- Lemon Press
- Posts
- ♻️ CO2-н эсрэг тулаан
♻️ CO2-н эсрэг тулаан
Нүсэр марафонууд | SK hynix-н түүхэн рекорд | 100 вагон $10 саяар
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 50 ААН, байгууллагад шагнал гардууллаа. Монголд үлгэр жишээ татвар төлөгчдийг олон нийтэд зарлах нь сахилга бат, төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгсэл бол хөгжсөн орнуудад компаниудыг БОНЗ, инновац, ажлын байраар урамшуулдаг байна. Жишээ болгоод Америкийн хамгийн өндөр татвар төлөгч компаниудыг үзэх бол ЭНД дараарай. 🔎


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-5 төслийн бүтээн байгуулалт эхэллээ. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
FRC: Монголд анх удаа зохиогдож буй “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” ОУ-ын хурал өнөөдөр эхэлнэ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д ₮92.2 тэрбумын болон $392.9 мянгын арилжаа явагджээ. ₮-ийн арилжааны 63.2% нь анхдагч зах зээлийн арилжаа бол $-ын арилжаа бүхэлдээ хоёрдогч зах зээл дээр хийгдсэн аж.

♻️ CO2-н эсрэг тулаан

Мэдээллийн технологи, харилцаа холбооны Юнител групп 2025 оны тогтвортой байдлын тайлангаа танилцуулжээ. Нийт 76 хуудаснаас бүрдэх тогтвортой байдлаа нэг нэгэнгүй дэлгэсэн энэхүү тайлангаас өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийг бууруулах арга хэмжээг нь онцлон хүргэе.
📜 Оршлын өмнө
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр агаар мандал ялгарах хүлэмжийн хий жил ирэх тусам рекорд тогтоосоор байна. Судалгаагаар, 2022 онд хүн төрөлхтний CO2 ялгарал аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн 1850 онтой харьцуулахад 182 дахин өссөн бөгөөд сүүлийн мэдээллээр 2025 оны дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн өмнөх үеэс 1.44°C-аар нэмэгдсэн аж.
🛜 ICT-н нөлөө: Манай гаргийн нийт хүлэмжийн хийн 1.7%-4% нь ICT буюу харилцаа холбооны салбараас гарч байна. Үүнд нийцүүлэн Олон улсын харилцаа холбооны холбоо (ITU) 2030 он гэхэд салбарын CO2 ялгарлыг 45% бууруулах зорилт тавьжээ.
📡 12%-ийн бууралт
Өнгөрсөн онд Юнител групп хүлэмжийн хийн ялгарлаа 2022 оны суурь төсөөллөөс 12% бууруулж 39,721 тн-д хүргэсэн нь дэлхийн чиг хандлагтай нийцсэн бодит алхам боллоо. Дэлхийн температурын өсөлтийг 1.5–2°C-д хязгаарлахыг зорьсон Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол 2035 он гэхэд ялгарлаа 30% бууруулах амлалт өгсөн ба Юнител групп үүнд нийцүүлэн 2028 он хүртэлх бизнесийн ердийн нөхцөлийн төсөөллийг боловсруулж, бууруулах арга хэмжээнийхээ суурь болгосон юм.
💡 Анхны төлөвлөгөө: Энэ удаагийн тогтвортой байдлын тайланд Юнител групп нь анх удаа нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тодорхой, хэмжигдэхүйц зорилтуудаа танилцуулжээ. Тухайлбал, 2028 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 46,566 тн CO₂ хүртэл буюу 23% бууруулахаа мэдэгдсэн аж.
Эцэст нь… Юнител групп эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн шинэчлэл зэрэг 15 төслөөр дамжуулан хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах гэнэ. Мөн урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал тулгарвал шинэчлэлээ ил тод тайлагнаж, уур амьсгалын өөрчлөлттэй нийцсэн байр сууриа хадгалахаа мэдэгдээд байна.

🔦 ЖДҮ-ийг дэмжих сангаас 8 жилийн хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэй зээл олгоно. (gogo)
📚 Интернэтийг өөрчилсөн технологийн акул Google-г агуутгасан 10 зарчим. (GiacomoFalcone)
🏀 Чингисийн Хүлэгүүд нутаг дээрээ BCL Asia-East тэмцээний ээлжит тоглолтоо хийнэ. (FIBA)
⛏️ Minecraft дээр ураны уурхай барих уралдаанд оролцоод, Австри улсыг зорих боломж. (IAEA)

🇰🇷 SK hynix-н түүхэн рекорд
000660.KS: Өмнөд Солонгосын томоохон чип үйлдвэрлэгчдийн нэг SK hynix-н нэгж хувьцааны үнэ 12.5% өсөж ₩1.4 саяд хүрчээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₩10 их наядыг давсан бөгөөд үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөөд байна. Тухайлбал, компани 2026 оны I улиралд ₩37.6 их наядын үйл ажиллагааны ашиг олж, шинэ рекорд тогтоосонтой зэрэгцэн Америкийн технологийн томчуудын AI-н дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэхээ зарласан нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн аж.

👟🏃➡️ Нүсэр марафонууд

Улаанбаатар марафон болоход 2 долоо хоног гаруй хугацаа үлдлээ. Энэ жил 46 мянга гаруй хүмүүс оролцохоор бүртгүүлээд буй. Марафоны сэдэв халуухан байгаатай холбоотойгоор дэлхийн томоохон марафонуудыг танилцуулъя.
😮💨 Замандаа багтахгүй их
Дэлхийн хамгийн олон хүн оролцдог марафоны тэргүүн эгнээнд Нью-Йорк хотын марафон зүй ёсоор жагсана. 5 дүүргийг дамнасан тус марафон сүүлийн 3-4 жилд 180,000-240,000 гаруй хүмүүс оролцохоор бүртгүүлсэн ч мэргэжлийн гүйгчид нь овоо хөөрхөн шалгуураар, сонирхогчид нь сугалаагаар сонгогдож оролцох эрхээ авдаг. Өөрөөр бол 100 хүн бүртгүүлэхэд 1-3 хүн л сонгогддог нүсэр марафон.
🗼 Үүнтэй адил Парисын маратон Европын хамгийн олон оролцогчтой марафон бөгөөд Шамс-Элизе өргөн чөлөө, Эйфелийн цамхаг зэрэг нүд хужирласан дурсгалт газруудаар гүйж өнгөрдөг нь хамгийн атаархал төрүүлэм хэсэг нь.
🌸 Харин Азидаа Токиогийн марафон хамгийн томдоо ордог. Ойролцоогоор 300,000 гаруй хүн бүртгүүлдгээс 38,000–39,000 орчим нь гүйдэг гэж байгаа.
😮 Гүйвэл орон сууцны хөнгөлөлттэй
Сонирхолтой нь Хятадын зарим хотууд орон сууцны зах зээлийг сэргээхийн тулд марафоныг ашиглаж эхлэв. Тухайлбал, өнгөрсөн 4-р сард Нанжингийн Qixia дүүрэгт зохиогдсон марафонд амжилттай барианд орвол ¥100,000, барианд ороогүй байсан ч ¥60,000, тэр байтугай зүгээр бүртгүүлсэн байлаа ч ¥20,000-ийн хөнгөлөлт олгосон байна.
👉 Энэ нь ч учиртай буюу сүүлийн жилүүдэд Хятадад марафон моодонд орж, ердөө өнгөрсөн жилд л гэхэд бараг 600 марафон зохиогдсон. Тус марафонуудад дан ганц иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс сая сая оролцогчид ирж оролцсон байгаа юм.
Эцэст нь… Дэлхийн өнцөг булан бүрд гүйх дуртай, марафоны хорхойтнууд нэмэгдэж байна. Манай Улаанбаатар марафоны хувьд ч 2014 онд анх зохион байгуулагдаж байснаас хойш 3 дахин нэмэгдэж, энэ жил 46,306 гүйхээр бүртгүүлсэн. Харамсалтай нь тэмцээний зохион байгуулалттай холбоотой шүүмжлэлүүд жил бүр гардаг. Эвтэйхэн зохион байгуулалттай байхгүй бол дотоодын оролцогчдоос гадна гаднынхан ч ихээхэн сонирхож зорьж ирдэг том арга хэмжээ болсон гэдгийг анхаармаар.

Долоо хоногийн хамгийн бүтээмж өндөртэй өдөр Мягмар гараг гэдгийг мэдэх үү?

👨🏻💻 Тухайлбал, Accountemps-н судалгаагаар хүний нөөцийн менежерүүдийн 39% нь Мягмар гаргийг хамгийн бүтээмжтэй өдөр гэж үнэлсэн бөгөөд Даваа гараг нь дараагийн ажлууд болон өнгөрсөн ажлуудыг нөхөхөд төвлөрдөг тул анхаарал бага байдаг гэж тайлбарласан аж. Нөгөөтээгүүр, бүх судалгаа адилхан үр дүнг харуулдаггүй ба зарим тохиолдолд Лхагва гараг бүтээмж өндөртэй өдрөөр тооцогддог нь хувь хүний ажлын онцлогоос хамаардаг гэнэ дээ.


Teen Vogue
🍋 Утастай чихэвчний эргэн эрэлт. Утастай чихэвчний борлуулалт 5 орчим жил дараалан бууралттай байсан ч 2025 онд трэнд эргэж зах зээлийн эзлэх хувь нь 3% өссөн байдаг. Тус трэнд энэ онд ч үргэлжилсээр оны эхний 3 сард борлуулалт нь 20% огцом өсжээ. Трэнд эргэнэ ээ гэж…
🍋 Энэ оны эхний 4 сарын байдлаар 131 орны 34,241 иргэн Монгол Улсад оршин сууж байна. Үүний 52.4% буюу 17,944 нь 2,189 ААН-ийн урилгаар хөдөлмөр эрхэлж буй. Тэдгээр хүмүүсийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тус тус ажиллаж байна.
🍋 Замын Үүд-Эрээн боомт уртасгасан цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, Монгол болон Хятадын хилийн боомтын захиргааны байгууллагууд ачаа тээврийн боомтын үйл ажиллагааг уртасгасан цагийн хуваарьт шилжүүлж, тус боомт ирэх 9 сарын 30-ныг хүртэл 08:00-21:00 цаг хүртэл ажиллахаар болов.
🍋 Тураах эмийн нөлөөгөөр дэлхийн эмийн зах зээл хөөсөрч эхлэв. Deloitte-н тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 20 эмийн компанийн судалгаа, хөгжүүлэлтийн өгөөж 3 жил дараалан өсөж, 7%-д хүрсэн ч голчлон GLP-1 төрлийн жин хасах эмүүд дээр төвлөрөх болжээ. Улмаар жин хасах эмүүд анх удаа хавдрын эмийг давж, зах зээлд давамгай байр суурьтай болж эхэлжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply