- Lemon Press
- Posts
- 👔 Монголын ТОП CEO нар юу гэв?
👔 Монголын ТОП CEO нар юу гэв?
Grammarly-н цомхотгол | Компаниудын ногдол ашгийн шийдвэр | MMCG-н судалгаа
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Заа ингээд цагаан сар шувтарч, алдарт Валентины баяр ч дууслаа. Одоо тэгээд ажил ажилдаа ханцуй шамлаад маарш! Мартын 8 хүртэл ажилдаа төвлөрнө шүү хэдүүлээ. 😜


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) ногдол ашиг хуваарилахгүй.
MNG: Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Б.Чандмань: Хүнийг албан тушаал нь бус ажлаа хэрхэн хийж байгаа нь тодорхойлдог

LEAD W/ булангийн ээлжит дугаарт харьцангуй залуу ч банк, санхүүгийн салбар тэр дундаа Капитрон банканд карьерынхаа ихэнх түүхийг бичиж, салбартаа чамгүй туршлага хуримтлуулсан санхүүгийн энтрепренер Б.Чандмань оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Аливаа газар удирдах түвшинд ажиллаж байгаа хүн алсын хараагаа эхлээд зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Тэгээд өөрөө бүхнийг чаддаг байхаас илүү тухайн чиглэл чиглэлдээ мэргэшсэн, чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Тэр багаа өөрийн алсын хараа зорилгодоо нэгтгэж, хүлээх үр дүнгээ тодорхой болгосны дараа ажилтнуудынхаа хамгийн бүтээмжтэй ажиллах сэтгэлзүйн болон бусад нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.

👔 Монголын ТОП CEO нар юу гэв?

Монголын ТОП CEO нарын 81% нь хэрэв одоогийн бизнес моделиор үргэлжлүүлэн ажиллавал дараагийн 10 жилд эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадахгүй гэж үзэж байна.
Сайхан мэдээ
Судалгааны гол үр дүнгээс сайныг нь эхлээд дурдъя. Ирэх жилүүдэд хөрөнгө оруулагчдад багцаа томруулах боломж олдох нь. Учир нь ТОП компаниудын 40% нь ойрын 3 жилд үндсэн болон охин компаниа олон нийтэд нээлттэй болгож, IPO хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин 39% нь одоогоор IPO хийх төлөвлөгөөгүй байгаа гэнэ.
Цалингаа нэмнээ: Ажилтанд дуулгах сайн мэдээ гэвэл, 2023 онд цалингийн өсөлт дунджаар 24% байсан бол энэ онд ч өсөлт үргэлжлэх нь.
Саар мэдээ
ТОП CEO нарын 72% нь бизнес дэх төрийн оролцоог өндөр байна гэж үзжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд сонгуулийн үр дүнгээс хамаарч хүлээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа аж. Мөн төрийн шийдвэрүүд тогтвортой биш, зөвшөөрөл удаашралтай байгаа нь бизнесийн өсөлтөд саад болж буй. Цаашлаад,
Хүний нөөцийн хомсдол: Ажил олгогчдын 64% нь ажиллах хүчний хомсдол буюу ажил хийх хүн олдохгүй байх гэсэн асуудалтай нүүр тулжээ.
Суу муу: Мөн судалгаанд оролцогчдын 58% нь бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэв.
ТОП-уудын бизнес хаашаа чиглэж байна?
Тэдний 81% нь бизнес моделио өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэхдээ ур чадвартай цөөн ажилтнаар ажиллах, технологи ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн процессыг автоматжуулах зэрэг хүний нөөцийн оролцоо багатай бизнес моделийг нэвтрүүлэхийг зорьж байна. Тиймдээ ч нийт компаниудын 60% нь Big Data Analytics, AI-д анхаарлаа тавьж эхэлжээ. Түүнчлэн,
Өөрсдөө зүтгэнэ: Компаниудын 49% нь шаардлагатай хөрөнгө оруулалт татах эх үүсвэрийг компанийн өөрийн хуримтлал, ашгаас хийхээр төлөвлөж байна.
Дүгнэхэд, Монголын ТОП компаниуд дижитал шилжилт, бизнесийн процессын автоматжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэхийн хамт хүн төвтэй байх стратегид анхаараад эхэлжээ. Ирэх жилүүдээс нэлээд том том өөрчлөлт, ахиц гарах биз ээ.

🏦 Ашгийн 25%
BOGD: Богд Банк ХК 2023 оны сүүлийн хагас жилийн ашгийн 25%-ийг ногдол ашиг болгон тараана. Улмаар нийт ₮3.5 тэрбумыг, нэгж хувьцаанд ₮2.82-ийн ногдол ашиг олгох аж. Ингэснээр тэдний ногдол ашгийн өгөөж 3.4%-тай байна. Тус ногдол ашгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаас 60 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

🤖 Асуудал нь зардлаа танахад биш!

Сүүлийн үед технологийн салбарынхан 2 жилийн өмнөх цомхотголын трэнд рүүгээ буцаж 2024 он гарав уу үгүй юу ажилчдаа халаад эхэлсэн. Энэ удаад Grammarly-н цомхотгол хийх ээлж ирэв. Гэхдээ тэд бусад шиг зардлаа танах зорилгогүй.
Fresh from the boat
Товчхондоо Grammarly бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа. Ингэхдээ хиймэл оюун ухаан (AI)-т ажлын байр бий болгохын тулд 230 гаруй ажилтнаа цомхотгохоо зарлав. Дээр дурдсанчлан CEO-нх нь хэлснээр “Уг цомхотгол зардлаа танахтай ямар ч холбоогүй бөгөөд компанийн санхүү хүчирхэг хэвээрээ байгааг” онцолсон юм. Сонирхуулахад, тус компанийн ажилчид сүүлийн 5 жил 5 дахин нэмэгдэж 1,000 гаруй ажилтантай болоод буй.
Хайртай байсан шүү: Компани үдэж буй ажилтнууддаа доод тал нь 3 сарын үндсэн цалин болон эрүүл мэндийн даатгалын тэтгэмж олгох гэнэ. Үүнээс гадна карьерын зөвлөгөө, өөр ажилд ороход нь туслах жагсаалт хүртэл гаргаад компаниас өгсөн зөөврийн компьютерыг аваад яваарай л гэж.
Шинэ хайртдаа бүхнээ: Түүнчлэн цомхотголын мэдэгдэлтэй хамт Grammarly-н CEO цаашид ч технологи хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийлсэн гэхээр тэдний хэмнэж болох 230 хүний цалингийн зардал хаашаа явах нь тодорхой биз ээ.
AI-д бол гар татахгүй!
Grammarly тэртээ 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа л өгүүлбэрийн алдаа шалгах, найруулга засах гээд гол функцүүддээ AI ашиглаж байсан. Үүнээс хойш 2 удаа шинэ AI үйлчилгээ нэвтрүүлсний хамгийн сүүлийнх нь өнгөрсөн онд гаргасан генератив AI болох GrammarlyGO. Тус функц нь алдаа шалгах үндсэн үүрэг дээрээ нэмээд өгүүлбэрийн өнгө аясаас эхлээд хэр ойлгомжтой байгаа, хүнд сонирхолтой бичсэн үү, яав, ийв гээд ер нь англи хэл сурч байгаа хүмүүст төдийгүй унаган англи хэлтэй хүмүүст ч маш хэрэгтэй платформ. Иймээс ч өдгөө Grammarly-г Америкийн томоохон 500 компанийн ажилчдын 96% нь ашиглаж байгаа.
Эцэст нь… 2022 онд технологийн компаниудын дийлэнх нь ЭЗ-ийн хүндхэн нөхцөлийг давах гэж ажилтнуудаа халж байсан бол одоо AI-с болж цомхотгох нь ихэссээр. 😪

₮829.5 тэрбум
2023 онд биржийн бус зах зээл дээр ₮829.5 тэрбумын арилжаа хийгджээ.
19.7%
13-18 сарын хугацаатай бондын хүү хамгийн өндөр буюу 19.7% байна.
₮1.4 их наяд
2 сарын 13-ны байдлаар ББЗЗ дээрх бондын үлдэгдэл ₮1.4 их наяд.


Bloomberg Intelligence
🔹Биткойны ETF 1 сарын хугацаанд $2.8 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Тодруулбал, хөрөнгө оруулагчид Grayscale Bitcoin Trust (GBTC)-с $6.4 тэрбумын хөрөнгөө татаж iShare Bitcoin Trust (IBIT) руу $3.8 тэрбум, Fidelity WIse Origin Bitcoin Fund (FBTC) руу $3.1 тэрбумаар хөрөнгө оруулсан байна.
🔹Монгол Даатгал (MDIC) ХК 2023 онд ₮1.6 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Үүнд тэдний орлогод тооцсон хураамж 1.3% өсөж ₮16.2 тэрбумд, зардалд тооцсон нөхөн төлбөр 45.9% нэмэгдэж ₮6.5 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Мөн тэдний нийт хөрөнгө 6.4% буурч ₮35.1 тэрбумд, P/B 13.1-т хүрэв.
🔹Airbnb (ABNB) $6 тэрбумын үнэлгээтэй хувьцаагаа халаасална. Тэдний 2023 оны IV улирлын орлого 17% өсөн $2.2 тэрбумд хүрсэн бол Италийн эрх баригчидтай үүсгэсэн татварын маргаанаас болж $349 саяын алдагдал хүлээжээ. Гэхдээ бид энэ онд цоо шинэ стратегитай Airbnb-г харах нь ээ.
🔹Гутал (GTL) болон Тандэм Инвест ББСБ (VIK) ногдол ашиг тараахаар болов. Ийнхүү Гутал ХК нэгж хувьцаанд ₮1,400, Тандэм Инвест ББСБ ХК ₮2.19-ийн ногдол ашиг олгосноор ногдол ашгийн өгөөж Гутал ХК-ийнх 3.3%, Тандэм Инвест ББСБ ХК-ийнх 12.2% байна.

Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)
Өгөгдлийн менежментийн ажилтан / ”Оюу толгой” ХХК: Улаанбаатарт нийт байгууллагын хэмжээний өгөгдлийн менежментэд ажиллах тул өгөгдлийн шинжилгээний чиглэлээр +3 жил ажилласан туршлагатай хүн хайж байна 👉 (Link)
Санхүү эрхэлсэн захирал / Бишрэлт Групп: Санхүүгийн урт хугацааны төлөвлөлтийг боловсруулах үүрэгтэй санхүү бүртгэлийн чиглэлээр +5 жил ажилласан туршлагатай бол ийшээ 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сонирх: Хиймэл оюун ухаан сонирхогчид цуглах нь ээ. (AmericanCorner)
Оролц: Монголд бизнес хийх хүсэлтэй хүмүүст мэдээлэл өгөх гэж байна. (AmCham)
Мэд: ChatGPT таныг хэн болох, юунд дуртай талаарх дурсамжтай болж байгаа гэнэ үү? (TheVerge)
Унш: Бразил энэ жилийн багт наадамдаа илүү их мөнгө зарцуулна. (BBC)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply