- Lemon Press
- Posts
- 🥊 Cанхүүгийн хямрал эргэн ирсэн үү?
🥊 Cанхүүгийн хямрал эргэн ирсэн үү?
Оёдлын салбарын хөгжил болон Америкийн арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өрийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Нийслэлийн иргэд газар өмчлөх хүсэлтээ гаргах гэж 7 шат дамжлага дамждаг байсныг egazar.gov.mn-р дамжуулан цахимаар шийдэх боломжтой болжээ.
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк эхний 3 сарын байдлаар 2.2 тн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34.9% буурсан байна.
USA: Өнгөрсөн сард Америкийн хөдөлмөрийн зах зээлд 236,000 ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.5% болж буурав.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮10.5 тэрбум нь анхдагч дээр арилжигджээ.
Аж үйлдвэрийн бодлого ба ногоон эдийн засаг
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Монголбанкны эдийн засагч Б.Золзаяа, Д.Анударь нарын аж үйлдвэрийн бодлого ба ногоон эдийн засгийн талаарх судалгааг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
Аж үйлдвэрийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна ажилгүйдэл, ядуурал, технологийн дэвшил, ногоон эдийн засаг зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлуудтай уялддаг. Сүүлийн жилүүдэд улс орнууд аж үйлдвэрийн бодлогын баримт бичгийг боловсруулан албан ёсоор зарлах нь нэмэгдсэн. Тухайлбал, 2013-2018 онуудад 84 улс орон албан ёсоор тус тусын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн стратегийг баталсан байна.
Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил ба бодлого
“Алсын хараа-2050”-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинд аж үйлдвэрлэл, ногоон хөгжилтэй шууд холбоо бүхий хэд хэдэн заалт тусгагдсан байдаг. Уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэлийг одоогийн түвшин буюу ДНБ-ий 25%-30%-д байлгаж, харин боловсруулах аж үйлдвэрийг өнөөгийн байгаа түвшнээс 4 дахин нэмэгдүүлэн ДНБ-ий 7%-27%-д хүргэх зорилт тавьсан байна.
Өөрөөр хэлбэл, бодлогын баримт бичгийн дагуу манай улс 2050 он гэхэд боловсруулах аж үйлдвэр болон уул уурхай, олборлолтын салбаруудын эдийн засаг дахь оролцоог ижил болгохоор зорьж байна.
Монгол Улсын ногоон эдийн засаг ба түүн дэх аж үйлдвэрийн нөлөө
Аж үйлдвэрийн салбарын ногоон эдийн засаг дахь нөлөөг үнэлэхэд хүлэмжийн хийн ялгаралд уул уурхай, олборлолтын дэд салбар 95%-ийн түвшинд статистикийн ач холбогдолтой байна (Б.Золзаяа, Д.Анударь, 2022). Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал болон уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэл урт хугацаанд эерэг хамааралтай байдаг нь тогтоогдсон.
🧵 Оёдлын салбарын кластер
ЖДҮ эрхлэгч ААН-д шинээр олгосон зээл өнгөрсөн онд 32% буурч ₮2.4 тэрбум болсон байна. Ер нь бид уул уурхайн бус салбар, ЖДҮ, үйлчилгээг яаж дэмжиж байгаа вэ?
Ерөнхий нөхцөл байдал
Энэ оны эхний 2 сард ЖДҮ эрхлэгч ААН-д олгосон зээл жилийн өмнөхөөсөө 5% буурч ₮282.4 тэрбум болсон аж. Үүн дотроо задлаад харвал бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд олгосон зээл 39% өссөн ч боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгосон зээл 22%, үйлчилгээ эрхлэгчдэд олгосон зээл 28% тус тус буурсан байна. Уг нь бол уул уурхайн бус, импортын бус дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих ёстой бус уу?
Тэгвэл…
Монголын ногоон хөгжил, оёдлын үйлдвэр худалдааны хамтын зөвлөл НҮТББ-аас Монголын оёдлын салбарыг бүтцээр нь хөгжүүлж, импортыг орлохуйц экспортын бүтээгдэхүүнийг орлох зорилготой “Оёдлын салбарын кластер - 20000” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 2025 гэхэд оёдлын салбарт 20,000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
Яаж: Оёдлын салбарыг хөгжүүлэх уг төслийг хэрэгжүүлэхэд Таван Богд Финанс ББСБ ХХК оролцож буй. Тэд жилийн 6%-ийн хүүтэйгээр ₮80 сая хүртэлх зээлийг олгож байгаа аж. Түүнчлэн тэд ЖДҮ эрхлэгчдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг зээлийн батлан даалтын сантай хамтран шийдэж буй.
Явц: Төслийн явцыг харвал, одоогийн байдлаар ₮300 саяын хөнгөлөлттэй зээлийг 28 зээлдэгчид олгож, 150 ажлын байр бий болгосон байна. Харин 2023 онд нийт ₮2.5 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг 200 зээлдэгчид олгож, 1,000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
Эцэст нь… 2020 оны байдлаар оёдлын салбарт 1,561 ХХК, 3,230 хувиараа хөдөлмөр эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 15.5 мянган хүн ажиллаж байсан бол уг төсөл амжилттай хэрэгжсэнээр оёдлын салбар 2 дахин их хүчин чадалтай болох нь. Гол нь тэгээд үр дүн л чухал байна даа. Уг нь бол уул уурхайн бус экспортыг төрөлжүүлнэ гэдэг нь иймэрхүү төсөл амжилттай хэрэгжихээс эхтэй дээ.
🚘 Tesla-н машинууд хямдарсаар...
TSLA: Tesla Америк дахь цахилгаан машинуудынхаа үнийг 2%-иас 6% хүртэл буурууллаа. Тодруулбал, Мodel S, X-н үнийг $5,000-оор, Model Y-г $2,000-оор, Model 3-г $1,000-оор тус тус хямдруулжээ. Энэ нь тэдний энэ оны 5 дахь хямдруулалт юм. Ингэж хямдруулж байгаа нь энэ сараас хэрэгжих чангатгаж магадгүй цахилгаан машины татварын хөнгөлөлттэй холбоотой хэмээн шинжээчид үзэж буй.
Зочлох, үйлчлэх салбарын чуулган
“HoReCa Mongolia” чуулган 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг тус чуулган энэ “Gastronomy & Tourism” сэдвийн хүрээнд явагдана.
Тус чуулганд 9 зочин илтгэгч болон зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал, зоог болон катеринг үйлчилгээ эрхэлдэг 300 гаруй төлөөлөгчид нэг дор цуглаж, харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь ээ. 😎
🗓 Хэзээ: 4 сарын 14 буюу энэ Баасан гарагт.
🔗 Чуулганд бүртгүүлэх бол ЭНД дараарай.
🔎 2008 оны санхүүгийн хямрал давтагдах уу?
Америкт арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө (CRE)-ийн зээлийн нөхцөл байдал нь 2008 оны хямралаас хүнд байдалд оруулж болзошгүй. Учир нь энэ салбарын $1.5 их наядын өрийг 2025 оноос өмнө төлөх эсвэл дахин санхүүжүүлэх шаардлагатай.
Бүрхэг ирээдүй
CRE-н салбар хэдийн уналтад ороод эхэлчихсэн бөгөөд Morgan Stanley (MS)-н шинжээчдийн үзэж буйгаар оргил үеэсээ 40% хүртэл унах магадлалтай гэнэ. Энэ салбарын хүндхэн нөхцөл байдал нь зөвхөн энэ салбар төдийгүй хамаарал бүхий бүх салбарыг хохироож болзошгүй. Энэ дунд Америкийн банкны салбар хамгийн том хохирогч болох магадлалтай аж.
Яагаад?
Америкийн жижиг банкнууд нийт CRE-н салбарт олгосон зээлийн 68%-ийг бүрдүүлж байгаа. Харин энэ онд дуусах $450 тэрбумын үнэлгээ бүхий энэ төрлийн зээлийн 60% нь банкнуудынх аж. Хэдийн уналттай байгаа энэ салбарт хийсэн JPMorgan (JPM)-н судалгаагаар арилжааны үл хөдлөх хөрөнгө (оффисын зориулалттай)-өөр баталгаажсан үнэт цаас (CMBS)-ны 21% нь дампуурах эрсдэлтэй гэнэ. Улмаар энэ нь банкны салбарт $38 тэрбумын алдагдал учруулж болзошгүй байдал бүрджээ.
Цаашлаад
Банкнууд их хэмжээний зээл олгосон нь энэ бүх асуудлын дан ганц шалтгаан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Холбооны Нөөцийн сангийн 2 жил дамнасан бодлогын хүүгийн өсгөлт зээлийн хүүг нэмэгдэхэд хүргэж буй. Зээлийн өртэй байгууллагууд өмнөх зээлээ төлөхийн тулд илүү өндөр хүүтэй зээл авах болж таарна. Гэхдээ өрийн дарамтад буй зээлдэгч үүнийг хүсэх нь юу л бол. Цаашилбал,
Оффисын сул орон тоо: Зарим байгууллагууд ажилчдаа гэрээс нь ажиллуулж зардлаа хэмнэж байгаа нь оффисын ҮХХ-ийн салбарт ихээхэн сөргөөр нөлөөлөх болжээ.
Эцэст нь... Америкийн банкны салбарт хадгаламж эзэмшигчдийнх нь тал нь хөрөнгөө татахад дампуурах эрсдэлтэй 190 орчим банк байгаа бөгөөд ҮХХ-ийн салбарын хүндхэн нөхцөл нь тэдэн улам л дарамт болсоор.
Сүүлийн 5 жилийн хугацаанд боловсролын салбарт хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хэр байв.
2018 он: $60 мянга
2019 он: $2 сая
2020* он: $20 мянга
2021 он: $9 мянга
2022* он: $20 мянга
*Урьдчилсан байдлаар
Харин өнгөрсөн оны урьдчилсан тооцооллоор манай улсад нийт $2.5 тэрбумын ГШХО орж ирсний 68% буюу $1.7 тэрбум нь уул уурхайн салбарт орж иржээ. За тэгээд дүгнэлтийг танд үлдээе.
Хуримтлалтай, Даатгалтай
Тогтмол хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийж, давхар даатгуулах боломжтой талаар та сонсож байсан уу? 🧐
Тэгвэл Нэйшнл Лайф Даатгалын “Зорилготой хуримтлал” урт хугацааны хуримтлалын даатгал нь танд энэхүү боломжийг санал болгож байна.
Яаж вэ? Та cар болгон өөрийн хүссэн хэмжээгээрээ тогтмол хуримтлал хийж ашгаа хүлээхэд л хангалттай. Учир нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид таны хуримтлалаар хөрөнгө оруулалт хийж удирдах юм.
Түүнчлэн уг хуримтлалын гол давуу тал нь амь насны даатгалтай учир танд ямар нэгэн эрсдэл тохиолдвол гэр бүлд тань үлдэх аж.
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.
🔹 ХААН Банкны IPO эхлэхэд 3 хоног үлдлээ. Тэд компанийнхаа 10%-ийг олон нийтэд санал болгож, ЗЗ-ээс ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэх зорилготой. Ийнхүү ХААН Банк нээлттэй компани болсноор манай улсын ХЗЗ-ийн үнэлгээ 27.7% өсөж ₮8.3 их наяд болох юм.
🔹 Он гарсаар Америкт хуучин цахилгаан автомашины борлуулалт 32% өсөж 42,756-д хүрчээ. Харин шинэ EV-н борлуулалт 7% өсөж 225 мянгыг давах төлөвтэй байгаа аж. Уг өсөлтөд EV-н тэргүүлэгч Tesla (TSLA) EV-нхээ үнийг буулгасан нь голлон нөлөөлсөн байна.
🔹Samsung (005930.KS)-н ашиг 14 жилийн хугацаан дахь түүхэн доод түвшинд хүрэв. Тодруулбал, тэдний I улирлын орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс 19% буурч $47.8 тэрбумд хүрээд буй. Тэдний чипийн үйлдвэр $3 тэрбумын алдагдал хүлээсэн нь ашгийг 96% буурч $455 сая болоход нөлөөлжээ.
🔹Украин Европ руу хийх эрчим хүчний экспортоо сэргээнэ. Түүнчлэн дайн улмаас сүйдсэн эрчим хүчний станцууд нь сүүлийн 2 сарын хугацаанд асуудалгүй ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, Украин 2022 онд Европ руу хийх экспортоос €1.5 тэрбумыг оруулж ирэх төсөөлөлтэй байсан билээ.
Хонь хариулж, ааруул хийж, сармай дээлт үйлдвэрлэж, арвайн гурил хуурдаг байв. Эксел нүдэж, пресентаци бэлдэж, компьютер шагайж, халширталаа онгоцонд “зомбирч” хэдэн жил ажиллав. Ажил болгонд өөрийн гоё сайхан, бэрхшээл, таашаал бий. Ял гэж бодох үед ямар ч ажил утгагүй болдог
— Khulan Bat-Erdene, CFA (@BatKhulan)
7:48 AM • Apr 9, 2023
Digital art: Судлаачид 35,000 жилийн өмнө амьдарч байсан Египет эрэгтэйн зургийг бүтээжээ. (CNN)
Documents: Америкийн тагнуулын албатай холбоотой баримт бичгүүд задарчээ. (TheNewYorkTimes)
Tech: ChatGPT шинэ өрсөлдөгчтэй болно. (TechRepublic)
Research: Twitter, FB, IG зэрэг олон нийтийн сүлжээний платформуудад мөнгө төлөх хэрэгтэй юу? (HBR)
Даваа: Улаан өндөгний баяр тохиох тул Их Британи, Австрали зэрэг улсуудын биржүүд амарна.
Мягмар: Өмнөд Солонгосын ажилгүйдлийн түвшин зарлагдана.
Лхагва: Америкийн 3-р сарын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана..
Пүрэв: Delta Air Lines (DAL) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.
Баасан: Оросын 3-р сарын гадаад худалдааны тэнцэл гарна.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply