• Lemon Press
  • Posts
  • 🏢 Түрээслэх үү, худалдах уу?

🏢 Түрээслэх үү, худалдах уу?

Carvana уралдаанд эргэн нэгдлээ | Улаанбаатар хотод ҮХХ-өөс ашиг олох боломж | Apple шүүхээс салахгүй нь дээ

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдөр энэ жилийн 13 дахь Даваа гараг тохиож байна. Одоо та энэ жил дахин 39 удаа Даваа гаргийг эхлүүлэх нь. Ингээд бодохоор цаг хугацаа хурдан байгаа биз? Монголчууд чинь амьдралдаа дунджаар 3,707 Даваа гаргийн нүүрийг үздэг ард түмэн шүү дээ. 🗓️

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Худалдаа Хөгжлийн банк (TDB)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 29-нд, Жуулчин Дюти Фрий ХК (SUL)-ийнх 4 сарын 30-нд болно

TUR: Туркийн төв банк бодлогын хүүгээ 500 нэгжээр нэмэгдүүлж 50%-д хүргэлээ

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮26.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮12.4 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🎙 Финтек иргэдийн банкны үйлчилгээг орлох нь

Финтекийг банкнаас тусад нь авч үзэх, финтекуудыг банкны өрсөлдөгч гэж харах хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа яригдах болсон. 

Банк болон финтекуудын хамтрал

Монголд банк болон финтекууд харилцагчид хүргэх үйлчилгээнд харилцан холболт хийн хамтран ажилладаг. Тухайлбал, цахим төлбөр тооцооны Qpay үйлчилгээ, Моst money, зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг дурдаж болно. Үүнээс гадна банкны хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг гуравдагч этгээдээр дамжуулан хийхийг зөвшөөрсөн зохицуулалт бий. 

  • Асуудал: Гэвч нөгөө талд банк болон финтекийн хамтрал хууль тогтоомжийн зохицуулалтаас тойрох арга ч болох эрсдэлтэй байгаа.

Гэснээс хэрэв та зочин нийтлэгчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

🏢 Улаанбаатарт ҮХХ-өөс ашиг олох боломжтой юу? 

Өнгөрсөн оны эцэст шинэ орон сууцны дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 15.2% нэмэгдэж ₮4 саяд хүрсэн. Тэгэхээр 2022 онд 40 мкв байр худалдаж аваад 2023 онд зарсан бол ₮21.2 саяын ашиг хийх байв. Өөр яаж ҮХХ-ийн салбараас орлого олж болох вэ? 

  • Судалгаа: Инвескор Проперти ХХК-ийн жил тутам эрхлэн гаргадаг “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тайлан”-гийн 2023-2024 оны шинэ дугаар гарчээ. Тус тайланд барилга, ҮХХ-ийн салбарын 2023 оны нэгдсэн үзүүлэлт, ирэх жилүүдийн төсөөллийг тусгасан байна. 

Түрээс VS Худалдах 

2022 онд шинэ орон сууц худалдаж аваад 2023 онд зарсан бол 15.2% ашиг олох байж гэсэн дээ. Үүнээс Улаанбаатарын инфляцыг хасаж тооцвол бодитоор 6.6% ашиг олох байжээ. Үүнээс гадна тус хугацаанд тухайн орон сууцаа түрээслүүлж байсан бол нэмээд 8%-10% түрээсийн өгөөж олох байв. Түүнчлэн,

  • 10.8%-ийн өгөөж: Бодит түрээсийн үнийг орон сууцны худалдах үнэтэй харьцуулбал жилийн түрээсийн нийт өгөөж 10.8% байгаа юм. Энэ нь өнөөгийн байдлаарх зах зээлд нийлүүлэгдэж буй хаус болон оффисын түрээсийн өгөөжөөс өндөр дүн аж. 

Өөр ямар боломж байна?

Цаашилбал, 2023 онд шинээр олгосон барилга угсралтын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн 5 жилд байгаагүй өндөрт хүрсэн. Энэ ч утгаараа барилгын салбарын үйлдвэрлэл ₮2.1 их наядад хүрч жилийн өмнөхөөсөө 17.1% өсжээ. Тус салбар ийм хэмжээний үйлдвэрлэл явуулахын тулд янз бүрийн хэлбэрээр санхүүжилт босгож буй. Үүний нэг нь биржийн бус зах зээл (ББЗЗ)-д өрийн хэрэгсэл гаргах явдал.

  • Тодруулбал: Өнгөрсөн онд ББЗЗ-д барилгын салбарын 11 компанийн 11 өрийн хэрэгслийн нийт 25 транч арилжаалагдсан аж. Улмаар тэд нийт ₮52.7 тэрбумыг татан төвлөрүүлсэн байна. Эдгээр өрийн хэрэгслийн жилийн дундаж купон хүү 19.02% байж. Тэгэхээр ББЗЗ-ийн арилжаанд оролцох замаар ҮХХ-ийн салбараас өгөөж хүртэж болох нь. 

Цаашид

Барилгын төсөл хөгжүүлэгчдийн төсөөллөөр дараагийн 5 жилд зах зээлд хамгийн өндөр өсөлт үзүүлэх барилгын сектор нь хаус. Тэгэхээр нэгийг бодууштай. Сонирхуулахад, 2023 оны байдлаар нийт 7,000 айлын хаусны төсөл хэрэгжиж буй. Үүний талбайн дундаж үнэ ₮4.7 сая бөгөөд тэдгээрийн бодит түрээсийн нийт өгөөж 7.7% байжээ.

Эцэст нь… Инвескор Проперти ХХК-ийн гаргасан тайлангаас онцлоход иймэрхүү байлаа. Мөн ипотекийн зээлээр аль зэрэглэлийн, хэр хэмжээтэй орон сууцыг худалдаж авах боломжтой, урьдчилгаа 30%-ийг цуглуулахад хэр их хугацаа шаардагдах зэрэг сонирхолтой тооцооллууд ч байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай. 

⚖️ Apple дахиад л шүүхэд дуудагдлаа

AAPL: Америкийн Хууль зүйн яам сүүлийн 14 жилийн хугацаанд Apple-г 3 дахь удаагаа монополын эсрэг хууль зөрчсөн хэргээр шүүхэд өгсөн байна. Тэд Apple-г мобайл стриминг үйлчилгээг дарангуйлдаг, платформ хоорондын мессежний программуудыг блоклодог, гуравдагч этгээдийн дижитал түрийвч болон ухаалаг цагнуудын үйл ажиллагааг хязгаарладаг гэж үзжээ. Улмаар Apple-н хувьцааны үнэ 4.1% унаад байна.

💫 Хямралаас боломж руу үсэрсэн түүх 

Ковид-19-ийн үеэр борлуулалт нь тэнгэрт тулж бүр дэлхийн хамгийн ашигтай хуучин автомашины дилер гэгдэж байсан Carvana (CVNA) өр зээлдээ баригдаж өнгөрсөн 2 жилийг хэцүүхэн өнгөрөөв. Гэсэн ч тэд хямралаа даван туулж уралдааны зам дээр эргэн гарч ирэв. Тэд юу туулав?

Carvana-н түүх

Тус компанийн хувьцааны үнэ гуравхан жилийн өмнө буюу 2021 онд түүхэн дээд түвшин болох $360-ыг шүргэж гялалзаж явсан. Гэсэн ч түүнээс хойш ердөө 5 сарын дотор хувьцааны үнэ нь $4 хүртлээ унаж жинхэнэ чөлөөт уналт гэж юу байдгийг утгаар нь харуулсан юм. Тодруулбал, цар тахлын үеэр дэлхийн чипийн сүлжээ уналтад орж хуучин автомашин моодонд орсноор Carvana-н бизнес ч цэцэглэсэн юм

  • Өсөлтийн үе: Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс гадна Carvana-н гол давуу тал нь хэрэглэгчид автомашин худалдан авахдаа яг л цахимаар дэлгүүр хэсэж байгаа мэт автомашинаа захиалаад гэрийнхээ гадаа хүргүүлээд авах боломжтой байсан явдал. Үгүй тэгээд Ковид-19-ийн үед гэхээр алдаршихын аргагүй байгаа биз дээ. Гэхдээ тухайн үед хэт их эрэлт тэднийг хямралын ангал руу түлхэнэ гэж хэн санах билээ…

  • Уналтын үе: Цар тахал намжиж ХНС-гаас бодлогын хүү 4% болгон нэмснээр Carvana-н уналт эхэлж 2022 оны III улирлын эцэст нийт өр төлбөр нь 43% өсөж $9.2 тэрбумд хүрсэн байна. Улмаар тэднийг дампуурах нь гээд бөөн юм болсон нь мэдээж.

Carvana хэрхэн хямралыг давав?

Тэд хямралын эсрэг бусад компанийн жишгээр зардлаа танаж нийтдээ 14,000 ажилтнаа цомхотгон бас бус зардлаа танаснаар $1.1 тэрбумыг хэмнэж чадсан. Цаашлаад Carvana бонд эзэмшигчидтэйгээ, тэр дундаа Apollo Global Management (APO)-тай хийсэн тохиролцооныхоо ачаар хүүгийн төлбөрөө 2025 он хүртэл хойшлуулж, жилд $400 гаруй саяыг хэмнэхээр тохиролцоод буй

Эцэст нь… Тэдний зардлаа танах бодлого үр дүнтэй байсныг өнгөрсөн онд хувьцааны үнэ нь $5-$55 хүртэл өссөнөөс харж болохоор. Юутай ч тэд үхлийн хөндийгөөр дайраад л гарлаа. Гэхдээ 2025 оноос бондын төлөлтөө хийж эхлэх хэрэгтэй болно гэхээр жилийн дотор ашигт ажиллагаа руу шилжихгүй бол ахиад л асуудалд орно доо.

Энэ удаад хэдүүлээ хөдөлмөр эрхэлж буй хүмүүс эзэмшсэн мэргэжлээрээ хамгийн өндөр болон хамгийн бага ажилладаг салбаруудыг сонирхоцгооё

Мэргэжлийн зөрүү хамгийн бага 3 салбар

  • Эрүүл мэнд, нийгмийн халамж: 75.3%

  • ШУ, техникийн үйл ажиллагаа: 74.9%

  • Боловсрол: 69.8% 

Мэргэжлийн зөрүү хамгийн өндөр 3 салбар: 

  • Бөөний болон жижиглэн худалдаа: 41.9%

  • Үл хөдлөх хөрөнгө: 38.6%

  • Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ: 32.8%

Харин мэргэжилгүй хүмүүсийн хамгийн их ажилладаг салбар нь ХАА-н салбар бөгөөд мэргэжлийн зөрүү нь 49.7%-тай байдаг аж.

CNN

🔹Жо Байден ЗГ-ын зардлыг $1.2 их наядаар нэмэгдүүлэх хуулийн төслийг үзэглэлээ. Өнгөрсөн Бямба гарагт санхүүжилт байхгүйн улмаас Америкийн ЗГ зарим үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй тулгарсан ч нэмэлт санхүүжилт олгох хуулийн төслийг батлав. Тус санхүүжилт нь ЗГ-ын үйл ажиллагааны ¾-ийг 9-р сарын эцэс хүртэл санхүүжүүлэх юм. 

🔹TMK Energy нэгж хувьцаагаа $0.004-оор үнэлж $1.5 саяыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Тэд өнгөрсөн Пүрэв гарагт мэргэжлийн ХО-чдад нэгж хувьцаагаа $0.004-оор үнэлж $2.5 саяыг босгосон бөгөөд одоо хувьцаа эзэмшигчдэдээ адил үнээр $30 мянга хүртэлх үнийн дүн бүхий хувьцааг худалдан авах саналыг тавиад буй. 

🔹Reddit (RDDT) IPO хийж хөрөнгө оруулагчдаас $748 саяыг татан төвлөрүүллээ. Компани нэгж хувьцаагаа $34-оор санал болгож, $6.5 тэрбумаар үнэлгээтэйгээр олон нийтээс $519 саяыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байсан юм. Улмаар захиалга нь 44% давж биелэн, арилжааны эхний өдөр Reddit-н хувьцааны үнэ 26% өсөж $46-д хүрэв.

🔹Нийт 10 аймагт баригдаж буй ДЦС энэ 7-р сард ашиглалтад орох ёстой ч барилгын ажлын явц нь 50%-тай байна. Тус ДЦС-уудыг Өмнөд Солонгосын ЗГ-ын $148.7 саяын зээлээр барьж байгаа бөгөөд барилгын материалын үнийн өсөлтийн улмаас төслийн ажил хойшлох төлөвтэй байна. Түүнчлэн санхүүжилтийг ахин $64 саяар нэмэгдүүлэх хүсэлт тавьсан аж.

  • Мэд: Америкийн Дээд шүүхийн шүүгчид Монголд ирнэ. (U.S.Embassy)

  • Үз: Энтрепренерүүдэд хэрэг болох YouTube сувгууд. (FeedSpot)

  • Дамжуул: Google Career Certificate тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. (Tetgeleg)

  • Турш: Гар утаснууд улам л ухаалаг болоод харин бид улам л тэнэг болоод байгаа юм биш биз? (NYTimes)

  • Даваа: Өмнөд Солонгосын 3-р сарын хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдана

  • Мягмар: “Боомтын сэргэлт” үндэсний форум 2024 болно

  • Лхагва: Европын Холбооны бизнесийн орчны төлөв зарлагдах нь дээ.

  • Пүрэв: Америкийн IV улирлын ДНБ-ий үзүүлэлт зарлагдана

  • Баасан: УИХ-аар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER