- Lemon Press
- Posts
- 🔎 Орон сууцны үнэ цаашид яах вэ?
🔎 Орон сууцны үнэ цаашид яах вэ?
Барилгын салбарын статистик болон компаниудын CFO-н эргэн тойрны талаар тоймлов.
POWERED BY
Morning! Улсын дээд шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталлаа. Ингэснээр сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжтой болж байна. Тус аргачлалтай ЭНД дарж танилцаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн арилжаагаар ТOП-20 индекс 0.9% буурч 35,505.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ ₮10.7 их наяд боллоо.
^HSI: Хонгконгийн томоохон 66 компанийн хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлдэг Hang Seng индекс энэ онд 4.7% буурч 19,201 нэгжид хүрэв.
US: Америкийн зээлийн картын өр $1 их наядад хүрч түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.
Орон сууцны үнэ өсөх үү, буурах уу?
Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх оны мөн үеэс 21.5% өслөө.
Бүх барилгын өртгийн өсөлт > 20%
Барилгын өртгийн өсөлтийг ангилж харъя,
Орон сууцны: Тус ангиллын барилгын өртөг жилийн өмнөхөөс 26.7%, өмнөх улирлаас 2.8% өссөн аж. Үүнд материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингийн зардал тус тус өссөн нь нөлөөлөв.
Орон сууцны бус: Түүнчлэн орон сууцны бус барилгын өртөг ч мөн жилийн өмнөхөөсөө 20% өсжээ. Учир нь сургуулийн барилгын өртөг, эмнэлэг, сувиллын барилгын өртөг, конторын барилгын өртөг нэмэгдсэн юм.
Инженерийн барилга: Уг ангиллын барилгын өртөг 20.2% өссөн байна. Энэхүү өсөлтөд авто замын байгууламжийн өртөг, эрчим хүчний байгууламжийн өртөг өссөн нь нөлөөлсөн хэрэг.
Нөхцөл байдал
Барилгын өртөг нэмэгдэх нь нийт барилгын үнийг өсгөх нь ойлгомжтой. Тиймдээ ч өнгөрсөн II улирлын эцэст Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 18.4% нэмэгдэж ₮3.79 саяд хүрсэн аж. Хуучин орон сууцных ч ялгаагүй 10.4% өсжээ. Тэгвэл цаашид энэ жилийн их хэмжээний үер барилгын үнэд нөлөөлж болзошгүй байна. Тодруулбал,
Хохирол: Хүчтэй үерийн улмаас барилга байгууламжид их хэмжээний хохирол учирч үнэ цэн нь буурна. Тэгэхээр үерт өртөмтгий бүст үл хөдлөх хөрөнгийн эрэлт багасаж, үнэ нь буурах боломжтой.
Даатгалын зардал: Түүнчлэн үерийн дараа үерт өртөмтгий бүсийн үл хөдлөх хөрөнгийн даатгалын шимтгэл нэмэгдэж болзошгүй. Энэ нь тус бүсийн засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, шинээр баригдах барилгуудын өртгийг нэмэгдүүлэх магадлалтай.
Эсрэг талд: Барилга, орон сууц худалдан авагчид үерт өртөмтгий бүс нутгаас зайлсхийх тул үерийн аюулгүй бүсийн барилгын эрэлт нэмэгдэж үнийн хөөсрөлт явагдаж болзошгүй юм.
Тэгэхээр… Засгийн газар болон хамаарах удирдлагууд далан суваг, ус зайлуулах системийг сайжруулах замаар үерийн бүсийн тэсвэрлэх чадварыг сайжруулснаар урт хугацаандаа тус бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтворжуулах эсвэл бүр нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр барилгын салбарын ЗЗ тогтвортой байх юм.
🥚 ТUM-н хувьцаа 63.3% өснө
TUM: Эм Ай Си Си ҮЦК ХХК (MICC) нь Түмэн шувуут ХК-ийн хувьцааг худалдан авахыг санал болгов. Тодруулбал, MICC нь Түмэн шувуут ХК-ийн тайлан, үйл ажиллагаанд шинжилгээ хийж хувьцааны үнэ нь 63.3% өсөж ₮522.23-т хүрнэ гэж тооцоолжээ. Учир нь “Түмэн шувуут 2” төсөлтэй холбоотойгоор компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 160 сая өндгөөр нэмэгдэж орлого нь ₮32 тэрбумаар өсөх гэнэ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
🔎 CFO-н эрэлд
Сүүлийн 2, 3 сард томоохон компаниуд олон жил ажилласан санхүү хариуцсан захирлаа (CFO) хайр найргүй халах болов. Tesla (TSLA) л гэхэд 13 жил ажилласан CFO-гоо халлаа. Юу болоод байна?
CFO-н суудлаас буугсад
Uber (UBER)-н II улирлын үйл ажиллагааны ашиг анх удаа эерэг гарсантай зэрэгцэн CFO Нелсон Чайг халж байгаагаа мэдээлсэн. Тэрбээр Uber-г 2018 оноос буюу IPO хийх үеэс эхлэн CFO-р ажилласан ч компани тус хугацаанд ашигтай ажилласан түүхгүй. Магадгүй компани шинэ CFO-той болсноор ашигт ажиллагаанд шилжинэ гэж бодсон байж болох юм.
Disney: 67 настай Кристин МакКарти Disney (DIS)-н CFO-р 8 жил ажиллаж цар тахлын хэцүүхэн нөхцөлийг давсан ч Disney-н ирээдүйн аялалд багтсангүй. Бусдаас ялгаатай нь тэрээр хувийн шалтгаанаар CFO-н суудлаа өгсөн аж.
Alphabet: 2015 оноос Google (GOOG)-н CFO-р ажилласан Рут Поратын хувьд ажлаа өгсөн гэхээсээ илүү тушаал дэвшээд буй. Тодруулбал, тэрээр Google-н хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллах болсон. Компанийн Activision Blizzard-г худалдан авах хэлэлцээр зохицуулагчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ үед түүнийг тушаал дэвшүүлсэн нь тохиолдол биш л болов уу.
Tesla: Нэгэн цагт Tesla-н дараагийн CEO гэж яригдаж байсан Захари Кирхорн энэ 7 хоногийн эхээр CFO-н суудлаасаа бууж буйгаа зарлаж олон хүнийг цочирдуулав. Тэрээр CFO болоод 4 жил болж байгаа бөгөөд тус хугацаанд Tesla асар ихээр өргөжсөн байдаг.
Орчин үеийн CFO
CFO нар компанийн санхүүгээс гадна CEO, хөрөнгө оруулагчид, ажилчдыг санхүүгийн мэдээллээр хангах, бизнесийн төлөвлөгөө гаргах гээд олон үүрэг хариуцлагыг хүлээдэг аж.
Түүнчлэн санхүүгийн тооцоолол сайн хийдэг зэрэг академик чадвартай байхын сацуу компанийн соёл, брэндингэд мэдрэмжтэй ханддаг, удирдагчийн ДНХ-тэй байх зэрэг хувь хүний хөгжлийн чадвар ч чухалчлах болжээ. Хаа сайгүй л хувь хүний хөгжлийн чадварууд үнэлэгдэх болсон энэ үед аргачгүй дээ.
Zoom
🔹 Zoom (ZM) AI-д суурилсан программ хангамжаа сайжруулахдаа хэрэглэгчдийн мэдээллийг ашиглана. Хэрэв та үүнийг эсэргүүцвэл Zoom-н үйлчилгээг ашиглах боломжгүй болох аж. Түүнчлэн тэд Zoom Clips-г танилцуулсан бөгөөд энэ нь видеогоо хуваалцах, хайх, татах, устгах боломжийг олгохоос гадна тусгай номын сангаар хангах аж.
🔹Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гишүүн 12 биржийн 6 нь стэйкинг үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь хэрэглэгч өөрийн арилжаанд оролцуулаагүй байгаа койноо тодорхой хугацаанд түгжин, хадгалах замаар өгөөж хүртэх боломжтой хадгаламжийн үйлчилгээ юм.
🔹Энэ оны эхний 7 сард гадаад худалдааны тэнцэл $3.7 тэрбумын ашигтай гарав. Тус хугацаанд экспортын хэмжээ 34.5% өсөж $8.7 тэрбумд хүрсэн тул гадаад худалдааны тэнцлийн ашиг 2.2 дахин нэмэгдсэн хэрэг. Сонирхуулахад, бид 67 оронд бараа экспортолжээ.
🔹Орон сууцны талбайн хэмжээг шалгаагүйн улмаас ₮25.1 саяар хохирчээ. Тодруулбал, нэгэн иргэн 75.41 м.кв орон сууц тохиролцож худалдан авсан хэдий ч засвар хийх үедээ 10.5 м.кв дутуу байсныг мэджээ. Улмаар, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан ч түүнийг эд хөрөнгөө шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болжээ. Тэгэхээр цаашид орон сууц авахдаа анхаараарай!
🧳✈️ NTF аялал жуулчлалын салбарт
Special corner-н шинэхэн дугаарт тавтай морил! Энэ удаад бид NTF-г аялал жуулчлалын салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар хүргэж байна.
Илүү хялбараар
Аяллын төлөвлөгөөний чухал хэсэг болох онгоцны тийз цаг хугацааны аясаар шинэчлэгдэж NFT хэлбэрт шилжээд буй. NFT тийз ашиглах нь хэрэглэгчид илүү хялбар буюу уян хатан нөхцөлтэйгөөр тийзээ захиалах, аялал бүрээсээ урамшуулал авах гээд олон давуу талтай аж. Жишээлбэл,
Анхдагч: Аргентины Flybondi дэлхийд анх удаа бүх нислэгийн тийзээ NFT хэлбэрээр борлуулах болжээ.
Баталгаат: NFT тийз нь гуравдагч этгээдийн оролцоогүйгээр бусдад хялбархан шилжүүлэх эсвэл зарах боломжтой.
Давуу тал: Ингэснээр хэрэглэгчид нислэг тутмынхаа км-г тооцуулж түүгээрээ нислэгийн ангилал солих, буудал захиалах зэрэг үйлчилгээнд ашиглах боломжтой аж.
Харин Монголд
Монголд ч NFT-г аялал жуулчлалын салбарт ашиглаж эхэлсний нэг жишээ бол MongolNFT. Тодруулбал, тэд Монголын дурсгалт газрууд, нүүдэлчдийн соёлыг харуулсан Beautiful Mongolia NFT Marketplace гаргаад буй.
Ер нь л, NFT дэлхий даяар олон салбарт хувьсгал хийж байгаа. Өнөөдөр үүний нэгийг л дурдлаа. Сонирхолтой байсан гэж найдъя.
Доорхоос бурууг олоорой.
A. Америкийн зээлийн картын өр $1 их наядад хүрнэ.
B. Гадаад худалдааны тэнцэл $3.7 тэрбумын ашигтай гарав.
C. Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх оны мөн үеэс 21.5% буурлаа.
КОФЕ УУХДАА УС УУЖ БАЙГААРАЙ.
1. Кофе нь биеийн усыг хөөдөг. Өглөө кофе уухын өмнө нэг аяга ус уу.
2. Кофе хүчиллэг тул ходоодны ханыг цочроодог. Ус уух нь ходоодны таагүй мэдрэмжийг багасгадаг.
3. Кофенд дуртай ч кафейнд хэт мэдрэг хүмүүс хамт ус ууж нөлөөллийг нь багасгаж… twitter.com/i/web/status/1…
— iderodcomedian (@Iderodcomedian)
2:27 AM • Aug 8, 2023
Tech: Хэрэглэгчийн хувийн мэдээлэл хулгайлагч AI. (Gizmodo)
Attention! Lemon Press-н багт нэгдэхийг хүсвэл ийшээ. (Zangia.mn)
Graphics: Дэлхийн хамгийн алдартай уран зураачид. (CreativeBlog)
Podcast: Hollywood-н уран бүтээлчид AI-р орлуулагдахаас айж байна. (ApplePodcast)
Зөв хариулт C. Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх оны мөн үеэс 21.5% буурсан биш ӨССӨН шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply