- Lemon Press
- Posts
- 🌌 Ирээдүй бол CBDC!
🌌 Ирээдүй бол CBDC!
Бичил 2.0 ХБҮЦ болон Биткойны крипто зах зээлд эзлэх хувийн талаар тоймлолоо.
POWERED BY
Зуны туйлын өдрийн мэнд! Өнөөдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна. Нар энд хүрээд буцлаа даа. 🌞


*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: ЗГ цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэж, цэргийн тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоов.
POL: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина.

💥 Бичил 2.0

Бичил Глобус санхүүгийн байгууллагын Бичил 2.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Тэгвэл тус ХБҮЦ-тай холбоотой бүхнийг тоймлон хүргэе.
Бичил ХБҮЦ
Бичил 2.0 ХБҮЦ-ыг Бичил Эй Би Эс Плас ТЗК ХХК гаргаж байгаа бөгөөд анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК юм. Уг ХБҮЦ-ны нэгжийн үнэ нь ₮100,000 бөгөөд олон нийтээс ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх нь. Түүнчлэн,
Хүү & Хугацаа: Тус ХБҮЦ нь 24 сарын хугацаатай бөгөөд жилийн хүү нь 18.5% байх юм. Энэ нь ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 6.4 нэгж хувиар, нээлттэй ХБҮЦ-ны дундаж хүүгээс 2.1 нэгж хувиар өндөр хүүтэй гэсэн үг. Мөн 3 сар тутамд хүү төлөх зарчмаар явах аж.
Баталгаа: Бичил 2.0 ХБҮЦ нь ₮24.2 тэрбумын үлдэгдэл бүхий зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багц нь автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгөөс бүрдсэн байна.
Эрсдэл: Түүнчлэн уг ХБҮЦ-ны нийт зээлийн багцад хамгийн өндөр дүнтэй 1 зээлийн багцын эзлэх хувь 0.4%, хамгийн их дүнтэй 10 зээл 2.5%, хамгийн их дүнтэй 50 зээл 8%-ийг тус тус эзэлж байгаа нь хөрөнгийн төвлөрлийн эрсдэл бага байгааг илтгэж буй.
Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайд
Цаашлаад, Бичил Глобус Финанс ББСБ-ын талаар жаахан сонирхъё. Тэд 2022 оны байдлаар буюу үүсгэн байгуулагдсанаасаа хойш 15 жилийн дараа ₮64.4 тэрбумын нийт зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үргэлжлүүлээд,
Ашигт ажиллагаа: Тус ББСБ-ын өнгөрсөн оны хүүгийн орлого нь 2020 оны мөн үеэс 2.3 дахин өссөнөөр ашиг нь 56.6% өссөн байна. Түүнчлэн тус хугацаанд компанийн нийт хөрөнгө ч мөн 2.6 дахин өсжээ.
Туршлага: Тэдний хувьд 2021 онд Ти Ди Би секьюритис ҮЦК ХХК-иар зуучлуулан ₮10 тэрбумын хаалттай өрийн бичиг, 2022 онд Бичил Эй Би Эс Актив ХБҮЦ ₮10.0 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Эцэст нь… Хэрэв та уг ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл үндсэн андеррайтер нь Өлзий энд Ко Капитал ҮЦК, синдикатор компаниар Голомт Капитал ҮЦК ажиллаж байгаа шүү.

⚠ Сонирхлын зөрчилтэй хэлцэл
EER: Ариг гал ХК өөрийн охин компани болох Кашмер Холдинг ХХК-ийн зээлд батлан даалт гаргана. Тодруулбал, Кашмер Холдинг ХХК нь ХАА-г дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХасБанк (XAC)-наас ₮10 тэрбумын зээл авах бөгөөд уг зээлийн батлан даалтад Ариг гал ХК ₮61.3 тэрбумын хөрөнгөөр батлан даалт гаргах юм. Үүгээр ч зогсохгүй Кашмер Холдинг ХХК-ийн тэдэнд төлөх байсан ₮21 тэрбумын өглөгийн төлөлтийг ХасБанкны зээлийн төлөлт дуусах хүртэл хойшлуулах гэнэ.

🔥 Биткойн тоглоомд эргэж ирлээ

Эцэст нь 2 жилийн дараа Биткойны крипто зах зээлд эзлэх хувь 50%-ийн босгыг давлаа. Өөрөөр бол Биткойны зах зээлийн үнэлгээ $560 тэрбум болж крипто зах зээлийн талтай тэнцэх болов.
Үнэ: Өчигдрийн байдлаар Биткойн (BTC)-н үнэ 1 өдрийн дотор 7.6% өсөж $28,809 болоод байна.
Шалтгаан
SEC-с Binance (BUSD), Coinbase (COIN) зэрэг томоохон крипто биржүүдийг шил дараалан шүүхэд дуудаж Solana (SOL), Cardona (ADA) тэргүүтэй 19 алткойныг бүртгэлгүй үнэт цаас гэж үзээд буй. Улмаар нэгэн цагт крипто зах зээлийн 98%-ийг эзэлж байсан ч сүүлийн 2 жилд ЗЗ-ийнхээ 50%-ийн босгыг давж чадахгүй байсан Биткойн эргэн хүчирхэгжив.
Биткойны эргэн тойронд
Түүнчлэн дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани болох BlackRock (BLK) Америкт Биткойны биржийн арилжааны сан (ETF)-тай болохоор төлөвлөж байгаа. Энэ нь томоохон компаниудын нүд Биткойн дээр унах болсныг илтгэх мэт. Сонирхуулахад, өнгөрсөн 4-р сараас хойш халимууд их хэмжээгээр Биткойн худалдан авчээ. Энэ хугацаанд нийт $3.5 тэрбум үнэ бүхий 131,600 Биткойныг худалдан авснаар халимуудын эзэмшиж буй Биткойны нийлбэр сүүлийн 7 сарын дээд хэмжээнд хүрээд буй.
Эцэст нь… Биткойн зах зээл дээр давамгайлах болсон нь нөлөөлсөн үү ямартай ч крипто зах зээлд ногоон гэрэл аслаа. Гэсэн ч энэ нь урт хугацаандаа алткойнуудад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байгааг анхаарна биз ээ.

+2.8%
Төгрөгийн хадгаламж 5-р сарын эцэст өмнөх сараасаа 2.8% өсөж ₮13.9 их наяд төгрөг болов.
-2.3%
Харин валютын хадгаламж 2.3% буурч ₮5.2 их наяд төгрөг болсон аж.
1.2%
Учир нь төгрөгийн ханш долларын эсрэг 4-р сарын сүүлээс хойш л гэхэд 1.2% чангараад байна.

Nitopay апп-аар хүссэн үедээ цалингаа аваарай

Хараахан буугаагүй цалингаа хүссэн үедээ авбал ямар вэ? 😯
Тэгвэл Nitopay өөрийн апп-аар дамжуулан байгууллага ажилчдадаа цалингаа өдөр бүр авах, санхүүгийн хэрэгцээгээ зээл авахгүй шийдэх боломжийг олгож буй.
Nitopay-д хэрхэн нэгдэх вэ?
Алхам 1: Ажил олгогч компани Нитотех ХХК-тай гэрээ байгуулах,
Алхам 2: Ажилчдын мэдээллийг бүртгүүлэх,
Алхам 3: Ажилчид апп-аа татаад хүссэн цагтаа цалингаа авна.
Сонирхуулахад, хүссэн цагтаа цалингаа авдаг ажилтнуудын санхүүгээс үүдэлтэй стресс 80% бага байдаг ба тэдний ажилдаа зориулах цаг 27% илүү байдаг аж. Магадгүй ажилчдадаа энэхүү боломжийг олгосноор урт хугацаанд үнэнчээр ажиллах сэдлийг бий болгох боломжтой юм.
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.


🔹Golomt Capital Championship-н 14 дэх 7 хоногийн өрсөлдөөнд BT, Simba, UG, Morikhon болон King нар TOП-10 оролцогчийн эгнээнд эргэн ирлээ. Улмаар энэ 7 хоногт ТОП-10 оролцогч 56.9%, ТОП-20 47.3%-ийн өгөөжтэй оролцов. Тэдний дийлэнх буюу 26.9% нь технологийн салбарт хөрөнгө оруулжээ.
🔹Hyundai (005380.KS) жилд зарцуулах цахилгаан автомашины хөрөнгө оруулалтаа $28 тэрбум болгож нэмэгдүүллээ. Улмаар тэд 2032 он хүртэл EV-дээ $109.4 тэрбумыг зарцуулахаар төсөвлөөд буй. Түүнчлэн тэд Америк, Европ болон Өмнөд Солонгос дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэнэ.
🔹ЖДҮ-ийн сонгон шалгаруулалтад нийслэлээс ₮8.6 тэрбумын үнэлгээ бүхий 43 төсөл тэнцжээ. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн цахим системд нийт 655 ААН төслөө баталгаажуулж ₮96.7 тэрбумын зээлийн санхүүжилт авахаар болоод буй.
🔹Хятадын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээвэрлэсэн автомашины тоо 2 өдөр дараалан 1,000 давав. Тодруулбал, 6 сарын 19-нд тус боомтоор 1,124 автомашин нэвтэрсэн нь он гарснаас хойших дээд үзүүлэлт болоод буй.

Монголчууд өөрийгөө хоосон өмөөрч, магтаад хөгжихгүй л бх. Болсон муу сайнаа үнэнээр нь дэнслээд тэрнээсээ суралцахгүйгээр зугтдаг, өмөөрдөг, эсвэл худлаа хийрхдэг хандлагаар хол явахгүй. Би лав ер нь сайн юм олон харахгүй байгаа.
— Aldaraa (@aldarsaikhan)
2:19 AM • Jun 21, 2023

Ирээдүй бол CBDC!

Энэ оны 3-р сарын байдлаар 11 улс Central Bank Digital Currency (CBDC) буюу Төв банкны цахим мөнгийг нэвтрүүлсэн бол 87 улс нэвтрүүлэх талаар судалж буй аж. CBDC ямар учраас анхаарлын төвд байх болов?
CBDC-г нэвтрүүлэх болсон шалтгаан…
Бид өдөр тутам бэлэн мөнгө хэрэглэхээ больж, арилжааны банкны дансаараа дамжуулан мөнгийг цахим хэлбэрээр л ашиглаж буй. Харин CBDC-н хувьд гол ялгаа нь бидний мөнгө арилжааны банканд бус төв банканд шууд байршина. Ийнхүү хувь хүмүүс, ААН-үүд төв банканд данстай болсноор мөнгөний эрэлт нийлүүлэлтийг төв банк шууд өөрөө удирдах юм. Тодруулбал,
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ: Төв банк мөнгөний эргэлтийг real-time хянах боломжтой болох учир валютын ханшийг тогтвортой байлгах арга хэмжээгээ ч мөн тухай бүрд нь шууд авах боломжтой болно.
Халамжийн үйлчилгээ хүртээмжтэй болно: Энгийнээр төсөөлбөл, CBDC нэвтэрснээр хүн болгон гар утсаараа дамжуулан төв банкны дансаа удирдаад явах юм. Алслагдсан газар амьдардаг байхаас үл хамаарч халамжийн үйлчилгээ зорилтот хүмүүст мөн л цаг алдалгүй хүрэх боломж бүрдэнэ.
Зардал буурна: Бэлэн мөнгө хэвлэх, түүнийг орон даяар хуваарилах, банкнуудаас төрөл бүрийн тайлан шаардах, хяналт шалгалт явуулах гэх зэрэг олон ажил хялбарчлагдсанаар зардлыг бодитой хэмнэнэ.
Иймээс л бараг бүх төв банк бие биетэйгээ уралдан байж CBDC-г нэвтрүүлэх ажилдаа шамдаж байна. Мэдээж хэрэг энэхүү ажлыг бодит болгоход блокчэйн технологийн хүчийг мартаж болохгүй.

Today’s highlight: Hackers vs Reddit. (TC)
Influence: Netflix Өмнөд Солонгосын кино үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна. (Reuters)
Article: Буруу номтон ба Зөв үзэлтэн. (baabar)
Map: Бидний мэдэх дэлхийн газрын зураг худлаа байсан гэж үү? (UnchartedTerritories)


Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply