• Lemon Press
  • Posts
  • 📈 Голомт банк хэр ажиллаж байна вэ?

📈 Голомт банк хэр ажиллаж байна вэ?

Ураны төсөл | Голомт банкны тайлан | Богд банк & М банкны тайлан

POWERED BY

Meow! Өнөөдөр Дэлхийн муурын өдөр тохиож байна. Гадаа ч хүйтэрч байна. Гудамд яваа бяцхан амьтдад тусалчхаж байгаарай. Амьтанд хайртай хүмүүс хамгийн дур булаам шүү. 😻

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны эхний 9 сард жилийн өмнөхөөс 40.7% өсөж ₮17.7 их наядад хүрснээр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮2.2 их наядын ашигтай гарчээ.

NSO: Улсын хилээр III улиралд жилийн өмнөхөөс давхардсан тоогоор 3.1 дахин их буюу 3.9 сая зорчигч нэвтэрсэн байна.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮47.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮38.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🏦 Голомт банкны түүхэн ашиг

Голомт банк (GLMT)-ны III улирлын ашиг 66.2% өсөж ₮130 тэрбум хүрэв. Яаж ашиг нь ингэж өсөв?

Хүүгийн нөлөө

Банкны гол орлого бүрдүүлэгчийг харвал,

  • Үнэт цаас: Үнэт цаасны хүүгийн орлого 73% нэмэгдсэн. Энэ нь нийт орлогын 18.6%-ийг эзэлж цойлон гарч ирэхэд нөлөөлөв.

  • Зээл: Харин зээлийн хүүгийн орлого 31% өссөн байна. Мөн нөгөө талаас харахад олгосон цэвэр зээлийн хэмжээ 11.5% өсжээ.

Олгосон цэвэр зээлийн хэмжээ өссөн ч чанаргүй зээл харин ч буурчээ,

  • Эрсдэл бага: Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 10.7% буурч, нийт зээлд эзлэх хувь мөн сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшин буюу 6%-д хүрсэн нь сайн үзүүлэлт шүү.

  • Ашигт харьцаа: Хүүгийн цэвэр орлогын харьцаа буюу ашигт байдал нь түүхэн дээд хэмжээндээ хүрч 8.2% болжээ. Харьцаа ихсэх тусам ашигт ажиллагаа сайжирч, банк хүүгийн зардлаас илүү орлого олж байна гэж харж болно.

Зах зээл тоосонгүй

Ийнхүү эздийн өмчийн өгөөж 18.3% хүрч дажгүй сайн тайлан гарсан ч тайлан гарснаас хойш хувьцааны үнэ 3 хоногт 7.1% өсөж, ердөө ₮30.4 саяын арилжаа явагдлаа. Одоогоор Голомт банкны хувьцааны үнэ IPO-н үнээсээ 30% унаад байгаа юм. Бараг л бүтэн 1 жил болж байна шүү дээ. Нэг л хөрөнгө оруулагчдын итгэл, сэтгэлийг татаж чадахгүй л байна даа…

📈 Зорилт < Гүйцэтгэл

BOGD: Богд банкны III улирлын ашиг жилийн өмнөхөөсөө 2.6 дахин өсөж ₮22.3 тэрбумд хүрчээ. Учир нь тэдний цэвэр хүүгийн орлого л гэхэд 1.5 дахин нэмэгдэж ₮30.5 тэрбумд хүрсэн бол хүүгийн бус орлого нь төлөвлөгөөнөөс 20% давсан байна. Сонирхуулахад, Богд банкны хувьцаа 20 хуваагдсанаас хойш үнэ нь 2.6% унажээ.

🧐 Ураны төслөөр бидэнд юу наалдах вэ?

Ерөнхийлөгчийн Парис дахь айлчлалын үеэр Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээ байгуулсан билээ. Яг ямар учиртай гэрээ билээ, одоо яг яахаар болчхов оо?

Яагаад Франц, яагаад Монгол гэж?

Ураныг цөмийн реакторуудад түлш болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгэхээр ураны эрэлт хэрэгцээ нь Америк, Франц, Хятад зэрэг цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрүүдтэй орнуудаас хамааралтай. Түүнчлэн ураны үнэ сүүлийн 5 жилд 2.6 дахин нэмэгдэж 1 фунт нь $69-т хүрээд буй. Тэгэхээр Францад Монголоос боломжийн үнээр уран экспортолж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгцээ байгаа хэрэг.

  • 🔍 Гэрээний тухайд: Гэрээний дагуу Францын Orano компани Монголын говьд байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж буй. Улмаар Orano-н төсөл ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4%-ийг бүрдүүлэх гэнэ.

  • Гэхдээ: Ураны төсөл нь бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх аж. Тэгэхээр бид шууд л уран олборлодог боллоо гэж бодож болохгүй.

Бидэнд наалдах пад

Францтай байгуулсан гэрээнд Монгол ямар нэгэн хувь эзэмшихгүй буюу ураны үнээс хамаарч 19% хүртэлх АМНАТ авахаар тусгажээ. Тухайлбал, ураны үнэ 1 фунт нь $130-с илүү байвал 19%-ийн АМНАТ авна. Харин үнэ нь $40-50 байвал 5.5% байх буюу шаталсан байдлаар төсөлд оруулжээ. Тэгэхээр бас ч гэж тийм тодорхой биш байгаа биз.

Ямартай ч Монгол ураны томоохон нийлүүлэгч болох ирээдүй ойрхон байна. Гэхдээ бид саяных бол урьдчилан зөвшилцсөн протокол гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төслөө урагшлуулж дараагийн гэрээнүүдийг хурдасгах шаардлагатай байгаа. Нөгөө талд, ирэх жил сонгуультай шүү дээ?!

Сүүлийн 5 жилийн Францаас Монголд орсон шууд хөрөнгө оруулалт хэд байв?

  • 2018 он: $15 сая

  • 2019 он: $13.4 сая

  • 2020 он: $12.8 сая

  • 2021 он: $10.92 сая

  • 2022 он: $8.98 сая

Зөөвч-Овоо төслийн хүрээнд ирэх оноос ГШХО-ын хэмжээ нэмэгдэж, 47 жил үргэлжилнэ гэхээр энэ үнийн дүн хэдэн зуун саяас эхлэхээр байна даа.

NewYorkPost

🔹Mitsubishi (MUFG)-н Morgan Stanley (MS)-д оруулсан ХО 15 жилийн дотор 2 дахин өсөв. Тодруулбал, тэд 2008 оны санхүүгийн хямралын дараа хүндхэн нөхцөлд орсон Morgan Stanley-д $9 тэрбумын ХО хийсэн аж. Улмаар өдгөө Morgan Stanley тэдний ашгийн 30%-40%-ийг бүрдүүлэх болжээ.

🔹М банкны хадгаламж жилийн дотор ₮116.8 тэрбумаар өссөн байна Ингэснээр зээл олголт ихсэж, хүүгийн орлого 4.8 дахин нэмэгдэн ₮32.5 тэрбум болсон. Гэвч татварын дараа ₮700 саяын алдагдалтай ажиллав. Сонирхуулахад, банкны чанаргүй зээл нийт зээлийн 1%-ийг эзэлжээ.

🔹Чингис хаан банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа -7%-тай гарсан байна. Ийнхүү банк Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ дахин хангаж чадсангүй. Харин хүүгийн орлогын өсөлт зардлаас их байсан тул банк 8 тэрбумын ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 54.7% өссөн үзүүлэлт юм.

🔹Өнгөрсөн Бямба гарагт ОУВС болон Дэлхийн банкны ээлжит хурал боллоо. Хурлын үеэр ОУВС-гаас бодлогын хүү өндөр байгаагийн улмаас чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж дэлхийн банкнуудын 5%-ийг эрсдэлд оруулж буйг анхааруулсан юм. Түүнчлэн урт хугацаанд үргэлжилбэл тус тоо 30% болж өсөх магадлалтай аж.

  • Lead with: Дэлхийд анх удаа нүүрстөрөгчийн кредитийг өрхийн түвшинд тооцдог Монгол бизнес.(LemonPress)

  • Politics: Америк бүхий л чадлаараа Израилыг дэмжинэ. (PBS)

  • LP Special: Оюу Толгойн Гүйцэтгэх захирал шинэ стратегийнхаа талаар ярив. (LemonPress)

  • Business: Нас барагсдыг Метаверс ертөнцөд үдэх боломжтой. (DW)

  • Даваа: Хятадын өнгөрсөн 9-р сарын ГШХО-ын дүн зарлагдана.

  • Мягмар: Bank of America (BAC) болон Goldman Sachs (GS)-н III улирлын тайлан гарна.

  • Лхагва: Үргэлжлүүлээд, Netflix (NFLX), Tesla (TSLA) нар санхүүгийн тайлангаа тайлагнана.

  • Пүрэв: Японы хэрэглээний үнийн индекс зарлагдах аж.

  • Баасан: Эцэст нь, American Express (AXP) ээлжит санхүүгийн тайлангаа танилцуулснаар 7 хоног дуусах нь дээ.

Reply

or to participate.