- Lemon Press
- Posts
- 💿 CD < Пянз
💿 CD < Пянз
Турк Монголын худалдаа болон Америкийн хөгжмийн зах зээлийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. "ChatGPT 4-н хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт нь хошин шогийн мэдрэмж агуулсан тул Siri хүртэл атаархдаг!"
~by ChatGPT
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк бодлогын хүүг 13% хэвээр үлдээв.
ARG: Аргентины 2-р сарын инфляц 102.5% гарсан нь 1991 оноос хойш анх удаа 100%-ийг давсан тохиолдол юм.
BOK: Өмнөд Солонгост өнгөрсөн сард 1 сая гаруй ажлын байр бий болжээ.
Гадаад худалдаа: Монгол ба Турк
Ковид-19-ийн үеэр Монголчуудын гадаад худалдааны №1 сонголт Хятадаас Турк руу шилжиж бараг л хөлтэй болгон Турк руу явсан. Үүнтэй холбоотойгоор 2 улсын худалдааны эргэлт 2022 онд $110 саяд хүрчээ.
Сонирхуулахад, Туркийн Лирагийн ханш сүүлийн 2 жилд төгрөгийн эсрэг 52.3% унасан. Тэгэхээр ханшийн уналт том хөшүүрэг болсон нь ойлгомжтой.
Өнгөрсөн онд
Монгол Улсын ГХ-ны яамны сайд 31 жилийн дараа Туркт айлчлаад буй. Тус айлчлалаар 2 улсын гадаад худалдааны эргэлт 10 жилийн өмнө тавьсан зорилт буюу $110 саяд хүрснийг цохон тэмдэглэсэн юм. Улмаар тэд ирэх 10 жилд энэ тоог 2 дахин өсгөж, $200 саяд хүргэх шинэ зорилттой боллоо. Тэгэхээр ирэх жилүүдэд Турктэй хийх гадаад худалдаа эрчимжих төлөвтэй.
Боломж…
Өнгөрсөн онд Туркаас импортолсон гол бараа бүтээгдэхүүнд талх, чихэр, мебель, шоколад зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. Харин манайхаас адуу, үхрийн боловсруулсан шир болон хонь, ямааны боловсруулсан арьсыг голлон экспортолжээ. Тэгвэл бид цаашид Турк руу ямар худалдаа хийж болох вэ?
Дайвар бүтээгдэхүүн: Монгол жилд 25-30 сая толгой малыг ЭЗ-ийн эргэлтэд оруулах нөөцтэй төдийгүй дэлхийн ноолуурын 40%-ийг нийлүүлж байна. Энэ ч утгаараа Турк руу малын дайвар бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцаж буй.
Аялал жуулчлал: ЗГ-аас ирэх 2 жилийг “Монголд зочлох жил” болгоод буй. Түүнчлэн 2 орны шууд нислэгийн тоо ихсэж байгаа бөгөөд Туркаас ирэх жуулчдын тоо өнгөрсөн онд 53% өсөж 2,700 болсон нь салбарын түншлэл ахицтай байгааг харуулсаар.
Стратегийн түншлэлд хүрэх зам
Дараа жил Монгол Турктай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Үүний хүрээнд 2 улс одоо байгаа иж бүрэн түншлэлийн түвшнийг стратегийн түншлэл рүү ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд буй. Юутай ч Америкаас гадна дахин нэг стратегийн түншлэлтэй гуравдагч хөрштэй болох нь дээ.
👎 Шалаар нэг Credit Suisse
CSGN.SW: Швейцарын Credit Suisse банк өнгөрсөн онд $8 тэрбумын алдагдалтай ажилласнаа мэдэгдсэн нь тэдний хувьцааны үнийг түүхэн доод түвшинд хүргэв. Тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 22.6% унаж $2.2-т хүрснээр сүүлийн 2 жилийн хугацаанд 80% унаад байна. Ээлжит банкны дампуурал?
Стартапуудын тэсрэлт “Демо өдөр”
MStars Hub 2 дахь жилдээ Демо өдөр арга хэмжээгээ 3 cарын 17-нд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээгээр MStars Hub-н II кохортын 11 стартап өөрсдийн пич буюу бизнес санаагаа хөрөнгө оруулагч, ментор болон экосистемийн гол тоглогчдод танилцуулах юм.
Өнгөрсөн жилийн Дэмо өдрөөр анхны 11 стартапын 6 нь амжилттай хөрөнгө оруулалт авсныг дурдах нь зөв болов уу.
Пянзны эргэн ирэлт
Америкт 1987 оноос хойш анх удаа пянзны борлуулалт CD-н борлуулалтаас илүүрхжээ.
Пянз > CD
Пянз сүүлийн жилүүдэд дахин алдаршиж олон хөгжим сонирхогчид дижитал хөгжим, CD-н оронд пянз цуглуулж, сонсохыг эрмэлзэж буй. Тиймдээ ч өнгөрсөн онд 41 сая гаруй пянз зарагдаж борлуулалтын орлого нь 17% өсөж $1.2 тэрбум хүрсэн. Харьцуулахад, 33 сая CD зарагдаж борлуулалтын орлого нь 18% буурч $483 саяд хүрчээ.
Том орон зай: Пянзны борлуулалт 16 жилийн хугацаанд тогтмол өссөнөөр биет хөгжмийн орлогын 71%-ийг бүрдүүлсэн.
Түгээлтийн тэлэлт: Түүнчлэн Amazon (AMZN), Walmart (WMT) зэрэг томоохон худалдаачид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд пянзны худалдаагаа өргөжүүлэв.
Залуу үе 🤝 Пянз
Хуучны хөгжмийн хэрэгслийн сэргэлтэд Gen Z болон мянганыхны сонирхол хүчтэй нөлөөлж буй. Тодруулбал, Gen Z-н пянз худалдан авах магадлал дундаж хөгжим сонсогчдоос 25% илүү байгаа юм. Сүүлийн үеийн поп оддын дунд пянз гаргах трэнд бий болсон нь Gen Z-н зан төлөвт нөлөөлсөн байж болох л юм. Өнгөрсөн оны хамгийн их борлуулалттай 10 пянзны дийлэнх нь залуу оддынх аж.
Том зургаар харъя
Америкийн хөгжмийн салбарын орлого 7 дахь жилдээ өсөж $15.9 тэрбумд хүрснээр дээд амжилт тогтоов. Хэдийгээр пязны ашиг орлого нэмэгдэж байгаа ч нийт хөгжмийн салбарын орлогын 84% нь стримингээс, 11% нь л пянз, CD, кассетны борлуулалт харин ердөө 3% нь дижитал худалдан авалтаас бүрдсэн аж. Тэр дундаа,
Ноён стриминг: Spotify болон Apple Music зэрэг хөгжмийн стриминг үйлчилгээнүүдийн нийт орлого 7% өсөж $13.3 тэрбумд хүрч бас л дээд амжилт тогтоогоод амжжээ.
Эцэст нь… Хуучин цагийн хөгжмийн хэрэгслүүд буцаад моодонд оржээ. Пянз сонсож күүл хүмүүсийн тоонд оръё доо. 😆
9.5%
Төгрөгийн хадгаламж 2023 оны 2-р сард 9.5% өсөж ₮12.9 их наяд боллоо.
89.7%
Нийт төгрөгийн хадгаламжийн 89.7% нь иргэдийн хадгаламж, 10.3% нь ААН, байгууллагынх аж.
38.7%
Харин валютын хадгаламж 38.7% нэмэгдэн ₮5.8 их наядад хүрсэн байна.
🔹Ирэх сард 33 ХК хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийнэ. Эдгээрт ТОП-20-иос Инвескор ББСБ (INV), Говь (GOV), Таван толгой (TTL), Сүү (SUU), Сэндли ББСБ (SEND), Бодь даатгал (BODI) зэрэг компаниуд багтах юм. Сонирхуулахад 2022 оны 4-р сард нийт 142 ХК хурлаа хийж байв.
🔹ORDA Японыг дайлаар мордов. Альтернатив хөрөнгө оруулалтыг Монголд таниулахаар зорьж буй ORDA Японы Finolab-с жил бүр зохион байгуулдаг Finopitch 2023 уралдаанд тэргүүн байр эзэлснээс гадна үзэгчдээс хамгийн их санал авсан байна.
🔹Байдены ЗГ EV цэнэглэгч станц байгуулахад $2.5 тэрбумын дэмжлэг үзүүлнэ. Тус шийдвэр нь хүлэмжийн хийг бууруулах зорилтын нэгээхэн хэсэг аж. Тодруулбал, 2030 онд Америкт EV цэнэглэгч станцын тоог 500,000-д хүргэж, хүлэмжийн хийг 50%-52% бууруулах юм.
🔹Meta (META) дахин 10,000 ажилтнаа цомхотгох нь ээ. Мөн тэд 5,000 нээлттэй ажлын байрыг татан буулгаж буй. Энэ нь бүтээмжээ нэмэгдүүлж, ажлын хуваарилалтыг оновчтой болгох зорилготой. Уг мэдээний араас тэдний хувьцааны ханш 7.25% өсөж $194.02 хүрэв.
Монголд ямар нэг нам улс төрчөөс санхүүждэггүй индэпэндэнт мэдиа байна уу?! Хэнд итгэх вэ?
— Amaraaliberty (@amaraaliberty)
4:29 AM • Mar 15, 2023
Нотариатын хэрэгцээг халъя
Нотариатын үйлчилгээг блокчэйн технологийн хүчээр дараагийн түвшинд аваачих цаг нь иржээ. Ингэхийн тулд уламжлалт нотариатын үйлчилгээнд ямар шинэчлэлт хэрэгтэйг хамтдаа бодож үзье.
Нотариатын үйлчилгээ хэрэгтэй юу?
Тэгэлгүй яах вэ, хэрэгтэй. Нотариат нь гуравдагч этгээдийн баталгаажуулалтыг хийж, хуурамч бичиг баримт үйлдэгдэх эрсдэлээс сэргийлж өгдөг. Жишээлбэл, байр, машин авч, зарах үед гэрээгээ нотариатаар батлуулсан нь танд л өлзийтэй. Харин ААН, төрөөс гарч буй төрөл бүрийн бичиг баримтыг тэр бүр нотариатаар батлуулах нь цаг хугацаа, зардлын хувьд ухаалаг шийдэл биш мэт. Яг энэ асуудлыг блокчэйн технологиор шийдэж болно.
ААН, төрийн бичиг баримтыг блокчэйнээр
Хөдөлмөрийн гэрээ, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт ААН юм уу, төрөөс гарч буй бичиг баримтыг анхнаас нь блокчэйн дээр баталгаажуулаад явбал нотариат заавал орж ирэх шаардлагагүй болох юм. Дээр нь блокчэйн бол нотариатаас илүү баталгаатай гэдэгт та надтай санал нэгдэх байх. Бичиг баримтын эх хувилбарыг өөрчлөх, устгах боломжгүй болох учир нотариатаас хүсдэг үйлчилгээг 100%-ийн баталгаатай авах билээ.
Гэснээс TEO блокчэйнийн Notly.mn яг дээр дурдагдсан үйлчилгээг үзүүлээд эхэлсэн байна лээ.
Tour: Ороод гараарай. (TheHungerMuseum)
AI: Gmail болон Docs AI-р тоноглогдоно! (TheVerge)
What: Google Pixel 7a-н талаар мэдэх хэрэгтэй зүйлс. (tom’sguide)
Tech: MacBook дээр ашиглаж болох AI. (Rewind)
Дэлхийн мөнгөний 7 хоног - 2023 олон улсын аян эхэллээ
Монголбанк болон Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (ОЕCD)-ын хамтран зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний 7 хоног” аян Дундговь аймагт нээлтээ хийлээ.
Уг аяны медиа медиа партнераар Лимон Пресс Дижитал ХХК хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буй.
Жил бүрийн 3-р сард зохион байгуулагддаг тус аян энэ жил улс орон даяар 3 сарын 13-26 хүртэл үргэлжлэх бөгөөд “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриалгыг дэвшүүлж буй.
Цаашлаад аяны хүрээнд иргэд, олон нийтийг санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн сургалтуудыг зохион байгуулах аж.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, А.Баттүвшин, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply