- Lemon Press
- Posts
- 👟 Говь ХК гутал үйлдвэрлэлээ
👟 Говь ХК гутал үйлдвэрлэлээ
Газрын тосны боловсруулах үйлдвэр болон CEO нарын ажлын арга барилын талаар тоймлов.
POWERED BY
Morning! Аялагч нартаа дуулгах сайхан мэдээтэй. Монгол болон Мальдив 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болжээ. Одоо тэгээд санхүүгээ төлөвлөөд, чемоданаа аваад явах л үлдэж дээ. ✈️🧳
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Инвескор бонд 2.0-н 5-р транчийн анхдагч зах зээлийн арилжаа 75 захиалга авч 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа.
BOM: Гадаад валютын нөөц 7-р сарын байдлаар жилийн өмнөх үеэс 33% өсөж $3.8 тэрбум болов.
CHN: Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулсан ч ипотекийн зээлийн хүүг 4.2% хэвээр үлдээлээ.
Яагаад IPO хийсэн компаниудын хувьцааны үнэ унаад байна вэ?
Сүүлийн 2 жилд 10 компани IPO хийснээс 7-гийнх нь үнэ гарсан үнээсээ доош ороод байна. Үүний шалтгаан нь юу вэ? Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаарт Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн захирал М.Даваажаргалын тус асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Яг Монголд тохирсон хөрөнгийн зах зээлийн цогц бодлого хэрэгтэй
Монголд IPO хийсэн компаниасаа бүх хариуцлагаа нэхэж эхлэх биш бодлого, зохицуулалт, дэд бүтцийн байгууллагууд мэргэжлийн оролцогчдоос эхлээд үндэсний үйлдвэрлэгчид IPO хийсэн, хийх гэж байгаа компаниудаа дэмжсэн дээрээсээ чиглэсэн цогц бодлогоор дэмжсэн тогтолцоо хэрэгтэй байгаа юм.
🦥 7 жил дуншиж буй үйлдвэр
Одоогоос 7 жилийн өмнө $1 тэрбумаар газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болж байв. Гэтэл бид энэ оны эхний 7 сард л гэхэд $1.1 тэрбумыг импортын газрын тосонд зарцуулжээ. Өнөө үйлдвэр юу боллоо?
Үүх, түүх
2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1 тэрбумын зээл авсан юм.
Аварга хүчин чадал: Уг үйлдвэр нь тооцооллоор жилд 1.5 сая тн газрын тос боловсруулж, Евро стандартын 560 мянган тн шатахуун, 670 мянган тн дизель түлш, 107 мянган тн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Гялтганасан төсөөлөл: Үйлдвэр ашиглалтад орсноор ДНБ 10%, боловсруулах аж үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх боломжтой. Түүнчлэн уг бүтээн байгуулалт хийгдсэнээр валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах учиртай.
Хөрсөн дээр буувал
Харин яг одоогийн гүйцэтгэлийг харвал ямартай ч Сайншандаас үйлдвэрийн байршил хүрэх 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд дууссан. Гэхдээ өнгөрсөн оны 3-р сарын байдлаар төслийн ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дуусаагүй л байв. Юу ч болсон бай уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орох юм гэсэн.
Ингэснээр: Бид хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангах юм. Өөрөөр бол бид 2022 онд $1.7 тэрбумын газрын тос импортолсон бол энэ тоо $0.5 тэрбум болтлоо буурах боломжтой гэсэн үг.
Бонус: Түүнчлэн газрын тосны бүтээн байгуулалтад Энэтхэгтэй хамтарч байгаа тул уул уурхайн салбарт тэдний ХО-ыг татаж, 2024 он гэхэд Энэтхэг рүү коксжих нүүрс тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
Шинэ мэдээ - Хойшлолт: Харин өнгөрсөн 7 хоногт Эксим банктай байгуулсан $1 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгахаар болоод буй.
Эцэст нь… Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж байгаа нь олон эерэг өөрчлөлтийг авч ирэх ч маш хурдтайгаар ажиллахгүй бол 2025 онд багтаж ашиглалтад орохгүй байх, зээлийн төлөлтийг дахин дахин хойшлуулах асуудал үүсэж болзошгүй нь. Мэдээж энэ хооронд бид газрын тосоо импортолсоор байна шүү дээ.
👟 Говь ба Гутал
GOV: Говь ХК гутал үйлдвэрлэлээ. Тэд анхны "Cashmere sneakers" буюу ноолууран гутлаа танилцуулав. Сонирхуулахад, “Cashmere Sneakers”-н дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-ийн замгийг агуулсан эко материалаар хийгдсэн аж. Өнгөрсөн II улиралд жилийн өмнөхөөсөө 81.9% өсөж ₮83.5 тэрбумд хүрсэн компанийн орлогыг шинэхэн бүтээгдэхүүн нь хэр нэмэгдүүлэх бол?
✨ CEO нар 7 хоногт дунджаар 58 цаг ажилладаг
7 хоногт 120 цаг ажиллана гэхээр галзуу юм шиг сонсогдох ч Илон Маскд бол жирийн л ажлын цаг гээд бод доо. 🙀Үүнийг CEO нарын дундаж ажлын цаг болох 58 цагтай харьцуулахад бас л чанга байгаа биз? Ер нь CEO нар 7 хоногт хэр их ажилладаг болон ажилдаа баримталдаг зарчмуудын талаар сонирхъё.
CEO нарын ажиллах арга барил
Илон Маск 80+ цаг: Илон Маскийн хувьд энтерпренерүүд 7 хоногт 80 цагаас дээш ажиллах хэрэгтэй гэх бодолтой нэгэн. Үүнийгээ ч батлах мэт Twitter-г худалдан авсныхаа дараа ажлын цагаа 80-120 цаг болгон нэмэгдүүлжээ. Сонирхуулахад, тэрбээр өглөө бүр шүршүүрт ордог хэвшилтэй бөгөөд тэндээс л Ангарагийг колоничлох зэрэг галзуу санаануудаа олдог гэнэ.
Марк Зукерберг 50-60 цаг: Марк Зукерберг хэрэгцээгүй жижиг сажиг зүйлсэд цаг зарцуулах дүргүй гэдгээ хувцас сонголт дээрээ ч харуулдгийг мэдэх байх. Бусад CEO-с ялгаатай нь тэрбээр өглөөг 8 цагт эхлүүлдэг аж.
Жефф Безос 58 цаг: Amazon (AMZN)-н сонирхолтой дүрэм бол 2 пиццаны дүрэм буюу 2 пиццаг хувааж идэх хэмжээний хүнгүй л бол хурал хийдэггүй соёлтой аж. Жефф Безосын хувьд өдөрт олон шийдвэр гаргахын оронд цөөн тооны шийдвэр гаргахыг эрмэлздэг байна.
Жак Ма 996 дүрэм: 2021 он хүртэл Жак Ма төдийгүй Хятадын томоохон технологийн компаниуд өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл 7 хоногийн 6 өдөрт ажиллах соёлтой байсан. Түүний хэлснээр дуртай зүйлээ олчихвол 996 дүрмээр ажиллах нь тийм ч аймшигтай зүйл биш байх нь.
Нийтлэг хэвшил
Дээрх эрхмүүдэд байдаг нийтлэг хэвшил бол өглөөний цагийг ашиглах. Гэхдээ зарим нь өглөөний цагуудад чухал хурал, ажилтай холбоотой зүйлсээ төлөвлөдөг нэгэн байхад, өглөөний цагийг зөвхөн өөртөө гэх уриатай нэгэн ч байна. Гол нь өөртөө таарсан жорыг л зохиох.
Тэгэхээр, өөрийн гэсэн ажлын арга барил, түүнд тохирсон ажлын цагаа гаргах нь л амжилтын үндэс юм уу даа. 😉
🔢 Энэ удаад Index & Match формулаг хэрхэн ашиглах талаар хүргэж байна.
Giphy
🔹 Хотын дарга эхний 1,000 хоногийн ажлаа танилцууллаа. Түүний хэрэгжүүлж буй эрх зүйн хөтөлбөр 70%, эдийн засгийнх 60%, эрүүл засаглалынх 40%-тай явж байгаа аж. Түүнчлэн хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойлж үүнээс бодит үзүүлэлт 0 байгааг онцлов.
🔹Мандал Даатгал ХК (MDIC) шүүхэд хариуцагчаар оролцож байна. Тус компани даатгалын нөхөн төлбөртэй холбоотой ₮332 саяын үнийн дүн бүхий 4 нэхэмжлэлд хариуцагчаар татагдаад буй. Эдгээр нэхэмжлэлүүд нь шүүхийн шатанд явж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байгаа аж.
🔹Instacart ирэх 9 сард IPO хийх төлөвтэй байна. Компанийн IPO 3 жилийн турш яригдаж байгаа ч Ковид-19-ийн улмаас хойшилсоор өдийг хүрсэн. 2021 онд $39 тэрбумаар үнэлэгдэж байсан тэдний үнэлгээ өдгөө $10 тэрбум болоод буй. Сонирхуулахад, Instacart-н орлого энэ оны эхний хагаст 30% өсөв.
🔹Мандал Ирээдүйн Өсөлт Хамтын Хос (MFG)-н нийт хөрөнгө II улиралд өмнөх оны мөн үеэс 6.9% өсөж ₮56.6 тэрбумд хүрлээ. Компанийн хөрөнгө оруулалтын багцын 44%-ийг тогтмол орлоготой үнэт цаас, 30.6%-ийг компанийн хувьцаа, 25.4%-ийг мөнгөний захын хэрэгсэл тус тус эзэлж байна.
Хичээл сургуулийн улирал ч эхэллээ дээ таминь...
— Samandar Tsogtbayar (@satso999)
7:07 AM • Aug 21, 2023
Үнэн үү? Хүний сэтгэл санааны байдлаас хамаарч цаг хугацаа өөрөөр өнгөрдөг. (APS)
Сонс: Монголын хөрөнгийн зах зээлийн одоо ба ирээдүй. (QuestMeansBusiness)
Унш: Илон Маск ажилчдадаа урам зориг өгөхдөө Напелеон Бонапартаас үлгэр дуурайлал авдаг гэнэ үү? (INC)
Удахгүй: Threads-н веб хувилбар гарна. (TheVerge)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply