- Lemon Press
- Posts
- 🥇 Claude-н ялалт
🥇 Claude-н ялалт
Тэнгэрт дүүлэх хамаарал | Японы No1 компани бол... | Google ба Шумуул
POWERED BY
Сайхан зусаж байна уу? Сүүлийн 3 өдөр Монгол орон даяар Бурхан багшийн их дүйчэн өдөр болон Хүүхдийн баяр гэсэн хоёр бүх нийтийн амралтын өдөр тохиож, хүн бүр сайхан амраад авлаа. Одоо наадмын урт амралт хүртэл 38 хоног үлдсэн тул ажил төрлөө сайн амжуулж, товхимлоо идэвхтэй уншаарай. Амжилт! 🔥


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: УИХ-ийн чуулганы хуралдаанаар ХХОАТ-ыг 1% болгох буюу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
MSE: Өнгөрсөн Баасан гарагт Инвескор ББСБ ХК (INV)-н нэгж хувьцааны үнэ 10.6%, Сүү ХК (SUU) 3.2%, Премиум Нэксус ХК (CUMN) 3.1% тус тус өссөнөөр ТОП-20 индекс 1.5% нэмэгдэж, 51,360.15 нэгжид хүрчээ
IAAC: АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлж буй 13 төсөлтэй холбоотой арилжааны банк дахь 30 дансны нийт ₮2.6 их наядын зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлав.

✈️ Тэнгэрт дүүлэх хамаарал

Монгол Улс ирэх 15 жилийн туршид онгоцны түлшээ Оросоос авахаар боллоо. Энэ талбарт юу болоод байна вэ?
🙂↕️ Зуун дамнасан зураглал
Монгол сүүлийн 8 жилийн хугацаанд Оросоос $424.1 саяын өртөг бүхий 495 мянган тн онгоцны түлш импортолжээ. Ялангуяа цар тахлын дараа буюу 2022 оноос хойш Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж, агаарын тээвэр сэргэснээр түлшний хэрэглээ огцом өссөн.
💸 Тодруулбал, 2020 онд цар тахлын улмаас онгоцны түлшний импорт 19 мянган тн руу унасан бол 2023 онд 110 мянган тн давж 6 дахин өссөн. Энэ эрчимтэй өсөлт Оросын хувьд манай агаарын замыг атгах том хөзөр болсон гэлтэй. Үнийн дүнгийн хувьд ч өнгөрсөн онд 2019 оныхоос 2.5 дахин өсөж $84.4 мянгад хүрсэн байдаг.
🇷🇺 Оросын талын хатуу тулгалт
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол болон Оросын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Уг хэлэлцээрийн анхны хувилбар Монголын талд хэтэрхий хатуу нөхцөлтэй байв.
⁇ Оросууд юу шаардсан бэ? 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн түлшний цогцолборыг удирдах, хэрэв Монголын хууль өөрчлөгдөж, Оросын талын хөнгөлөлтийг цуцалбал үүнийг нөхцөл байдлыг доройтуулсан гэж үзэж, Оросын Арбитрын шүүхээр шийдвэрлэх.
🤔 Шинэ тохиролцоо: Юу өөрчлөгдөв?
Анх яригдаж байсан 20 жилийн хугацааг 15 жил болгон наашлуулсан, хувийн компанийн оролцоог хасан, 2 улсын төрийн өмчит компаниуд хамтран түлш хангамжийн байгууламжийг ажиллуулахаар тохиров. Мөн түлшийг дундын зуучлагчгүй, зах зээлийн бодит үнээр авахаар болжээ.
🇲🇳 Эцсийн асуулт: Баталгаат хангамж уу, Баригдмал ирээдүй юу?
Хэлэлцээрт татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалтууд хэвээр үлдсэн нь манай улсын татварын бодлогод гаднын нөлөө байсаар байх уу гэх эргэлзээг төрүүлж буй. Юутай ч Монгол Улс ирэх 15 жилд агаарын салбарынхаа хамгийн чухал судсыг нэг улсад даатгалаа. Одоо хамтарсан компанийн 60%-ийг эзэмших манай тал бодит хяналтаа тогтоож чадах уу гэдэг эвгүй л байна даа.

🎙️ Бүс нутгийн байдлыг ярилцах Улаанбаатарын яриа хэлэлцээ эхлэхэд 2 өдөр үлдлээ. (iKon)
🎭 SpaceX-н IPO Илон Маскд инээдэм, хөрөнгө оруулагчдад ханиадам болно. (TheVerge)
😕 Тоглоомын талбайтайгаа хамт түгжсэн Монгол хүүхдийн эрүүл мэнд. (eagle.mn)
🚬 Ши Жиньпин тамхинаас гарсан ч Хятад орон гарч чадахгүй хэвээр байна. (NYTimes)

💴 Японы №1 компани бол…
9984.T: Өчигдрийн арилжаагаар SoftBank Group-н нэгж хувьцааны үнэ 14% өсөж, ¥8,541-д хүрснээр Японы хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани боллоо. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ ¥48.7 их наядад хүрч, 20 орчим жилийн турш тэргүүлсэн Toyota (7203.T)-н ноёрхлыг булаан авчээ. Сонирхуулахад, сүүлийн нэг жилийн хугацаанд AI-н эрэлтээс хамааран компанийн нэгж хувьцааны үнэ 348.7%, 2026 он гарснаас хойш 94.1% тус тус өсөөд байна.

🥇 Claude-н ялалт

Өнгөрөгч долоо хоногт Claude AI-г хөгжүүлэгч Anthropic $65 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээ нь $965 тэрбумд хүрснийг мэдэгджээ. За тэгээд энэ үйл явдлын дараахан урд шөнө тэд SEC-д IPO-н танилцуулгаа нууц байдлаар өгснөө зарлаад амжлаа.
💰 Бараг л $1 их наяд
Компанийн хамгийн сүүлийн байдлаарх $65 тэрбумын буюу Series H шатны санхүүжилтэд Blackstone (BX), Brookfield (BAM), Baillie Gifford, D.E. Shaw Ventures, DST Global, Fidelity Management & Research зэрэг томоохон сангууд болон технологийн дэд бүтцийн Samsung (005930.KS), SK Hynix (000660.KS), Micron (MU) гэх мэт компаниуд оролцжээ. Тус хөрөнгө оруулалтыг аюулгүй байдал, тайлбарлах судалгааг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахад ашиглах аж.
🏎️ Ширүүн өрсөлдөөн: Саяхан OpenAI-н тухайд $122 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээгээ $852 тэрбумд хүргээд байв. Харин одоо Anthropic-н үнэлгээ $965 тэрбумд хүрснээр тэд хамгийн том өрсөлдөгч OpenAI-г ардаа орхиод байна. Түүнээс гадна Anthropic одоогийн орлогын түвшнээ хадгалбал жилдээ $47 тэрбумын орлого олох боломжтой бөгөөд энэ нь OpenAI-с ойролцоогоор $17 тэрбумаар өндөр үзүүлэлт юм.
🌚 AI-н нөгөө тал
AI-н нөлөөгөөр дэлхий нийтэд ажлын байрны цомхотгол газар авах болсон. Үүнээс улбаалж ажлын байрыг AI-р орлуулах нь компаниудад санхүүгийн дарамт үзүүлж, үр өгөөжийг хэмжихэд хүндрэлтэй болж эхэлжээ. Судалгаагаар, компаниудын 45% нь сард $100 мянгаас дээш зардлыг AI-д зарцуулж байгаа ч эдгээр компаниудын зөвхөн тал нь л үр өгөөжөө тодорхой хэмжиж чадаж байна.
👁️ Сонирхолтой баримт: Anthropic-д 1 ажилтан ганц сарын дотор Claude Code ашигласнаар $150,000-ын зардал гаргажээ. Тус мөнгөн дүн нь дунджаар 11-ээс дээш инженерийн хийх ажилтай дүйцэхүйц хэмжээний зардал юм.
Эцэст нь… AI-н өрсөлдөөн зөвхөн технологийн салбарын асуудал байхаа болиод байна. Удахгүй болох SpaceX, Anthropic, OpenAI зэрэг компаниудын IPO нь ирэх жилүүдийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өнгийг тодорхойлох үйл явдлуудын нэг байх нь гарцаагүй ажээ.

Технологийн акул Google 32 сая шумуул нутагшуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

GIPHY
🦟 Тодруулбал, компани шумуулын популяцийг аажмаар бууруулах зорилгоор Wolbachia бактерийн халдвартай 32 сая шумуулыг Флорида болон Калифорни мужуудад нутагшуулах төлөвлөгөөгөө Америкийн Байгаль орчныг хамгаалах агентлагт (EPA) хүргүүлээд байна. Өмнө нь компанийн Debug төслийн хүрээнд Калифорнид хэрэгжүүлсэн туршилтаар 3 бүсэд шумуулын тоо толгойг бараг бүрэн устгаж чадсан бөгөөд үүнээс гадна дэлхийн 4 тивд нийт 1 тэрбум гаруй шумуулыг нутагшуулж байжээ.

Крипто опцион 🆚 Уламжлалт опцион
Опцион гэрээ нь санхүүгийн зах зээл дээр олон жилийн турш оршсоор ирсэн. Харин сүүлийн үед крипто опцион нь илүү хүртээмжтэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад хүрэх болсон. Гол ялгааг нь харцгаая.
⏰ Арилжааны цаг: Уламжлалт опцион гэрээг биржийн цагаар арилжаалдаг бол крипто гэрээг жилийн хүссэн өдрөө, хүссэн цагтаа арилжаалах боломжтой.
📊 Хэлбэлзэл: Крипто зах зээл нь уламжлалт зах зээлээс илүү хурдан, огцом хөдөлгөөнтэй. Энэ нь нэг талаас өндөр эрсдэл, нөгөө талаас богино хугацаанд өндөр өгөөжийн боломжийг бий болгодог.
📑 Хүртээмж: Уламжлалт опцион гэрээг арилжаалахдаа брокерын зөвшөөрөл болон өндөр хэмжээний хөрөнгө, мөнгө шаарддаг. Харин крипто опцион гэрээний босго харьцангуй бага аж.
Эцэст нь… Дээрх опцион гэрээнүүд нэг механизмаар ажилладаг ч өөр өөр зах зээлийн нөхцөлд ажилладаг 2 хэрэгсэл юм. За тэгээд 1 тэрэгний 2 дугуй шиг ойлгож болох ч ялгааг нь сайн ойлгох нь чухал шүү. 🤓


The New Yorker
🍋 Түүхэндээ анх удаа Box Office-г орлогоороо бие даасан кинонууд болох Backrooms болон Obsession тэргүүлж эхэллээ. Backrooms-н хувьд дэлхий даяар аль хэдийн $118 саяын орлого олсон бол Obsession ердөө $1 саяын төсвөөр хийгдэж, $148 саяыг олоод байна. Сонирхуулахад, эдгээр киноны үзэгчдийн 80% орчим нь 35-аас доош насныхан төдийгүй Backrooms-г 20 настай Кейн Парсонс, Obsession-г 26 настай Көрри Баркер нар тус тус найруулжээ.
🍋 Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэг дор 1,000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 4 улирлын хүүхдийн зуслан байгуулж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн уг түншлэлийн хүрээнд Хүүхэд хөгжлийн ордонд хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, инновацын танхимуудыг шинээр байгуулахаар тусгасан гэнэ. Шинэ дарга маань хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гээд байгаа даа.
🍋 Австралид Jade Gas Holdings (JGH.AX) Монгол дахь анхны байгалийн хийн нөөцөө бүртгүүлжээ. Компанийн энэхүү төслийн баталгаажсан нөөц 316 сая стандарт куб метр бөгөөд хийн нөөцөө бүртгүүлснээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломж нь нээгдсэн аж. Төслийн хүрээнд олборлох метан хийг ачаа тээврийн салбарт дизель түлшний оронд нийлүүлэх замаар импортын хамаарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
🍋 Berkshire Hathaway (BRK-B) компани орон сууц барилгын Taylor Morrison (TMHC) компанийг $8.5 тэрбумаар худалдаж авахаар боллоо. Энэ нь шинэ гүйцэтгэх захирал Грег Абелийн удирдлага дор хийж буй анхны худалдан авалт бөгөөд бэлнээр худалдан авч байгаагаараа онцлог. Шинжээчид Berkshire Hathaway-г ипотекийн зээлийн хүү өссөнөөс үүдэн барилгын салбарт үүссэн уналтыг ашиглаж, үнэ цэнтэй компанийг хямд үнээр авлаа гэж үзэж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply