- Lemon Press
- Posts
- 🇲🇳 CEO-н холио сэлгээ
🇲🇳 CEO-н холио сэлгээ
Шинэ худалдааны боомт | $GOOG: Нэмэлт $10 тэрбум | СЗХ-ны шийдвэр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! ЗГ Гаалийн ерөнхий газрыг шалгаж эхэллээ гээд гол усаар нэг зарлаж байна. ААН, бизнесүүдийн ясыг нь цайтал шалгадаг гэдгээрээ алдартай байцаагч нар маань өөрсдөө шалгуулах нь. Нэр төдий шалгаад өнгөрөх вий дээ. Бараг шалгуулж байсан хүмүүс нь буцаагаад шалгавал хамаагүй үр дүнтэй байх вий. 🤷🏻♀️


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Нийслэлээс гаргасан “Улаанбаатар бонд III” бондын үндсэн төлөлт бүрэн хийгдэж, МХБ-ийн бүртгэлээс хасагдлаа.
FRC: СЗХ-ны ээлжит хуралдаан болж 2 компанид ХБҮЦ гаргах зөвшөөрөл олгож, 1 компанийн хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн бол 4 компанийн банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
MNG: Тажикстан болон Монгол эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахын сацуу, логистикийн дөт тээврийн коридор байгуулах, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг судлахаар тохиролцлоо.

🦦 CEO-н сэнтийн дундаж хугацаа

Өнгөрсөн 7 жилд буюу 2018 оноос хойш ТОП-20 компанийг давхардсан тоогоор нийт 61 эрхэм удирджээ. Тэгвэл эдгээр компаниудын Гүйцэтгэх захирал (CEO) нар хэр удаан ажиллаж байгааг сонирхъё.
🕵🏻♂️ 53 CEO
ТОП-20 компанийг нийт 53 CEO, 8 үүрэг гүйцэтгэгч нар удирдсан бөгөөд 15 компанийн CEO ямар нэгэн байдлаар солигджээ. Үүнээс Тавантолгой (TTL), Мандал Даатгал (MNDL) болон ЛендМН ББСБ (LEND) гэсэн 3 компани CEO нараа тус бүр 5 удаа өөрчилсөн аж. Бусад сонирхол татах зүйлсийг харвал,
⏰ Дундаж хугацаа: ТОП-20 компанийн CEO солигдсон 15 компанийн хувьд, нэг CEO дунджаар 29.1 сар буюу ойролцоогоор 2.4 жил албан тушаалаа хашжээ.
🌏 Гадаад захирал: Сүүлийн 7 жилд ТОП-20 компанийн 3 нь гадаад CEO-той байв. Тухайлбал, ХААН Банк (KHAN)-ыг Жон Белл 2016-2020 онуудад, Голомт банк (GLMT)-ыг Норихико Като 2019-2024 онуудад, Инновэйшн Инвестмент (QPAY)-ыг Футоши Маругамэ 2019-2021 онуудад тус тус удирджээ.
🃏 Холио сэлгээ: ТОП-20 компанийн удирдлагуудаас хамгийн олон компани дамжсан CEO нь Сүү (SUU)-гийн Б.Гантулга бөгөөд нийт 3 удаа шилжжээ. Задлаад харвал, 2014-2018 онд $SUU-г, 2019 онд $LEND-г удирдаж, 2023 оноос эргээд $SUU-н CEO-р томилогдсон.
🐣 Отгон CEO: Энэ сарын 7-нд 2022 оноос хойш $QPAY-г удирдсан Г.Эрдэнэмөнх ажлаа хүлээлгэн өгч оронд нь 2021 оноос хойш тус компанийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан Б.Энхболд томилогдоод байна.
☂️ Тогтвортой 5
ТОП-20 компаниас 5-ынх нь CEO 2018 оноос хойш солигдоогүй, ажлаа тогтвортой үргэлжлүүлсээр байна. Хамгийн удаан ажилласан нь 2009 оноос хойш АПУ (APU)-г удирдаж буй Ц.Эрдэнэбилэг бол удаах байранд 2015 онд томилогдсон Түмэн Шувуут (TUM)-ын Ж.Болд орж, түүний араас 2016 онд сонгогдсон Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ын О.Орхон бичигдэв. Зарим компанийн CEO ирээд буцдаг бол үлдсэн хэдийнх нь CEO орой бүрийн 20:00 цагийн “Цагийн хүрд” шиг хэвэндээ үргэлжилсээр…
Эцэст нь… Компанийн амжилтад CEO нарын үүрэг оролцоо агаар ус шиг л хэрэгтэй. Сонирхуулахад, манайхаас Lemon Press Awards-н 2024 оны “ОНЦЛОХ CEO”-р $KHAN-н Р.Мөнхтуяа шалгарсан билээ. Ирэх жил хэн сонгогдох бол манай лимонуудын таамаг юу байна? 🤔


💰 $GOOG: Нэмэлт $10 тэрбум
GOOG: Алдарт Alphabet-н цэвэр ашиг энэ оны II улиралд өмнөх оны мөн үеэс 19% өсөж $28.2 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо. Гэвч компанийн зүгээс үүлэн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт тасралтгүй нэмэгдэж буйтай холбоотой 2025 онд зарцуулах хөрөнгө оруулалтаа $10 тэрбумаар нэмэгдүүлж $85 тэрбумд хүргэх шийдвэр гаргажээ. Энэ мэдэгдлийн дараа компанийн нэгж хувьцааны үнэ хэдхэн цагийн дотор 3% өссөн ч тухайн өдөртөө 0.3% унаж $191.5 дээр хаагдсан аж.

🇲🇳🇰🇷 2 дахь худалдааны гарц

Зүүн хойд Азийн тээвэр логистикийн стратегийн төв боомт болсон Пусаны боомт Монгол руу чиглэсэн логистикийн шинэ урсгалтай болох нь ээ.
🪸 Пусаны боомт нь 150 гаруй улсын 500 боомттой холбогддог, жилд 400 сая тн буюу дэлхийн нийт контейнер тээврийн 13%-ийг эзэлдэг, хамгийн ачаалалтай 6 дахь боомт билээ.
Өмнө 🆚 Дараа
Одоогоор 2 орны худалдааны гол гарц нь Инчоний ОУ-ын боомт. Өмнөд Солонгосоос Монгол руу ачаа тээвэрлэх маршрут болон хугацааны хувьд, хамгийн түгээмэл зам нь Инчоний боомтоос Хятадын Тяньжин, эсвэл Оросын Владивосток боомт руу тээвэрлэгдэж, тэндээсээ төмөр зам болон авто замаар гэхчлэн дамжиж явсаар 10-20 хоногт Монголд ирж буй.
🔗 Эдгээр дамжлагуудаас далайгаар тээвэрлэгдэж буй хугацаа нь хамгийн бага буюу 2-5 хоног байдаг бол үлдсэн хугацаа нь транзит буюу хил гааль дээр хүлээгдэх, Орос, Хятадын боомтоос нааш тээвэрлэхэд зарцуулагддаг байх нь.
Тэгвэл Пусаны боомт нээгдсэнээр тус боомт дээр Монголын ачааг тусгайлан хүлээн авах логистикийн терминалтай болохоос эхлээд 2 орны худалдааны үүд хаалга өргөсөх, цаашлаад Монгол руу чиглэсэн Америк, Европ, бусад далайд гарцтай орны ачаа тээвэр хамгийн хямд, хурдан тээвэрлэгдэх нөхцөл бүрдэх аж.
🌊 Монголын далайн зам
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс "flag of convenience" буюу нээлттэй бүртгэлийн систем ашиглан олон улсын далайн тээврийн харилцаанд оролцдог. Дэлхий даяар нийт 3,000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын нэр дээр бүртгэгдсэний 500 нь идэвхтэй буюу байнгын бүртгэлтэй байдаг аж. Усан замын гол гарц нь Хятадын Тяньжин боомт байдгаас гадна 4 улсад итгэмжлэгдсэн агент томилж, хөлөг онгоцнуудаа хянаад явдаг гэнэ.
🛳️ Тухайлбал, 2023 онд Өмнөд Солонгосын Cosmos Marine Bureau агентаар дамжуулан бүртгэгдсэн 59.4 мянган тн-ы даац бүхий 40 хөлөг онгоц Монгол Улсын тугтай далайд гарсан гэх тоо бий. Үүний тал буюу 21% нь ерөнхий ачаа тээврийн онгоц байжээ.
Эцэст нь… Монгол болон Өмнөд Солонгосын худалдааны гарц өргөсөж байгаа нь мэдээж сайн хэрэг. Гэсэн хэдий ч бид 2 хөршийнхөө хил дээр хамгийн их цаг алддаг. Ядаж манай талаас оруулж буй хуурай боомтуудын нэвтрүүлэлтийг хурдан шуурхай болгож, зарим ачаалалтай боомтуудаа 24 цагаар ажилладаг болгохгүй бол зарим нь 12-14 цаг хүртэл цайны цаг гээд алга болдог сурагтай.

💡 Таавар таацгаая.
8 ширхэг 8-ын тоог хэрхэн нийлүүлж 1,000-ыг үүсгэж болох вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🌱📑 Мобиком ба Тогтвортой Хөгжил

Өдгөө бизнесийн салбарын зайлшгүй хэрэгжүүлэх болсон стратегийн жишгээр Мобиком групп 2023-2024 оны Тогвортой хөгжлийн тайлангаа танилцуулжээ. 📢
Тайлангаар аялбал, компанийн дэд бүтэц, эрчим хүч тэргүүтэй байгаль орчны, боловсрол, хөдөлмөр гэхчлэн нийгмийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд арга аргачлал, үр дүнтэйгээ зурайна.
🎒 Боловсрол: Онцолбол, “Smart Education” төслөөр 14 сургуулийн 27 мянга гаруй сурагч дижитал танхим ашиглах боломжтой болжээ.
🎯 Жинтэй тоо: Компани шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаар ₮302.9 тэрбумыг дэд бүтэц, шинэ технологид зарцуулсан байна.
Гэснээс Мобиком групп үүсгэн байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн хэрэгжүүлж ирсэн ба 2015 оноос НҮБ Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг мөрдөж ажиллах болж.


🍋 Какаоны үнийн хэлбэлзлээс үүдэн зарим шоколад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ нэмж эхэллээ. Какаоны үнэ тарифын халуурал эхлэхээс ч өмнө буюу 2 жилийн өмнөөс 121% өсөж тн тутамд $7,380 болоод байгаа. Энэ хугацаанд Америкт л гэхэд шоколадан бүтээгдэхүүний дундаж үнэ 41% өсөж $3.45 болжээ. Үүн дээр нэмэгдээд Hershey (HSY) тэргүүтнүүд бүтээгдэхүүнийхээ үнийг 2 оронтой хувиар нэмэхээ мэдэгдэв.
🍋 Ерөнхий сайд Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөллийг хүлээн авч, санал солилцов. Гол яриандаа орвол, Монголын талаас Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг Америкийн зах зээлд дэмжих зорилготой Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг батлахыг хүсэв. Нөгөө талаас Монголд хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах тогтолцоогоо сайжруулаарай гэж.
🍋 Америк ирэх оны сүүлээр UNESCO-г албан ёсоор орхино. Гол шалтгаан нь Трампын засаг захиргааныхан UNESCO-г Америкчуудын "America-first" бодлоготой эрс зөрчилддөг, глобалист, үзэл суртлын хөгжлийн хөтөлбөр гэж үзэж буйнх. Энэ нь анхны удаа ч биш, 1984 онд Америк ижил шалтгаанаар UNESCO-с гарч байв. Гэснээс Америк тус байгууллагын төсвийн 8%-ийг бүрдүүлдэг.
🍋 COP17 бага хуралд гаднын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Тус бага хурал нь ирэх оны өдийд Монголд анх удаа зохин байгуулагдах бөгөөд Монголын хувьд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаа ОУ-ын анхааралд хүргэх боломжтой. Сонирхуулахад, ойрмогхон болж өнгөрсөн JCI ASPAC, МЭЗФ-аар тус тус 4,000-5,000 зочин, төлөөлөгч оролцсон тооцоололтой байгаа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply