Цаашлаад BlackRock-н iShares Bitcoin Trust (IBIT)-н удирдаж буй хөрөнгө ердөө 7 долоо хоногийн дотор $10 тэрбумыг давсан бол Америкийн анхны алтаар баталгаажсан ETF тус үзүүлэлтэд хүрэх гэж 2 жилийг зарцуулсан түүхтэй.
😮 Өөр хөдөлгөөн: Биткойны ETF-н ачаар Биткойны үнэ өнгөрсөн 3-р сард буюу Биткойны halving-с өмнө түүхэн дээд түвшин болох $70,000-ын босгыг давсан. Өмнөх 3 Биткойны halving-н дараах ханшийн хөдөлгөөн бүгд шинэ түүхэн дээд ханш руу тэмүүлж ирсэн ч энэ удаад SEC-н түүхэн шийдвэр тус трэндийг өөрчилсөн юм.
🎠 Биткойны цикл: Гэсэн ч halving-н Биткойны үнэд нөлөөлөх эффект 366 хоногоос 548 хүртэл үргэлжлэх хандлагатай байсан гэхээр halving-н эффект гэж үнэхээр байдаг бол Биткойны үнэ $74,000-с ч давах магадлалтай.
🆕 Эфериумын ETF-н эрин
Өнгөрсөн Даваа гарагт SEC Биткойны ETF-д зөвшөөрөл олгосноос 6 сарын дараа 8 компанид Эфериумын ETF-д зөвшөөрөл олгоод буй. Харин тус 8 компанид кастодиан үйлчилгээ үзүүлэгчээр Coinbase (COIN) ажиллах аж. Тэд мөн Биткойны ETH-н арилжаа явуулж буй 8 компанийн кастодианаар ажиллаж байгаа.
🔮 Хүлээлт: Биткойны ETF арилжаалагдах болсноор Биткойны үнэ пуужиндаж крипто зах зээлийн үнэлгээ $2.3 их наядад хүрээд буй энэ үед Эфериумын ETF ямар нөлөөллийг авчрах нь томоохон хүлээлтийг дагуулж байна.
🎡 Зах зээлийг том зургаар
Цаашлаад Биткойны ETF-н ачаар мийм койнууд эхний хагаст нэлээн хөдөлгөөнтэй байлаа. Тодруулбал, Dogwifhat (WIF) 1,300%, Pepe (PEPE) 815%, Floki (FLOKI) 392% тус тус өсөөд буй. Улмаар мийм койнууд жавар тачигнуулсан крипто зудын дараа эргэн ирж ахин зах зээлийн хамгийн алдартай, халуухан бүтээгдэхүүн болсон юм.
✊ Дональд Трампын хүч: Цаашлаад, мийм койн дундаа улс төрийн холбогдолтой мийм койнууд алдаршиж $57.7 тэрбумын зах зээлийн $784 саяыг эзлэх болсон л гэнэ. Дональд Трампыг дэмжигчдийн хандивын ачаар Maga (TRUMP) оргил үедээ 6,196% хүртэл өсөөд авсан.
Эцэст нь… Оны эхээр крипто салбарын халимууд ар араасаа албан ёсны шүүхийн шийдвэрээ сонсож тус зах зээл сайн, муу мэдээ холилдсон хагас жилийг үдлээ. Ирэх саруудад Эфериумын ETH-н арилжаа хэр байх болон крипто салбарт элэгтэй Дональд Трамп сонгуульд ялах эсэхээс хамаараад крипто зах зээлийн бас нэгэн өнгө тодорхойлогдох мэт. Харж л сууя даа.
700 мянга
Энэ оны эхний 5 сарын байдлаар 700 мянга орчим НД төлөгч иргэн хуримтлалтай болжээ.
₮100.7 тэрбум
Эдгээр даатгуулагч нийт ₮100.7 тэрбумын бодит хуримтлалтай болсон ба 1 даатгуулагчийн дундаж хуримтлал ₮300 мянга байна.
₮300-₮500 мянга
Оны эцэст 1 даатгуулагчид ₮300-₮500 мянгын хуримтлал үүсэх төдийгүй хуримтлалаа 2030 оноос боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг хэрэгцээндээ зориулж болох аж.
TheStreet
🍋 YouTube-н энэ оны II улирлын зар сурталчилгааны орлого $8.6 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 13% өсжээ. Гэсэн ч тус үзүүлэлт $8.9 тэрбумд хүрнэ гэсэн шинжээчдийн таамаглалд хүрээгүй юм. Харин YouTube-н толгой компани Alphabet (GOOG)-н орлого II улиралд мөн үеэс 14% өсөж $84.7 тэрбумд хүрсэн байна.
🍋 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкт хийж буй айлчлалынхаа хүрээнд ТНБД Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт хийв. Талууд Монгол Улсын ЭЗ-ийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээр санал солилцсон төдийгүй Энтони Ж.Блинкен 8 сарын 1-нд Монголд айлчлах аж.
🍋 Монгол Базальт ХК (MBW)-ийн борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 31.5% өсөж ₮5 тэрбум орчимд хүрсэн байна. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 68%-ийг базальт лайт, 15%-ийг базальт хауз,12%-ийг базальт вэнт фасад, 5%-ийг базальт техно стандарт марк тус тус эзэлжээ. Түүнчлэн компани 4 улирлын гидропоник хүлэмжийг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
🍋 Монос Хүнс ХК (MFC)-ийн борлуулалтын цэвэр орлого энэ оны эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 6.3% нэмэгдэж ₮17.5 тэрбумд хүрлээ. Харин борлуулалт, маркетингийн зардал, санхүүгийн зардал өссөнөөр цэвэр ашиг нь 30.5% буурч ₮1.4 тэрбум болсон аж. Түүнчлэн компанийн нийт хөрөнгө ₮60.7 тэрбум болж 21% буурчээ.
🍋 Залруулга: Өчигдрийн товхимолд “Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)-ийн банкны кластер буюу Ард Кредит ББСБ ХК (ADB), Ард Актив ХЗХ, Ард Лизинг компанийн нийт хөрөнгө энэ оны II улиралд ₮184.8 саяд хүрчээ” хэмээн ташаа мэдээлэл хүргэсэнд хүлцэл өчье. Тус дүн нь ₮184.8 сая бус ₮184.8 тэрбум гэдгийг үүгээр залруулж байна. Мөн зээлийн багц ₮125.5 тэрбумд, хадгаламж ₮117.5 тэрбумд хүрч тус тус өссөн болно.
Business Development Manager / MERA LLC: Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах талаар мэдлэг туршлагатай, зах зээлийн чиг хандлагад анализ хийх, дижитал маркетинг, борлуулалт хийх ур чадвартай, англи, орос хэлтэй хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
Back-end Developer / Call Pro: Javascript, PHP, Python, C зэрэг программчлалын хэлний мэдлэгтэй, Back-end хөгжүүлэлтийг хийх англи хэлтэй хүн байвал холбогдоорой. Flutter, Google Cloud Platform дээр ажиллаж чаддаг бол давуу тал болно гэнэ. 👉 (Link)
Sales Director / SCC: Бизнесийн удирдлага, менежментийн бакалавр зэрэгтэй, маркетинг борлуулалт, бизнес хөгжүүлэлт, төлөвлөлт, анализ хийх, борлуулалтын багийг удирдах талаар мэдлэг туршлагатай, Power BI программ дээр ажиллах чадвартай хүн байвал ийшээ. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Уншууштай: Хятадын ЗГ тэтгэврийн насны босгыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. (BBC)
Сонирхолтой: Саран дээр хийгдэж байсан судалгаа ба үр дүн. (Tass)
Анхаарууштай: Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр. (WashingtonPost)
Үзүүштэй: Парис 2024 Олимпын сагсанбөмбөгийн төрөлд эвдэгдэж болзошгүй амжилтууд. (Olympics)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply