- Lemon Press
- Posts
- ✨ CU шинэчлэгдэнэ
✨ CU шинэчлэгдэнэ
Цахим шилжилт ба хатуухан бодлого | CU-н шинэчлэл | Toki
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Та хэд ер нь манай YouTube сувгийг дагаж, контентуудаа үзэж байна уу? Сүүлд “Мөнгөө Яах Вэ?” гээд цоо шинэ контент гаргасан шүү. Үзэж амжаагүй бол ЭНД дарж үзээрэй. 🎬🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол Вьетнамд мах экспортолж, худалдааны эргэлтийг 2 дахин нэмэгдүүлнэ.
BOM: Монголбанк 10-р сард 867.6 кг үнэт металлыг дунджаар ₮211.5 мянгаар худалдан авав.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮21.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮10 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
✨ CU-н шинэчлэл
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) IPO хийгээд 2 жилийн нүүрийг үзлээ. Харин компани одоо ирэх сарын 4-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэлээд олон шинэчлэлт хийх нь. Юу болох гээд байна?
Хаалттай хэлбэрээр хөрөнгө босгоно
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд CU-н хувьцааны үнэ IPO үнээсээ 38% унаж ₮129 болоод буй. Гэхдээ үйл ажиллагаа нь бол ухарсангүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 326 салбар дэлгүүртэй болж, 85.7 сая хүнд үйлчилгээ үзүүлсэн аж. 2023 ондоо багтаад 360 дэлгүүртэй болно. Харин одоо,
CU not CU: Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тэдний нэр Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК байхаа больж Премиум Нэксус ХК болж магадгүй нь.
Яах вэ гэхээр, тэд нэгж бүр нь ₮208-ийн үнэтэй хувьцааг хаалттай хүрээнд нэмж гарган нийт ₮61.7 тэрбумын хөрөнгө оруулалт босгох юм.
Яаж босгох юм бэ?
Тэд ₮61.7 тэрбумаа эд хөрөнгийн эрхээр болон зээлийн өглөгөө хувьцаанд хөрвүүлэх замаар татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Өөрөөр бол CU-н нэмж гаргах хувьцаа олон нийтэд хүртээлгүй гэсэн үг. Тодруулбал компани нэмэлт хувьцаагаараа нэг талд Премиум Групп ХХК-иас авсан ₮30 тэрбумын өрөө дүйцүүлэн дарж, нөгөө талд нийт 8 стратегийн хөрөнгө оруулагчаас ₮26.5 тэрбумыг босгоно. Гэхдээ ₮26.5 тэрбум нь мөнгөөр орж ирэхгүй ээ.
Юу болох вэ? Стратегийн хөрөнгө оруулагчид CU-д эд хөрөнгийн эрхээрээ хөрөнгө оруулах юм. Тиймээс CU Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%-ийг тус тус эзэмшдэг болох бол Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болно.
Яах гэж? Бүтцийн өөрчлөлтийн эцэст CU жилд 1 сая литр шар айргийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, цаашлаад Асахи (Asahi) шар айргийг импортлох албан ёсны эрхийг авсан Сэнтрал Коммерсыг эзэмших нь. Ингэснээр тэд ардаа АПУ-тай GS25-тай өрсөлдөөнөө ширүүсүүлэх юм.
Эцэст нь… Хэрвээ та CU-н хувьцааг эзэмшдэг бол хурлын бүртгэл 11 сарын 14-нд хаагдана шүү. За тэгээд хурлын шийдвэрээр дахин уулзацгаая.
🔼 Арилжаа доошоо, орлого дээшээ
COIN: Coinbase-н III улирлын байдлаарх нийт орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 14.2% өсөж $674 саяд хүрэв. Хэдий гүйлгээний орлого 21.1% буурч $288.6 сая болсон ч стейблкойны орлого 2.2 дахин нэмэгдэж $172.4 сая хүрсэн нь нийт орлого өсөхөд голлон нөлөөлжээ. Улмаар хувьцааны үнэ 10.3% өсөж $85.8-д хүрээд байна.
♟ Цахим шилжилт ба хатуухан бодлого
ОУВС 2023 оны дэлхийн санхүүгийн хүртээмжийн чиг хандлагын талаарх судалгаагаа гаргалаа. Судалгаанаас харахад жилээс жилд ЖДҮ эрхлэгчдэд хэцүү байх нь.
Танилцуулахад, энэхүү тайлангийн үр дүн аливаа улсын иргэдийн санхүүгийн хэрэглээг дэлхийн бусад улстай харьцуулж хаана явж байгааг тодорхойлоход тусалдаг. Мөн санхүүгийн хүртээмж хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг тайландаа тусгадаг аж.
Уламжлалт санхүүгийн хэцүү байдал
Ковид-19-өөс хойш цахим санхүүгийн үйлчилгээ уламжлалт санхүүг орлож эхэлсэн. Жишээ нь, цар тахлын үеэр дундаж орлоготой улсуудын цахим хэтэвчний хэрэглээ 2 дахин өссөн бол АТМ, банкны салбаруудын тоо хэмжээ, хэрэглээ 9% буурсан байна.
Түүнчлэн 2021-2022 онд дэлхий даяар банкны хадгаламжийн тоо нэмэгдэж зээлийн дансны өсөлт тогтвортой байжээ. Гэвч ДНБ-д эзлэх хадгаламж болон зээлийн үлдэгдэл ихэнх бүс нутгуудад буурсан байна.
Жишээ нь, Ойрхи Дорнод болон Төв Азид ДНБ-д эзлэх зээлийн үлдэгдэл 2021 онд 59% байсан бол 2022 онд 55% болон буурав. Энэхүү бууралт нь улс орнуудын өндөр инфляцын эсрэг авч байгаа мөнгөний хатуу бодлоготой холбож байгаа.
ЖДҮ эрхлэгч нарт дарамт ирэх нь
2022 онд ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэд хэдэн бүс нутагт буурсан байна. Тодруулбал, 2022 онд 61 улсын 46 нь, тэр дундаа өндөр орлоготой орнуудад дээрх харьцаа буурчээ. Ийнхүү зээл олголт буурахад 2020 оноос эхэлсэн ЖДҮ эрхлэгч нарын зээлийн эргэн төлөлтийг зогсоох, зээлийн баталгаа зэрэг дэмжлэгүүд зогссон нь нөлөөлөв.
Ерөнхийдөө, цар тахлаас хойш цахим санхүү дэлхийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг дэмжих хандлагатай байна. Гэвч улс орнуудын инфляцын эсрэг барьж буй мөнгөний хатуу бодлогын үр дүнд арилжааны банкнаас ЖДҮ эрхлэгч нарт очих санхүүгийн хүртээмж илүү их буурч, энэ байдал ирээдүйд үргэлжлэх эрсдэлтэй байна.
Монголын ЖДҮ эрхлэгчдийн төгрөгийн зээлийн үлдэгдэл 2022 онд өмнөх жилтэй харьцуулахад 4.9% буурч ₮5.2 их наядад хүрэв. Өмнөх жилүүдийн тоон үзүүлэлтийг харвал,
2018: ₮3.4 их наяд
2019: ₮4 их наяд
2020: ₮3.3 их наяд
2021: ₮5.5 их наяд
2022: ₮5.2 их наяд
Сонирхуулахад, дунджаар ДНБ-ий 11%-ийг ЖДҮ эрхлэгчдийн төгрөгийн зээлийн үлдэгдэл эзэлж байна.
🅿️ Зогсоолоос хэрхэн шууд гарах вэ?
Зогсоолын төлбөрөө Toki апп-аар төлөөд цаг алдалгүй шууд гараарай. 🏎
Яаж төлөх вэ?
Toki апп-ын “Үйлчилгээ - Машин - Зогсоолын төлбөр” хэсэгт хандаж зогсоолын төлбөрөө шууд төлөх юм. Ингэснээр гар утаснаасаа зогсоолд хэзээ орж ирсэн, хэдэн минут зогсож байгаа, төлбөр хэдэн төгрөг гарсан болон сул зогсоол байгаа эсэхээ харах боломжтой.
Уг апп-аар зогсоолын төлбөрөө төлснөөр,
Гарахдаа зогсоолын ажилтанг хайх шаардлагагүй,
Бэлэн мөнгө, картаар төлнө гэж цаг алдалгүйгээр шууд гарах зэрэг олон давуу талтай юм.
Түүнчлэн авто төлөлтийг идэвхжүүлснээр холбосон банкны карт эсвэл Debit данснаас төлбөр автоматаар төлөгдөж, хаалт дээр зогсохгүй шууд гарах гэнэ. Амар биш гэж үү?
За тэгээд, зогсоолын төлбөрөө Toki апп-аар төлж цагаа хэмнээрэй.
⬇️ Апп-аа ЭНД дарж татаарай.
🔹Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлаар М.Даваажаргал томилогдлоо. Тэрбээр салбартаа тасралтгүй 13 жил, тэр дундаа Монголын анхны кастодиан банкны төсөл, JP Мorgan банкны Монгол дахь саб-кастодиан сонгох төсөл, үнэт цаасны зах зээлийн СВИФТ төслүүдэд ажилласан туршлагатай нэгэн аж.
🔹Goldman Sachs (GS) 608 ажилтнаа удирдах албаны захирал (managing director) болгон дэвшүүллээ. Компани 2 жил тутамд уг томилгоог хийдэг бөгөөд өнгөрсөн удаад 643 ажилчдаа албан тушаал дэвшүүлж байжээ. Улмаар өдгөө тус компанийн удирдах албаны захирлын тоо 2,775 болж нийт ажиллах хүчний 6%-ийг эзлэх болжээ.
🔹WPL койн гаргагч харилцагч нараасаа буцаан худалдан авалт хийнэ. Тодруулбал, тэд WPL койноо буцаан худалдах гэрээ байгуулсан харилцагчаас хэсэгчилсэн байдлаар койноо буцаан авах аж. Эхний ээлжид тухайн харилцагчаас гэрээнд тусгагдсан WPL койны 4.93%-тай тэнцэх хэмжээг худалдан авах гэнэ.
🔹Berkshire Hathaway (BRK.B)-н III улирлын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өсөж $12.8 тэрбумд хүрчээ. Үүнд тэдний хөрөнгө оруулалтын алдагдал 2.3 дахин нэмэгдэж 23.5 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлсөн аж. Сонирхуулахад, тэд он гарснаар нийт $7 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаагаа халааслаад байна.
Мэд: Тим күүкийн AI-д зарцуулсан мөнгөний задаргаа. (TC)
Сур: Монголын хөрөнгө оруулагчид хоцрогдож байна. (Lemon Press)
Унш: Улаанбаатар хотын асуудалтай ус. (Diplomat)
Мэдсэн үү? Sony WH-1000xM5 чихэвч Amazon дээр зад хямдарсан байна. (AndroidPolicie)
Даваа: Өнгөрсөн 10-р сарын Хятадын гадаад худалдааны тэнцэл гарна.
Мягмар: Үргэлжлүүлээд Америкийн гадаад худалдааны тэнцэлтэй танилцах өдөр.
Лхагва: Walt Disney (DIS)-н ээлжит улирлын тайлан зарлагдана.
Пүрэв: SoftBank (9984.T)-н IPO хийснээс хойших анхны тайлан гарах гэж байна.
Баасан: Оросын гадаад худалдааны тэнцэл зарлагдсанаар энэ 7 хоног дуусах нь дээ.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply