• Lemon Press
  • Posts
  • 🪙 Америкчууд криптод итгэсээр

🪙 Америкчууд криптод итгэсээр

Хүнсний салбарын томчуулын тайлан болон Америкийн крипто эзэмшигчдийн талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр бол ажилчдадаа талархах өдөр шүү. Хэрвээ та удирдах албан тушаал эрхэлдэг бол ажилчдынхаа хичээл зүтгэлийг үнэлэхээ мартуузай. Харин ажилтан бол үүнийг хайрт захиралдаа харуулаад үзээч. 😉

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: Мөнгөн зээлийн үйл ажиллагаа (Барьцаалан зээлдүүлэх газар)-г зохицуулах хууль хэрэгжиж эхэллээ.

CHN: Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын индекс (PMI) 2-р сард 52.6 нэгжид хүрснээр сүүлийн 11 жилийн дээд түвшинд хүрэв.

MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮2.2 тэрбумын репо зээл арилжаалагджээ.

Монгол дахь хүнсний салбарынхан

АПУ ХК (APU), Сүү ХК (SUU), Талх Чихэр ХК (TCK)-ийн хувьцааг худалдан авахаар төлөвлөж буй болон аль хэдийн хөрөнгө оруулсан 29.5 мянган хөрөнгө оруулагчид анхаараарай. Тэдний өнгөрсөн оны гүйцэтгэлийг сонжъё.

АПУ ХК: Зардал ⬆️ Ашиг ⬇️

Монголын хамгийн өндөр ЗЗ-ийн үнэлгээтэй шингэн хүнсний аваргын борлуулалтын орлого 25.3% өсөж ₮838.8 тэрбум болсон ч ашиг нь 18.7% буурч ₮124.8 тэрбум боллоо. Яагаад?

  • Хаа сайгүй өсөв: Компанийн зардал өссөн нь ашгийг бууруулсан хэрэг. Тодруулбал, борлуулалтын өртөг 41.5%, маркетингийн зардал 36.9%, ерөнхий ба удирдлагын зардал нь 42.1% тус тус өсжээ.

  • Унасан ч нэмэгдэв: Нэмж дурдахад компанийн хувьцааны үнэ 2022 онд 19.8% унасан бол хувьцаа эзэмшигчдийн тоо 27.6% өсөж 16.7 мянга болсон байна.

Сүү ХК: -25%

Сүүний ууган үйлдвэрийн борлуулалтын орлого 8.4% нэмэгдэж ₮108.8 тэрбумд хүрсэн ч нийт хөрөнгө нь 3.4% буурч ₮87 тэрбум, ашиг нь 25% багасаж ₮8.1 тэрбум болсон байна. Учир нь,

  • Ерөнхий & удирдлагын зардал x 2.1: Тэдний маркетингийн зардал 35.1% буурсан ч борлуулалтын өртөг 7.1% ерөнхий ба удирдлагын зардал нь 2.1 дахин өссөн юм.

  • Хувьцаа эзэмшигч x 1.6: Түүнчлэн Сүү ХК 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд нийт ₮7 буюу 1.5%-ийн өгөөжтэй ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд тус хугацаанд хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 59% өсөв.

Талх Чихэр ХК: Ногооров

Хүнсний манлай Талх Чихэр ХК-ийн бүхий л үзүүлэлт өсжээ. Тодруулбал, борлуулалтын орлого нь 33.1% өсөж ₮100.9 тэрбум болсноор ашиг нь 25.5% нэмэгдэн ₮6.4 тэрбумд хүрсэн аж.

  • 2022 оны онцлох үйл явдал: Компанийн зах зээлийн үнэлгээ болон өдөр тутмын гүйлгээний хэмжээ МХБ-д бүртгэлтэй бусад тэргүүлэгч компаниудаас багассан тул ТОП 20 индексээс хасагдсан билээ.

  • Өссөн ч багасав: Харин тэдний хувьцааны үнэ 2022 онд 18.2% өссөн ч хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 0.2% буурсан байна. 🤔 

🟢 Tesla-н ногоон төлөвлөгөө

TSLA: Илон Маск Tesla-н 2023 оны хөрөнгө оруулагчдын өдөрлөг дээр “Мастер төлөвлөгөө 3”-аа танилцуулсны дараагаас Tesla-н хувьцааны үнэ 5.6% уналаа. Тус төлөвлөгөөнд компани $10 их наядыг уул уурхайн олборлолт болон түүхий эдийн боловсруулалт, EV-н батарей хөгжүүлэлт зэрэг төсөлд хөрөнгө оруулахаар тусгасан аж. Цаашлаад тэд Мексикт $1 тэрбумын үнэ бүхий үйлдвэр барихаа зарлаад амжив.

Америкчууд криптод итгэсээр

Coinbase (COIN) болон Morning Consult хамтран 2,202 насанд хүрэгчдийн дунд явуулсан цахим судалгааны үр дүнд Америкийн насанд хүрэгчдийн 20% буюу 50 сая гаруй нь крипто эзэмшдэгийг тогтоожээ. Сонирхолтой нь тэд крипто өвлийн үеэр ч салбартаа үнэнч байсан гэнэ.

Үнэтэй, Шударга бус, Ойлгомжгүй

Тус судалгаанд нийт иргэдийн 80%, крипто хөрөнгө оруулагчдын 78% нь дэлхий дахинд тогтоод буй санхүүгийн тогтолцоо нь илүү анхаарал татахуйц зүйлсийг дэмждэг сул талтай гэж үзжээ. Тиймдээ ч судалгаанд хамрагдагсдын хувьд санхүүгийн тогтолцоотой хамгийн холбоо бүхий үгс нь дараах 3 үг аж. Үүнд,

  • Үнэтэй: Судалгаанд оролцогч 3 хүн тутмын 1 нь өнөөгийн санхүүгийн тогтолцоонд “үнэтэй” гэх үг таарна гэжээ.

  • Шударга бус: Харин тэдний 30% нь санхүүгийн тогтолцоо бол шударга бус гэх үгтэй нэлээд холбоотой гэж хариулсан.

  • Ойлгомжгүй: Мөн 30% нь энэ тогтолцоог нь төөрөгдүүлмээр байдаг тул ойлгомжгүй гэх үгтэй дүйнэ гэж үзсэн бололтой.

Шинэчлэл шаардлагатай

Санхүүгийн тогтолцоо нь 100 гаруй жилийн өмнө ямар ч технологи, интернэтгүй эрин үед үүсэж бий болсон. Зуун дамнасан санхүүгийн тогтолцоо Америкчуудын хувьд үнэтэй, шударга бус, ойлгомжгүй гэх ойлголт төрүүлж байгаагаас үүдэн тэд энэ тогтолцоонд томоохон өөрчлөлт эсвэл бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь нийт судалгаанд оролцогчдын 67%, крипто хөрөнгө оруулагчдын 74% нь энэ тал дээр санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Криптод итгэсээр

Өнгөрсөн онд крипто зах зээл тийм ч таатай байгаагүй ээ. Гэсэн ч Америкийн крипто эзэмшигчид өөрсдийн хөрөнгө оруулалтаасаа нүүр буруулаагүй байна. Тэгээд ч зогсохгүй Америкчуудын 1/3 нь ирэх ондоо багтаж криптовалют арилжаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү. Харин крипто хөрөнгө оруулагчдын 76% нь криптовалют болон блокчэйн ирээдүйтэй гэдэгт итгэж буй аж.

Баасан гаргийн бяцхан тархины дасгалдаа бэлэн үү? Энэ удаад бид ноён Х-ийг олох сэжүүрийг бэлтгэлээ. Харин та таагаарай. 🔎

Намайг хайрлах нэгэн байхад, үзэн яддаг нэгэн ч бий. Би дээшээ өгсөх тусам зарим нь намайг нуух гэж хичээнэ. Гэсэн ч тэд намайг хэзээ ч буулгаж чадахгүй. Би юу вэ?

Хариулалтаа хайх зам тань сонирхолтой байна гэж найдъя. Олсон бол бидэнд мэдэгдэхээ мартав даа. 🤗

🔹Омни Актив ХБҮЦ (MONI) эхний үндсэн төлөлт болон 4 дэх хүүгийн төлөлтөөр нийт ₮2.7 тэрбумыг төлөв. Тэд эхний үндсэн төлөлтөөр ₮2.5 тэрбумыг хөрөнгө оруулагчдын дансанд байршуулсан бол хүүгийн төлөлтөд хувь хүний орлогын албан татвар (5%)-ыг суутгасны дараагаар ₮172.2 саяыг шилжүүлжээ.

🔹SouthGobi Resources (SGQ.TO)-г Канадын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасуулах ажил хойшлогдлоо. Тус асуудал 2 сарын сүүлээр цэгцрэх байсан ч 4-р сар хүртэл хойшлогдоод буй. Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй байгаа тэд Торонтогийн вэнчур биржид бүртгүүлэхээр зорьж байгаа.

🔹Mobile World Congress (MWC) буюу ухаалаг утасны хамгийн том үзэсгэлэн өчигдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус эвэнтэд Oppo, Xiaomi, Nokia зэрэг компаниуд шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулав. Харин Apple (AAPL) болон Samsung (005930.KS) шинэ бүтээгдэхүүнгүйгээр чимээгүйхэн өнгөрөв.

🔹Монголын стартапын эко системийн үнэлгээ ₮452 тэрбумд хүрчээ. JICA болон MMCG-н тооцоолсноор 2022 онд стартапуудын нийт санхүүжилтийн хэмжээ ₮96 тэрбумд хүрсэн аж. Цаашлаад судалгаанд оролцсон стартапууд ЭЗ-т ₮60 тэрбумын орлого нэмж, 1,318 ажлын байрыг шинээр бий болгосон байна.

  • Tech: Realme-н 9.5 минутад бүрэн цэнэглэгддэг утас. (CNBC)  

  • Circus: Анхны холограф ашиглан бүтээсэн амьтанд ээлтэй цирк. (TheWashingtonPost)

  • Need to know: TikTok 18-аас доош насны хэрэглэгчдийнхээ дэлгэцийн цагийг хязгаарлана. (Insider)

  • How: Instagram дээр скрийншот хийвэл мэдэгдэл илгээнэ. Гэхдээ? (Dexerto)

Reply

or to participate.