• Lemon Press
  • Posts
  • 🏪 CUMN: Алдагдал буурлаа

🏪 CUMN: Алдагдал буурлаа

Хятадын банкнуудын бонд | GAZR-н тайлан | GOV хувьцаагаа эргүүлж авна

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манайх чинь Шинэ Зуунмод гээд дагуул хоттой болох гээд байгаа даа. Тус хот “20 минутын хот” болох юм гэнэ. Юу вэ гэсэн чинь төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарттай байх аж. Хүнд сурталгүй хот гарч ирэх нь үү дээ? Гол нь тэгээд бодит байдал дээр юу л болдог бол доо… 🤓

*Нэг өдрийн өөрчлөлт

UB: Нийслэлийн бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана

GOV: Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

POL: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ.

🏪 CUMN: Алдагдал буурлаа

Премиум Нэксус ХК (CUMN) буюу CU-н I улирлын алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурчээ. Юу болсныг шинжье. 

2024 оны онцлог

Премиум Нэксус ХК нь 2023 оны 12-р сард хувьцаа гаргах замаар Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болж нэлээд том бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь энэ оны 1-р сард албан ёсоор бүртгэгдсэн аж. 

  • Стратеги: Түүнчлэн компани шинэ бүтэцтэйгээр зах зээлд манлайлах, технологийн дэвшил болон хэрэглэгчдийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл тэд энэ оны I улиралд ямар ахиц дэвшил гаргасныг харцгаая. 

Зургааг нээж, тавыг хасав

CU-н дэлгүүрийн тооны хувьд өнгөрсөн улиралд 5 дэлгүүрийг хаасан бол 6 дэлгүүрийг шинээр нээсэн байна. Улмаар нийт дэлгүүрийн тоо нь 375 болсон аж. Дэлгүүрүүдийн гүйцэтгэлийг харвал, өдрийн дундаж борлуулалт нь жилийн өмнөхөөсөө 19%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 6%-иар тус тус нэмэгджээ. 

Борлуулалт 🆙, Алдагдал 🔽 
Одоо хамгийн сэтгэл татам хэсэг болох компанийн санхүүгийн үзүүлэлтийг харъя. Тэдний цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 56% өсөж ₮110.9 тэрбумд хүрсэн байна. Улмаар цэвэр алдагдал нь ₮9.3 тэрбумаар буурч ₮0.8 тэрбум болсон аж. Алдагдал буурсан тул цэвэр ашгийн маржин нь 13.3 нэгж хувиар сайжирч -0.8% болжээ. 

  • Хөрөнгө өсөв: Цаашлаад Премиум Нэксус ХК-ийн нийт хөрөнгө ч 31.3% нэмэгдэж ₮227.2 тэрбум болсон байна. Түүнчлэн компани урт хугацаат зээлээ ₮15.6 тэрбумаар бууруулжээ. 

Зах зээл дээр юу болов?

CUMN-н зах зээлийн үнэлгээ I улиралд 2.8% өсөж ₮164.9 тэрбум болсон. Сонирхуулахад, тус хугацаанд тэдний зах зээлийн үнэлгээ хамгийн ихдээ ₮171.6 тэрбумд хүрсэн бол хамгийн багадаа ₮129.3 тэрбум болж байв. Харин өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь I улирлын хаалтын үнээс 5.4% унаж ₮140 болоод байна.

Эцэст нь… CUMN-н I улирлын үр дүн нэг иймэрхүү байна даа. Дараагийн улирлаас алдагдлаас ашиг руу орох болов уу? 

🤑 ₮2.8 тэрбумын ашиг

GAZR: Газаршим үйлдвэр ХК энэ оны I улиралд ₮11 тэрбумын борлуулалтын орлого олсноор ₮2.8 тэрбумын ашигтай ажиллалаа. Түүнчлэн тэдний нийт хөрөнгийн дүн 2023 оны эцсээс 2.8% буурч ₮48.6 тэрбум болсон бол өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE нь 7.9% байна. Сонирхуулахад, энэ Бямба гарагт компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох аж.

🎯 Хөрөнгө оруулалтын экспо айсуй

Хөрөнгө оруулалтын экспо 2024 арга хэмжээ "Cонгох Өдөр" уриан дор энэ сарын 28-нд болох гэж байна. Арга хэмжээний үеэр санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын сонирхолтой илтгэлүүд тавигдах ба салбарын экспертүүд болон төлөөлөл байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой юм.

Cонирхсон хүн бүрт нээлттэй болох учир гэр бүлээрээ хүрэлцэн ирж санхүүгийн боловсролдоо нэг өдрийг зориулаарай.

📍 Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхим

💵 Хятадын ТОП-5 банкны шинэ бонд

Хятадын төрийн өмчит томоохон 5 банк ирэх II улирлаас TLAC буюу нийт алдагдлыг шингээх чадвартай шинэ төрлийн бонд гаргах төлөвтэй байна

  • Хэрэг зориг: TLAC (Total loss-absorbing capacity) өр гэдэг нь банканд яаралтай төлбөр гүйцэтгэх, дампуурах зэрэг эрсдэл тохиолдсон үед зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг тодорхой төрлийн бонд аж. Илүү энгийнээр бол эдгээр бонд нь банкны алдагдлыг шингээх, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихээр нөөцөлж буй мөнгөний гахайн дахь мөнгө юм. 

Хугацаа тулсаар

Хятадын төрийн өмчит 5 том банк болох Bank of China (3988.HK), China Construction Bank (0939.HK), Industrial and Commercial Bank of China (1398.HK), Agricultural Bank of China (1288.HK), Bank of Communications (601328.SS) нар нь Хятадад төдийгүй дэлхийн банкны системд нөлөө бүхий буюу G-SIB ангилалд багтдаг. Хятадын Ардын Банкнаас мөрдөж буй төлбөрийн чадварын журмын дагуу тус банкнууд 2025 он гэхэд нийт алдагдлыг шингээх чадвар (TLAC) нь эрсдэлээр жигнэсэн хөрөнгийнх нь 16%, цаашлаад 2028 онд 18%-д хүрсэн байх ёстой. 

  • Тун удахгүй: Харж байгаачлан TLAC-н шаардлага хангах эхний хугацаа нэгхэн жилийн дараа болох тул тус банкнууд ч эхнээсээ нийт алдагдлыг шингээх чадвартай өрийн хэрэгслийг гаргахаар ажиллаж байгаа. Тухайлбал, Хятадын аж үйлдвэр болон арилжааны банк гэхэд $7.5 тэрбумын TLAC бонд гаргахаа мэдэгдсэн

  • Хэн хөрөнгө оруулах юм? Хятадад банкны гаргасан өрийн хэрэгслийн 30%-ийг арилжааны банкнууд, 45%-ийг даатгалын сан болон бусад сангууд, 25%-ийг хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд тус шинэ төрлийн бондын хөрөнгө оруулагчид нь ч тэд байх төлөвтэй байна. 

Fitch Ratings юу гэв? 

Fitch Ratings-н тооцооллоор тэдгээр 4 банк TLAC-н шаардлагыг хангахын тулд ирэх жилийн 1-р сар гэхэд нийтдээ $226 тэрбум, 2028 оны 1-р сар гэхэд $866 тэрбумын TLAC бонд гаргах шаардлагатай аж. Түүнчлэн шинэ бондуудын үнэлгээ тодорхой нөхцөлөөс хамааран банкнуудтай ижил зээлжих зэрэгтэй байх боломжтой аж. 

Эцэст нь… Хятадын эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт, орон нутгийн засгийн газрын санхүүжилтийг дэмжихийн тулд банкнууд илүү их ачаа үүрэх хэрэгтэй болсон тул ЗГ-аас нь ч тэднийг хөрөнгөө өсгөхийг ихээхэн шаардах болсон нь үүнээс харагдах шиг. 

50 жил 
Энэ онд Монгол Тайландтай дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой тохиож байна.
$1.4 сая
Өнгөрсөн онд Монголын Тайланд руу экспортолсон бараа бүтээгдэхүүний дүн 10 жилийн өмнөхөөс 355% өсөж $1.4 саяд хүрсэн бол импорт 20% өсөж $53 сая болжээ
$1.5 тэрбум 
Хоёр орны 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөөний дагуу 2027 он гэхэд 2 талын худалдааны эргэлтийг $100 сая, хөрөнгө оруулалтыг $1.5 тэрбум хүргэхээр зорьж буй. 

🌉 Зуны амралтаараа Лондонд

Эцэг, эхчүүд ээ! Хүүхдүүддээ зуны амралтаар нь Лондон хотод англи хэл сурч, аялах боломжтой хөтөлбөрийг сонирхоорой. 🔍

Ямар хөтөлбөр вэ? 

Салбартаа 3 жилийн туршлагатай Хан Хул Трэвэл компани St Giles International сургуультай хамтран 12-17 насныханд зориулсан 14 хоногийн англи хэл сурангаа Лондон хотоор аялан, Кэмбрижийн Их сургуультай танилцаж, далайн эргийн Брайтон хотоор зугаалах хөтөлбөрийг зохион байгуулж байгаа ба мэргэжлийн багш нар хүүхдүүдийг дагалдан явах юм.

За тэгээд хүүхдүүд англи хэл суралцахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, Англи соёлтой танилцан, биеэ даах чадвараа хөгжүүлэхэд түлхэц болох биз ээ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Crypto News

🔹SEC Grayscale (GBTC) болон Franklin Templeton (EZBC)-н Эфериум ETF-д зөвшөөрөл олгох хугацааг хойшлууллаа. Ингэснээр Эфериум ETF-н зөвшөөрөл олгох асуудлыг 6 сарын 11-нд ахин хэлэлцэхээр болоод буй. Харин өнгөрсөн 1-р сард түр хойшлуулаад байсан BlackRock (BLK)-н Эфериум ETF-н саналд нэмэлт тайлбар авахаар болсон аж. 

🔹ЕСБХБ Таван Богд ХХК-ийн шинэ автомашины үйлчилгээний төвд $15 саяын зээл олгохоор судалж байна. Тус зээл нь компанийн шинэ үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтад зарцуулагдах бөгөөд эцсийн шийдвэр нь 5 сарын 29-нд гарах аж.

🔹Говь ХК (GOV) нэгж хувьцаагаа ₮268.26-өөр эргүүлэн худалдаж авна. Тодруулбал, тус компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК-ийн хувьцааны эзэмшил 85.29%-д хүрсэнтэй холбогдуулан Говь ХК-ийн ТУЗ Таван Богд Холдингс ХХК-д хувьцаа эргүүлэн худалдан авах зөвшөөрлийг олгожээ.

🔹Монгол болон Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацаа 30 хоног байсныг 60 хоног болгоно. Гадаад харилцааны сайд Тайландад айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын үеэр тус асуудлыг хэлэлцэж, 2 орны хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.

⚒️ Яагаад?: Уул уурхайн томоохон төслүүд = Урт хугацаа

Шинэхэн буландаа тавтай морил. Бид “Mega Mining” булангаараа уул уурхайн томоохон төслүүдийн талаар мэдээллийг хүргэнэ. Энэ удаагийн дугаараар уул уурхайн мега төслүүд ямар нарийн төвөгтэй процесс туулдгийг судалъя. 

Урт удаан процесс ➡️ Өндөр өгөөж 

Уул уурхайн мега төслүүд нь зөвшөөрөл авахаас эхлээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх шаардлагатай болно

  • Нэлээд урт: Цаашлаад тухайн төслийн хайгуулын болон олборлолтын үед ашиглагдах дэд бүтцийг бий болгох нь маш урт процесс. Улмаар уул уурхайн мега төслүүд санхүүжилт татахын тулд хэлэлцээр хийх шаардлага үүснэ. Энэ үед ТЭЗҮ, болзошгүй эрсдэлүүдийг судлах шаардлагатай.

  • Бодит жишээ: Чили дэх Коллахуаси уурхайн ордыг 1991 онд нээж, 1995 онд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг баталж, 1999 онд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эл урт хугацааг туулсны эцэст 5,099 ажилтантай болж, 2019 онд 565 мянган тн зэс үйлдвэрлэж, $3.1 тэрбумын орлого олжээ

Хэдэн арван жил

Түүнчлэн Rio Tinto (RIO)-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төсөл л гэхэд 27 жил дараалан хойшлогдсон. Учир нь уг төсөл нь асар том цар хүрээтэй тул 552 км төмөр зам, гүний усан боомт зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт, нарийн төлөвлөлт шаардлагатай байв. Энэ бүхний санхүүжилтийг хангах, ТЭЗҮ боловсруулах бэрхшээл тулгарсан тул 27 жил хойшлогдсоны эцэст энэ оноос л эхэлж буй. 

Харин Оюу толгойн хувьд

Тус ордын нөөцийн дийлэнх нь байрладаг Хюга Даммит ордыг 2002 онд олж нээснээс хойш Rio Tinto 2009  онд хөрөнгө оруулж, 14 жилийн дараа буюу 2023 онд гүний уурхайгаас олборлолтоо эхлүүлсэн юм. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт $15 тэрбум орчмыг Оюу толгойн ил болон гүний уурхайд оруулжээ. 

Эцэст нь… Уул уурхайн томоохон төслүүд тухайн улсынхаа эдийн засагт маш том нөлөөтэй байдаг. Эдгээр төслүүд үр нөлөөгөө өгөхийн тулд хэдэн арван, магадгүй хэдэн зуун жилийг туулж буй. Монголд ч дараагийн Оюу толгой шиг том төслийг хэрэгжүүлэхэд ч нэлээдгүй хугацаа шаардлагатай биз ээ. 

  • Financial Writer / Lemon Press: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Гэрээт ажилтан / Үндэсний Статистикийн Хороо: Эдийн засаг, статистикийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, судалгаа хийх чадвартай хүн байна уу? (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Мэд: Coach болон Micheal Kors нэгдэх хүслэн шүүхийн маргаанаар тасрах уу? (CBSNews)

  • Яагаад? Стрийминг үйлчилгээ хямдхан байх аргагүй болсоор. (VOX)

  • Хэрхэн? Google-н хайлтын систем ингэж ажилладаг. (Google)

  • Унш: Франц Украинд цэрэг оруулах уу? (NISS)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.