👋 Bye $500 тэрбум

Үнэт цаасны төвлөрөл болон AI-н бүтээсэн хуурамч зургийн учруулсан хохирлын талаар тоймлов.

POWERED BY

Morning! Монгол судлаач Ж.Очирхуяг шинэ зүйлийн аалз нээж, түүнийгээ өөрийн багшийн нэрээр буюу Coreodrassus boldgivi гэж нэрлэсэн аж. Түүхэн үйл явдал боллоо доо. 🕷️ 

*Нэг өдрийн өөрчлөлт

G20: Их 20-ийн гишүүдийн аялал жуулчлалын уулзалтыг Энэтхэгийн холбоотны нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөж буй. Харин Хятад тус байршлаас үүдэн уулзалтад оролцохгүйгээ мэдэгдэв.

MNG: Боловсролын зээлийн санд 7 хоногийн хугацаанд ₮1.1 тэрбумын зээлийн эргэн төлөлт хийгджээ.

GOV: Ерөнхий сайд агаарын тээврийн үнийг буулгахыг үүрэг болгосны дагуу орон нутгийн нислэгийн үнэ энэ оны 7-р сараас 50%-70% хямдрах гэнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт: Хуулийн үйлчлэх хүрээ

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

УИХ “ФАТФ”-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээнд холбогдох үндэсний зохицуулалтын орчин бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 сарын 27-ны өдөр баталж, тус хууль 2022 оны 2 сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулиар виртуал хөрөнгийг шинжээр нь ерөнхий тодорхойлж, виртуал хөрөнгөд суурилсан үйл ажиллагааг бүртгүүлснээр эрхлэх 5 төрлийн үйлчилгээ байхаар хүлээн зөвшөөрснөөс хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрч байна.

📃 Үнэт цаасны төвлөрөл рүү өнгийе

Үнэт цаасны төвлөрлийн хадгаламжийн төвд бүртгэлтэй 324 үнэт цаасны нийт 23.5 тэрбум ширхэг үнэт цаасыг 537.9 мянган эзэмшигч эзэмшиж буй. Тэгвэл үүний төвлөрлийн гүн рүү шумбая.

1 жилд +47.8%

Өнгөрсөн 4-р сарын эцэст нийт ЗЗ дэх үнэт цаасны тоо жилийн өмнөхөөсөө 47.8% өссөн байна. Арга ч үгүй биз. Тус хугацаанд 7 компани IPO хийсэн юм чинь. Улмаар,

  • Эзэмшигчид +22.8%: Нийт үнэт цаас эзэмшигчдийн тоо 22.8% өсөж 537.9 мянгад хүрсэн аж.

  • Төвлөрөл: Шинээр нэмэгдсэн үнэт цаас эзэмшигчдийг харвал, тухайн үнэт цаасны 5%-иас их хувь эзэмшигчид ердөө 30-аар буюу 2.9% л өссөн байна. Харин 5%-иас бага хувь эзэмшигчдийн тоо 22.8% буюу 99.7 мянгаар нэмэгдсэн юм.

Онцгой өөрчлөлт

Өнгөрсөн оны 4-р сард Эрдэнэс сольюшинс ХК (AMT)-ийн үнэт цаасны 5%-иас их хувь эзэмшигчдийн нийтэд эзлэх хувь 87.1% байсан бол 6-р сард нь нэмэлт хувьцаа гаргаснаар энэ тоо 76.6% болж буурч, 5%-иас бага хувь эзэмшигчдийн тоо нь 6.5 дахин өсжээ.

  • Эсрэгээрээ: Харин Мандал Даатгал ХК (MNDL)-ийн үнэт цаасны 5%+ хувь эзэмшигчийн тоо 1-ээр нэмэгдсэнээр нийтэд эзлэх хувь нь 7.3 нэгж хувиар өсөж 85.6% болсон байна. Цаашлаад, Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN)-н үнэт цаасны 5%+ хувь эзэмшигчийн нийтэд эзлэх хувь ч мөн 2.2 нэгж хувиар нэмэгдсэн аж.

Хамгийн их нэмэгдэж, хамгийн ихээр буурав

Компаниудын хувьцаа эзэмшигчийн тооны өөрчлөлтийг харвал, АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчид хамгийн ихээр нэмэгдсэн бол Түмэн шувуут ХК (TUM)-ийн хувьцаа эзэмшигчийн тоо 3,695-аар нэмэгдэж 2-т эрэмбэлэгдэв. Харин Улсын их дэлгүүр ХК (UID)-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр буюу 430-аар багасжээ. Тэр ч утгаараа тэдний хувьцааны үнэ 2022 оны 4-р сараас хойш 32.7% унав.

Эцэст нь… Харин та тус хугацаанд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй бол нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

🆙 Илүү их хөрөнгө оруулалт

JPM: JPMorgan энэ онд хөрөнгө оруулалтаа $2 тэрбумаар нэмэгдүүлнэ. Улмаар компани технологи, маркетинг, ажил эрхлэлтийн салбарт $15.7 тэрбумаар хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний $800 сая нь хэрэглэгч болон олон нийтийн хэлтэст зориулагдах аж.

👋 Bye $500 тэрбум

Даваа гарагт Twitter дээр Америкийн Батлан хамгаалах яамны төв байр болох Пентагоны дэлбэрэлтэд өртсөн зураг цацагдсан билээ. Улмаар Америкийн ХЗЗ-д хөл толгой нь олдохгүй бужигнаан үүсэв. Яагаад?

Нэр зээлдэгч

Гол асуудал нь тус зургийг Bloomberg Feed гэх Twitter-н цэнхэр тэмдэгтэй буюу баталгаажсан хаягаас оруулсан юм. Улмаар жиргээчид сандралдаж, тэр дунд нь Russian Today зэрэг 3 сая дагагчидтай хаягууд ч тус мэдээг түгээсэн байжээ.

Үүнээс үүдэн хүмүүс Америкт террорист халдлага боллоо гэж бодсон уу яасан, 1-хэн минутад Америкийн ХЗЗ-ээс $500 тэрбум арчигдаж, Dow Jones-н индекс 4 минутад 85 нэгжээр унасан аж. Гэтэл,

  • Зангилаа: Тус зураг дэлхий даяар түгсэний дараа уг зураг хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн зураг төдийгүй эх сурвалж нь ч Bloomberg-тэй холбоогүй болж таарав. Тоглоомтой байгаа биз?

  • Тараагч: Ийн бүх юмны учир тодорхой болсноор хүмүүсийн айдас уур хилэн болж бай нь Илон Маск руу чиглэв. Учир нь Twitter-н цэнхэр тэмдэг хүмүүст тухайн мэдээг “БАТАЛГААТАЙ” гэх дохиог өгч байдаг. Гэтэл Илон Маск тус тэмдгийг сард $8 төлөөд хүссэн нь авах боломжтой болгосон нь уг асуудлыг үүсгээд буй.

Нөгөө талаас AI

Тус үйл явдал нь сошиал орчны худал мэдээний бантанд AI хүч түрэн орж ирж байгааг илтгэх мэт. Тийм ч болохоор Америкаас эхлээд олон улс орнууд тус салбарын зохицуулалтыг анхаарах болсон. Тэгэхээр цаашид Apple (AAPL) мэт илүү олон компаниуд ChatGPT болон өөр төрлийн AI-н хэрэглээг хумихыг оролдох болов уу.

Эцэст нь… Уг үйл явдал аливаа мэдээг баталгаатай эх сурвалжаас авах, эх сурвалж нь хэр найдвартайг шалгаж байхыг хатуу санууллаа даа. Мөн AI-н хөгжлийг эсэргүүцэгчдийг хөөргөөд амжих шиг боллоо.

1.2 сая

Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 1.2 сая ажиллах хүч байна.

24.5%

Түүнчлэн, ажилгүй хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 24.5% буурчээ.

15.3 мянга

Цаашлаад, тус хугацаанд ажиллах хүч 15.3 мянган хүнээр буурсан аж.

🌱 MCS Coca-Cola компани ус, ундааны хуванцар савны жингээ бууруулсаар

MCS Coca-Cola компани ус, ундааны хуванцар савны жинг бууруулснаар барихад арай нимгэн болж, овор хэмжээ нь багасан, ангилж хаяхад хялбар болсныг та анзаарсан уу?

Тэд 2014 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулахаар ажилласаар байгаа бөгөөд түүнээс хойш нийт 310 тн хуванцрын хэмнэлт хийснээс зөвхөн 2022 онд л гэхэд 31 тн хуванцар хэмнэжээ.

Түүнчлэн:

  • Bonaqua усны бүх төрлийн савлагаа,

  • Хийжүүлсэн ундааны 0.5 л, 1.25 л болон 2 л савлагаатай төрлүүд,

  • Minute Maid, Fuze Tea брэндийн жижиг савлагаатай бүтээгдэхүүнүүдийн хуванцрын хэмжээг боломжит хэмжээгээр бууруулжээ.

Танд сонирхуулахад, тэд Монголд анх удаа “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалсаар байгаа юм.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Newsweek

🔹Дэлхийн хамгийн баян хүн Бернард Арногийн хөрөнгө $11 тэрбумаар буурчээ. Учир нь Louis Vuitton (LVMHF)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 5% буурснаар компанийн үнэлгээ $30 тэрбумаар багасав. Үүнд Америкийн хэрэглээний зардал болон эрэлт буурч буй нь нөлөөлжээ.

🔹ONDO-н шинэ гүйцэтгэх захирлаар Б.Мандуул томилогдов. Тэрээр ONDO-г үүсгэн байгуулагдсан цагаас нь буюу 2 жилийн турш маркетинг, олон нийттэй харилцах газрын захирлын албыг хашиж ONDO брэндийн өнгө төрхийг ЗЗ-д нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

🔹Meta (META) Giphy-г $53 тэрбумаар зарлаа. Улмаар Giphy Shutterstock (SSTK)-н мэдэлд очиж байна. Тус хэлцлийн хүрээнд 2 компани оюуны өмч эрхийг шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа. Сонирхуулахад, Meta 2020 онд Giphy-г $400 саяар худалдан авч байсан юм.

🔹 Капитрон банк, Сэнтрал Экспрэсс Си Ви Эс (CUMN) болон Зээлийн батлан даалтын сан хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгоно. Тодруулбал, CU-н франчайзингийн эрх хүсэгч зээлийн шаардлага хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Капитрон банк зээл олгож ЗБДС батлан даалт гаргах аж.

Блокчэйн: Ядуурлын гарц…

Өнгөрсөн оны байдлаар дэлхий даяар 719 сая хүн “нэн ядуу” хэмээх ангилалд багтаж, өдөрт $2.15-оор амь зогоодог байжээ. Манай улсын хувьд 2020 оны байдлаар 903 мянган хүн буюу бараг шахуу 3 хүн тутмын нэг нь ядуу хэмээх ангилалд багтаж байв. Тэгвэл ядуурлын суурь асуудлыг блокчэйнээр шийдэж болохгүй гэж үү?

Ядуурлын суурь асуудлыг хөндвөл…

  • Иргэний бүртгэл: Хэт ядуу улс оронд иргэний бүртгэлгүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд бүртгэлийн асуудлаас болж, улсаас олгодог боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүйн дээр санхүүгийн үйлчилгээнээс ч мөн адил хасагдаж, амьдралаа дээшлүүлье гэвч дээшлүүлэх гарцгүй чөтгөрийн тойрогт гацдаг аймшигт дүр зураг бий.

  • Санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй: Ийнхүү зээлийн түүхгүй тэдэнд хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, улсад татвар төлдөггүй далд эдийн засгийг бүрдүүлэгч ажил олгогчид ажиллах гэх сонголтууд үлдэнэ.

  • Баялгийн хуваарилалтаас хүртдэггүй: Харин нэн ядуу амьдралтай хүмүүсийг ядуурлын тойргоос гаргах гарц бол боловсрол олгож, ажлын байраар хангах болов уу. Ингэхийн тулд ЗГ-с ядуу ангилалд ордог иргэдийг тодорхойлж, тэдэнд зориулсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч бүртгэлийн асуудалтай, аль эсвэл ЗГ-н зарцуулалт нь ил тод бус тохиолдолд ЗГ-н арга хэмжээг хянахад хэцүү болох юм.

Блокчэйнд бүртгэл болон хяналтыг даатгая…

Дээрх асуудлуудаас ядуу ард иргэдийг зөв тодорхойлох, тэдэнд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүнд хяналт тавих нэн шаардлагатай байгааг харж болох нь. Иргэний бүртгэл, ЗГ-н зарцуулалтыг бүртгэх болон хянах ажлыг блокчэйн хэнээс ч илүү хариуцлагатай хийх биз ээ.

  • Судалгаа: Монголын хүн амын 4% нь л хорт зуршилгүй. (GoGo)

  • Унш: Америкийн өрийн таазны асуудлын эргэн тойронд. (Politico)

  • Анхаар: Хятадын хакеруудын ээлжит халдлага. (Yahoo!Finance) 

  • Мэд: Америкийн үл хөдлөх хөрөнгийн бүүдгэр ирээдүй. (Insider)

Reply

or to participate.