• Lemon Press
  • Posts
  • 👠 Хүнсний үнэ тэнгэрт хадав

👠 Хүнсний үнэ тэнгэрт хадав

BLACKPINK-н Женнигийн $16 сая | Видео тоглоомын цэцэглэлт | Кибер халдлагын бай = Санхүү

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр кино хорхойтнуудын сонирхлыг ихээр татдаг кино наадмуудын нэг 79 дахь удаагийн Каннын кино наадам эхэлж байна. Энэ жилийн Palme d'Or шагналын төлөө 22 кино өрсөлдөх бөгөөд шүүгчдийн зөвлөлийг анх удаа Өмнөд Солонгосоос Oldboy, The Handmaiden, No Other Choice, Decision to Leave зэрэг киног найруулсан Пак Чан Үк тэргүүлж буй гэдгээрээ онцлогтой. За тэгээд хамгийн өндөр хүлээлттэй яваа 14 кинотой танилцах бол ЭНД дараарай. 🎬🍿

GOV: Багануур дүүргийн ус, дулаан, эрчим хүч, төмөр замын суурь дэд бүтэц бүрдсэн давуу талыг ашиглан бүс хоорондын логистик, үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлнэ.

SWF: Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд ₮178 мянга, 2025 онд ₮306 мянга болсон бол энэ онд жилийн өмнөхөөсөө 63.4% өсөж ₮500 мянга болно.

MSE: Өмнөговь аймаг нийт ₮500 тэрбумын бондыг 2028 он хүртэл хэсэгчлэн гаргахаар болсон. Тэгвэл маргааш I транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Энэ удаад ₮150 тэрбумын бондыг ₮100 мянгын нэрлэсэн үнэтэй, жилийн 16%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар арилжих нь.

🧐 Өдөөгч нь хэн бэ?

Төрийн албан хаагчдын цалин 10% өсөхөд 4.4%-ийн инфляцыг бий болгодог гэнэ. Тэгвэл өнөөдөр манай улсын инфляц юунаас болоод галзуураад байна вэ?

👠 Хүнсний үнэ тэнгэрт хадав

Өнгөрсөн сарын байдлаар инфляцын түвшин 10.1%-д хүрсэн. Энэ нь сүүлийн 31 сарын дараа инфляц дахин 2 оронтой тоонд шилжиж буй түгшүүртэй үзүүлэлт юм. Нийт инфляцын 53.1%-ийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа бүрдүүлж байна. Тодруулбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ жилийн хугацаанд 19.7% өсжээ.

  • 💨 Нүдээ аниад нээхэд: Том зургаараа сүүлийн 10 жилд өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнсний үнэ гэрлийн хурдаар нэмэгдсэн. Ялангуяа Ковид-19-ийн дараах жилүүдэд. Жишээ нь, Хятадаас импортолж байгаа саримсны үнэ 686.8%, сонгино 266.9%, ургамлын тос 237.1%, төмс төмс 210.3% гэх мэтээр өсөж үнэ нь тэнгэрт хаджээ

  • 💸 Импортын нөлөө: Одоогийн инфляцыг 100% гэж үзвэл 28.9% нь импортын барааны нөлөө аж. Өөрөөр хэлбэл, ₮10-өөр нэмэгдэж байгаа барааны ₮3 нь импортын хамаарлаас үүдэж буй. Угаас Хятадын инфляц 1% өсөхөд урт хугацаандаа манай инфляц 1.17% нэмэгддэг.

  • ⛽️ Шатахуун: Өнгөрсөн хугацааны трэнд датанд хийсэн судалгаанд газрын тосны үнийн 10%-ийн өсөлт инфляцыг 0.78% өсгөдөг гэсэн үр дүн гарч. Тээврийн зардал нэмэгдэхэд талхнаас эхлээд барилгын материал хүртэл бүх зүйлийн үнэд шингэдэг. Тэгэхээр одоогийн геополитикийн хурц нөхцөл байдал үргэлжилбэл байдал улам хэцүү болох нь. 

📌 Хазаарлая гэлээ ч… 

Уг нь бол Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого баримталж 12%-д хадгалж байгаа. Трэнд харвал бодлогын хүүгийн 1%-ийн өөрчлөлт нь урт хугацаандаа инфляцыг 1.2% бууруулдаг. Гэвч төсвийн тэлэлт, импортын хамаарал, нүүрсний үнээс шалтгаалсан экспортын орлогын бууралт нь мөнгөний бодлогын үр нөлөөг сааруулж, инфляцыг дорвитой хазаарлахад саад болсоор.

Эцэст нь… Дэлгүүр ороод ₮100 мянгад ч тор дүүрэхээ больсон нь тоо баримтаар ч харагдаж байна. Харин ЗГ-аас инфляцыг 2027 онд 7%, 2028 онд 6%, 2029 онд 5%-д барина гээд байгаа. Яаж гэдэг нь тодорхойгүй байгаа ч зорилтдоо хүрээсэй л гэж хүсье дээ. 

  • 🇲🇳 2030 онд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30%-д хүргэнэ. (gogo)

  • 💕 Өдрийн 2.5 сая идэвхтэй хэрэглэгчтэй романтик чатбот платформ бут авч байна. (Forbes)

  • ⛏️ Стратегийн ордын бодлогын талаар төрийн хийгээд бизнесийн томчуудын байр суурь. (graph.mn)

  • 🍳 Долоо хоногт дор хаяж 5 өндөг идэх нь Алцхеймерийн эрсдэлийг 27% бууруулдаг. (PsyPost)

🕹️ Видео тоглоомын цэцэглэлт

9766.T: Өнгөрсөн санхүүгийн жилд Японы видео тоглоомын аварга Konami-н цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 33.9% өсөж ¥100,013 саяд хүрчээ. Тодруулбал, компанийн нийт борлуулалт 17.1% нэмэгдэж ¥493,677 саяд хүрсэн бөгөөд үүнд eFootball, Yu-Gi-Oh! MASTER DUEL, Metal Gear болон Silent Hill тоглоомтой холбоотой дижитал энтертайнмент сувгийн орлого 21.5% тэлж ¥370,950 саяд хүрсэн нь том нөлөө үзүүлсэн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 10.2% өсөж ¥21,090 дээр хаагджээ. 

🎯 AI бол кибер халдлагыг өдөөгч

AI хурдацтай хөгжихийн хэрээр кибер халдлага ч газар авах боллоо. Тухайлбал, Америкт нэгэн сэтгүүлчийн нэр, нас, хаяг гэх мэт хувийн мэдээллийг хакерууд AI ашиглан хулгайлаад 13 их сургуульд бүртгүүлж, $50 мянгын оюутны сургалтын зээл авах гэж байсан аж.

💸 $534 тэрбумын хохирол

Өнгөрсөн онд иргэдийн хувийн мэдээлэл хулгайлах кибер халдлагын тоо өмнөх оноос 20% өсөөд байна. Энэ нь 2005 оноос хойших хамгийн өндөр дүнд хүрснийг илтгэх төдийгүй дэлхий даяар жил бүр цахим залилангаас болж $534 тэрбумын хохирол учирдаг аж. Үүний голлох шалтгаан нь AI болж, зээлийн мэдээллийн агентлаг Experian-н 2025 онд шийдвэрлэсэн 5 мянга гаруй зөрчлийн 40% нь AI агентаар үйлдэгдсэн байсныг тогтоожээ.

☠️ Санхүүгийн салбар

Хувийн мэдээллийг хулгайлах шинэ арга, хэрэгслүүд AI-н тусламжтай нэмэгдсээр байна. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, хэн нэгний сошиал хаягийг мөнгө олоход ашиглах, их сургуульд элсэх зэргээр кибер халдлага үйлдэх нь түгээмэл болжээ. 2025 онд Америкт бүртгэгдсэн кибер халдлагад хамгийн их өртсөн салбараар санхүүгийн салбар тодорсон бөгөөд нийт 739 гаруй удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн аж.

🔎 Монголд ч аюултай

Энэ оны эхний 4 сарын байдлаар Монгол Улсад гэмт хэргийн улмаас ₮312.7 тэрбумын хохирол учирсны 1.6% буюу ₮5 тэрбумыг кибер гэмт хэргийн хохирол эзэлжээ. Сүүлийн жилүүдэд кибер халдлагаас үүдэх гэмт хэргийн тоо өссөөр байна. 

  • 🍗 Бодит жишээ: Энэ он гарснаас хойш KFC, Pizza Hut-н нэрийг барьсан залиланд 310 иргэн ₮1.1 тэрбумын хохирол амссан бөгөөд аз болж өчигдөр тус залиланг үйлдсэн 3 этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.

Эцэст нь… Гадаадад кибер халдлагын тоо огцом өсөж байгаа ч хохирогчдын илгээх мэдэгдлийн тоо 79% буураад байна. Энэ нь хүмүүс мэдээллээ хулгайлагдсан эсэхийг мэдэхгүй байх магадлал өндөр байгааг илтгэх аж. 😬

Алдарт Цезарь салат нь Италиас биш Мексикээс гаралтай гэвэл та итгэх үү? 

GIPHY

🥗 Анхлан Цезарь салатыг 1924 оны 7 сарын 4-ний өдөр Мексикийн Тихуана хотод Италиас ирсэн цагаач Цезарь Кардани хийжээ. Тухайн үед Америкт архины хуурай хууль хэрэгжиж, олон жуулчин Мексикийг зорьдог байсан тул ресторанууд ч ачаалал ихтэй байв. Кардани нь өөрийн ресторантай байсан бөгөөд тэрээр гар доорх материалуудаа ашиглан хурдтайгаар салатны навч, саримсны амттай тос, өндөг, пармезан бяслаг, нимбэг зэрэг орцтойгоор салат хийсэн нь өнөөдрийн Цезарь салат байлаа. Удалгүй энэ жор ам дамжин тархаж, дэлхий даяар алдартай болжээ.

 

YouTube

🍋 BLACKPINK-н Женни өөрийн үүсгэн байгуулсан OA Entertainment агентлагаасаа сүүлийн 2 жилд нийт $16 саяын ашиг хүртжээ. Тэрбээр 2023 онд байгуулсан тус агентлагаа 100% өөрөө эзэмшдэг бөгөөд үүгээр дамжуулан "Ruby" цомог, зар сурталчилгаа зэрэг хувийн үйл ажиллагаагаа бие даан удирдаж буй. Сонирхуулахад, түүний нийт хөрөнгийн хэмжээг $30 сая орчим гэж тогтоосон байна. 

🍋 Нийслэлийн хэмжээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, шаардлагатай татаас, урамшууллыг олгоно. Зээлийн тухайд сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 ААН байгаа бөгөөд эдгээр компани болон банкнуудтай хамтарч сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломж олгох юм гэнэ. Ингэж байж л 2027-2028 он гэхэд сүүний хангамжийг 50% нэмэгдүүлж, жилд 90 сая л сүү үйлдвэрлэх боломж бүрдэх ажээ. 

🍋 2027 он гэхэд лабораторид гаргаж авсан какао тос бүхий шоколад худалдаанд гарна. Celleste Bio компанийн хөгжүүлж буй энэ технологи нь ганцхан шошийн эсээс жилд 1 тн какао тос гаргах хүчин чадалтай бөгөөд энэ нь уламжлалт аргаар 1 га газраас авдаг ургацыг орлох аж. Уг шийдэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түүхий эдийн хомсдол, үнийн өсөлтийг шийдэх том гарц болохоор байна даа. 

🍋 Татварын хуулийн өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн ₮50 саяас ₮400 сая болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаахаа больж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50%-иар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл тус тус сунгах зохицуулалт оруулсан гэнэ. 

🍋 Стратегийн ордын 60%-ийн өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх тохироог илүү тодорхой болгоно. Тодруулбал, өнөөдрийн хуулиар 60%-ийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа тул УИХ-д нэн яаралтай горимоор уг өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгөхөөс гадна тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтоох аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.