- Lemon Press
- Posts
- 🧑💼🤵♀️ Hybrid CEO гэж хэн бэ?
🧑💼🤵♀️ Hybrid CEO гэж хэн бэ?
Сүүний үйлдвэрлэл | ERDN ба MMC | 2023 оны ЭЗ-ийн өсөлтийн урьдчилсан гүйцэтгэл
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Заа бууз, баншаа хийгээд цагаан сарын бэлтгэлээ базааж байна уу? Өнгөрсөн жилийн Цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар ₮48.9 тэрбумын худалдаа хийгдсэн гэнэ. Энэ жил улам л өргөн дэлгэр болох байх даа? 🐲


*Нэг өдрийн өөрчлөлт
ECON: 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засгийн өсөлт 6.8% байна.
MSE: Өчигдрийн арилжаагаар Махимпекс ХК (MMX)-ийн хувьцааны үнэ 15% өссөн бол Өндөрхаан ХК (ONH)-ийнх 14.9% уналаа.
INV: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд $4 тэрбумд хүргэнэ.

👀 Харилцаа холбооны салбарын өнгө

Харилцаа холбооны салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд 3 дахин нугарч 2022 онд ₮366.8 тэрбумд хүрэв. Сүүлийн 10 жилд ₮2.5 их наядын хөрөнгө оруулалт хийгдээд буй салбарын сонин сайхан руу өнгийж үзье. 👀
Сонирхолтой факт
Манай улсын хүн амын 99% нь сүлжээнд холбогдсон төдийгүй Монголын 1 гигабит интернэтийн үнэ $0.38 буюу дэлхийн дунджаас 2 дахин бага байна. Цаашлаад бүх аймаг, сумдад 3G, 4G сүлжээнд нэвтэрч, уг сүлжээгээр дамжсан дата 2020 оноос хойш гэхэд 3 дахин өсжээ. Энэ өндөр дата хэрэглээний цаана урт хугацааны хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгдсэн нь мэдээж.
Бүтээн байгуулалт: Монгол үүрэн холбооны 4G LTE сүлжээг 2016 онд улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс болсон. Түүнчлэн өнгөрсөн онд 21 аймагт 5G сүлжээний туршилтын станцууд ч ассан онцлог жил болов. Үргэлжлүүлээд хэрэглэгчийн тоог харах нь ээ…
Хүн амын тооноос 1.4 дахин их хэрэглэгчтэй
3.4 сая хүн амтай улс гэхэд давхардсан тоогоор интернэт хэрэглэгчийн тоо 4.8 сая, үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 4.8 саяыг тус тус даваад буй. Аливаа жагсаалтын сүүлийг л мушгиж дадсан Монгол ядаж л гар утас, интернэт хэрэглэгчийн тоогоор бол дээгүүр байдаг нь онцлууштай.
Дэлхийд хаана явна?
Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийн тухайд Монгол дэлхийн дунджаас 27.2 нэгжээр хувиар өндөр байдаг. Тодруулбал орон даяар 49 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээ байгуулагдсан. Үүнийг Улаанбаатар хотоос Лондон хот руу 5 удаа очих хэмжээний урт замыг шилэн кабелаар хэрсэн гэж ойлгож болно.
Бизнесийн онцлог: Тус салбар нь хүн ам сийрэг тархан суурьшсан Монголын өргөн уудам 1.6 сая км^2 газарт сүлжээний бүтээн байгуулалт хийх нь өндөр зардалтай, эргээд үр өгөөжөө асар удаан хугацаанд өгдөг онцлогтой.
За тэгээд… Нэг үеэ бодоход алсын алс дахь сууринаас ч хүссэн газар руугаа дуудлага хийх, интернэтэд холбогдох боломжтой болсон. 2023 оны харилцаа холбооны салбарын онцлох үйл явдал 5G сүлжээний бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн явдал байв. 5G сүлжээ хүрээгээ тэлэх тусам интернэтийн хурд нэмэгдэж, сүлжээний хоцрогдол багасаж, олон хүн нэгэн зэрэг холбогдох давуу талууд бий болж эрүүл мэнд, логистик гээд олон салбар өгөөжийг нь хүртэх боломжтой болох юм.

👑 Мэдээллийн эзэнт гүрэн
BX: Дэлхийн хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Blackstone $25 тэрбумын өртөгтэй дата төвийн эзэнт гүрнийг байгуулж байна. Компани 2021 онд дата төвийн томоохон оператор болох QTS-г $10 тэрбумаар авсан бөгөөд үүнтэй холбогдол үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа нь энэ. Тэд AI болон үүлэн технологийн ирээдүйд томоохон бооцоо тавьж байгаа бололтой.

💸 Хувьцаат компаниудын төлөөллийг урьж байна

Ногдол ашгийн төлөлтийн өдрийг зарлая! сургалт, хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээний хөтөлбөр зарлагдлаа.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, Lemon Press болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг дараагийн шатанд гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор "Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон хувьцаат компаниудын төлөөллийг оролцохыг урьж байна.
📌 Хаана: Сентрал Тауэр, 17 давхар, Криптос ресторан
📅 Хэзээ: 2024 оны 2 сарын 1-ний Пүрэв гараг
⏲️ Хэдэн цагт: 18:00-21:00 цагийн хооронд

🧑💼 CEO-г сонгох шинэлэг арга

Компани шинэ Гүйцэтгэх захирал (CEO) сонгохдоо гарын 10 хуруу шигээ мэддэг хүнийг дотроосоо сонгох, эсвэл цоо шинэ боломжийг харах хүн гаднаас авчрах гэсэн 2 сонголттой тулгардаг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаанд аль алийг нь бүрдүүлсэн хүн сонгох нь илүү дээр гэв.
Хэн юм бэ? Тэд нарыг холимог (hybrid) CEO гэх буюу тухайн толгой компанийн охин компанийг удирдаж буй CEO-г хэлнэ. Жишээлбэл, FB-н CEO IG-н CEO-р томилогдох юм. Хоёул толгой компани буюу Meta (META)-тай холбоотой үйл ажиллагааг мэддэг боловч аль аль нь нэгнийхээ соёлд уусаагүй юм.
Шалтгаан
2023 оны III улирлын байдлаар Америкт 1,425 CEO ажлаа орхисон нь 2022 оныхоос 47% өндөр үзүүлэлт аж. Дийлэнх нь буюу 31.4% нь ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас гарчээ. Улмаар тус ажиллах хүчнийг компаниуд хаанаас хэнийг томилж орлох вэ, гэдэг дээр толгойгоо гашилгаад буй.
2 ертөнцийн нэгдэл
Тус судалгаа 2,071 CEO нарын шилжилт хөдөлгөөн, тэр дундаа CEO шилжихээс өмнөх 3 жил, шилжсэнээс хойших 3 жилийн хоорондох компанийн гүйцэтгэлийг судалжээ. Улмаар,
Хэцүү үед шийдэмгий: Санхүүгийн хямрал гэх мэт асуудал тулгарсан үед холимог CEO-г түлхүү томилох явдал ажиглагджээ. Жишээ нь, 2008 оны их хямралын дараагаар холимог CEO-той компаниуд хөрөнгийн ашиглалтаас хүртэх өгөөж (ROA)-р бусдаас даруй 7-11 нэгж хувиар илүү мөн 6.8 нэгж хувиар илүү их ажилчдаа цомхотгожээ.
Компаниасаа шалтгаална аа хө: Гэхдээ холимог CEO бүхэн үр дүн өндөр ажиллахгүй ээ. Тэдний өндөр үр дүнтэй ажиллаж байгаа нь өөрсдийн зан төлөв болон компанийн стратегиас ихээхэн хамаардгийг санах хэрэгтэй.
Эцэст нь, Монголд CEO-н томилгоог дотроосоо эсвэл гаднаас гэх 2 сонголтоос хийж байна. Гэхдээ олон улсад цаг үеийн хэцүүхэн үед аль аль шинжийг агуулсан холимог CEO томилох нь илүү тохиромжтой гэв. Корпорацын түвшинд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд энэ аргыг туршаад үзэх хэрэгтэй болов уу.

INDEX, MATCH-с илүү амар аргаар хүснэгтээс дата авах боломжийг Formulas -> Create from Selection аргаар хийж болно. Хэтэрхий урт томьёо бичиж толгойгоо эргүүлэх хэрэггүй шүү дээ. 🥹



Tenor
🔹Өнгөрсөн оны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 17.5% өсөж 207.7 мянган тн-д хүрчээ. Гэснээс хуурай сүүний импортыг бууруулах, шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хуурай сүү импортлох зөвшөөрлийг 46.3% бууруулж 4 мянган тн болгосон байна.
🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-н 50%-ийг Mongolian Mining Corporation (0975.HK) эзэмшинэ. Тодруулбал, тус 2 компанийн $40 саяын стратегийн түншлэлийн гэрээ бүрэн хэрэгжиж дууссан тул Баян Хөндий алтны ордны лицензийг эзэмшигч ERDN нь MMC-н охин компани болж байна.
🔹Хонконгийн шүүх үл хөдлөх хөрөнгийн аварга Evergrande Group (3333.HK)-г татан буулгах шийдвэр гаргалаа. Компани өнгөрсөн 2 жилийн хугацаанд бондын эргэн төлөлт хийж чадалгүй явсаар нийт $300 тэрбумын өртэй болжээ. Уг шийдвэрийн араас Evergrande Group-н хувьцааны үнэ 20.9% унаад байна.
🔹Говь ХК (GOV) ногдол ашиг тараахгүй. Тэдний 2023 оны санхүүгийн үр дүн ногдол ашиг тараах нөхцөлийг хангаагүй тул тус шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн компани энэ онд хийгдэх сонирхлын зөрчилтэй хэлцэлд зөвшөөрөл олгох болон цалин, урамшууллын бодлогоо шинэчлэн батлав.

Судалгааны менежер / Голомт банк: Байгууллагын банкны газрын харилцагчдын мэдээллүүдийг нэгтгэх, тайлан мэдээ гаргах, шинжилгээ дүгнэлт хийх чадвартай бол ийшээ. 👉 (Link)
Борлуулалтын албаны дарга / Дельта Холдинг: Худалдаа, борлуулалтын чиглэлээр 3+ жил ажилласан, борлуулалтын дүн шинжилгээ хийх чадвартай хүн байна уу? 👉 (Link)
Маркетингийн анхлах менежер / Инвескор проперти: Маркетингийн чиглэлээр 3+ жил ажилласан, маркетингийн бүх төрлийн судалгааг төлөвлөх, гүйцэтгэх хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Мэд: Дайны бонд гэж юу вэ? (NISS)
Унш: Технологийн компаниуд он гарснаас хойш хэр их цомхотгол хийв? (VisualCapitalist)
Анхаар: Америкийн экс Ерөнхийлөгч нар Жо Байденд Доналд Трампийг ялахад нь тусална. (Insider)
Шалга: Таны олон улсын харилцааны талаарх ерөнхий мэдлэг хэр зузаан бэ? (PewResearch)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply