👋 Дэвшлээ, Bye

Индексүүдийн хөдөлгөөн | $META-н шинэ бизнес | Playtime-н зам = ₮18.6 тэрбум

POWERED BY

Happy Disco Day! 🪩 Жил бүрийн энэ өдрийг Дисконы өдөр болгон тэмдэглэдэг ажээ. 1970-аад оны хөгжим, чамин загвар, соёлыг эргэн дурсаж, тэмдэглэдэг хэрэг. Өнөөдөр Playtime эхэлж байгааг ч хэлэх үү, энэ өдрийг тэмдэглэж байгаа залуус маань болгоомжтой байж, маргаашийнхаа ажлыг бас боддог юм шүү. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк 2026 оны өнгөрсөн сард 2.4 тн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.4 тн үнэт металл худалдан авлаа.

MFA: Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинезийн Монголд хийж байгаа албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.

CUMN: Премиум Нэксус ХК (CUMN)-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Санхүү хариуцсан захирал Г.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Ганзоригийг томилжээ.

ECON: 19 шинжээчийн дунд явуулсан судалгаагаар ирэх оны I улиралд бодлогын хүү бага зэрэг буурч 11.7%, инфляц бага зэрэг буурч 9.2%, зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.5% байна гэж төсөөлсөн байна.

👑 Тэргүүн дэдийн сэлгээ

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 53.1%-ийн ирцтэйгээр хуралдаж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэнээр Э.Анарыг томилохыг дэмжлээ. Ер нь энэ талбарт юу болоод байна вэ?

Биелдэггүй хуулийн заалт

Монгол Улсын Төв банкны тухай хуулиар Төв банкны удирдлагын хараат бус, бие даасан байдлыг хангах үүднээс Ерөнхийлөгч, Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгч нарыг 6 жилийн хугацаатай томилохоор заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь макро эдийн засаг, мөнгөний бодлогыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой. Гэвч 1993 оноос хойш томилогдсон Тэргүүн дэд ерөнхийлөгч нар дунджаар 4 жил ажиллажээ.

🥶 Улс төрийн халаа сэлгээ 

1993-2023 оны хооронд Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 6 хүн томилогдон ажилласан. Дундаж хугацаа нь хуульд зааснаас богино байснаас гадна улс төрийн шилжилт, сонгуулийн үр дагавраас шалтгаалан энэхүү чухал суудал эзэнгүй байсан дүр зураг харагдаж байна. Томилогдсон Ерөнхийлөгчдийн хамгийн хамгийн нь,

  • 🕐 Цорын ганц: 2000 онд томилогдсон А.Батсүх нь 33 жилийн түүхэнд хууль ёсны 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, институтийн тогтвортой байдлыг хадгалж чадсан цорын ганц Ерөнхийлөгч.

  • 👋 Дэвшлээ, Bye: 2010 томилогдсон Б.Жавхлан болон 2020 томилогдож байсан Г.Дөлгөөн гэх удирдлагууд хуулийн хугацаагаа дуусгалгүй, 3-5 жилийн дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүний гол шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, улс төрийн карьераа үргэлжлүүлэх сонголт байв.

  • 🪫 7 жилийн эзгүйрэл: Сүүлийн 33 жилийн 7 жилд нь тус суудал сул байсан нь бодлогын залгамж чанарыг сулруулж, Төв банкны удирдлагыг мэргэжлийн, хараат бус байхаас илүү улс төрийн карьерын "түр зуурын гишгүүр" болгон ашигладаг уу гэх хардлагыг төрүүлж байна.

🎧 Шинэ сэлгээний сонсгол

Юутай ч сонсголын үеэр Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар инфляцыг барих, цахим шилжилтийг дэмжих, засаглалыг сайжруулахаа амлаж, зээлийн хүүг бууруулах, хараат бус байдал, гадаадын банк болон койнтой холбоотой асуудлыг голчлон хөндөж ярилцсан. Ганцхан нэр дэвшигч оруулж ирж байгаа нь сонголтгүй нөхцөл үүсгэж буйг гишүүд шүүмжилж байсан ч ЭЗБХ ийнхүү дэмжжээ. Юу болохыг харж л байя даа.

  • 🇲🇳 Рио Тинтотой хийсэн хэлэлцээрт Монгол ямар үүрэг хүлээх вэ? (iToim)

  • 🎬 Киноны дундуур реклам явахгүй байх нь тансаглал. (TheVerge)

  • 🫢 Төрийн байгууллагууд ₮32.8 тэрбумаар 10,840 сургалт хийв. (news.mn)

  • ⚽️ Японы шигшээ багийн өмсгөлийн борлуулалт 29 дахин өсжээ. (Bloomberg)

🧠 $META-н шинэ бизнес

META: Технологийн томчуудын нэг Meta өөрийн AI-н тооцоолон бодох хүчин чадал болон моделиудыг түрээслүүлэх үүлэн технологийн шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Meta үүлэн технологийн зах зээлд Amazon Web Services, Microsoft Azure, Google Cloud зэрэг аваргуудтай шууд өрсөлдөхөд бэлэн болох аж. Үүнтэй холбоотой Лхагва гаргийн арилжаа эхлэхээс өмнө компанийн нэгж хувьцааны үнэ 8.6% хүртэл өсөөд амжжээ. Сонирхуулахад, Meta энэ онд AI-н дэд бүтэц болон дата төвүүдэд $125-$145 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

📊 Том индексүүдийн том хөдөлгөөн

2026 оны эхний хагас жилд дэлхийн томоохон индексүүд болох Японы Nikkei 225 (^N225), Америкийн NASDAQ (^IXIC), S&P 500 (^GSPC) нар цойлсон бол Хонконгийн Hang Seng (^HSI) болон манай ТОП-20 индекс уналттай нүүр туллаа.

🌏 Азийн байдал

Азийн хөрөнгийн зах зээлд оны эхнээс Nikkei 225 огцом 35.2% өссөн бол Hang Seng 13.1%, ТОП-20 индекс 3.1%-иар тус тус унаад байна. 

  • 🇯🇵 AI-н халуурал: 2026 оны эхний хагаст AI болон хагас дамжуулагчтай холбоотой компаниудын огцом өсөлт Nikkei 225-г хэд хэдэн удаа шинэ дээд цэгт хөтөлж, одоо аль хэдийн 70 мянган нэгжийг даваад байна. Үүнд мөн шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичигийн хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, ¥-ийн ханш $-ын эсрэг сул хэвээр байсан нь нөлөөлсөн аж. 

  • 🇭🇰 Хүндхэн хагас: Оны эхнээс Hang Seng 13.1% унасан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны хямрал болон эдийн засгийн удаашрал гүнзгийрсэнтэй шууд холбоотой байв. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид Хонгконгийн зах зээлээс дайжиж, хөрөнгөө Япон руу шилжүүлсэн нь уналтыг улам хурдасгажээ.

  • 🇲🇳  Улаан ТОП-20: Монголын ТОП-20 индекс 3.1% буурсан. 2025 оны мөн үед бүр 4.3% байв. Энэ жилийн хувьд 20 компанийн 10-ынх нь хувьцааны үнэ өссөн бол үлдсэн 10-ынх нь өссөн аж

🇺🇸 Сэргэлт болон Эргэн ирэлт

Америкийн томоохон индексүүдэд тооцогдох NASDAQ 12.8%, S&P 500 9.3% тус бүр өсжээ. Үүнд мэдээж AI-н эрэлт болон технологийн акулуудын санхүүгийн бахдам гүйцэтгэл голлох нөлөөг авчирсан байна. Гэснээс, S&P 500 өнгөрсөн 3 сарын 30-ны доод цэгээсээ хойш ердөө 3 сарын дотор 18.2% өсөж, сүүлийн жилүүдэд байгаагүй гайхам эргэн ирэлтийг үзүүлжээ.

Эцэст нь… Энэ оны эхний хагаст голлох индексүүд дараах байдлаар хөдөлжээ. За тэгээд маргааш ТОП-20 индексээ дэлгэрүүлээд, компаниудын хувьцаагаар уулзацгаая. 😈

124
Өнөөдөр эхэлж буй Playtime Festival-д амьд болон электроник хөгжмийн 21 улсын 124 хамтлаг оролцох хуваарьтай байна.
374,451
2022-2025 онуудад Playtime Festival нийт 374,451 цагийн хөгжмийн хөтөлбөрийг бэлтгэн үзэгчдэдээ хүргэжээ.
₮18.6 тэрбум
Нийслэл энэ оны төсвийн төсөлд Тоньюукукийн замаас Playtime Field хүрэх замыг засмал зам болгон хучих ажилд ₮18.6 тэрбумыг төсөвлөжээ.

Wonderful Mongolia Travel

🍋 НҮБ-ын тайлангаар Монгол Улсын жуулчдын тоо 39% өсөж, аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийд 4-т, Ази-Номхон далайн бүсэд 2-т эрэмбэлэгдлээ. Энэхүү амжилтыг ЗГ-ын олон улсын сурталчилгаа болон үйлчилгээний чанарыг сайжруулсан бодлогын бодит үр дүн гэж тайлбарлажээ. Цаашид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг 4 улиралд тэнцвэржүүлэх нь чухал байна.

🍋 Kroger (KR) сүлжээ дэлгүүр зах зээлээ тэлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор Giant Eagle компанийг $1.65 тэрбумаар худалдаж авахаар боллоо. Өмнө нь Kroger-н Albertsons-той хийхээр төлөвлөсөн $25 тэрбумын нэгдэл шүүхийн шийдвэрээр бүтэлгүйтэж байсан билээ. Тус хэлцэл нь Walmart (WMT), Amazon (AMZN) зэрэг хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг байр сууриа бэхжүүлэхэд чиглэжээ.

🍋 Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа хамгийн багадаа $2.2 тэрбумын орлого олжээ. Үүний $1.4 тэрбумыг түүний гэр бүлийн крипто бизнесүүд, тухайлбал $TRUMP койн болон АНЭУ-ын хөрөнгө оруулалттай компани бүрдүүлсэн байна. Нөгөөтээгүүр Трамп өөрөө крипто салбарын гол бодлогыг боловсруулж байгаа нь ашиг сонирхлын томоохон зөрчил дагуулж буй.

🍋 ЗГ менежментийн төлбөрүүдийг тэглэж, хүүг 3.95% болгон бууруулснаар нийт ₮30 их наядын зардлыг хассаныг салбарын сайд мэдээлэв. "Онтрэ"-тэй хийх хэлэлцээрийг баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд үлдэх Үндсэн хуулийн зарчимд суурилан явуулж байгаа л гэнэ. Цаашид хамгийн ашигтай хувилбараар шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үр дүнг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх ажээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.