- Lemon Press
- Posts
- !!️ Тасрахгүй, дутахгүй
!!️ Тасрахгүй, дутахгүй
Худалдааны ашиг х 4.1 | $SEND: ₮1 тэрбумын өсөлт | Инфляц = Бодлогын хүү
POWERED BY
Наадам айсуй! Нийт товхимлын уншигч та бүхэн минь Үндэсний Их Баяр наадмаараа сайхан наадаарай. Наадмын хуушуур нь амттай, айраг нь шимтэй байг ээ. 7 сарын 20-нд шинэ дугаараар уулзацгаая. 🏇🥟


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Инфляцын түвшин сарын дотор 0.8 нэгж хувиар өсөж 12% болсноор бодлогын хүүтэй тэнцлээ.
EX: Монгол Улсын энэ оны эхний хагаст экспортолсон самнасан ноолуурын хэмжээ жилийн өмнөхөөсөө 2.1 дахин нэмэгдэж 970 тн-д хүрэв.
CUS: Энэ оны эхний 6 сард нийт экспортын орлого жилийн өмнөхөөсөө $3.8 тэрбумаар нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 4.1 дахин өсөж $4.3 тэрбум болжээ.

‼ Тасрахгүй, дутахгүй

Саяхан Оросын талаас гарсан гэмтлийн улмаас баруун бүсийн 3 аймаг 11 цагийн турш таг харанхуй суув. Тэгвэл энэ нөхцөл байдлыг яаж засах вэ?
😨 Хөөрхийлөлтэй нөхцөл
Эрчим хүчнийхээ 80%-ийг импортоор хангадаг баруун бүсийн энэ эмзэг байдал бол манай эрчим хүчний системийн өнөөгийн бодит төрх билээ. Жил бүр 8%-10% өсөж буй эрчим хүчний хэрэглээ энэ өвлийн оргил ачааллаар 1,956 МВт-д хүрэх тооцоо гарсан бөгөөд одоогийн суурилсан хүчин чадал үүнийг даахгүй, салбар бүхэлдээ хүчин чадлын гүн дутагдалд ороод буй.
⛳️ Эхний алхам
Энэхүү хараат байдлыг бууруулахын тулд ЗГ өнгөрсөн 4-р сард тогтоол баталж, анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулж 5 байршилд нийт 220 МВт-ын нарны станц, батарей хуримтлуурын төслийг эхлүүлсэн. Улмаар Говьсүмбэр, Дундговь, Булган, Хэнтий, Өвөрхангай аймгууд энэ оны 12-р сарын 1-нээс өмнө станцтай болох зураглалтай байгаа.
📌 Хоёрдугаар алхам
Харин өчигдөрийн ЗГ-ын хуралдаанаар дээрх загварыг өргөжүүлж, дараагийн шатны сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэв. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймагт батарейтай нарны станц, Дундговьд 100 МВт-ын салхины станц, Өмнөговь, Дорноговийн зарим суманд дэд станцад холбох нөхцөлтэй бүтээн байгуулалт хийх юм. Түүнчлэн хүчдэлийн дутагдалтай 134 сумаас нэн тэргүүний 22 суманд батарей хуримтлууртай нарны станц байгуулж, гэрэл улаасдаг асуудлыг шийднэ гэнэ.
Эцэст нь… Эрчим хүчний асуудал элдэж барахааргүй том болсон. Цаана нь эвдэрсэн ДЦС-уудаа өндийлгөх, алдагдал, өрөндөө баригдсан компаниудаа засаж залруулах, үнэ ханшаа тогтоох гээд олон асуудал байна даа. Энэ оны эхний хагаст л гэхэд бид $121.6 саяын цахилгаан эрчим хүч импортолчихсон сууж байна.

🇰🇷 Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал стратегийн ач холбогдолтой. (news.mn)
🤑 ДАШТ-ий хамгийн үнэтэй тасалбаруудыг харцгаая. (Goal.com)
🕰️ Америк Хангай хэрхэн ажилладаг вэ? (UnreadToday)
📚 Энэ сард уншигчдын гарт очих шилдэг 11 ном. (BookRiot)

🤑📈 ₮1 тэрбумын өсөлт
SEND: Сэндли ББСБ ХК-ийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 21.4% нэмэгдэж ₮6.2 тэрбумд хүрчээ. Үнийн дүнгээрээ бол ₮1 тэрбумаар нэмэгдсэн хэрэг. Энэхүү өсөлтөд хүүгийн орлого 19.7% өсөж ₮20 тэрбум давсан болон хүүгийн бус орлого 105% нэмэгдэж ₮6.1 тэрбум болсон нь гол нөлөө үзүүлжээ. Сонирхуулахад, компанийн ажилчдын үндсэн болон нэмэгдэл цалин нийлбэр дүнгээрээ ₮784 саяар өссөн аж. Харин хувьцааны үнийн хувьд өчигдрийн байдлаар оны эхнээс 11.9% унаж ₮140 дээр хаагджээ.

🇰🇷 Тэрбум тэрбумын соёлын давлагаа

Squid Game, BTS, Blackpink, COSRX, Samyang бэлэн гоймон гээд Өмнөд Солонгосын соёлын давлагаа дэлхий даяар хүчтэй тархаж, улс орондоо тэрбум тэрбум $-оор хэмжигдэх экспортын орлого авчирсаар байна. Тэгвэл энэ нь тус улсын эдийн засагт ямар нөлөөг авчирч буйг харцгаая.
💰 $19 тэрбумын орлого
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын эдийн засагт тэдний соёлын давлагаа $19 тэрбумын экспортын орлого оруулсан нь 2024 оноос 15.9% өсжээ. Энэхүү түүхэн дээд рекордыг бүрдүүлэхэд хэд хэдэн салбар голлох хувь нэмэр оруулав.
🔦 Задлаад харвал: Нийт экспортын орлогын 41%-ийг видео тоглоомын салбар бүрдүүлж, $7.8 тэрбумын орлого олжээ. Харин дэлхий нийтийг байлдан дагуулж буй K-Pop хөгжмийн экспортын орлого өмнөх оноосоо 84% өсөж, $3.1 тэрбумд хүрсэн байна. Үүний зэрэгцээ телевизийн цуврал болон драмын контентууд $1.6 тэрбумын орлого бүрдүүлсэн аж.
♨️ Халуун сэдэв: Түүнчлэн тус өсөлтөд Netflix (NFLX)-н хамгийн өндөр үзэлттэй бүтээлүүдийн нэг болсон KPop Demon Hunters болон YouTube дээрх Солонгос контентуудын халуурал зэрэг нь томоохон нөлөөг үзүүлжээ.
🍜 Бусад салбар ч өсөлттэй
Соёлын давлагааны уг амжилт нь зөвхөн видео тоглоом, дуу хуур, кино контентоор зогсохгүй бусад салбарт ч ажиглагдлаа. Тодруулбал, Солонгос хоол, тэр дундаа бэлэн гоймонгийн экспорт өмнөх онуудаас 25% өссөн бол гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 18% нэмэгджээ. Үүнийг дагаад тус улсыг зорих гадаад жуулчдын урсгал ч нэмэгдэж, 2025 онд 15 сая жуулчин хүлээн авсан аж.
Эцэст нь… Сүүлийн 10 жилд Монголоос Өмнөд Солонгос руу зорчсон иргэдийн тоо 2.4 дахин өсөж 174.7 мянгад хүрчээ. Үүнд Солонгосын соёлын давлагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь гарцаагүй биз ээ. За тэгээд соёлын экспорт эдийн засгийг хөдөлгөж чаддагийн тод жишээ нь Өмнөд Солонгос болж байна даа.

6 улс
ДАШТ-ний шөвгийн 8-д Франц, Англи, Испани, Бельги, Швейцар, Норвеги тэргүүтэй Европын 6 улсын шигшээ баг үлдээд байна. Харин үлдсэн 2 эрхийг Өмнөд Америкаас Аргентин, Африкаас Марокко нар хүртжээ.
34.1%
Энэ жилийн аварга авах магадлал хамгийн өндөртэй улсаар Kalshi платформ дээр Францын шигшээ баг 34.1%-иар тэргүүлж байгаа бол удаах байранд 18.7%-иар Испани бичигдээд байна.
$989
Тэмцээний шөвгийн 8-ын тоглолтуудын хоёрдогч зах зээлийн хамгийн хямд тасалбарын үнэ сүүлийн 3 хоногт 50.4% буурч $989-т хүрчээ.


AP Photo
🍋 НАТО-гийн орнууд $50 тэрбумаас багагүй өртөгтэй зэвсэг, техникийн гэрээг байгуулахаар тохиролцжээ. Багц гэрээний хүрээнд гишүүн орнууд $12 тэрбумыг тагнуулын нисэх онгоц, дронуудад зарцуулж, ирэх 5 жилд дроны эсрэг хамгаалалтын операторуудын тоог 5 дахин нэмэгдүүлэхээр болов. Мөн Их Британи тэргүүтэй 12 орон Америкаас хамааралгүйгээр 300-2,000 гаруй км-ийн тусгалтай алсын тусгалын зэвсэг бүтээхэд тусад нь өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийх гэнэ.
🍋 ЗГ Америкийн Franklin Templeton-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэхдээ ТӨК-иудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах бөгөөд үр дүнд нь компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг олон ажлууд хийгдэх аж. Сонирхуулахад, Franklin Templeton нь Nasdaq дээр бүртгэлтэй 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, $1.8 их наядын томоохон хөрөнгийн удирдлагын фирмүүдийн нэг юм.
🍋 Өмнөд Солонгос Digital Nomad буюу F-1-D визийг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ. Дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийг татах зорилготой энэхүү виз нь 6 сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд туршилтын шатнаасаа илүү уян хатан, хөнгөвчилсөн шалгууртай болсноороо онцлог юм. Цаашлаад, орон нутагт суурьших 18-34 насны залуусын жилийн орлогын босгыг $36,963 болгон бууруулж, тус улсад оршин суух хугацааг 3 жил хүртэл сунгажээ.
🍋 Улсын хэмжээнд хаврын тариалалтаар 530 мянган га талбайд хүнсний ногоо, тэжээл, буудай тариалав. Үүнээс 316 мянган га-д буудай, 12 мянган га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд тариалалтын хугацаанд 7 мянга гаруй тн түлш, шатахууныг тариаланчдад олгосон байна. Одоогийн байдлаар тариалангийн 70% нь сайн байгаа ба ирэх намрын ургацыг алдахгүй байх зорилгоор ЗГ-аас ургацын комисс байгуулжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply