• Lemon Press
  • Posts
  • 🚗 Самурай Ковбойн тулаан

🚗 Самурай Ковбойн тулаан

Хятадын гялалзсан хувьцаанууд | Бизнес цэнэг | Тансаг зэрэглэлийн Япон автомашинууд

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Цас мөс татуулаад өвлийн улирал ч эхэллээ дээ. Гэснээс ГССҮТ-өөс халтирч унахаас сэргийлэн өвдгөө бага зэрэг нугалж, урагш бөхийж алхахыг зөвлөсөн шүү. За тэгээд амжилт. 💪😁

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: 2024 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг боллоо

BOM: Гадаад валютын албан нөөц өнгөрсөн сард сарын өмнөхөөсөө 3.6% буурч $3.98 тэрбум болжээ.

UB: Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барив.

🫶Америкчуудад таашаагдсан тансаг зэрэглэлийн жийп

Зээ, дунд оврын тансаг зэрэглэлийн автомашины нийтлэлээ үргэлжлүүлье. Энэ удаад Америкчууд ямар брэндийн тансаг зэрэглэлийн автомашиныг илүү худалдан авч байгаа талаар судалъя.

Америкчуудын хүсэлд нийцэв

Өнгөрсөн онд Америкт хамгийн эрэлттэй байсан тансаг зэрэглэлийн дунд оврын жийпээр борлуулалт нь цойлсон Lexus RX тодроод буй. Араас нь BMW X5, Acura MDX зэрэг автомашинууд ярайтал жагссан харагдав. Сүүлийн 20 жилийн борлуулалтыг нь харахад ч дунд оврын автомашины зах зээлд Америкчууд Японы Lexus Rx-г аян замын нөхрөөр сонгосоор ирснийг харах боломжтой.

Бие жижигч бэлчээр том

Дунд оврын жийпнээс гадна Америкт сүүлийн 10 гаруй жилд тансаг зэрэглэлийн жижиг оврын жийп хөлөглөгсөд ч нэмэгдэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд тус загварын автомашинуудын шинэ тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтад эзлэх хувь 2010 оноос 5 нэгж хувиар нэмэгдэж 10% болоод буй. Задлан харвал, 

  • Тэргүүлэгч: Tesla Model Y хамгийн өндөр борлуулалттай байгаа бөгөөд Америкт төдийгүй олон улсад ч борлуулалтаараа цойлсоор. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн онд Tesla (TSLA) тус загвараас 747,000 ширхгийг борлуулж хамгийн өндөр борлуулалттай автомашин гэгдэх цол гуншинтай болсон

  • ТОП-5: Түүнчлэн өнгөрсөн онд Audi Q5, Lexus NX загварууд эрэлтэй байсан бөгөөд энэ онд ч эрчээ алдахгүй шинжтэй. BMW X3-н хувьд 4-рт бичигдэж байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад борлуулалт нь буурсан аж.

  • Сонирхуулахад өнгөрсөн 9 жилд Audi Q5-н борлуулалт 1.3 дахин, Lexus NX-нх 16.7 дахин, BMW X3-нх 1.9 дахин өсжээ. Lexus NX-н хувьд 2021 оноос зах зээлд хүч түрэн орж ирсэн гэдэг утгаараа онцгойрч буй. 

Эцэст нь, Америкчууд тансаг зэрэглэлийн жижиг оврын жийп автомашин сонгохдоо илүү ногоон сонголт хийж EV-г сонгох болсон ч борлуулалтаар нь харахад Япон жийпнүүд хүч түрэх болов. Харин тансаг зэрэглэлийн дунд оврын жийпний хувьд Япон автомашин тус зах зээлд тэргүүлэгчийн байраа хадгалсаар ирэх онд ч Lexus-н эрэлт өндөр байх төлөвтэй байна

Жич: Уг нийтлэлийн тоо баримт нь дундаж үзүүлэлт бөгөөд бодит байдал дээр өөр байх боломжтой гэдгийг анхаараарай.

🚗 Ирээдүй өөдрөг харагдаж байна

7203.T: Toyota энэ жилийн ашгийн төсөөллөө 61.1% өсгөж ¥3.9 их наядад хүргэв. Ийнхүү төсөөллөө өсгөхөд энэ жилийн эхний хагаст ¥2.6 их наядын ашигтай ажилласан нь нөлөөлжээ. Улмаар Toyota-н цэвэр ашгийн өгөөж 11.8% болж Tesla (TSLA)-н цэвэр ашгийн өгөөж болох 9.4%-ийг давлаа. Энэхүү мэдээнээс хойш Toyota-н хувьцааны үнэ 8% өсөж ¥2,798.5-д хүрээд байна.

  Хятадын гялалзсан хувьцаанууд

Хятадын хөрөнгийн зах зээл унаж, гадаадын хөрөнгө оруулагчид тэднээс зугтаж байгаа ч жижиг хувьцаанууд нь гялалзаж байна. Юу болоод байна вэ? 

🍳 Жижиг хайруулын тавгийн халалт 

Хятадад хөрөнгө оруулж буй олон тооны жижиг хөрөнгө оруулагчид зах зээлийн үнэлгээ багатай хувьцаануудыг шохоорхож эхэлснээр энэ бүхэн эхэлсэн юм. Улмаар Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус бүр нь ¥3 тэрбумаас бага зах зээлийн үнэлгээтэй 400 ширхэг А зэрэглэлийн хувьцааг хянадаг Wind Micro Market Cap Index энэ онд 37% өсжээ. Үүний эсрэгээр “Blue Chip” буюу том хувьцаануудыг хянадаг CSI300 индекс 8% буурсан байна. 

  • Өнөө AI давлагаа: Жижиг хөрөнгө оруулагчдын хүч томорсоор 2022 онд тэдний арилжаа нийт арилжааны 60%-ийг бүрдүүлжээ. Тэд ихэвчлэн AI суурьтай компаниудын хувьцаанд дурлаж буй. Тиймдээ ч TRS Information Technology (300229.SZ) зэрэг ChatGPT концепцийн компаниудыг хянадаг индекс энэ онд 40% өссөн байна.

Том зургаар

Харин бүхэлдээ бол Хятадын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад тогтворгүй байгаа. Үүнд Хятадын эдийн засаг болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй. Цаашлаад, 

  • Хатуу гарын нөлөө: Хятадын ЗГ сүүлийн саруудад технологийн салбарт хатуу арга хэмжээ авч, өрсөлдөөнийг эсэргүүцэх арга барилтай байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй байдал үүсгэж байна. 

  • Геополитикийн хутга: Америк, Хятадын хооронд үргэлжилж буй геополитикийн хурцадмал байдал нь Хятад дахь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй болоод хөрөнгийг үймүүлж буй. 

Эцэст нь… Манайд бол зах зээлийн үнэлгээ багатай компаниудын хувьцаа бараг арилжаалагддаггүй гэхэд хилсдэхгүй. Хөөрхий тэгээд хувьцааны үнэ нь ч хөдлөхгүй, хувьцаа эзэмшигчид нь заръя гэхээр авах хүн байхгүй. Нээлттэй нэртэй хөлдсөн компаниуд олон байна даа. 

Тоо хараад ядарсан байх. Одоо нэг үсэг харах уу? Дараах Lemon Press-н цуврал контентуудын нэрийг таагаарай. Жаахан амархан болгоод эхний үсгийг нь зөв биччихсэн байгаа шүү. 🤭

  • Lbdh Wbhd

  • Hda I Igkdcd

  • Labgxakd

📇 Бизнес цэнэг

Business.mn болон Хархорум Дижитал Академи хамтран 2 дахь удаагаа “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Тус сургалт, хэлэлцүүлгээр дамжуулан бизнес эрхлэгчдэд бизнесээ бүтэн зургаар харах, дунд болон урт хугацаандаа стратегийн сорилтуудад шийдэл олох, 2024 оны бизнес төлөвлөгөөгөө оновчтой төлөвлөхөд туслахаар зорьж буй.

Түүнчлэн уг арга хэмжээнд манлайлал, хүний нөөц, чанар стандарт, бизнесийн ёс зүй, хүн ба технологи болон энтрепренерийн үйлдлийн систем зэрэг сэдвийн хүрээнд итгэл, хэлэлцүүлэг өрнөх юм.

📅 Хэзээ: 11 сарын 9
📍 Хаана: One Event Hall
🔗 Хөтөлбөрийн мэдээллийг ЭНД дарж аваарай.

Pinterest

🔹Энэ оны III улиралд орон сууцны 368 төслөөс 35.6% буюу 131 нь ашиглалтад оржээ. Мөн шинэ орон сууцны 1 м.кв-н үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1.8% өсөж ₮3.7 сая болоод буй. Сонирхуулахад, Баянзүрх дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ 16% гаруй өсөж алслагдсан дүүргүүдийнх 10% буурчээ.

🔹Энэ онд 600,000 жуулчин Монголд ирж ₮3.4 их наядын орлого оруулсан байна. Түүнчлэн БОАЖЯ-аас өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Мөн 2024 онд ₮3.1 тэрбумын татаас олгох төсвийг ирэх 7 хоногийн ЗГ-ийн хурлаар оруулахаар болжээ.

🔹Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас ЗГ-т шилжүүлэхэд эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагагүй. Учир нь ипотекийн хөтөлбөр ₮4 гаруй их наядаар санхүүждэг ба зээлдэгчдийн сар бүрийн төлөлтөөс ₮30-₮40 тэрбум төвлөрч үүнийг буцаагаад зээл болгон жилдээ ₮400-₮500 тэрбумын эргэлт үүсдэг аж.

🔹Шинжааны чөлөөт худалдааны туршилтын бүс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв. Нээлтийн үеэр Өрөмч, Хоргос, Кашгарын нутаг дэвсгэрийг хамарсан 3 бүсэд чөлөөт худалдааны бүсийн лиценз олгосон байна. Уг бүс нь Хятадыг баруун тийш нээх гүүр болох гэнэ.

  • Юу? Apple Music Voice Plan-д баяртай гэж хэлье. (TheVerge)

  • Ээ хөөрхий: SafeMoon-н үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулагчдын мөнгөөр тансагласан нь. (Justice.GOV)

  • Сонирх: Marvel-н кинонуудад тохиолдож буй хямрал. (Variety)

  • Хөөх: Гадаадын иргэн e-Mongolia-р үйлчлүүлэх боломжтой болжээ. (E-Mongolia)

Reply

or to participate.