- Lemon Press
- Posts
- 🤑 ҮЦК-иуд хэр их ашиг олдог вэ?
🤑 ҮЦК-иуд хэр их ашиг олдог вэ?
ҮЦК-иудын хагас жил | CNN-н шинэ CEO | Шинэ зээлийн боломж
POWERED BY
Morning! Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцааны үнэ IPO-н үнээс доошилсоор байна даа. Ер нь том зургаар Монгол дахь банк санхүүгийн салбарын нөхцөл байдлын талаар ЭНД дарж сонсоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол Саудын Арабтай ХАА, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
CHN: Хятад чипийн үйлдвэрлэлээ дэмжихээр $40 тэрбумын сан байгуулахаар болов.
KR: Өмнөд Солонгосын инфляц 3.4%-д хүрлээ.
🤑 ҮЦК-иуд хэр их ашиг олдог вэ?
Гүн улаанаас тод ногоон руу
Уг ҮЦК-иудын үйл ажиллагааны орлогыг нийлбэр дүнгээр харахад жилийн өмнөхөөс 64.7% өсөж ₮20.4 тэрбумд хүрсэн аж. Улмаар өнгөрсөн оны мөн үед ₮2.9 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан эдгээр ҮЦК-иуд ₮5 тэрбумын ашгийг үзсэн хэрэг.
Эрээн алаг: Гэхдээ МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК бүгд лаг ашигтай ажилласан уу, гэвэл үгүй. Тэдгээрийн 16 нь ашигтай, 21 нь алдагдалтай ажилласан бол үлдсэнийх нь тайлангийн бараа сураг ч алга. Таванбогд капитал ҮЦК-тай тэргүүтэй 14 ҮЦК-ийн тайлан МХБ-д ороогүй байна.
ТОП-10-н ТОП сонин хачин
Хамгийн өндөр ашигтай ажилласан ТОП-10 ҮЦК-ийн үйл ажиллагааны орлого жилийн өмнөхөөс 78.4% өссөн юм. Улмаар тэдний нийт ашиг ₮6 тэрбумд хүрэв.
52.6%: ТОП-10 ҮЦК-ийн ашгийг нэг том тарвас гэж үзвэл үүнийг тал хувааснаас ч ихийг Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ашиг бүрдүүлсэн байна.
Төрөл арилжигсад: БиДиСек ҮЦК ХК (BDS), Ард Секюритиз ҮЦК болон Стандарт инвестмент ҮЦК нар 2022 оны эхний хагаст цөм алдагдал хүлээж жагсаалтын хамгийн доор бичигдэж байсан бол одоо ТОП-уудын эгнээнд нэгдээд байна.
Ашиг орлогын галыг юу өрдөв?
Ойлгомжтой шүү дээ, нийт 51 ҮЦК-ийн эхний хагас жилд хийсэн арилжааны дүн 1.9 дахин нэмэгдээд буй. Мэдээж их арилжаа хийх тусам их орлого олно л гэсэн үг. Харин арилжааны хувьд ҮЦК бүрд өөрсдийн гэсэн арга мэх бий.
Бондод дурлагсад: ҮЦК-иудын эхний хагас жилийн арилжааг нэгтгэхэд Голомт Капитал, Өлзий энд Ко Капитал зэрэг ҮЦК-иуд бондын арилжааг түлхүү хийжээ. Уг 2 компани бондын анхдагч ЗЗ-ийн арилжаанд түлхүү ордог бол Мандал Капитал Маркетс ҮЦК бондын хоёрдогч ЗЗ-д түлхүү оролцдог аж.
Хувьцаанд нүдээ унагаагсад: Харин БиДиСек ҮЦК хувьцааны анхдагч ЗЗ-д түлхүү оролцжээ. ХААН Банк (KHAN)-ны IPO-н үндсэн андеррайтер. Харин Инвескор Капитал, Ард Секюритиз зэрэг ҮЦК-иуд хувьцааны хоёрдогч ЗЗ-ийн арилжаанд түлхүү оролцжээ.
Заа тэгээд, уншигч та ҮЦК-аа сонгохдоо санхүүгийн болон арилжааны тайланг нь энэ мэтээр судлаад үзэхэд гэмгүй шүү. Тайланг дэлгэрэнгүй ухах бодолгүй, амжихгүй нь ээ гэж бодож байвал Lemon Press-тэйгээ ойр байхад л болно доо. Бид замыг тань дөтлөөд л өгнө. 😊
👋 Bye SUL!
🧞♂️ CNN-н аврагч
Удаан хугацаанд асуудалтай байгаа CNN New York Times болон BBC-д ажиллаж байсан туршлагатай Марк Томпсоныг CEO-р томиллоо. Үүний өмнө 6-р сард компани хуучин CEO-гоо гуниглах ч шинжгүй үдсэн юм.
Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж буй CNN
Өнгөрсөн 7-р сарын байдлаар CNN-н үзэгчид 534,000-д хүрээд буй. Үүнийг өрсөлдөгчидтэй нь харьцуулан харвал талд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Тухайлбал, MSNBC-нх 1.1 сая, Fox News (FOX)-нх 1.6 сая үзэгчтэй байна. Ерөнхийдөө тус телевиз сүүлийн жилүүдэд хэцүүхэн нөхцөл байдалд байгаа бөгөөд үзэгчид нь л гэхэд сүүлийн 3 жилд 15 саяар буурч 70 сая хүрэв. Түүгээр ч зогсохгүй тус хугацаанд зар сурталчилгааны орлого нь 33% буурч $563 саяд болсон юм.
Марк Томпсон CNN-г аварч чадах уу?
Тэрбээр New York Times-г хэвлэл мэдээллийн салбар дижиталжилтын шуурга дундах хямралаас боломж руу хөтөлж чадсан туршлагатай. Тийм ч учраас CNN-н толгой компани болох Warner Bros Discovery (WBD)-н CEO түүнд ихээхэн найдаж буй нь илт.
Марк Томпсонтай танилцъя: Тэрбээр BBC-г 2004 оноос эхлэн 8 жилийн турш удирдаж, үргэлжлүүлээд 2012 онд New York Times-н CEO-р томилогдож байсан нэгэн.
Яг юу хийсэн юм? Шинэ CEO-г CNN-н авралын оч гэх хүлээлт үүсгэж буй шалтгаан нь өвөө эмээ нар миний үед гэж ярьдаг шиг сонин од болж байх үед New York Times-г шинэ контентоор баяжуулж подкасттай хүртэл болгож байв. New York Times-н The Daily подкастыг сонсдог хүн байвал энэ ахын буян их шүү. 😝
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд медиа компаниуд гадаад болон дотоод шинэчлэл хийхгүй л бол өрсөлдөөний талбараас нүд ирмэхийн төдий арчигдах шинжтэй. Энэ асуудал дэлхийн томоохон медиа компанийн удирдлагуудыг ч санаашруулж байна гэхээр асуудал шүү асуудал. Ямартай ч Марк Томпсон CNN-г New York Times шиг солонгоруулж тэдэнд хэзээ ч байгаагүй улаан, ягаан, ногоон өнгийг нэмэх том даалгаврыг үүрэн ажилдаа орж байна.
✈️ Өсөлтийн цуваанд хамтдаа
Өөрийн хөрөнгийн өгөөж хамгийн өндөр Монложистикс Холдинг ХХК-ийн IPO-д хөрөнгө оруулахаар сонирхож байна уу? 🔎
Тэд нэгж хувьцаагаа ₮185-өөр санал болгож, олон нийтээс ₮10.9 тэрбумыг татан төвлөрүүлэх ба үндсэн андеррайтер Мандал Капитал Маркетс ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК тус тус ажиллах юм.
Уг IPO-н онцлог нь,
Үнэт цаас гаргагчийн өөрийн хөрөнгийн өгөөж нь 39% буюу түүхэн IPO-уудаас хамгийн өндөр,
Тогтвортой ногдол ашгийн бодлого: Жил бүр цэвэр ашгийн 20%–50%
Бизнесийн үнэлгээгээ 10% хямдруулан үнэлсэн ба хувьцааны үнэ IPO үнээс 15% буурахад үнэ тогтворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэх аж.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Road to VR
🔹META (META) LG-тэй хамтарч Quest Pro-н шинэ загварыг гаргана. Тэд өнгөрсөн 11-р сард OLED дэлгэцийн нийлүүлэгчээр LG-г сонгосноо зарлаж байсан юм. Улмаар LG 2025 оноос худалдаанд гарах Quest Pro-н үйлдвэрлэлийг хариуцахаас гадна илүү хямд чихэвч ч гаргах гэнэ.
🔹Лайф Тайм Инвестмент ҮЦК ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэв. Тодруулбал, уг компанийн үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
🔹Эрдэнэс Тавантолгой ХК биржийн арилжаагаар ₮512 тэрбумын нэмэлт орлого оллоо. Тус компанид онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд 44 удаагийн биржийн арилжаа хийж, $467.8 саяын дүн бүхий 4.2 сая тн нүүрс борлуулсан байна.
🔹Өмнөд Солонгосын ЗГ анх удаа иенээр Самурай бонд гаргана. ЗГ бондоо 3 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн гаргах бөгөөд өгөөжийг нь бондын жишиг хүүгээс 0.23%-0.27% өндөр байлгахаар зорьж байгаа аж. Тус бондыг гаргаж буй нь 2 орны харилцааг сайжруулах ажлын нэг хэсэг юм.
💵 Зээлийн шинэ боломж
NFT болон DeFi буюу төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ нь блокчэйний халуухан сэдвүүдийн нэг билээ. Тэгвэл тэдний хослол ямар шинэ боломжийг бий болгосон гээч?
Алтернатив санхүүгийн хэрэгсэл
DeFi-г онцлож буй шалтгаан нь хэрэглэгчид гуравдагч этгээдийн шаардлагагүйгээр зээл олгох, зээлэх, хөрөнгө оруулах боломж юм. Энэ ч утгаараа NFT-г хувьцаа, бонд зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгсэл шиг ашиглаж болно. Ингэснээр NFT эзэмшигчдийн блокчэйн дээрх бараг бүх төрлийн арилжаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөөс гадна олон төрлийн эрсдлээс хамгаалах ч боломжтой юм. Нэмээд,
NFT зээл: NFT-г зээлийн барьцаа болгон ашиглаж болох талаар сонсож байсан уу юу вэ гэхээр, банкнаас зээл авах гэж наян юм болохгүйгээр хялбархан зээл авах боломж аж. Түүнчлэн банкнаас зээл авах боломжгүй хүмүүс ломбард руу гүйх хэрэггүй болно гэсэн үг.
Харин Монголд
MongolNFT ч Чоно NFT эзэмшигчдэд зориулан NFT-ээ барьцаалан зээл авах боломжийг Соно финтек ББСБ ХХК-тай хамтран жилийн өмнө зах зээлд нэвтрүүлээд буй. Ер нь тэгээд зөвхөн банкнаас л зээл авдаг байсан цаг түүх болон үлдэх нь дээ. 😝
Доор бэлтгэсэн мэдээллээс бурууг нь олоорой.
A. MongolNFT NFT ашиглан зээл авах үйлчилгээг нэвтрүүлж байсан.
B. Өмнөд Солонгосын ЗГ анх удаа Самурай бонд гаргалаа.
C. МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК энэ оны эхний хагаст ₮10 тэрбумын ашигтай ажиллав.
Мэд: Хятадын залуучуудын ажилгүйдлийн түвшнийг 1 графикаар. (VisualCapitalist)
Унш: Хойд Солонгосын Ерөнхийлөгч Орост айлчилна гэнэ ээ. (Reuters)
Яагаад? Hollywood-н ажил хаялт үргэлжилсээр. (CNBC)
Өө: Microsoft 30 жил хамт байсан WordPad-аа Windows-с хасахаар боллоо. (TheVerge)
Зөв хариулт C. МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК энэ оны эхний хагаст ₮10 тэрбумын биш ₮5 тэрбумын ашигтай ажилласан шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply